Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 1091

 

 

Д.Гэрэлцэцэг, Д.Тамир нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/00619 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Гэрэлцэцэг, Д.Тамир нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Уянгад холбогдох

 

25 798 954 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганзоригийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганзориг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Гэрэлцэцэг нь Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 100 айл гудамж, 65 В байр, 49 тоот 2 өрөө шинэ орон сууцаа худалдахаар болж иргэн Ц.Уянга нь Хас банкны ипотекийн зээлэнд хамруулаад авчихъя, харин банкинд заавал урьдчилгаа гэж 30 хувийг байршуулах ёстой юм, би ажлынхаа хүнээс түр зээлээд байршуулчихъя, тэгээд банкнаас 70 хувийн зээл нь гарангуут 30 хувийг нь буцаагаад над руу шилжүүлчих, нөхөр бид хоёр удаахгүй сарын дотор л буцаагаад өгнө, нөхөр Б.Булганы аав мөнгө өгөх ёстой гээд гуйгаад байхаар нь нөхрийн нэг ангийн найз юм байна гэж бодоод, нэг ч гэсэн гэр бүл өөрийн гэсэн гэр оронтой болог гэсэн сэтгэлээр хандаж гуйлтыг нь зөвшөөрч байраа тухай үеийн ханшаар 120 000 000 төгрөгөөр зарах гэж байсан байраа тэр хоёрт 108 000 000 төгрөг болтол нь хямдруулан худалдахаар тохиролцож 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Ц.Уянгатай орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан. Ингэхдээ алданги тооцох заалт ч оруулалгүйгээр тэдэнд итгэл үзүүлж нэг ёсондоо дэмжлэг туслалцаа үзүүлсэн. Ингээд байрны ордероо Ц.Уянгын нэр дээр шилжүүлж өгөөд тэд банкны зээлээ хөөцөлдөж эхэлсэн. Тэд банкны зээлээ хөөцөлдөж явсаар Хас банкнаас Ц.Уянга нь төрсөн дүүгээ хамтран зээлдэгчээр оролцуулж зээл авах болсон гэж байсан ба банкинд байршуулах урьдчилгаа 30 хувиа банкинд байршуулсан гээд хэсэг хугацааны дараагаар зээл нь баталгаажаад 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр тус банкнаас зээл олгогдон миний дансанд мөнгө шилжин орсон. Би Ц.Уянга, түүний нөхөр Б.Булган нарын гуйлтыг амалсан ёсоороо биелүүлж 35 000 000 төгрөгийг Ц.Уянгын Хас банкны 5001333033 дугаартай дансанд нь тэр дор нь шилжүүлсэн. Одоо Ц.Уянгаас авах үлдэгдэл төлбөр 22 500 000 төгрөг байгаа болно. Тухайн үед надад хэлэхдээ 1 сарын дотор л өгнө гэсэн боловч үүнээс хойш худал ярьж явсаар сүүлдээ утсаа ч авахгүй блоклоод зугтаж өнөөдрийг хүрсэн. Мөн Ц.Уянга, тухайн үед 800 000 төгрөг зээлээч гэсний дагуу түүний Голомт банкны 1109137096 дугаартай дансанд шилжүүлсэн мөнгөө нэхэмжилнэ. Үүний дээр миний нөхөр Д.Тамир бид 2 Хаан банкнаас автомашины лизингийн зээлтэй байсан бөгөөд хариуцагч нар мөнгөө өгөөгүйгээс болж зээлээ төлж чадахгүйд хүрээд байна. Банкнаас мэдэгдэл ирүүлсэн байгаа ба 2015 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд төлөгдсөн болон төлөөгүй байгаа 3 298 954 төгрөгийн хүү нэхэмжилнэ. Иймд хариуцагч Ц.Уянга, Б.Булган нараас үлдэгдэл төлбөр болох 22 500 000 төгрөг, зээлсэн 800 000 төгрөг, Хаан банкинд төлсөн хүү 3 298 954 төгрөг, нийт 26 598 954 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн 800 000 төгрөгөөс татгалзаж, 25 798 954 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Уянга нь Д.Гэрэлцэцэгээс 35 000 000 төгрөгийг зээлсэн бөгөөд зээлийн төлбөрөө төлсөөр одоо 18 500 000 төгрөг үлдсэн. Уг үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах тодорхой хугацаа шаардлагатай байна. Хохирлын хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй. Бидний буруугаас болж хохирол учраагүй. Зээлийн гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг төлнө. Харин хохирол төлөх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар хариуцагч Ц.Уянгаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 21 798 954 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Гэрэлцэцэг, Д.Тамир нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Тамир нь 800 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг баталж,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 290 955 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Уянгаас 266 945 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Тамир, Д.Гэрэлцэцэг нарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганзориг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ц.Уянга нь 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Д.Гэрэлцэцэгээс 35 000 000 төгрөгийг зээлсэн бөгөөд зээлийн төлбөрөө төлсөөр одоо 18 500 000 төгрөг үлдсэн. Уг төлбөрийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн. Гэтэл шүүх хариуцагчаас нэхэмжлэгч нарт учирсан хохирол гэх 3 298 954 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Учир нь Д.Гэрэлцэцэг, Ц.Уянга нар нь тухайн үед зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бөгөөд зээлийн төлбөрийг төлж барагдуулж дуусах талаар хугацаа тогтоогоогүй. Ц.Уянга нь зээлийн төлбөрөө төлсөөр ирсэн. Зээлийн гэрээний дагуу хариуцагч Ц.Уянга нь төлбөрөө төлөх үүргээ биелүүлсээр ирсэн бөгөөд зээлдүүлэгч Д.Гэрэлцэцэг нь төлбөрөө төлөхийг хэзээ шаардаж байсан нь эргэлзээтэй, тогтоогдоогүй зүйл бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн төлбөрөө бүрэн төлж барагдуулахыг анхлан шаардсан. Гэтэл шүүхээс хариуцагч Ц.Уянгыг нэхэмжлэгч Д.Тамир, Д.Гэрэлцэцэг нартаа анх тохирсон хугацаа буюу нэг сарын дотор төлбөрөө төлөх ёстой байсан гэж үзэж, нэхэмжлэгч Д.Тамир, Д.Гэрэлцэцэг нарын 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Хаан банктай байгуулсан Барьцаат зээлийн гэрээний хүү гэх 3 298 954 төгрөгийг нэхэмжлэгч нарт учирсан хохирол гээд хариуцагчаар гаргуулахаар шийдвэрлэсэн нь өөрөө үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг зөрчин нэхэмжлэгчийн гаргасан тайлбарт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг буюу Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт үндэслэн нэхэмжлэгч Д.Тамир, Д.Гэрэлцэцэг нарт учирсан хохирол гэх 3 298 954 төгрөгийг хариуцагч Ц.Уянгаас гаруулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хохирол төлөх үүргийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн хэргийг шийдвэрлэсэн боловч зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг залруулан өөрчлөх шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч Д.Тамир, Д.Гэрэлцэцэг нар нь хариуцагч Ц.Уянгад холбогдуулан орон сууц худалдсан үнийн үлдэгдэл 22 500 000 төгрөг, зээлдүүлсэн 800 000 төгрөг, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс зээлийн хүүд 3 298 954 төгрөг төлж хохирсон тул 26 598 954 төгрөг гаргуулахаар шаардсанаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад багасгаж 25 798 954 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатарын дүүргийн 11 дүгээр хороо, 100 айл гудамж, 65в байрны 49 тоот 2 өрөө орон сууцыг 108 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч нар дээрх орон сууцыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч нэхэмжлэгч нарт орон сууц худалдсан үнэ 108 000 000 төгрөг төлөх үүрэг хүлээжээ.

 

Нэхэмжлэгч нар хариуцагчаас худалдсан орон сууцны үнэ 108 000 000 төгрөгийг бүрэн төлсний дараа уг мөнгөнөөс талууд тохирч 35 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн үйл баримт талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ талаар талууд маргахгүй байна.

 

Хариуцагч нь худалдан авсан орон сууцны үнийг нэхэмжлэгчид бүрэн төлснөөр тэдгээрийн хооронд байгуулагдсан Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа дуусгавар болж, харин нэхэмжлэгч нар хариуцагчид 35 000 000 төгрөгийг шилжүүлснээр талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгэр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Дээрх 35 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нар хариуцагчид зээлдүүлэхдээ хугацаа тохиролцоогүй тул Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх үүргийн хугацааг тодорхойлох бөгөөд ийнхүү шаардсанаас хойш 1 сарын дотор зээлдүүлэгч үүргээ биелүүлнэ гэж заасан тул нэхэмжлэгч нар шаардсанаар хариуцагч зээлийг буцааж төлөх үүргээ биелүүлэх ёстой.

 

Зохигчид 35 000 000 төгрөг зээлдүүлсэн талаар маргаагүй, харин нэхэмжлэгч нар зээлээс 22 500 000 төгрөг төлөгдөөгүй гэж, хариуцагч 18 500 000 төгрөг төлөгдөөгүй гэж маргажээ.

 

Хэргийн 77 дугаар талд авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгчийн дансанд 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч 3 500 000 төгрөг шилжүүлсэн байна. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт холбогдох 22 500 000 төгрөгөөс 3 500 000 төгрөгийг хасч 18 500 000 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэлийг шүүх хангасан нь зөв болжээ.

 

Харин нэхэмжлэлийн шаардлагаас гэрээнээс учирсан хохирол болох зээлийн хүүд төлсөн 3 298 954 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт нийцээгүй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 35 000 000 төгрөгийг хугацааг тухайлан заагаагүй зээлдүүлсэн байтал тэрээр 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Хаан банкнаас автомашин авах зориулалтаар 20 700 000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлсэн мөнгөний хүүг хохиролд тооцох нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4 дэх хэсэгт “үүргийг хугацаанд нь гүйцэтгэсэн ч тохиолдох байсан тохиолдлын улмаас үүссэн хохирлыг хариуцахгүй” гэж заасанд нийцнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас гэрээнээс учирсан хохирол болгон зээлийн хүүд 3 298 954 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан гэж дүгнэж татгалзлыг баталж шийдвэрлэсэн нь буруу байх тул уг алдааг залруулан, шүүхийн шийдвэрийн холбогдох заалтыг хүчингүй болгох боломжтой гэж дүгнэлээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/00619 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Уянгаас 18 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Тамир, Д.Гэрэлцэцэг нарт олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 298 954 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, 3 дахь заалтыг “2”, 4 дэх заалтыг “3” гэж тус тус дугаарлаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганзоригийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67 734 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                     А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ