Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2017/00619

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2017/00619

Улаанбаатар хот

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Д.Г

Нэхэмжлэгч: Д.Т 

Хариуцагч: Ц.У

26.598.954 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов. 

  Тодорхойлох нь:

           

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Д.Д.Гнь Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 100 айл гудамж, 65 В байр, 49 тоот 2 өрөө шинэ орон сууцаа худалдахаар болж иргэн Ц.Уянга нь Хас банкны ипотекийн зээлэнд хамруулаад авчихъя, харин банкинд заавал урьдчилгаа гэж 30 хувийг байршуулах ёстой юм, би ажлынхаа хүнээс түр зээлээд байршуулчихъя, тэгээд банкнаас 70 хувийн зээл нь гарангуут 30 хувийг нь буцаагаад над руу шилжүүлчих, нөхөр бид хоёр удаахгүй сарын дотор л буцаагаад өгнө, нөхөр Б.Булганы аав мөнгө өгөх ёстой гуйгаад байхаар нь нөхрийн нэг ангийн найз юм байна гэж бодоод, нэг ч гэсэн гэр бүл өөрийн гэсэн гэр оронтой болог гэсэн сэтгэлээр хандаж гуйлтыг нь зөвшөөрч байраа тухай үеийн ханшаар 120.000.000 төгрөгөөр зарах гэж байсан байраа тэр хоёрт 108.000.000 төгрөг болтол нь хямдруулан худалдахаар тохиролцож 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Ц.Уянгатай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан юм. Ингэхдээ алданги тооцох заалт ч оруулалгүйгээр тэдэнд итгэл үзүүлж нэг ёсондоо дэмжлэг туслалцаа үзүүлсэн юм. Ингээд байрны ордероо Ц.Уянгын нэр дээр шилжүүлж өгөөд тэд банкны зээлээ хөөцөлдөж эхэлсэн. Тэд банкны зээлээ хөөцөлдөж явсаар Хас банкнаас Ц.Уянга нь төрсөн дүүгээ хамтран зээлдэгчээр оролцуулж зээл авах болсон гэж байсан ба банкинд байршуулах урьдчилгаа 30 хувиа банкинд байршуулсан гээд хэсэг хугацааны дараагаар зээл нь баталгаажаад 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тус банкнаас зээл олгогдон миний дансанд мөнгө шилжин орсон юм. Би Ц.Уянга, түүний нөхөр Б.Булган нарын гуйлтыг амалсан ёсоороо биелүүлж 35.000.000 төгрөгийг Ц.Уянгын Хас банкны 5001333033 дугаартай дансанд нь тэр дор нь шилжүүлсэн. Одоо Ц.Уянгаас авах үлдэгдэл төлбөр 22.500.000 төгрөг байгаа болно. Тухайн үед надад хэлэхдээ 1 сарын дотор л өгнө, ёстой их баярлалаа гээд авцгаасан, үүнээс хойш  худал ярьж явсаар сүүлдээ утсаа ч авахгүй блоклоод зугтаж өнөөдрийг хүрлээ. Мөн Ц.Уянга тухайн үед 800.000 төгрөг зээлээч гэсний дагуу түүний Голомт банкны 1109137096 дугаартай  дансанд шилжүүлсэн мөнгөө нэхэмжилнэ. Үүний дээр миний нөхөр Д.Д.Т бид  2 Хаан банкнаас автомашины лизингийн зээлтэй байсан бөгөөд хариуцагч нар мөнгөө өгөөгүйгээс болж зээлээ төлж чадахгүйд хүрээд байна. Банкнаас мэдэгдэл ирүүлсэн байгаа ба 2015 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд төлөгдсөн болон төлөөгүй байгаа 3.298.954 төгрөгийн хүү нэхэмжилнэ. Иймд хариуцагч Ц.Уянга, Б.Булган нараас үлдэгдэл төлбөр болох 22.500.000 төгрөг, зээлсэн 800.000, Хаан банкинд төлсөн хүү 3.298.954 төгрөг, нийт 26.598.954 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өнөөдрийн байдлаар 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн 800.000 төгрөгөөс татгалзаж, 25.798.954 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Ц.Уянга нь Д.Гэрэлцэцэгээс 35.000.000 төгрөгийг зээлсэн бөгөөд зээлийн төлбөрөө төлсөөр одоо 18.500.000 төгрөг үлдсэн. Уг үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах тодорхой хугацаа шаардлагатай байна. Хохирлын хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй. Бидний буруугаас болж хохирол учраагүй. Зээлийн гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг төлнө. Харин хохирол төлөх боломжгүй” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                               

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Д.Д.Т, Д.Д.Гнь хариуцагч Ц.Уянгад холбогдуулан 26.598.954 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн 800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн захирамжаар Капитал банк дахь нэхэмжлэгч Д.Гэрэлцэцэгийн 2016 оны 06 дугаар сарын 28-ний өдрийн дансны хуулгыг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд ирүүлээгүй.

 

Хариуцагч нь 800.000 төгрөг төлсөн байдлыг нотлох зорилготой гэж тайлбарлаж байх бөгөөд нэхэмжлэгч нь 800.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсантай холбоотой хариуцагч Капитал банкнаас нотлох баримт гаргуулах хүсэлтээс татгалзсан тул талуудын хүсэлтээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

 

Хариуцагч Ц.Уянга нь нэхэмжлэлийн шаардлагаас 18.500.000 төгрөгийг зөвшөөрч, харин үлдэх 8.098.954 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлсон.

 

Хариуцагч Ц.Уянга нь нэхэмжлэгч Д.Гэрэлцэцэгээс Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 100 айл гудамж, 65в байрны 49 тоотод байрлах, 2 өрөө орон сууцыг 108.000.000 төгрөгөөр худалдан авсан ба нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Ц.Уянга нь уг орон сууцыг банкны зээлээр авсан бөгөөд байрны мөнгө орж ирсэн өдөр 35.000.000 төгрөг буцааж авсан учир байрны мөнгөний үлдэгдэл төлбөр гэж үзэж байна”, хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан тайлбартаа “Орон сууцны мөнгийг бүрэн төлсөн, энэ мөнгийг зээлж авсан” гэж тайлбарлаж байна.

 

Түүнчлэн талууд нь орон сууц худалдан авсан мөнгөний үлдэгдэл төлбөрийг тодорхой хугацааны дараа төлөхөөр тохиролцоогүй, харин нэхэмжлэгч нарын өмчлөлд орон сууцны төлбөр бүрэн шилжсэний дараа хариуцагчид 35.000.000 төгрөг шилжүүлсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Д.Д.Гнь 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч Ц.Уянгад 35.000.000 төгрөг шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 4 дэх тал /

 

Худалдан авагч нь тухайн орон сууцны үнийг бүрэн төлөөгүй тохиолдолд орон сууц худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг худалдах, худалдан авах гэрээний дагуу шаардах эрхтэй байх бөгөөд талууд гэрээний дагуу орон сууцны үнийг бүрэн төлсний дараа буюу уг орон сууцыг худалдсан мөнгөнөөс нэхэмжлэгч Д.Д.Гнь  35.000.000 төгрөгийг хариуцагч Ц.Уянгад  шилжүүлсэн байх тул талуудын хооронд зээлийн гэрээтэй холбоотой эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэв.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ.” гэж заажээ.

 

Хариуцагч нь 35.000.000 төгрөг зээлж авсан, түүнчлэн одоо 18.500.000 төгрөгийн төлбөртэй гэх үйл баримтад маргаагүй, харин хохирол болон 3.500.000 төгрөгийг төлсөн гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч Д.Гэрэлцэцэгийн Хаан банкны 5084228614 тоот дансанд 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 3.500.000 төгрөгийг Ц.Уянгаас шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 76 дахь тал/

 

Иймд зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт 18.500.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-т “Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ.” гэж заасан бөгөөд хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг биелүүлж, нэхэмжлэгчийн шаардсан хугацаанд төлбөрийг төлөх үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно.” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Д.Д.Т, Д.Д.Гнар нь 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 20.700.000 төгрөгийг нэг жилийн 20.4 хувийн хүүтэйгээр зээлсэн бөгөөд зээлийн хүүнд 2015 оны 08 дугаар сараас шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 11 дүгээр сарыг хүртэл хугацааны зээлийн хүү 3.298.954 төгрөгийг хохирол гэж шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нар нь хариуцагч зээлсэн мөнгө анх тохирсон хугацаа буюу нэг сарын дотор төлсөн бол Хаан банкны авто машины зээлийг хаах боломжтой байсан гэх тайлбар нь үндэслэлтэй байх тул хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохирол 3.298.954 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд хариуцагч Ц.Уянгаас 21.798.954 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Гэрэлцэцэг, Д.Д.Т нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

          1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар хариуцагч Ц.Уянгаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 21.798.954 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Гэрэлцэцэг, Д.Д.Т нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

         

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Д.Т нь 800.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг баталсугай.

 

          3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 290.955 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Уянгаас 266.945 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Д.Т, Д.Д.Гнарт болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР