Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2018/01501

 

Б.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/00541 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1222 дугаар магадлалтай,

Б.С-ын нэхэмжлэлтэй

Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст холбогдох,  

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч М.Цэцгээгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С-, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Б.С-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие Чингэлтэй дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэст гэр бүл хөгжлийн төвд мэргэжилтний албан тушаалд 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон бөгөөд тус төв нь нэршлээ өөрчлөн Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс болсон. Би 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хөгжлийн экспо үзэсгэлэн дээр ажиллаж байтал бие өвдөөд эмнэлэг явсан. Тэгээд намайг өвчтэй байж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ажилдаа ирэхэд Чингэлтэй дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний Б/81 тоот тушаалаар ажлаас халсан байсан. Ажлаас халсан үндэслэл нь өөрийн хүсэлтээр гэсэн бөгөөд миний бие ямар нэгэн өргөдөл хүсэлт бичиж өгөөгүй байхад ажлаас халсан. Миний бие ямар зөрчил гаргасан талаар огт ойлголт байхгүй тул ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж байна. Намайг ажлаас чөлөөлсөн Б/81 тоот тушаалыг хүчингүй болгосон Б/82 тоот тушаал гарсныг мэдээгүй, шүүхэд ирсэн материалаас л олж мэдлээ. Энэ тушаалыг надад гардуулж өгөөгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш намайг шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзчих тэгвэл би чамайг ажилд чинь буцааж авья гээд байхаар нь би хүсэлтээ гаргаж өгсөн боловч намайг буцааж ажилд аваагүй. Чи намайг сайд руу хүмүүстэй нийлж өргөдөл матаас бичсэн түүн дээр чи гарын үсгээ зурсан байна гээд ажилд авахгүй гэсэн тул би дахин хүсэлтээ гаргаж шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжсэн. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: Б.С-ыг түр хугацаагаар ажилд авсан боловч ажлын шаардлага хангаж чадаагүй. Над руу 10 дугаар сарын 26, 27-ны үед утасдаж өвчтэй байна гэж хэлсэн ба өвчтэй байгаа тухай баримтаа өгөөгүй учраас түүнийг ажил тасалсан гэж үзэж ажлаас чөлөөлсөн бөгөөд түүний хүсэлтээр гэж чөлөөлсөн шийдвэр нь буруу гарсан учраас уг тушаалыг хүчингүй болгож шинээр тушаал гаргасан. Б.С-ыг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш түүний эгч нь надруу утасдаж эвлэрье гэж хэлсэн тул шүүх дээр ирж нэхэмжлэлээсээ татгалзвал ажилд нь буцааж авья гэсэн боловч намайг шинэ жилийн өмнө ажил ихтэй байх үед ирэхээр нь би ажилд буцааж аваагүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/00541 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.С-ыг Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн ажилтны ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс ажилгүй байсан 2017 оны 11 дүгээр сарын 01-нээс 2018 оны 03 дугаар сарын 20 хүртэлх хугацааны олговорт 2.489.448 төгрөг гаргуулж Б.С-од олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх олговроос Б.С-ын нийгмийн болон эрүүл мэндийн зэрэг заавал даатгах даатгалуудыг тооцож, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Чингэлтэй дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Б.С- улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс 54.781 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1222 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/00541 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч М.Цэцгээ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Б.С- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 2311 дугаар зүйлийн дагуу 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2017 оны 12 дүгээр сарын 08 өдрийг хүртэл ажиллахаар харилцан тохирч гэрээ байгуулсан. Гэрээний хугацаанд гэр бүл, хүүхэд хөгжлийн ажилтны ажлын байрны тодорхойлолтын дагуу удирдлага дараах үүрэг даалгавар өгч, төлөвлөгөө, тайланг хугацаанд нь гаргаж өгөхийг удаа дараа шаардсан боловч эдгээр ажлууд хийгдээгүй. Нэхэмжлэлд хийгдсэн ажлаа тайлагнаж удирдлагаар баталгаажуулсан нэгч баримт өгөөгүй байна. 2018 оны 10 дугаар сарын 02-ны Даргын дэргэдэх зөвлөлийн хурлын протокол, 2018 оны 10 дугаар сарын 11-нээс хойш ажилдаа ирээгүй, шалтгааныг нь тодруулахаар удаа дараа утасдсан баримтыг хэрэгсээгүй, байгууллагад өвчтэй байсан тухайгаа огт мэдэгдээгүй, байгууллагад энэ талын баримт мэдээллийг огт өгөөгүй болно. Өвчний листыг шүүхийн нэхэмжлэлээс олж мэдсэн. Хариуцагчийн талаас хөдөлмөрийн гэрээний зөрчил, байгууллагын хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчлийн баримтуудыг үл хэрэгсэн зөвхөн нэхэмжлэгчийн худал, гүтгэсэн ярианд тулгуурлан хэт нэг талыг барьж шийдвэрлэж байна. Б.С-ын хариуцлагагүй, хэнэггүй үр бүтээлтэй ажил хийгээгүй луйврын үйлдлийг өөгшүүлэн хөхүүлэн дэмжиж олон сая төгрөг өгөн, эргээд ажилд нь томилох нь төрийн байгууллагын сахилга дэг журам, Хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн гэрээг шүүхийн байгууллага өөрөө үл ойшоон үгүйсгэж байгаа болно. Б.С- нь үүрэгт ажлаа хийхгүйгээс дүүргийн гэр бүл, хүүхдийн хөгжих, оролцох, мэдээлэп авах эрх зөрчигдөж, хүүхэд, гэр бүлийн орчинд хүчирхийлэлд өртөх нь ихсэж, хүүхдийг үл хайхрах байдлаас урьдчилан сэргийлэх ажил зогсонги байдалд орсон тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймээс уг ажилтанг удирдлага биечлэн дуудаж уулзаж, 2018 оны 10 дугаар сарын 31-нд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохыг мэдэгдэхэд, уг ажилтан хүлээн зөвшөөрсөн. Дараах үүрэг даалгаварыг хэрэгжүүлээгүй. Үүнд хүүхэд харах үйлчилгээний мэдээллийн санг үүсгэн, тайлан мэдээг сар бүрийн 25-нд удирлагад танилцууулан батлуулж, Хүүхдийн төлөө үндэсний газарт явуулах, Хүүхдийн төлөө зөвлөлийн 3 дугаар хуралдааныг зохион байгуулах, 2 дугаар хуралдааны зөвлөмжийн хэрэгжилтийг зөвлелийн гишүүдээс авч нэгтгэн, судалгаа дүгнэлт хийн 3-р хуралдаанаар хэлэлцүүлэх, тогтвортой амьдрал-хамтын оролцоо 3 сарын аяны удирдамж гарган, батлуулж хэрэгжүүлэх, 2017 оны “Шилдэг хүүхэд”, “Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага” шалгаруулах удирдамжийн хэрэгжилтийг хангах Гар зургийн уралдааны удирдамжийг хэрэгжүүлж ажиллах ажлын төлөвлөлт, тайланг тухайн саруудад удирдлагад танилцуулан хянуулсан, батлуулсан баримт нэхэмжлэпд байхгүй байгаа нь хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 12.2.9, 12.2.10 заалтууд зөрчсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 38.8 дахь заалтуудыг үндэслэсэн үүрэгт ажлаас чөлөөлсөн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.С- нь Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүх нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Б.С- нь Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/61 тоот тушаалаар гэр бүл, хүүхдийн хөгжлийн ажилтны албан тушаалд түр томилогдож, 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулжээ.

Түүнийг тус газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/81 тоот тушаалаар ажилтны санаачилгаар буюу ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийн дагуу гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь тогтоогдсон байна.

Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас нотлох баримтаар 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/82 тоот тушаалыг гаргасан бөгөөд энэ тушаалд Б/81 тоот тушаалыг хүчингүй болгож, Б.С-ыг ажлаа хаяж явсан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас халахаар шийдвэрлэжээ.

Б.С-ыг ажлаас халсан 2 удаагийн тушаалд заасан аль ч үндэслэл буюу Б.С- өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөгдөх хүсэлт гаргасан болон ажил тасалж ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдоогүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Харин хоёр шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон үйл баримтад дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Анх ажилд орж буй ажилтныг ажил олгогч 3 хүртэл сар туршилтын хугацаагаар ажилд авч болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасан байна. Б.С-ыг ажилд томилсон тушаал, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хугацааг “түр” гэж тодорхойлсон боловч “туршилтын” хугацаагаар ажилд авсан гэх хариуцагчийн тайлбар үгүйсгэгдээгүй байна. Учир нь ажилтанг “түр” ажилд авах хуульд заасан үндэслэл буюу ажил албан тушаал нь хэвээр хадгадлагдаж буй ажилтны оронд эргэж иртэл нь эсхүл улирлын чанартай ажилд Б.С-ыг түр хугацаагаар авсан гэх нөхцөл тогтоогдоогүй байна. Хоёр шатны шүүх ажил олгогч Б.С-ыг анх ажилд авахдаа байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн гэж дүгнэж ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон ажил олгогчийн эрх ашигт нийцээгүй байна. Иимд ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Харин хөдөлмөрийн гэрээний туршилтын хугацаа дуусахаас өмнө ажил олгогч үндэслэлгүй тушаал гаргаж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байх тул гэрээний хугацаа дуусах хүртэлх цалинг тооцож гаргуулах  нь зүйтэй ба үүнийг 1 сар 7 хоногийн хугацаагаар бодож нийт 714.652 төгрөг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох, энэ хугацаанд нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1. 46.2-т заасантай нийцнэ гэж үзлээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1222 дугаар магадлалын 1 дэх заалт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/00541 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн Б.С-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс 714.652 төгрөг гаргуулж Б.С-од олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ