Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 1015

 

                                                                                                                                                                                     

                              

 

 

 

 

                                 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бөхбаяр,

Улсын яллагч Д.Туяана,

Хохирогч Л.Т-,

Шүүгдэгч Л.Б-, түүний өмгөөлөгч Ш.Самал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

Шүүх хуралдаанаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э овогт Л-ын Б-д холбогдох 2008 00637 0766 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авснаар, энэ өдөр хянан хэлэлцэв.

           Биеийн байцаалт:

      Монгол Улсын иргэн, 1997 оны 8 дугаар сарын 15-ны өдөр, Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-4, аав, ээж, дүү нарын хамт Увс аймгийн Зүүнхангай сумын оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Э овогт Л-ын Б /РД:ОЕ9708......./.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

           Л.Б- нь Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 25 дугаар гудамжны ........ тоотод байрлах иргэн Л.Т-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд /монгол гэрт/ нэвтэрч түрийвчтэй бэлэн 400,000 төгрөг, бичиг баримт зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 551.500 /таван зуун тавин нэгэн мянга таван зуун/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүгдэгч Л.Б- нь архидан согтуурсан үедээ 2020 оны 01 дүгээр сарын 22-ны шөнийн 03 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 25 дугаар гудамжны ..... тоотод байрлах иргэн Л.Т-ийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн тооноор нэвтэрч, орон дээр байсан цүнхнээс мөнгөний хэтэвч болон түүн дотор байсан бэлэн 400.000 төгрөг, иргэний үнэмлэх, усны карт, мөнгөн гинж, кулон, гар утасны код зэргийг хулгайлан авч 551.000 /таван зуун тавин нэгэн мянган/ төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр 2008 00637 0766 дугаартай эрүүгийн хэргээс шинжлэн судлагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Үүнд:

            - Хохирогч Л.Т-ийн “...маргааш нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ...13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын ....... тоотод гэртээ ирсэн чинь гэрийн урд хэсэг нурсан байдалтай байхаар нь гэртээ орж үзсэн чинь гэрийн урд хэсгийн унь нурж унасан байдалтай гэрийн баруун талд байх орон дээр байсан цүнх газарт унасан байхаар нь би цүнхээ аваад нээж үзсэн чинь миний түрийвч байхгүй болсон байсан, тэр алга болсон түрийвчинд 400.000 төгрөг, миний бүх бичиг баримт байсан алга болсон байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. ...400.000 төгрөгийг ...би 502840..... дугаарын өөрийн данснаас бэлнээр аваад түрийвчиндээ хийсэн байсан юм. Би 400.000 төгрөгийг ээжийн эмчилгээнд хэрэглэх гэж байсан юм. ...Би зарим мэдүүлгийг өөрийн дансны хуулгыг хараагүй шууд өгсөн учир зарим зүйлийг мартаад буруу зөрүү ярьсан байна. Би 1.200.000 төгрөгний орлогоос 400.000 төгрөгийг бэлнээр авч ээжийн эмчилгээ болон цагаан сарын хэрэгцээ, хоол хүнсэнд зарцуулахаар хадгалж байсан. Хамгийн гол нь 400.000 төгрөг надад миний түрийвчинд байсан гэдгийг би өөрөө хэлж байгаа бөгөөд миний хадгалж байсан мөнгө алга болсон нь үнэн. ...би тэр орой Б.Б-тай хамт явахдаа бэлэн мөнгөний картаа аваад явсан, түрийвч овортой учраас цүнхний хамт гэрийн орны толгой дээр үлдээсэн байсан.Би шөнийн 03 цагийн орчимд Б.Б-аас зугтаагаад найз залуугаа дуудаж буудалд хамт хоносон. ... Би тэр шөнийн хэрэглээний мөнгө гэж картнаасаа 400.000 төгрөг авсан. ...миний депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдоно...” гэх мэдүүлэг /хх20-23, 147, 161 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

- Насанд хүрээүй гэрч О.Ө-ийн “...Манай гэрт 2020 оны 01 дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Б согтуу манай гэрийн гадаа ирээд эгч чинь байна уу? гэхээр нь Б ахад байхгүй гэж хэлсэн чинь намайг ирсэн гэж эгчдээ хэлж болохгүй шүү гэж хэлээд 1000 төгрөг өгөөд явсан. Тэгээд би дахиж Б ахтай уулзаагүй...” гэх мэдүүлэг /хх 91 х/,

- Гэрч Л.Т-ын “...Манай дүү Т-н гэрт баруун талын буйдан дээр унтаж байсан. Тэгэхээр нь би сэрээгээд явуулсан. Би Т-н гэрт байсан хүнийг танихгүй. ...Би тэр хүнийг шууд босгоод гэрээс нь гаргасан...” гэх мэдүүлэг /хх 85 х/

- Гэрч Л.А-ийн “...Миний охин Т 2020.01.22-ны өдөр надад “ээжээ би таны эмчилгээнд зарцуулах хэдэн төгрөг хадгалж байсан чинь түрийвчтэйгээ хамт хулгайд алдсан” гэж хэлж байсан. Надад Т барилга дээр ажилласан цалингаа авсан гэж хэлж байсан. Би охин Т кулон, мөнгөн гинжийг 1 жилийн өмнө төрсөн өдрөөр нь авч өгч байсан. Манай охин түрийвчтэй мөнгөө алдахдаа хамт кулон, мөнгөн гинжээ алдсан. Цагдаагаас хулгайд алдсан түрийвчийг нь буцааж өгөхөд кулон, мөнгөн гинж зэрэг эд зүйлсээ буцааж авсан байсан...” гэх мэдүүлэг /хх 150-151 х/, 

- Хохирогч Л.Т-ийн 502840..... дугаарын ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга “... 2020.01.20-ны өдрийн 15:11 цагт орлого 1.200.000 төгрөг, ... 2020.01.20-ны өдрийн 15:40 цагт  зарлага 400.000 төгрөг, ... 2020.01.22-ны шөнийн 03:09 минутанд зарлага 40.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн ...” /хх 110,111 х/,

- Яллагдагч Л.Б-аас цагдаагийн байгууллагад “...арьсан түрийвч 1 ш, Л.Т-ийн иргэний үнэмлэх, карт 2 ш, Юнителийн утасны дугаарын сим картын үүр 3 ш, 50 төгрөгийг дэвсгэрт 4 ш, 20 төгрөгийн дэвсгэрт 2 ш, 10 төгрөгийн дэвсгэрт 5 ширхэг...” зэргийг хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх 112 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Самалын: Шүүгдэгч Л.Б- унтаж амрах зорилгоор гэр лүү нэвтэрсэн болох нь гэрчүүд болох Л.А, Л.Т нарын мэдүүлгээр, мөн гэрч Ө-ийн мэдүүлгээр хохирогч Л.Т-ийг хайж явсан нь тус тус тогтоогддог.

Л.Т-ийн түрийвч гэрт байсан болон 400.000 төгрөгтэй байсан эсэх нь тогтоогдоогүй, харин Б-ын халаасанд өөрөө хийсэн байх боломжтой. Мөн гэрийн түлхүүр ээжид нь байсан учраас өөр хүн авсан байхыг үгүйсгэхгүй. Түрийвчтэй зүйлсийг 03 сар орчим хадгалж байгаад дутаалгүй буцааж өгсөн, мөн уг гэрт өмнө нь ирдэг, хоноглодог байсан тул шүүгдэгчийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэдгээр цагаатгаж өгнө үү? гэх саналуудын талаарх шүүхийн дүгнэлт:

Л.Т-ийн гэрт өглөө ороход шүүгдэгч Л.Б- унтаж байсан талаар гэрч Л.А, мөн түүнийг гэрээс албадан гаргасан талаар гэрч Л.Т нар тус тус мэдүүлсэн, эдгээр гэрч нар уг гэрийн эзэн биш бөгөөд гэрээс юу алдагдсан талаар мэдэх боломжгүй хүмүүс бөгөөд харин уг гэр лүү Л.Б- хууль бусаар нэвтэрсэн болохыг нотлож буй гэрчүүд болно.

Хохирогч Л.Т-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... 2020 оны 01 дүгээр сарын 20-нд 1.2 сая төгрөгийн орлого орсноос 400.000 төгрөгийг авч түрийвчиндээ хийсэн, үүнээс хойш дандаа картаараа гүйлгээ хийж байсан...” /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ талаарх түүний мэдүүлэг өөрийнх нь ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар /хх 110, 111 х/ давхар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр  дансаар орж ирсэн 1.2 сая төгрөгнөөс тухайн өдөртөө 400.000 төгрөг зарлагаар авсан, үүнээс хойш картаар хийгдсэн гүйлгээнүүд, гэрт нь хулгай орсон шөнө буюу 01 дүгээр сарын 22-ны шөнийн 03 цагийн үед Б-аас салаад явахдаа 40.000 төгрөг картнаас авсан зэрэг нь тус тус тогтоогдсон.

Шүүгдэгч Л.Б-ын “... гэр лүү яаж орсон, түрийвчтэй мөнгө, эд зүйлсийг хэрхэн авснаа мэдэхгүй, миний халаасанд түрийвч байсан, харин 400.000 төгрөг байгаагүй...” гэх мэдүүлэг бусад нотлох баримтуудаар давхар тогтоогдоогүй бөгөөд харин хохирогчийн мэдүүлэг, түүний мэдүүлгийн эх сурвалж болох дансны зарлагын гүйлгээгээр “хохирогч Л.Т- нь 01.20-ны өдөр 400.000 төгрөгийн зарлага хийснээс хойш 01.22-ны өдөр хүртэлх мөнгөн гүйлгээнүүд дандаа картаар хийгдэж байсан” болох нь тогтоогдож байгаа, 400.000 төгрөгнөөс бусад түрийвчтэй эд зүйл шүүгдэгчээс хураагдсан зэргээс үзэхэд түрийвчинд 400.000 төгрөг байсан гэх хохирогчийн мэдүүлгийг няцаах үндэслэлгүй гэж шүүх үзсэн.

Мөн өмгөөлөгчийн “хохирогч нь Б-ын халаасанд түрийвчээ өөрөө хийсэн байх боломжтой, гэрийн түлхүүр ээжид нь байсан учраас өөр хүн авсан байхыг үгүйсгэхгүй...” гэх өмгөөлөгчийн тайлбар хэрэгт авагдсан баримтад үндэслээгүй таамаглалын шинжтэй тул шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

 

Өмгөөлөгчийн “...урьд нь үерхдэг байхдаа гэрт нь ирж хоноглодог байсан...” тэр хандлагаараа гэрт нь ороод унтаад өгсөн байсан нь гэмт хэргийн шинжгүй гэх асуудлын талаар: Хулгай орсон обьект болох монгол гэр нь хохирогч Л.Т-ийн өмчлөлийнх бөгөөд гэрээ гадны халдлагаас хамгаалахын тулд цоожлоод түлхүүрээ хажуу айлдаа орхиод Л.Б-ын гуйлтаар бааранд хамт байж байгаад зугтааж гараад буудалд хонож байх хойгуур уг гэрийн тооноор гэр лүү нэвтэрч түрийвчтэй эд зүйлийг авсан /400.000 төгрөгнөөс бусад эд зүйлийг буцаан өгсөн/ болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон. Дээрх нөхцөл байдлыг урьд нь гэрийн эзэн болох Л.Т-тэй үерхдэг байхдаа гэрийн эзний зөвшөөрлөөр хамт ирдэг байсантай адилтгаж ойлгох үндэслэлгүй бөгөөд хаалгаа цоожлоод явсан нь шүүгдэгчийг тухайн цаг хугацаанд нэвтрэхийг зөвшөөрөөгүй, хориг саадтайг мэдсээр байж гэрийн тооноор орсон нь хулгайлах гэмт хэргийн шинжид хамаарна.

Шүүгдэгч Л.Б-ын “согтуу байсан, юу хийснээ санахгүй байгаа” гэх мэдүүлэг нь түүний гэмт хэргийн шинжтэй үйлдлийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Хулгайлах гэдэг нь өмчлөгч болон орчин тойрны бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр хүч хэрэглэлгүй, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд авч байгаа үйлдэл юм. Шүүгдэгч Л.Б- шөнийн цагаар гэрийн эзэнд болон хажуу айлын хүмүүст мэдэгдэлгүй цоожтой байсан гэрийн тооноор нэвтэрч гэрт цүнхэнд байсан түрийвчтэй эд зүйлсийг өөрийн мэдэлд шилжүүлэн авснаар хулгайлах гэмт хэргийн шинж бүрэн хангагдах бөгөөд уг үйлдлийн улмаас 551.000 төгрөгийн хохирол бодитоор учирсан тул шүүгдэгчийн үйлдэл хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой. Иймээс түүний дээрх үйлдэл хулгайлах гэмт хэргийн объектив шинжийг хангаж байгаа.

 

Шүүгдэгч Л.Б-ын нэвтэрсэн обьект нь хүн байнга амьдрах зориулалттай гэр учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан.

 

Шүүгдэгч Л.Б- нь айл руу хууль бусаар нэвтэрч хулгай хийсэн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсч, уг хохиролд зориуд хүргэсэн гэж үзэх үндэслэлтэй тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.   

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон, Л.Б-ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

Хохирогч Л.Т-т гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол болох бор өнгийн дэлгэгдэж онгойдог дотор хэсэгтээ Made in Mongolia гэх бичигтэй ширэн түрийвч 1 ширхэг, дотор талд нь Л овогтой Т гэх хүний иргэний цахим үнэмлэх 1 ширхэг, Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газрын карт 1 ширхэг, Агаарын бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе гэсэн бичигтэй карт 1 ширхэг, Unitel-ийн 8863....., 8905....., 8897..... гэсэн дугааруудын сим картны үүр 3 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 4 ширхэг, 20 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, 10 төгрөгийн дэвсгэрт 5 ширхэг, мөнгөн гинж, кулон зэрэг эд зүйл тоо ширхэг, нэр төрлөөрөө буцаан олгогдсон, түрийвчинд байсан бэлэн 400.000 төгрөг  төлөгдсөн болох нь хохирогчид эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 114, 115 х/, хохирогч Л.Т-ийн ХААН банкны дансаар шилжүүлсэн орлогын баримт /хх 187 х/ зэргээр, харин уг гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохирол болох “Монгол гэрийн тооно 135.000 төгрөг, монгол гэрийн 2 багана 54.000 төгрөг, гэрийн унь 8 ширхэг 64.000 төгрөг” нийт 253.000 төгрөгөөр үнэлэгдсэн болох нь “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 35-36 х/-аар тогтоогдсон бөгөөд уг хохирлыг бэлэн мөнгөөр төлсөн болох нь хохирогчийн бичгээр гаргасан баримт /хх 188х/, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэргээр тус тус тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаас хохирогчийн эд зүйлийг хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүдэд мөнгөн гинж, кулоны талаар тусгагдаагүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Т- “мөнгөн гинж, кулоноо түрийвчтэй эд зүйлстэй хамт хүлээн авсан” гэх тайлбар /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ өгсөн, энэ талаар талууд маргаагүй тул шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирол бүрэн төлөгдсөн гэж үзсэн.

Улсын яллагч: Шүүгдэгч Л.Б-д 03 жил 06 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгчийн ээжийн эрүүл мэнд тааруу байдаг, хохирлыг бүрэн төлсөн зэргийг харгалзан ял оноож өгнө үү? гэх саналыг гаргасан.

           Шүүгдэгч Л.Б- гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршиг их биш, хохирол нөхөн төлөгдсөн, мөн гэм буруу дээр маргасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй зэргийг тал бүрээс нь харгалзан түүнд хуульд заасан хорих ялын доод хэмжээ болох 02 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирно гэж шүүх үзсэн.

          Шүүгдэгч Л.Б-ын 2020.09.10-16-ны өдрийг хүртэл урьдчилан цагдан хоригдсон 06 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Э овогт Л-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Л.Б-д 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Л.Б-ын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар Л.Б-ын 2020.09.10-16-ны өдрийг хүртэл урьдчилан цагдан хоригдсон 06 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

         5. Л.Б-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирол төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

         6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

         7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.     

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ДАШДОНДОВ