Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 71

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах,

Улсын яллагч Д.Бат-Эрдэнэ,

Шүүгдэгч Ж.Н, түүний өмгөөлөгч Ж.Мөнхнасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Ж-ын Н-д  холбогдох 2016000000064 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

      

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Б овогт Ж-ын Н.

Шүүгдэгч Ж.Н нь 2020 оны 05 дугаар сарын 30-наас 05 дугаар сарын 31-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Говь-Алтай аймгийн ...... сумын төвийн ерөнхий боловсролын сургуулийн хашаанд “..........” ХХК-ийн сургуулийн барилгын ажил гүйцэтгэж байгаа барилга дотроос 63-45 ГАҮ улсын дугаартай, Хьюндэй портер маркийн, бага оврын ачааны тээврийн хэрэгсэл ашиглан чулуутай хар цаас 4 ширхэг, чулуугүй хар цаас 5 ширхэг нийт 9 боодол хар цаасыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, мөн өдрөө иргэн М.А-д 270.000 төгрөгөөр худалдаж, хохирогч “....” ХХК-д 492.000 төгрөг, М.А-д 230.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч Ж.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “... 2020 оны 05 дугаар сарын 31-ний шөнө Ад 9 боодол хар цаас зарсан нь үнэн. Би гэм буруугаа хүлээж байна. Би өмнө нь тэр байгууллагад ажиллаад цалингаа авч чадаагүй. Цалин өгөөгүй болохоор нь аваад зарсан юм... Цалин дутуу өгсөн. Нэг цутгалтын бригад ирсэн байсан. “А-Ө” ХХК нь цутгалтын бригадаас ав гээд цутгалтын бригад нь “А-Ө” ХХК-наас ав гээд байсан юм... Цалингаа аваагүй... Хохирлоо нөхөн төлсөн... Энэ үйлдэлдээ гэмшиж байна... 2020 оны 08 дугаар сарын 21-нд хуримаа хийсэн гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

Шүүгдэгчийн өгөөлөгч Ж.Мөнхнасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Ж.Н-д эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Өмгөөлөгчийн тухайд гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашигласан гэдэг хүндрүүлэх нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ж.Н нь тухайн үед тухайн барилга дээр ажиллаж байсан нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Мөн тухайн барилга дээр ажиллаж байгаа хүмүүс нь тухайн барилга руу нэвтрэхдээ зөвшөөрөл авах шаардлагагүй байдаг нь хохирогчийн мэдүүлгээс тодорхой харагдаж байгаа. Иргэний нэхэмжлэгч А мэдүүлэхдээ: Ж.Н-тай хамт эд зүйл хулгайлах талаар бид нар тохиролцоогүй. Хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй гэсэн мэдүүлэг байгаа. А-г эрүүгийн хэрэгт татах боломжгүй байна гэж үзээд Ж.Н-ыг яллагдагчаар татсан байгаа. Тухайн үед Ж.Н нь цалингаа авах гэж явсан. Цалинг нь өгөхгүй болохоор өөртөө туслах үүднээс хулгайн гэмт хэрэгт холбогдсон болох нь хэргийн материалаас харагдаж байгаа. Ж.Н нь энэ хулгайн зүйлийг авахаас өмнө иргэний нэхэмжлэгч А-тай тохирсон. Ан мэдүүлэгт: “Хар цаасаа 30.000 төгрөгөөр өгвөл би авъя” гээд Ж.Н зөвшөөрөөд очоод авсан байгаа. Машин механизм ашигласан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. “А-Ө” ХХК-д хохирол учруулсан гэм буруугаа хүлээж байгаа. Хар цаасыг нь буцаагаад өгсөн. Иргэний нэхэмжлэгч А-д 270.000 төгрөгийг буцааж өгөөд хохиролгүй болгосон гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Улсын яллагч Д.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Ж. Н нь 2020 оны 05 дугаар сарын 30-наас 2020 оны 05 дугаар сарын 31-нд шилжих шөнө 00 цагийн үед Говь-Алтай аймгийн ...... сумын төвд ерөнхий боловсролын сургуулийн хашаанд “А-Ө” ХХК-ны сургуулийн барилыг ажил гүйцэтгэж байгаа барилга дотроос 63-45 ГАҮ улсын дугаартай “Porter” маркийн бага оврын ачааны машин ашиглан чулуутай хар цаас 4 ширхэг, чулуугүй хар цаас 5 ширхэг нийт 9 боодол хар цаасыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч мөн өдрөө иргэн А-д 270.000 төгрөгөөр худалдаж хохирогч “А-Ө” ХХК-д 492.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч А-д 230.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгчдэгч Ж.Н-ыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна гэв. / шүүх хуралдааны тэмдэглээлээс/

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Д мөрдөн байцаалтад өгсөн “... Барилгын материалуудаа миний бие хүлээн авч хариуцаж ажилладаг учраас ачааг 2020 05 дугаар сарын 28-нд буусан. Ачаа буухад дээврийн хар цаас, 00-ийн суултуур, шалны чулуу зэрэг материалууд хүлээж авч контенерт хийхийг нь хийж түгээд дээврийн хар цааснуудаа контенерт хадгалалгүй баригдаж буй барилгын гал тогооны хэсгийн үүдний кородорт хураасан байсан. Хажуугаар нь явах болгонд бүртгэж байсан... Тэгээд дээврийн хар цаас хийх хүн хотоос ирээд хар цааснуудаа хүлээлгэж өгөх гээд 2020 оны 05 дугаар сарын 31-ны үеэр тоолсон нь 9 боодол хар цаас нь алга болсон байсан ...” гэсэн мэдүүлэг /ХХ40-43/,

 

Хохирогч иргэний нэхэмжлэгч М.А мөрдөн байцаалтад өгсөн “... 2020 оны 05 дугаар сарын 30-ны орой 22 цагийн үед Мандах манайд хүрж ирсэн. Ингээд дээврийн хар цаас авах уу гэхээр нь хэд гэж байгаа юм гэхэд 40.000 төгрөг гэж байгаа гэхээр үнэтэй байна. 30.000 төгрөгөнд авбал авна гэсэн чинь ав бал ав гэхээр нь хэд байгаа юм бэ? гэтэл овоо хэдэн ширхэг байгаа юм гэж хэлэхээр нь чи очоод аваад ирэх юм уу гэтэл унаа байхгүй ш дээ та очоод авчихаач гэхээр нь за би өөрөө машинаа бариад явъя гэж хэлээд бид хоёр шууд сургуулийн барилга дээр очсон юм. Ингээд барилгын хаалгаар оруулж зогсоогоод би ороод аваад ирье гэж хэлээд удалгүй 9 ширхэг дээврийн боодлоотой хар цаас авчирж тавиад гарсан. Ингээд би гэрийнхээ гадаа машинаа тавьчихаад Н маргааш өглөө эрт ирээд мөнгөө авчих шөнө мөнгө гаргамааргүй байна гэж хэлээд явуулсан. Өглөө нь Нармандах ирээд надаас бэлэн мөнгө 200.000 төгрөг аваад 10.000 төгрөгөнд бензин хийлгээд 20.000 төгрөгөнд бодож нэг шил архи “Хар экс” нэртэй архи аваад явсан. Үлдэгдэл 40.000 төгрөгийг нь дараа өгөхөөр болоод явсан юм. Ингээд 7 хоногийн сумын хэсгийн төлөөлөгч ирээд намайг Н хар цаас авах уу гэхээр нь авсан гэтэл наадах чинь хулгайх гэх хэлсэн тэгээд мэдсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ46-47/,

Гэрч Д.П мөрдөн байцаалтад өгсөн “...2020 оны 05 дугаар сарын 26-нд Улаанбаатар хотоос Бигэр сумруу барилгын шаардлагтай бараа материалуудаа Бигэр сумаас ачаа тээвэрт том тэрэгтэй явдаг Ө гэж жолоочид Улаанбаатар хотоос манай барилгын талбайн инженер Б гэдэг залуу ачуулаад 2020 оны 05 дугаар сарын 28-нд ..... суманд сургуулийн барилга дээр хүлээж авсан. Барилгын хар цаас, халаалтын холболтын шугамнууд зэрэг материалыг хүлээж авсан. Хүлээн авахад 23 боодол дээврийн хар цаас ирсэн... Нийт 9 боодол хар цаас алга болсон байсан. Үүнээс 4 нь чулуутай 5 нь чулуугүй хар цаас байгаа 2020 оны 05 дугаар сарын 30-ны үед дээвэр дээр тавих гээд гаргах гэсэн алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ49/

Гэрч Н.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2020 оны 05 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотоос барилгын шаардлагатай материалууд болох дээврийн хар цаас өөр материалууд худалдаж авчихаад Бигэр сумаас тээвэрт явдаг ачааны том тэргэнд ачуулаад сумруу явуулсан... Чулуугүй хар цаасыг 60.000 төгрөгөөр чулуутай хар цаасыг 48.000 төгрөгрөөр тус тус нийт 23 боодолыг худалдаж авч ачуулсан...” гэх мэдүүлэг /хх50/,

Гэрч М.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2020 оны 05 дугаар сарын 30-ны орой би гэртээ байж байгаад Атай утсаар яриад сум дээр байгаа бол манайхаар ороод ирээч гэж дуудаад А манайд ирсэн. Юм яриад сууцгааж байтал шөний 00 цагийн үед танайд очсон чинь Тэгшбуянгийнд байгаа гэж эхнэр чинь хэллээ тантай уулзах гэсэн юм гээд А-г сураад Н манайд ороод ирсэн. А юм яриад ажил хаагаад бууж байна хар цаас цемент байна гээд байсан тэгэхээр нь би гай болох гэж байгаа юм яв чи лай болох гэж байгаа юм гээд Нармандахыг хэлтэл Атай хар цаас 30.000-аас 40.0000 төгрөгийн хооронд байдаг гээд Аг 2-лаа уулзий гээд дагуулаад гараад явсан...” гэх мэдүүлэг /хх52/,

 “Ашид Билгүүн” ХХК-ны “Чулуутай, чулуугүй” дээврийн хар цаасыг үнэлсэн үнэлгээний тайлан /хх61-63/, Ашид Билгүүн” ХХК-ны “HYUNDAI FORTER” авто машиныг үнэлсэн үнэлгээний тайлан /хх69-72/,

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх3-5/, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх6-8, / зэрэг яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Н нь 2020 оны 05 дугаар 30-наас 2020 оны 05 дугаар сарын 31-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн .... сумын төвийн ерөнхий боловсролын сургуулийн хашаанд “А-Ө” ХХК-ийн сургуулийн барилгын ажил гүйцэтгэж байгаа барилга дотроос 63-45 ГАҮ улсын дугаартай, Хьюндэй портер маркийн, бага оврын ачааны тээврийн хэрэгсэл ашиглан чулуутай хар цаас 4 ширхэг, чулуугүй хар цаас 5 ширхэг нийт 9 боодол хар цаасыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, мөн өдрөө иргэн М.А-д 270.000 төгрөгөөр худалдаж, хохирогч 492.000 төгрөг, М.А-д 230.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдлоо.

Үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн шүүгдэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох хоёр жилийн хоёрны нэгээс багагүй дээд хэмжээ болох найман жилийн хоёрны нэгээс ихгүй хугацаагаар буюу нэгээс дөрвөн жилийн хооронд хорих ялыг шүүх оногдуулж болно гэж ойлгох нь зүйтэй.

Учир нь:

Иймээс шүүгдэгч Ж.Н нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзсний үндсэн дээр түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хорих ялаас доогуур буюу 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, хохмрогч гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Ж.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно”, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт “...Нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд анх удаа гэмт хэрэг үйлдэж 2 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хоригдлыг ял эдлүүлнэ...” гэж тус тус заасан тул шүүгдэгч Ж.Н-д оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж хуульчилжээ. Шүүгдэгч  Ж.Н нь хоёроос найман жил хүртэл хорих ял шийтгүүлж болох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзсэн тул дээрх журмыг хэрэглэн шүүгдэгчид оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх тухай өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзсэн болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл байхгүй, чулуутай чулуугүй нийт 9 ширхэг хар цаасыг биет байдлаар нь буцаан “А Ө” ХХК-д олгосон, хохирогч М.А-д хохиролд 270.000 төгрөг төлсөн шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ж-ын Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “хулгайлах” гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасныг журамлан шүүгдэгч Ж.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т хэсэгт зааснаар 1/нэг/ жил 2/хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н-д оногдуулсан 1/нэг/ жил 2/хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Ж.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.2.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 3.500.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Н-аас гаргуулан улсын орлого болгож, 63-45 ГАҮ улсын дугаартай “HYUNDAI FORTER” авто машиныг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц хохирогч М.А-д буцаан олгосугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Н-аас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг  шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА