Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2018/01198

 

Д.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2018/01129 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.М-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: “Б” ХХК-д холбогдох

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 30 мкв талбай бүхий орон сууцыг гаргуулан өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Б” ХХК болон Д.М нарын хооронд 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 1 дүгээр дан байрны оршин суугчтай байгуулсан орон сууцаар хангах гэрээ” байгуулагдсан. Уг гэрээгээр “Б” ХХК нь Д.М-д шинээр баригдах барилгаас 30 м.кв бүхий орон сууцыг Улсын комисс хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор хүлээлгэн өгөх ёстой байсан. Гэвч “Б” ХХК нь 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ““Б”” ХХК-тай “Орон сууцны барилгын төсөл хэрэгжүүлэх эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулан, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 1 дүгээр дан гэх хуучин Мах комбинатын ажилчдын орон сууцны суурин дээр барих 167 айлын орон сууцны төслийг ““Б”” ХХК-д шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл Орон сууцны тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1.3-д “...Орон сууцны барилга барих хөрөнгө оруулагч нь аймаг, нийслэлийн Засаг дарга, сууц өмчлөгчидтэй харилцан тохиролцож гэрээ байгуулах...” гэсний дагуу, 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, ““Б”” ХХК, 1 дүгээр дангийн “Төслийн удирдагч” нарын хооронд гэрээ байгуулан, барилга ашиглалтад орж, Улсын комисс хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор орон сууцыг олгох ёстой байсан. Гэвч өнөөдрийн байдлаар тус барилгыг Улсын комисс хүлээн авсан байгаа бөгөөд ашиглалтад орсон байна. Гэтэл хариуцагч нь гэрээний үүргээ огт биелүүлээгүй, түүнчлэн биелүүлэхээс татгалзаж байна. Иймд ““Б”” ХХК-аас Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 1 дүгээр дан гэх хуучин Мах комбинатын ажилчдын орон сууцны суурин дээр баригдсан 167 айлын орон сууцнаас 30 м.кв бүхий орон сууцыг гаргуулж иргэн Д.М-ын өмчлөлд шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч “Б” ХХК 2017 оны 11 сарын 07-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ““Б” ХХК, СХД-ийн ЗДТГ, 1-р дангийн төслийн удирдагч нарын хооронд 2012 оны 01 сарын 29-ны өдөр дан байрыг шинэ орон сууц болгох төслийн гэрээ байгуулагдаж үйл ажиллагаандаа орсон юм. Энэ үед Д.М-ын талаар уг орон сууцанд амьдарч байсан, өмчилж байсан талаарх мэдээлэл огт байгаагүй, “Б” ХХК болон Д.М-ын хооронд ямар нэг гэрээ байгуулагдаагүй, үүрэг үүсээгүй,нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Шүүх: Монгол Улсын Орон сууцны тухай хуулийн151 зүйлийн 151.4, 151.5, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан 30 мкв талбай бүхий орон сууцыг гаргуулан нэхэмжлэгч Д.М-ын өмчлөлд шилжүүлэ хийг хариуцагч “Б” ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 307 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.М-д буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Д.М-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэхдээ иргэний хуулийг буруу хэрэглсэн. Учир нь нэхэмлэгч болон хариуцагчийн хооронд гэрээ байгуулагдаагүй. Иргэний хуулийн 8 дугаар зүйлд зааснаар талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй. Хариуцагч, СХД-ийн ЗДТГазар болон төслийн удирдагч Д.Б нартай 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэрээ байгуулагдаж 27 айлын орон сууцыг барих төсөл хэрэгжиж эхэлсэн. Уг гэрээний гүйцэтгэгчээр хариуцагч компани, захиалагчаар Д.Б, хяналт тавих үүргийг СХД-ийн ЗДТГазар тус тус тодорхойлогдсон байхад хариуцагч компани Д.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах нь хуул зүйн үндэслэлгүй. Нөгөө талаар СХД-ийн 19-р хороо 21-р хорооллын 1-р дан байрны суурин дээр баригдсан орон сууцнаас 30 мкв тайлбай бүхий орон сууцыг Д.Мод гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь тус орон сууцны өмчлөгчийн эрхийг зөрчсөн шийдвэр болсон. “Шинэ мөрөөдөл хотхоны” 273 айлын орон сууцны өмчлөх эрхийн баталгаажуулсан өмчлөх эрхийн баталгаажуулсан өмчлөх эрхийн гэрчилгээ нэг бүрийг тодруулахгүйгээр тус хэргийг шийдвэрлэсэн нь гуравдагч этгээдийн эрхийг хөндсөн шийдвэр болсон. Иймд Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн биелэлтэд 30 мкв талбай бүхий орон сууцыг гаргуулан өмчлөлд шилжүүлэхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч гэрээний харилцаа үүсээгүй гэх үндэслээр эс зөвшөөрч маргажээ. /хх-ийн 1, 19-20 дугаар хуудас/

 

Нэхэмжлэгч Д.М нь 2011 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр Б.Б-тай худалдах худалдан авах гэрээгээр Сонгинохайрхан дүүрэг, 19 хороо, Мах импекс ХК-ний 1 дүгээр дан байрны 3 тоот,30 мкв талбай бүхий сууцыг худалдан авч өмчлөгч болжээ. Улмаар уг орон сууцны байшин бүхэлдээ нураагдаж шинээр орон сууц баригдахаар төлөвлөгдсөнтэй холбоотойгоор “Мах импекс” ХК-ний 1 дүгээр дан байрны суурин дээр баригдах орон сууцнаас өмчилж буй талбайтай нь тэнцүү хэмжээний сууцыг Д.Мын өмчлөлд шилжүүлэх гэрээ нэхэмжлэгч Д.М, “Б” ХХК-ны хооронд 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагджээ. /хэргийн 5-6 дугаар тал/ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр дан байрны оршин суугч 27 айл өрхийг шинэ орон сууцаар хангах төслийг хэрэгжүүлэх 2008 онд байгуулсан №08/03 тоот гэрээгээ цуцалж, гуравдагч этгээдтэй гэрээ байгуулахаар шийдвэрлэснээ Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас “Б” ХХК-д 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 1/1920 тоот албан бичгээр мэдэгджээ. /хэргийн 33 дугаар тал/

 

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр дан байрыг шинэ орон сууц болгох төсөл хэрэгжүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, “Б” ХХК, төслийн удирдагч Д.Б /1 дүгээр дан байрны оршин суугчдыг төлөөлж/ нарын хооронд 2012 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр 01 тоот гэрээ байгуулагдсан, “Б” ХХК барилга ашиглалтад орж улсын комисс хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор гэрээ байгуулсан айлуудад орон сууцыг олгохоор тохиролцсон үйл баримт тогтоогджээ. /хэргийн 34-35 дугаар тал/

 

Орон сууцны тухай хуульд зааснаар сууц өмчлөгч нь хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулан орон сууцныхаа барилгыг нураалгасан тохиолдолд тухайн орон сууцтайгаа адил хэмжээний талбай бүхий орон сууцыг эзэмших эрхийг хуулиар олгосон.

 

Нэхэмжлэгчийн хувьд өмнө нь “Б” ХХК-тай байгуулсан гэрээний үүргийг Б ХХК нь “Б” ХХК-нд шилжүүлсэн. Нэхэмжлэгч Д.М-ын өмнө хүлээсэн үүргийг хариуцагч шилжүүлэн авсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль болон гэрээнд заасны дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх ёстой. Хэргийн баримтаар Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр дан байрыг нурааж, суурин дээр 23 автомашины дулаан зогсоолтой, 273 айлын “Шинэ мөрөөдөл хотхон” орон сууцны барилга баригдсан үйл баримт тогтоогджээ. /хх-ийн 28-30, 32, 46-47 дугаар хуудас/

 

Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны сууц өмчлөгч Д.М нь шинээр баригдах орон сууцнаас эхний ээлжинд хуучин орон сууцны талбайн хэмжээнээс багагүй хэмжээний орон сууцыг өмчлөх эрхтэй, хуучин орон сууцаа зах зээлийн үнээр хөрөнгө оруулагчтай тохиролцон худалдах, эсхүл нөхөн олговор авах эрхтэй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг агуулгын хувьд зөв гэж үзнэ.

 

Харин шүүхийн шийдвэр нь биелэгдэх боломжтой, үр дагавар нь тодорхой байх ёстой бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар 118.5 дах хэсэгт зааснаар шүүх шаардлагатай бол шийдвэр гүйцэтгэх арга, журам, хугацааг зааж өгөх үүрэгтэй юм. Анхан шатны шүүх 30 м.кв талбайтай орон сууцыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, тодорхой бус болжээ. Иймд СХД-ийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Б” компанийн захиалгаар бариулсан 273 айлын орон сууцны барилгаас 30 м.кв талбай бүхий орон сууцыг Д.М-ын өмчлөлд шилжүүлэхийг даалгах агуулгаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. Энэ шүүхийн шийдвэрээр орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөх үүргийг биелүүлэхийг даалгаж байгаа бөгөөд хэрэв үүрэг биелэгдэхгүй тохиолдолд үүнээс үүдэн нэхэмжлэгчид учирч болох хохирлын талаар шийдвэрлээгүй болно.

 

Анхан шатны шүүхээс Орон сууцны тухай хуулийн151 зүйлийн 151.4, 151.5, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 заасныг баримталсан нь үндэслэлтэй гэж үзнэ. Харин Монгол улсын Орон сууцны тухай хууль гэж хуулийн нэрийг буруу бичсэнийг залруулах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2018/01129 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Орон сууцны тухай хуулийн151 зүйлийн 151.4, 151.5, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан Сонгино хайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Б” компанийн захиалгаар бариулсан 273 айлын орон сууцны барилгаас 30 м.кв талбай бүхий орон сууцыг Д.М-ын өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч “Б” ХХК-д даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                   ШҮҮГЧИД                                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                      Ш.ОЮУНХАНД