Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2022/0250

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            Б.Батдэлгэр, Н.Мандах, Н.Мөнх-Ундрах,

Х.Бат-Оюун нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 842 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч Б.Батдэлгэр, Н.Мандах, нэхэмжлэгч Н.Мөнх-Ундрах, Х.Бат-Оюун нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч Н.Мандах, Б.Батдэлгэр,

Нэхэмжлэгч Н.Мөнх-Ундрах, Х.Бат-Оюун нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр,

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч Б.Батдэлгэр, Н.Мандах, Н.Мөнх-Ундрах,

Х.Бат-Оюун

Хариуцагч Баязүрх дүүргийн Засаг дарга,

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/103 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 842 дугаар

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Н.Мандах, Б.Батдэлгэр,

Нэхэмжлэгч Н.Мөнх-Ундрах, Х.Бат-Оюун нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр,

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөншагай,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

 

Хэргийн индекс: 128/2021/0237/З

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 842 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “б”, 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Батдэлгэр, Н.Мандах, Н.Мөнх-Ундрах, Х.Бат-Оюун нараас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/103 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

 

2. Нэхэмжлэгч .Б.Батдэлгэр дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэн М.Батдэлгэр миний нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/103 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 842 дугаар дугаартай шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас давж заалдах гомдол гаргаж байна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Хязгаарлалтын дэглэм тогтоох тухай” А/103 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д зааснаар өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар илт хууль бус акт гаргасан гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Өөрөөр хэлбэл Дүүргийн Засаг даргад хязгаарлалтын дэглэм тогтоох бүрэн эрх олгогдоогүй буюу өөрийн чиг үүрэг үл хамаарах асуудлаар акт гаргасан юм.

 

Баянзүрх дүүргийн Засаг дарга захирамжаа гаргахдаа Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.4, 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.3, 32.1.8 дахь заалтуудыг үндэслэл болгосон байдаг. Тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.4 дэх заалтад гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн үед “хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох” талаар заасан бөгөөд Засгийн газрыг хэрэгжүүлэх бүрэн эрх юм. Өөрөөр хэлбэл мөн зүйлийн 10.11 дэх хэсэгт “Монгол Улсын Их Хурал нь энэ хуулийн 10.4-д заасны дагуу Засгийн газраас гарах шийдвэр Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцсэн эсэхэд тогтмол хяналт тавина” гэж зааснаар энэ хуулийн 10.4-д заасан бүхий л шийдвэрийг Засгийн газар гаргахаар заасан байна.

 

Мөн “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ... талаар Засгийн газар ... дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ” гэж, 7.1.1-д “цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалт тогтоох зэрэг шаардлагатай арга хэмжээг ... авах, тэдгээрт мөрдөх журам, зааврыг батлах” гэж заасан. Хуулийн энэ хэсэгт хөдөлгөөний болон цагийн хязгаарлалт тогтоох эрх мэдлийг Засгийн газар хэрэгжүүлнэ гэж тодорхой заасан.

 

Уг хуулийн 7дүгээр зүйлд “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ”, “71.1.Цар тахлын үед иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хорио цээр, хязгаарлалтын дэглэмд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор жилийн батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх” гэж хуульчилснаас ч харахад дүүргийн Засаг даргад хязгаарлалт тогтоох бүрэн эрх байхгүй байна.

 

Харин Гамшгаас хамгаалах тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.2-т “Орон нутгийн онцгой комисс нь энэ хуулийн 271.1.1, 271.1.2, 271.1.3, 271.1.4, 271.1.5, 271.1.6, 271.1.7, 271.1.8-д заасан бүрэн эрхээс өөрийн эрх хэмжээний хүрээнд хамаарах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.” гээд мөн зүйлийн 271.1.2.гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед Засгийн газраас тогтоосон чиглэлийн хүрээнд энэ хуулийн 10.4, 10.7-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх, хяналт тавих” гэж нарийвчлан заасан байтал Баянзүрх дүүргийн Засаг дарга захирамждаа Засгийн газрын шийдвэр болон Дүүргийн онцгой комиссын шийдвэрийг огт дурдаагүй байдаг.

 

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 8.1 дэх хэсэгт “Хуульд зааснаас бусад тохиолдолд захиргааны байгууллага хуулиар тусгайлан заасан бүрэн эрхийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж заасан. Өөрөөр хэлбэл Засгийн газар хуульд заасан дээрх бүрэн эрхээ тогтоол гаргаад дүүргийн Засаг дарга эсвэл бусад албан тушаалтанд шилжүүлэх нь хууль бус юм. Ийм тогтоол ч гараагүй.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д тус тус зааснаар хууль дээдлэх, хуульд үндэслэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим юм. Иймд бүхий л захиргааны байгууллага, албан тушаалтнууд зөвхөн өөрт нь хуулиар олгогдсон чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргах учиртай юм.

 

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар Засаг даргын бүрэн эрхэд хязгаарлалт тогтоох эрх байхгүй байхад дур мэдэн, өөрөөр хэлбэл манай 26 дугаар хорооны Засаг дарга Т.Отгонбаатарыг солихын тулд ард иргэдийн эсэргүүцлийг тооцон, хөл хорио тавьсан гэж иргэн миний бие хардаж байна. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д “мэргэжлийн байгууллагын саналыг өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжүүлэх шийдвэрийг дүүргийн Онцгой комиссын дарга гаргана” гэж заасан бөгөөд хязгаарлалтын дэглэм тогтоох тухай огт тусгагдаагүй болно.

 

Баянзүрх дүүргийн Засаг дарга Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 99 дугаартай албан бичгийг үндэслэн Захирамжаа гаргасан байдаг. Гэтэл уг албан бичигт “...Улсын онцгой комиссын 2021 оны 20 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан Коронавируст халдвар /ковид-19/ илэрсэн объектыг хамгаалах түр журмын 2.2-т заасны дагуу 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 06.00 цагаас 2021 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 23:00 цаг хүртэл бүсчилсэн хамгаалалт авч голомтын өргөтгөсөн мандалт судалгаа хийхэд туслалцаа үзүүлнэ үү” гэжээ.

 

Гэтэл уг журмын 2.2-т “Голомтын өргөтгөсөн тандалт судалгаа хийхэд 24 цагаас дээш хугацаа шаардагдахаар бол тухайн нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагын албан бичгээр ирүүлсэн саналын дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тухайн обьектыг хамгаалалтад авах, цуцлах шийдвэрийг нэн дариу гаргана” гэж заасан ба уг журмын 1.3-д “Обьектыг хамгаалах гэдэг нь эрх бүхий эрүүл мэндийн байгууллагын саналыг үндэслэн коронавируст халдвар /ковид-19/ тохиолдол батлагдсан байр, орц, орон сууц, гудамж, талбай, хашаа, албан байгууллага, нийтийн байр зэрэг обьектийг халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг сахиулах зорилгоор төрийн байгууллагын хяналт, сэргийлэх, нийтийн хэв журмыг сахиулах зорилгоор төрийн байгууллагын хяналт, хамгаалалтад авах үйл ажиллагааг хэлнэ” гэж журамласнаас харахад бүхэл бүтэн хороогоор нь хязгаарлалт тогтоох эрх дүүргийн Засаг даргад огт байхгүй болно.

 

Мөн Улсын онцгой комиссын 2021 оны 20 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан Коронавируст халдвар /ковид-19/ илэрсэн обьектыг хамгаалах түр журам нь захиргааны хэм хэмжээний бүртгэлд бүртгэгдээгүй тухай Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ирсэн албан бичигт тодорхойлсон учраас Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-Т “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ”, 67.3-Д “Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй” гэж тус тус зааснаар уг түр журам хүчин төгөлдөр бус юм.

 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийн дагуу давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн авч, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 842 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/103 дугаартай захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д зааснаар илт хууль бус актаар тогтоож өгнө үү” гэжээ.

3. Нэхэмжлэгч Н.Мандах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр нар дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 842 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүйн сацуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж зөвхөн хэргийг шийдвэрлэхийн тулд шүүхийн шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нараас Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/103 дугаартай захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/103 дугаартай захирамж нь Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.4 дэх заалтыг үндэслэн гаргасан атал анхан шатны шүүхээс Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/103 дугаартай захирамжийн үндэслэл болоогүй хуулийн заалт буюу Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “б”, 29.2-т заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн А/103 дугаартай захирамжийг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.1.6 дахь хэсэгт заасан илт хууль бус актын шинж тогтоогдсонгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүхийн дээрх дүгнэлт хэрэгт авагдсан баримтуудтай зөрчилдөж байна.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.11-д “Монгол Улсын Их Хурал нь энэ хуулийн 10.4-д заасны дагуу Засгийн газраас гарах шийдвэр Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцсэн эсэхэд тогтмол хяналт тавина”, 10.4.4-д “хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох, хүч хэрэгсэл, гамшгийн болон орон нутгийн нөөцийг дайчлах” гэж тус тус зааснаас харахад хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох эрх хэмжээ нь Монгол Улсын Засгийн газарт хамаарах бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргад хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох эрх хуулиар олгогдоогүй атал өөрийн эрх хэмжээнд хамааралгүй асуудлаар хязгаарлалтын дэглэмийг тухайн бүсэд тогтоосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэх зохицуулалтыг зөрчсөн байна.

 

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар Засгийн газар энэ хуулийн 11.1-д заасан шаардлагад нийцүүлэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ”, 7.1.1-д “цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалт тогтоох, зайнаас харьцах зэрэг шаардлагатай арга хэмжээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон холбогдох бусад байгууллагын саналыг үндэслэн авах, тэдгээрт мөрдөх журам, зааврыг батлах” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын эрх үүргийг хуульчилсан.

 

Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд захиргааны байгууллага хуулиар тусгайлан заасан бүрэн эрхийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж заасны дагуу 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар Монгол Улсын Засгийн газраас Баянзүрх дүүргийн Засаг даргад өөрт хуулиар олгосон эрхийг шилжүүлээгүй болох нь маргаан бүхий захиргааны актаас тодорхой харагдаж байна.

 

Маргаан бүхий захиргааны актын гол үндэслэл нь хэрэгт авагдсан баримтаар болон шүүх хуралдаанд оролцсон хариуцагч талын тайлбарт Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Түр журам батлах тухай” 20 дугаар тушаалыг гол үндэслэл болгон гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрсөн атал шүүх хуулиар хүлээсэн чиг үүргээ үл биелүүлж уг нотлох баримтыг үнэлээгүй талаар дурдаж хэргийг шийдвэрлэсэнд гомдол гаргагч нарын зүгээс гайхаж эргэлзэхийн хамт шударга шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлж чадаагүйд гомдолтой байна.

 

Захиргааны ерөнхий хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэнэ”, 67.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн захиргааны хэм хэмжээний актыг бүртгэсэн өдрөөс хойш 10 өдрийн дотор "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д бүрэн эхээр нь нийтлүүлнэ” 67.2-т “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ”, 67.3-д “Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй” гэж тус тус зааснаас үзэхэд Баянзүрх дүүргийн Засаг даргын А/103 дугаартай захирамжийн үндэслэл болсон Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Түр журам батлах тухай” 20 дугаар тушаал болон уг тушаалын хавсралтаар баталсан журам нь Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлээгүй, хүчин төгөлдөр бус хэм хэмжээний акт гэдэг нь хэрэгт авагдсан Хууль зүй, дотоод хэргийн яамны 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 3-2/79 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

Эрх зүйн үйлчлэлгүй, хүчин төгөлдөр бус хэм хэмжээний актыг гол үндэслэлээ болгож гарсан, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүний эрүүл мэндтэй холбоотойгоор хязгаарлалтын дэглэм тогтоох ямар ч шаардлага байхгүй байсан гэдэг нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа төдийгүй маргаан бүхий захиргааны актын зорилго, үндэслэл, хүрэх үр дүн тодорхой бус байсныг хариуцагч тал зөвшөөрсөн, хязгаарлалтын дэглэм тогтоох нэрээр төсвөөс татвар төлөгчдийн мөнгө ямар ч үр дүнгүй зарцуулагдсан зэрэг үйл байдлаас хамаарч Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын А/103 дугаартай захирамж нь хууль бус бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1,3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” зааснаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа.

 

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 08-ны өдрийн 128/ШШ2021/0842 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхилоо.

 

2. Нэхэмжлэгч  Б.Батдэлгэр, Н.Мандах, Н.Мөнх-Ундрах, Х.Бат-Оюун нараас “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/103 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

 

Тэрээр нэхэмжлэлийн үндэслэлдээ дээрх захирамжийн улмаас нэхэмжлэгч Н.Мандахын хувьд “шүүх хурал болон эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох боломжгүй болсон, үйлчлүүлэгчтэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргээ биелүүлэх нөхцөлийг олгоогүй”, нэхэмжлэгч Н.Мөнх-Ундрахын хувьд “...орлого олох боломжийг хааж эдийн засгийн хувьд хохирол хүлээсэн”, нэхэмжлэгч Х.Бат-Оюуны хувьд “сэтгэл санаа, бие махбодийн цочир хямралд орж...хэвийн ажиллаж, амьдрах боломжоо хязгаарлуулсан”, нэхэмжлэгч Б.Батдэлгэрийн хувьд “3 хоног гэртээ орж чадаагүй, зусландаа өнгөрөөсөн нь Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 18-д заасан эрх зөрчигдсөн” гэж тус тус маргажээ.

3. Нэхэмжлэгчийн илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 103 дугаар захирамжаар 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 23:00 цаг хүртэлх хугацаанд хязгаарлалтын дэглэм тогтоож, холбогдох арга хэмжээ авахыг дүүргийн цагдаа, онцгой байдал гэх мэт газарт үүрэг болгожээ.

4. Нэхэмжлэгч нар гомдолдоо “... хуулиар эрх олгогдоогүй байхад дүүргийн Засаг дарга хязгаарлалтын дэглэм тогтоосон ...” гэжээ.

5. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.23-д "хязгаарлалтын дэглэм" гэж засаг захиргаа, нутаг дэвсгэр, голомтын бүсэд гамшгаас хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор хүн, мал, амьтан, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг зогсоох, иргэн, байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагаа болон эрхийг хязгаарлах”-ыг,

4.1.22-д "хорио цээрийн дэглэм" гэж цацраг хими, биологийн осол болон хүн, мал, амьтны гоц халдварт өвчин, цар тахлаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, таслан зогсоох зорилгоор халдварласан, халдвар тээгч, халдварласан байж болзошгүй сэжиг бүхий болон тэдгээрийн харьцагч, хавьтагч хүн, мал, амьтан, эд материалыг тусгай нөхцөлд тогтоосон хугацаагаар бусдаас тусгаарлах, эмчлэх, сувилах, хяналт-ажиглалтад байлгах, ариутгахыг” ;

10 дугаар зүйлийн 10.4-т “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед энэ хуулийн 10.3-т зааснаас гадна тухайн нөхцөл байдалд нийцүүлэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ: ... 10.4.4. хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох, хүч хэрэгсэл, гамшгийн болон орон нутгийн нөөцийг дайчлах” гэж,

10.11-д “Монгол Улсын Их Хурал нь энэ хуулийн 10.4-т заасны дагуу Засгийн газраас гарах шийдвэр Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцсэн эсэхэд тогтмол хяналт тавина” гэж тус тус зааснаас үзэхэд тухайн арга хэмжээг авч хэрэгжүүлэх бүрэн эрхийг зөвхөн Засгийн газар хэрэгжүүлэхээр зохицуулсан гэж үзэхээргүй байна.

6. Учир нь тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг улсын хэмжээнд онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн чиглүүлж, онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга удирдан зохион байгуулж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид тухайн шатны Засаг дарга, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдэд тэдгээрийн удирдлага зохион байгуулж, хэрэгжүүлнэ.” гэж,

26 дугаар зүйлд Засгийн газрын бүрэн эрхийг тусгайлан зохицуулснаас үзвэл Засгийн газар нь улсын хэмжээнд гамшгаас хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулж, хуулийн 10.4-т заасан арга хэмжээг авах эрхтэй, тухайн шийдвэрийг Монгол Улсын Их Хурал нь Үндсэн хууль бусад хуульд нийцсэн эсэхэд хяналт тавих талаар 10.11-д зохицуулжээ.

7. Харин 23 дугаар зүйлд ... засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид тухайн шатны Засаг дарга гэж, 32 дугаар зүйлийн 32.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга гамшгаас хамгаалах асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 32.1.1.нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, удирдах, хэрэгжүүлэх; 32.1.3.гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийн эх үүсвэр, гамшгаас хамгаалах болон орон нутгийн нөөцийг бүрдүүлэх, түүнийг захиран зарцуулах; 32.1.8.гамшгаас хамгаалах хууль тогтоомж, дээд шатны байгууллагын шийдвэрийн хэрэгжилтийг хангах;” гэж тус тус зааснаас үзвэл тухайн гамшгийн нөхцөл байдал бий болсон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид тухайн шатны Засаг дарга 10 дугаар зүйлийн 10.4.4-т заасан арга хэмжээ авах бүрэн эрхтэй гэж ойлгохоор байна.

8. Хуульд зааснаар хязгаарлалтын дэглэм тогтоох арга хэмжээ авах бүрэн эрх /чиг үүрэг/ олгогдсон төрийн аль ч байгууллага, албан тушаалтнаас уг арга хэмжээг авахад хүний зарим эрх, эрх чөлөө хязгаарлагдах тул тухайн арга хэмжээний зорилго, хамгаалагдах эрх, эрх чөлөө болон уг арга хэмжээний улмаас хязгаарлагдах эрхтэй “харьцангуй тэнцвэртэй”[1] байх /principle of porportionality/, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг хангаж байх ёстой.

9. Маргаж буй захирамжийн тухайд хүний зарим эрхийг хязгаарласан уг үйл ажиллагаа нь хууль ёсны зорилго буюу хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгод үйлчилсэн байх тул нэхэмжлэгч нарын зөрчигдсөн гэх “... ажил, үүргээ эрхлэх, чөлөөтэй зорчих, мэдээлэл авах” гэх зэрэг эрх, ашиг сонирхлыг хууль бусаар хязгаарласан гэж үзэхээргүй байна.

10. Харин уг зарчмыг хангах өөр нэг шалгуур болох тухайн арга хэмжээний зорилго буюу халдвар илрүүлэх, тархахаас сэргийлэх, хүрээг хумихын тулд “тухайн дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт бүхэлд нь хязгаарласан арга хэмжээг авах нь зайлшгүй байсан эсэх”, өөрөөр хэлбэл хэсэгчлэн арга хэмжээ авах байдлаар тухайн зорилгодоо хүрч болох эсэхийг заавал харгалзан үзэх ёстой.

11. Гэтэл хариуцагч нь дээрх шалгуурыг харгалзаагүйгээс тухайн арга хэмжээг хугацаанаас нь өмнө 3 хоногийн дараа цуцалсан байна.

12. Энэ нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4.1.22, 4.1.23 дахь заалтууд болон Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т "хөл хорио" гэж, Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 20 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан “Корона вируст халдвар илэрсэн обьектыг хамгаалах түр журам”-ын 1.3-т “обьектыг хамгаалалтад авах” гэх зэргээр “гамшгийн үед авах арга хэмжээ” гэж хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах арга хэмжээний төрөл, нэр томьёог олон янзаар, нэгдмэл биш, зорилго, онцлог нь ялгагдахгүй байдлаар тодорхойлсон, тухайн арга хэмжээ тус бүрийг ямар шалгуур зайлшгүй хангагдсан тохиолдолд хэн, хэрхэн авах талаар тодорхой зохицуулаагүйтэй холбоотой байх тул хариуцагчийг шууд буруутгах үндэслэлгүй байна.

13. Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар “илт хууль бус” гэж үзэхгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.               Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2021/0842 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                             А.САрангэрэл

ШҮҮГЧ                                                             С.МӨНХЖАРГАЛ

 

 

 

 


[1] Орчуулгын хувьд тогтсон нэр томьёо байхгүй “Хувь тэнцүүлэх”, “Харьцангуй байх”, “Тэнцвэрийн зарчим” гэх мэтээр эрдэмтдийн бүтээлд тусгагдсан байна.