Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 289

 

Т.Батсайханы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанзул, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Нямцоож нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 410 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Т.Батсайханы нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 156 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 13 дугаар зүйлийн 13.1.5, 27 дугаар зүйлийн 27.2.1-т заасныг баримтлан иргэн Т.Батсайханы нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 197 дугаар тушаалыг хүчингүй болгож, Т.Батсайханыг ажилд нь эгүүлэн тогтоож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нь бичилт хийхийг Монгол Улсын Ерөнхий аудиторт даалгаж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан Т.Батсайханы ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговроор зохих журмын дагуу тооцон олгохыг Монгол Улсын Ерөнхий аудиторт даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 410 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 156 дугаар шийдвэрийн “Тогтоох нь” хэсгийн 2 дахь заалтын “хөлсийг өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговроор зохих журмын дагуу тооцон” гэснийг “дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 7.885.920 /долоон сая найман зуун наян таван мянга есөн зуун хорь/ төгрөгийг Дундговь аймгийн Аудитын газрын санхүүгээс гаргуулж” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанзул хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Давж заалдах шатны шүүхээс "...хариуцагч сахилгын шийтгэл ногдуулахдаа Төрийн албаны зөвлөлийн Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмын 2.5.5, "...өөрийн санаачлагаар болон байгууллагын удирдлагын шийдвэрээр ёс зүйн зөрчлийг шалган тогтоож, дүгнэлт гаргах" гэж заасныг зөрчжээ” гэж нэхэмжлэгчийг төрийн захиргааны албан хаагч, сахилгын шийтгэл ногдуулахдаа "Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-ыг баримтлах шаардлагатай байсан мэт дүгнэлт хийжээ.

Нэхэмжлэгч Т.Батсайхан нь сахилгын шийтгэл хүлээх үедээ ҮАГ-ын харьяа Дундговь аймгийн Аудитын газарт ахлах аудитороор ажиллаж байсан ба түүний ажил, албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.12 дэх хэсэгт заасан Төрийн захиргааны албан тушаалд бус мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.13 дэх хэсэгт заасан Төрийн тусгай албан тушаалд хамаардаг.

Мөн энэ талаар Төрийн аудитын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.14 дэх хэсэгт ахлах аудитор нь төрийн тусгай албан хаагч байна гэдгийг тодорхой заасан байгаа болно. Түүнчлэн нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахдаа Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”, Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 129 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам"-ыг баримтлах шаардлагагүй юм.

Тодруулбал, тус дүрмийн 2.1-т "Энэхүү дүрэм нь Төрийн албаны тухай хуулийн 7.1-д заасан төрийн захиргааны албан тушаал эрхэлж байгаа албан хаагчдад хамаарна" гэж уг дүрэм болон уул дүрмийг үндэслэн гаргасан журам нь төрийн албан тушаалын аль ангилалд хамаарах/үйлчлэх/-ыг зохицуулжээ.

Иймд Төрийн аудитын байгууллагын ажилтнуудын ёс зүйн зөрчилд хариуцлага хүлээлгэх асуудал нь “Төрийн аудитын байгууллагын ажилтны ёс зүйн дүрэм"-ээр зохицуулагддаг.

Төрийн аудитын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5, 7.6-д зааснаар МУЕА-ын 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 131 дүгээр “Ёс зүйн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тушаалын 4.35-т шаардлагатай тохиолдолд ёс зүйн зөвлөлд шилжүүлэх талаар заасан бөгөөд Т.Батсайхан нь тус тушаалыг гаргаж сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө нь Төрийн аудитын тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, аймгийн Аудитын газрын Хөдөлмөрийн дотоод журам, Төрийн аудитын байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчиж гүйцэтгэлийн аудитын төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулж батлуулах, санхүүгийн аудитыг дүгнүүлдэггүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ажлын цагаар албан үүрэг гүйцэтгэж байхдаа архи согтууруулах ундааг хэрэглэж сахилгын шийтгэл хүлээж байсан, мөн түүнийгээ өөрөө ч хүлээн зөвшөөрч байсан нь уг тушаалуудыг гаргах үед эс зөвшөөрч ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй, өөрийн гаргасан алдаа дутагдалтай холбоотой тайлбараа бичгээр гаргаж байсан зэргээс харагддаг тул ёс зүйн зөвлөлд шилжүүлж дүгнэлт гаргуулалгүй сахилгын шийтгэл хүлээлгэсэн болно.

2. Үндэсний аудитын газрын Удирдлагын зөвлөл хурлаар "Хөндлөнгийн хараат бус төрийн хяналтын байгууллага үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн арга хэмжээний хөтөлбөр"-ийг хэлэлцэн баталж, уг хөтөлбөрийн “Санамж”-д “Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй, авч явахгүй. Архигүй цугларалт болно” гэдгийг дурдаж, Үндэсний аудитын харьяа аудитын газруудын удирдлагуудад хүргүүлж, хэрэгжилтийг ханган ажиллахыг үүрэг болгосон байдаг. Ийм “үүрэг, чиглэл өгсөн, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй, авч  явахгүй  байхыг  даалгасан   буюу хориглосон, энэхүү үүрэг, чиглэлийг зөрчиж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, авч явсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай тогтоогддог.

Дээр дурдсан "Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй, авч явахгүй. Архигүй цугларалт болно" гэх дээд шатны байгууллага, удирдлагаас өгсөн үүргийг Т.Батсайхан нь Дундговь аймгаас Булган аймаг, Булган аймгаас Дундговь аймаг хүртэлх хугацаанд заавал биелүүлэх үүрэгтэй ба уг үүргээс чөлөөлөгдөхгүй юм.

Мөн нэхэмжлэгч ээлжийн амралттай байсан гэдэг тайлбарыг гаргадаг боловч тухайн үед тэрбээр ээлжийн амралтаа эдлээгүй байсан нь түүний "Цалингийн карт"-аас үзэхэд 2015 оны 8 дугаар сард 4 хоног ажилласан байдлаас тогтоогддог.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Т.Батсайхан нь Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдуулан 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 197 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийг гаргасан байна. Уг маргаан бүхий тушаалаар “албан үүргээ гүйцэтгэж байхдаа удаа дараа архи хэрэглэсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэл хүлээлгэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулахдаа зөрчлийн шинж байдлыг харгалзах, өөрөөр хэлбэл ямар зөрчил гаргасан болохыг шалгаж тогтоосны эцэст түүнд тохирох сахилгын шийтгэл оногдуулах ёстой.

Хариуцагчаас “20 жилийн ойн арга хэмжээний үеэр архи уусан зөрчил гаргасан, архи хэрэглэхгүй байхыг үүрэг болгосон байхад биелүүлээгүй” гэж нэхэмжлэгчийг буруутгаж, “2015 оны 7 дугаар сарын 21-23-ны өдрийг ажлын өдөр байсан” гэж маргажээ.

Хөндлөнгийн хараат бус төрийн хяналтын байгууллага үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн арга хэмжээ 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр болж, ойн үеэр архи хэрэглэхгүй байхыг байгууллагын зүгээс үүрэг болгосон байх бөгөөд нэхэмжлэгч тухайн үед архи уусан зөрчлийг гаргасан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдоогүй, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “архи уусан болох нь тогтоогдсон” гэх гомдол нь гэрч Х.Наранцацрал, Д.Ихбаяр, Ч.Бэрхсайхан, Ц.Галбадрах, Ш.Ичинхорлоо нарын мэдүүлгээр няцаагдсан, мөн 7 дугаар сарын 22-ны өдөр ойн арга хэмжээг дуусгаад, буцах замдаа овооны хажууд зогсож, архи задалсан байдлыг ажлын байранд, ажлын цагаар архи уусан, албан үүргээ гүйцэтгэж явсан гэж үзэх боломжгүй.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл оногдуулсан өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцох бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгч нь урьд сахилгын арга хэмжээ авагдснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байхад 2013 оны үйл баримтыг зааж, “удаа дараа зөрчил гаргасан” гэж нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй болжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн б/1 дүгээр тушаалаар цалин бууруулах сахилгын шийтгэл хүлээж байсан боловч түүний дараах сахилгын шийтгэл буюу 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 197 дугаар тушаалаар оногдуулсан сахилгын шийтгэл үндэслэлгүй буюу нэхэмжлэгч зөрчил гаргасан гэдэг нь дээр дурдсанаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй.

Хариуцагчийн “төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах журам үйлчлэхгүй, төрийн аудитын байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийг хэрэглэх” гомдлын тухайд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт зааснаар төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг дээрх хуулиар зохицуулах ба зөвхөн төрийн аудитын байгууллагын ёс зүйн дүрмийг хэрэглэж, нэхэмжлэгчид хариуцлага хүлээлгэхгүй, холбогдох хуулийг хэрэглэх тул дээрх гомдол үндэслэлгүй байна.

Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 410 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                  Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                                                       П.СОЁЛ-ЭРДЭНЭ