Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 388

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн тавдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй,    

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Н , А.Т нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Н , А.Т нарын 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2300******* дугаар актыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, хариуцагч Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Т , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Маргад нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “У” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...  “У” ХХК нь 2010 оны 9 дүгээр сард 5408... дугаартай регистрийн дугаар бүхий хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг авч үүсгэн байгуулагч 1 хүний гишүүнтэйгээр байгуулагдсан.

Компанийн гүйцэтгэх захирлаар Ц миний бие 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад, хувийн шалтгааны улмаас гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдөж, иргэн Г шилжүүлсэн.

2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн иргэн Г-аас компаниа буцааж, шилжүүлэн авсан ба мөн өдрөөс миний бие тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон.

Манай компанийн 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хийгдсэн татварын хяналт шалгалтын дагуу Татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2300******* тоот акт гарсан.

Татварын улсын байцаагчийн 2300******* тоот актыг өмнөх гүйцэтгэх захирал Г-т танилцуулж гардуулан өгсөн Монгол Улсын холбогдох хууль тогтоомжуудыг ноцтой зөрчсөн байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн:

5.9-д “... хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх ба шалгалтын тэмдэглэлд дараахь үндсэн мэдээллийг тусгана,

5.9.1-д шалгалтын явц болон шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал,

5.9.2-т улсын байцаагчийн санал, дүгнэлт,

5.9.3-д шалгуулагч этгээдийн санал, хүсэлт,

5.10-д Шалгуулагч этгээд шалгалтын тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд хэрэв гарын үсэг зурахаас татгалзсан бол энэ тухай шалгалтын тэмдэглэлд тусгана...” гэжээ.

Мөн Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2008 оны 192 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Үндэсний татварын албаны татварын хяналт шалгалтын ажлын дүрэм”-ийн 3.2.6-д Хяналт шалгалтын дүнг танилцуулах хугацааг татвар төлөгчид мэдэгдэж, товлосон хугацаанд танилцуулна.

3.2.7-д Акт, дүгнэлт нь хяналт шалгалт хийсэн Татварын улсын (ахлах) байцаагч, татвар төлөгч гарын үсэг зурж, ХШАЭН-ийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох боловч татвар төлөгч зөвшөөрөхгүй, гарын үсэг зурах, тамга тэмдэг дарахаас татгалзвал акт, дүгнэлтийн талаар хаана, хэзээ гомдол гаргаж болохыг тайлбарлан, татвар төлөгчийг тайлбар өгсөн эсэхээс үл хамааран тэдгээрийг гардуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно...” гэжээ.

Хан-Уул дүүргийн татварын улсын байцаагч нар 2015 оны 2300******* тоот татварын улсын байцаагчийн актыг танилцуулах, ярилцлага хийх, актыг гардуулахдаа компанийг төлөөлөх эрхгүй, хамааралгүй этгээдэд гардуулсан.

Татварын улсын байцаагч нар Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 “татварын хяналт шалгалтад шаардагдах магадлагаа, баримтын хуулбар, банкны гүйлгээний хуулгыг татвар төлөгчтэй харилцагч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн, санхүүгийн байгууллагаас үнэ төлбөргүй гаргуулан авах”, 71 дүгээр зүйлийн 71.8 “Иргэний бүртгэл, мэдээллийн болон иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг татвар төлөгчөөр бүртгэх, хаягийг нь тодруулахтай холбогдсон өөрт байгаа хувь хүний нууцад үл хамаарах мэдээ, судалгааг татварын албаны хүсэлтээр гаргаж өгнө”-д гэж тус тус заасан хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллаагүйгээс болж хууль зүйн хувьд актыг гардан авах эрхгүй этгээдэд татварын улсын байцаагчийн актыг гардуулсан нь илт хууль зөрчсөн асуудал болсон.

Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.6-д “Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн бүрэн эрх нь дуусгавар болсон өдрөөс хойш байгуулсан гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус байна”, 83 дугаар зүйлийн 83.8-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж заасан.

Тэгэхээр хуучин захирал Г-ын компанийг төлөөлөх эрх 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш хүчингүй болж энэ өдрөөс хойш компанийг төлөөлсөн бүхий л үйл ажиллагаа нь хууль бус юм.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002.12.26 өдөр/ 9 дүгээр зүйлийн 9.1-д “Захиргааны байгууллага, албан тушаалтан дараахь тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана”, 9.1.9-д “захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” гэж заасны дагуу маргаан бүхий захиргааны акт нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Татварын ерөнхий хууль, Компанийн тухай хуулиудыг зөрчиж үйлдэгдсэн акт юм.

Ийнхүү хууль бус акт гаргаснаар манай компанид 5,467,361.8 төгрөгийн бодит хохирол учраад байна.

Иймд компанийг төлөөлөх эрхгүй этгээд Г-т гардуулсан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Н , А.Т нарын 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2300******* тоот актыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Нэхэмжлэгч “У” ХХК нь Татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 8-ны өдрийн 2300******* тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжилжээ. Нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

Татварын улсын байцаагчийн 2300******* тоот акт Монгол Улсын хопбогдох хууль тогтоомжуудыг ноцтой зөрчсөн байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9-д “Хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно” гэж заасныг шууд зөрчижээ гэжээ.

Төрийн хяналт шалгалтын тухай хууль нь Засгийн газар, яам, агентлаг, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хорооны Засаг даргын хяналт шалгалт, хууль тогтоомжоор тусгайлан эрх олгогдсон мэргэжлийн хяналт, түүнчлэн нутгийн өөрөө удирдах байгууллагаас энэ хуулийн дагуу хэрэгжүүлэх хяналт шалгалттай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулахаар байдаг.

Харин татвар ногдуулалт, төлөлт, хяналт шалгалт явуулах нь Татварын ерөнхий хууль түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмын хүрээнд татвар төлөгч болон татварын албаны эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлон тэдгээрийн хооронд үүсэх харилцааг зохицуулахаар хуульчлагдсан байхаас үзэхэд Татварын хяналт шалгалтыг Татварын хууль түүнтэй холбоотой бусад хууль тогтоомжийн хүрээнд хийж гүйцэтгэсэн нь Төрийн хяналт шалгалтын хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл биш юм.

Хяналт шалгалтаар нийт 54,673,618.18 төгрөгийн зөрчил илэрч 5,467,361.00 төгрөгийн нөхөн татвар, 1,640,208.00 төгрөгийн торгууль, 1,157,167.00 төгрөгийн алданги ногдуулсныг акт гардуулсан өдрөөс хойш 15 хүртэл хоногийн дотор төлүүлэхээр акт тогтоосон.

Тус компани нь 2010 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан, 1 гишүүнтэй, ажлын байр Хан-Уул дүүрэг .. дугаар хороо Нүхтийн ..-... тоотод байрладаг Г овогтой Г захирлаар ажилладаг гэж тус татварын хэлтсийн татвар төлөгчийн бүртгэлд бүртгэгдсэн байсан.

Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д “Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол татвар төлөгч нь хуулийн этгээдийн мэдээлэл, хувийн хэрэгт тусгагдсан зүйл өөрчлөгдөх бүрт өөрчлөлт орсноос хойш ажпын 20 өдрийн дотор татварын албанд мэдэгдэж, бүртгэл, хувийн хэрэгтээ өөрчлөлт хийлгэнэ” мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.9-д “татвар ногдох эд хөрөнгө, зрхээ бусдын өмчлөлд шилжүүлсэн тухай баримтыг татварын албанд гаргаж өгөх”-д заасны дагуу бусдын өмчлөлд шилжүүлсэн тухай баримтаа гаргаж өгөх үүрэгтэй байсан.

Улмаар дээрх нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар хасалт хийж тайлан өгсөн хугацаанд Г.Г захирлаар ажиллаж байсан. Акт гардуулах үед Г.Г захирал өөрөө хүлээн зөвшөөрч актыг гардан авч, тамга тэмдгээ дарж баталгаажуулсан нь татварын хяналт шалгалт хийгдэж байх хугацааны баримтуудаар нотлогдож байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны акт илт хууль бус болох тухай тодорхой зааж өгсөн байх бөгөөд татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2300******* тоот акт нь илт хууль бус актад тооцуулах хууль эрх зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “У” ХХК шүүхэд “Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Н , А.Т нарын 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 2300******* тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 2002 оны хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “захиргааны байгууллага албан тушаалтан дараахь тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана”, 9.1.9-д “захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” гэж заасны дагуу тухайн маргаан бүхий акт нь Төрийн хяналт шалгалтын хууль, Татварын ерөнхий хууль, Компанийн тухай хуулиудыг зөрчиж үйлдэгдэж, компанийг төлөөлөх эрхгүй этгээд Г.Г-т гардуулсан учир тус компанид 5,467,361,8 төгрөгийн бодит хохирол учирсан тул уг маргаан бүхий акт нь илт хууль бусд тооцох шинжийг агуулж байна гэж тодорхойлсон.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн дагуу захиргааны байгууллага хуулиар олгогдсон эрхийн хүрээнд маргаан бүхий акт үйлдэгдсэн эсэх, холбогдох хууль тогтоомжийн заалтуудыг зөрчсөн эсэхийг хянах бөгөөд дараах нөхцөл байдлууд тогтоогдсон учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Хариуцагч Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Н , А.Т нар нэхэмжлэгч компанид татварын хяналт шалгалтыг явуулах эрхтэй эсэх,

Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 9д/2933 тоот Татварын Ерөнхий газрын даргад хүргүүлсэн, Татварын Ерөнхий газрын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 7/1277 тоот УТОХГ, Нийслэл, аймаг, дүүргийн татварын газар хэлтсүүдэд хүргүүлсэн албан бичгүүд, хавсралтын дагуу холбогдох аж ахуйн нэгж, байгууллагуудад албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, дүнг хүргүүлэх талаар дурдсан бөгөөд энэ үндэслэлээр Татварын албанаас хяналт шалгалт явуулах эрхийн хүрээнд хариуцагч Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Н , А.Т нарт 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 23150600301 тоот “Татварын хяналт шалгалт хийх томилолт” олгогджээ.

Тус татварын хяналт шалгалт нь Татварын ерөнхий хуулийн 29 дугаар зүйлийн  29.1.1-д “татвар ногдуулах, төлөх татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, төсөл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулан авах, зөрчлийг тогтоон акт, дүгнэлт, холбогдох бусад баримт үйлдэх”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 47 дугаар зүйлийн  47.2-д “Татварын хяналт шалгалтыг татварын алба хийж гүйцэтгэнэ”, 47.4-д “Татварын алба, татварын улсын байцаагч нь татварын хяналт шалгалтын ажлыг татвар хураах зардлыг хэмнэн, үр өгөөжтэй байх, татвар төлөгчийн хэвийн үйл ажиллагааг үл алдагдуулах, чирэгдэл бага учруулах шаардлагад нийцүүлэн төлөвлөгөөт болон гэнэтийн, бүрэн буюу хэсэгчилсэн, ганцаарчилсан болон нийтийг хамарсан зэрэг олон улсын жишигт нийцсэн, хуулиар хориглоогүй бүх хэлбэрээр явуулж, аль ч татвар төлөгчийн үүргийн биелэлтийг хэзээ зохистой гэж үзсэн үедээ шалгах эрхтэй” гэж зааснаас гадна Татварын ерөнхий газрын даргын 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/101 дүгээр тушаалаар баталсан “Татварын албаны татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын холбогдох заалтуудын хүрээнд олгогдсон бүрэн эрх, Татварын хяналт шалгалт хийх томилолт, Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн дагуу хийгдсэн хууль ёсны үйлдэл болжээ.

Мөн Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх ...” гэсний дагуу дээрх татварын хяналт шалгалтыг 2010.01.01-2014.12.31-ний өдрийн хооронд хугацаанд хамаарагдах татварын тайланд 2015 оны 06 дугаар сарын 31-ний өдөр хийгдсэн нь хуульд заасан хугацаа зөрчсөн зүйлгүй болно.

2. Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Н , А.Т нарын 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2300******* тоот актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

Татварын улсын байцаагчийн маргаан бүхий акт нь “У” ХХК дээр хийгдэх хяналт шалгалтын томилолтод дурдагдсан хугацааны татварын тайланд хяналт шалгалт хийсний үр дүнд үйлдэгдсэн бөгөөд тухайн актаар нэхэмжлэгч компанийг Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д заасныг үндэслэн тус хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1, 18.1.14, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг тус тус зөрчсөн учир 2013 онд “Ирээдүй текстил” ХХК-ийн хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаан ашиглан 54,673,618.00 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар бууруулсан зөрчилд 5,467,361.00 төгрөгийн нөхөн татвар, 1,640,208.00 төгрөгийн торгууль, 1,157,167.00 төгрөгийн алданги, нийт 8,264,737.00 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Мөн 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “У” ХХК-ийн захирал гэх Г.Г-тай ярилцлага хийж, холбогдох баримтуудыг шалгаж үзсэн ба компанийн үйл ажиллагааны талаар ярилцлагын тэмдэглэлд дурдсан, тухайн үед шалгуулагч этгээд тус компанийн Ерөнхий захирлын үүргийг гүйцэтгэх эрхгүй талаар мэдэгдээгүй байна.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Н , А.Т нар нь 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2300******* тоот актыг үйлдсэн ба энэ нь Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Татварын алба, татварын улсын байцаагчаас татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураахтай холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ мэдэгдэл, акт, шаардлага, мэдэгдэх хуудас, төлбөрийн хуудас, дүгнэлт, гэрээ, үйл ажиллагааны тэмдэглэл /цаашид “тэмдэглэл” гэх/ үйлдэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-д Татварын улсын байцаагч энэ хуулийн 47.1, 48.1, 67, 74 дүгээр зүйлд заасан үндэслэлээр акт, ...бичих бөгөөд акт нь тэмдэглэх болон тогтоох хэсгээс бүрдэнэ”, 34.2-д “Татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтэд /цаашид “акт, дүгнэлт” гэх/ татварын хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч, татварын албаны хяналт шалгалт хариуцсан хэлтэс, тасгийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэсний дагуу татварын улсын байцаагч нар болон Татварын хяналт шалгалтын тасгийн дарга Б.Мөнхзул гарын үсэг зурж, тэмдэг дарснаар хуулийн хүчин төгөлдөр үйлчлэлтэй болжээ.

Гэвч нэхэмжлэгч “У” ХХК-ийн захирал Ц дээрх маргаан бүхий актыг гардан авах эрхгүй этгээд буюу компанийг төлөөлөх эрх нь 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш хүчингүй болсон Г.Г-т гардуулсан нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.6-д “Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирддлага/-ийн бүрэн эрх нь дуусгавар болсон өдрөөс хойш байгуулсан гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус байна”, 83 дугаар зүйлийн 83.8-д “гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэх хуулийн заалтуудыг зөрчсөн учир илт хууль бус захиргааны актад тооцуулах үндэслэлтэй гэснийг шүүх хүлээн авах боломжгүй бөгөөд харин нэхэмжлэгч компани Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д “хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол татвар төлөгч нь хуулийн этгээдийн мэдээлэл, хувийн хэрэгт тусгагдсан зүйл өөрчлөгдөх бүрт өөрчлөлт орсноос хойш ажлын 20 өдрийн дотор татварын албанд мэдэгдэж, бүртгэл, хувийн хэрэгтээ өөрчлөлт хийлгэнэ”, 18 дугаар зүйлийн 18.1.9-д “татвар ногдох эд хөрөнгө, эрхээ бусдын өмчлөлд шилжүүлсэн тухай баримтаа гаргаж өгөх үүрэгтэй байсан” гэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй болох нь татвар төлөгчийн бүртгэлийн “TAXACT” программаас гаргасан “Татвар төлөгчийн карт”-ийн удирдлага хэсэгт Г-ын Г гэх тэмдэглэгээ, татвар төлөгч “У” ХХК-ийн хувийн хэрэгт ТБ-06 маягт авагдаагүй зэргээр тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, Татварын Ерөнхий газрын даргын 2017 оны “Татвар төлөгчийг бүртгэх журам, маягтын загвар батлах тухай” А/06 дугаар тушаалаар баталсан журмын 8 дугаар зүйлийн 8.1-д “Татвар төлөгч нь улсын бүртгэлийн гэрчилгээ, хувийн хэрэгт тусгагдсан зүйл, ... өөрчлөлт орсоноос хойш 20 өдрийн дотор ТБ-06 маягтыг бөглөн харъяалах татварын албанд бүртгүүлнэ”, 8.2-д “татвар төлөгч нь нэмэлт, өөрчлөлтийн мэдээллийг цахим хэлбэрээр бүртгүүлэхдээ татварын албаны веб сайтад байрлуулсан цахим бүртгэлийн программд хандан, холбогдох мэдээллийг үнэн зөв оруулж, татварын албанд илгээнэ” үүнийг үндэслэн татварын алба татвар төлөгчийн мэдээллийн бааз, хувийн хэрэгт нэмэлт, өөрчлөлт оруулахаар татвар төлөгчийн үүргийг журамлаж өгсөн ба хариуцагчийн шүүхэд ирүүлсэн “...Акт гардуулах үед Г.Г захирал өөрөө хүлээн зөвшөөрч, холбогдох материалыг гарган өгч шалгуулсан, актыг гардан авч, тамга тэмдгээ дарж баталгаажуулсан нь татварын хяналт шалгалт хийгдэж байх хугацааны баримтуудаар нотлогдоно” гэснийг шүүх хүлээн авах үндэслэлтэй.

Түүнчлэн хууль буюу журмын дагуу маргаан бүхий акт нь татварын албаны холбогдох этгээдүүд гарын үсэг зурж, тэмдэг дарснаар баталгаажиж хүчин төгөлдөр болсон бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа “тухайн үед улсын бүртгэлийн лавлагаанд бичигдсэн гүйцэтгэх захирал Ц-д гардуулаагүй нь илт хууль бусд тооцох үндэслэл болно” гэж тодорхойлсон, харин хариуцагч нар “Ц-д гардуулаагүй, тухайн үед Г нь өөрийгөө гүйцэтгэх захирал гэж танилцуулаад бүх баримтаа гаргаж шалгуулсан, тамга тэмдгээ дарж гарын үсэг зурсан” гэж тайлбарласан учир нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г гарын үсэг зурсан эсэхэд шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5-д “татварын албаны шалгалтын акт, дүгнэлтийг зөвшөөрч байгаа бол гарын үсэг зурах, зөвшөөрөхгүй бол тайлбараа хяналт шалгалт хийсэн татварын албанд ажлын 10 өдөрт багтаан бичгээр гаргаж өгөх” гэж зааснаар маргаан бүхий актад “У” ХХК-ийн удирдлага гарын үсэг зурахгүй байх эрх нээлттэй байсан болно.

Мөн хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд уг актын хувийг 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “У” ХХК-ийн захирал Г.Г-т гардуулж, тэмдэглэл үйлдсэн бөгөөд Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6-д “татварын албанаас гаргасан акт, дүгнэлт, бусад баримт бичигтэй танилцах, үндэслэлгүй буюу хуульд нийцээгүй гэж үзвэл танилцсанаас хойш 30 хоногийн дотор гомдлоо захиргааны болон шүүхийн журмаар гаргах” заасны дагуу гомдол гаргаж, Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 041 дүгээр, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 62 дугаар тогтоолуудаар тус тус хянуулсан нь нэхэмжлэгч “У” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц-ийн хөндөгдсөн гэх эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар гомдол гаргах эрхийг хангасан гэж үзэх боломжтой.

Иймд шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Н , А.Т нарын 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2300******* тоот акт нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 2002 оны хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “захиргааны байгууллага албан тушаалтан дараахь тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана”, 9.1.9-д “захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн”, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4-д заасан “захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус” гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэгч “У” ХХК-ийн маргаан бүхий актыг илт хууль бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4, Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дугаар зүйлийн 29.1.1, 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 74.1, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 47 дугаар зүйлийн  47.2, 47.4-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “У” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц-ийн “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Н , А.Т нарын 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2300******* тоот актыг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ОЮУМАА