| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2019/1335/Э |
| Дугаар | 0385 |
| Огноо | 2020-04-13 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Д.Туяана |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 0385
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Улаанмуна хөтлөн,
улсын яллагч Д.Туяана,
хохирогч Д.Б,
шүүгдэгч Э.Л , өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Боржигон овогт Э ийн Л ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0348 71684 дугаартай, нэг хавтас хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овогт Э ийн Л , Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “........” ХХК-д барилгын туслах ажилтай байсан гэх, ам бүл гурав, эх, дүүгийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан уулын ........ тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын ........ дүгээр гудамжны ........ тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:
-Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 503 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 179 дүгээр зүйлийн 179.1, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял;
-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 690 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай 2015 оны хуулиар суллагдсан, (РД:.........).
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Э.Л нь 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн ........ тоотод оршин суух иргэн Д.Бы хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч 55 инчийн “Самсунг” маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг:
Шүүгдэгч Э.Л оос: Мэдүүлэг гаргахгүй гэв.
Хохирогч Д.Б мэдүүлэхдээ: Намайг ажил дээрээ байхад манай гэрт хулгай орсон талаар хөрш айлын хүн над руу ярьсан. Тухайн хулгай хийсэн хүнийг нь цагдаа дуудаад өгчихлөө гэсэн. Цагдаагийн газар очиход манай зурагт байсан. Тэгээд надаар гарын үсэг зуруулаад, зурагтыг маань өгсөн. Одоо нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 1908 0348 71684 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудад:
1. 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 20 цаг 55 минутаас 21 цаг 20 минутын хооронд хэрэг учрал болсон гэх Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн ........ тоотод нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-9 дүгээр тал),
2. Хохирогч Д.Бы мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр өгсөн:
“... Би 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ажил дээрээ байхад 16 цагийн үед манай хажуу хашааны залуу над руу залгаад “танай гэрт чинь хулгай орсон, би цагдаа дуудчихлаа” гэж хэлсэн. Дараа нь цагдаагаас над руу яриад “танай гэрт хулгай орж зурагтыг чинь авч байсныг барьсан, та цагдаагийн газарт ирж уулзаарай” гэсэн. Манай гэрт байсан “Samsung” загварын 55 инчийн нумарсан дэлгэцтэй зурагт алдагдсан байсан. Би уг зурагтыг 2018 онд Хар хорин захаас 1.400.000 төгрөгөөр худалдан авсан. Одоо 800.000 төгрөгөөр үнэлж байна. Өөр алдагдсан эд зүйл байхгүй. Манай үүдний амбаарын гадна цонх хагархай, цонхыг таазны лампираар хаасан байсан. Уг газраар амбаар руу орсон байсан. Цаашаа байшин руу ордог хаалга нь цоожгүй онгорхой байдаг юм. Сүүлд мэдэхэд эхнэр Я ын төрсөн ах Э ийн Л манай гэр рүү орсон байна лээ. Манай гэрээр байнга орж гарч, хааяа хоноод явдаг. Гэхдээ тухайн өдөр надад хэлэлгүй орсон. Алдагдсан зурагт бол миний эзэмшлийн зурагт юм. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-22 дугаар тал),
-2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дахин өгсөн:
“... Л ийн төрсөн дүү Я тай гэр бүл болоод 3 жил орчим хамт амьдарсан юм. Сүүлийн 2 жил орчим хамт амьдраагүй, Я Солонгос Улсад амьдарч байгаа. Л манай дүүг явснаас хойш хэд хэдэн удаа манай гэрт ирээд явсан. Л миний эзгүйд манай гэрт орох эрхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн ........ дугаар тал),
3. Гэрч Х.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр өгсөн:
“... 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гэртээ байж байхад эсрэг талын 25 тоотоос нэг залуу зурагт барьчихсан гарч ирснийг 26 тоотод амьдардаг залуу барьчихсан байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Бага нарангийн ........ тоот хаягт бараг хүн амьдардаггүй. Хааяа нэг цэргийн хувцастай хүн ирж харагддаг. Зурагт хулгайлсан залуу уг тоотод оршин суудаггүй....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр тал),
4. Шүүгдэгч Э.Л ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр яллагдагчаар өгсөн:
“... 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр би Нарангийн голын эцэст хэдэн хүмүүстэй архи хувааж ууж байгаад тэндээсээ 16 цагийн орчим автобусанд суугаад дүүгийн нөхөр байсан Бы гэр рүү очиход гэр нь цоожтой байхаар нь үүдний амбаарын цонхны хаалтыг гараараа эвдэж ороод гэрт нь байх зурагтыг аваад эргэж орсон цонхоороо гараад хашаан дотор нь зурагтыг нь түр орхиж хашаанаас гарч хүн байна уу гэж харсан. Тэгээд хашаанаас гарч амжаагүй байхад хажуу айлын бололтой хүн цагдаа дуудаад цагдаа нар ирээд намайг барьсан. Д.Б нь миний төрсөн дүү Я тай гэр бүл байж байгаад салсан юм. Надад ямар нэгэн зорилго байгаагүй. Архины халуундаа гэрт нь очсон юм шиг байсан. Би уг байшинд орох эрх байхгүй. Би Бд хэлээгүй гэрт нь орсон. Уг хэргийг ганцаараа хийсэн, зурагтнаас өөр эд зүйл аваагүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 112-113 дугаар тал),
5. 6005X-Q8 1901 530. 821 HL ST5461D07-2XC2 720MA дугаартай хар өнгийн “Samsung” маркийн зурагтыг удирдлагын хамт хохирогч Д.Бд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 23 дугаар тал),
6. “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 793 дугаартай “...хэрэглэж байсан гэх 55 инчийн “Samsung” маркийн зурагтыг 800.000 төгрөгөөр үнийг тогтоосон...” тухай үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 25-27 дугаар тал),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:
7. Гэрч Э.Л ын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн:
“... Миний бага дүү Л нь 1991 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт төрсөн. Бага насаа Булган аймгийн сургууль, цэцэрлэгээр хүмүүжиж, аймгийн 8 жилийн сургуулийг төгссөн. Сургууль төгсөөд 2001 онд цэргийн албанд жил алба хаасны дараагаар гэрээт цэрэгт 2 жил алба хааж, ажлаасаа гараад Улаанбаатар хотод хувиараа барилгын ажил хийж байсан. Л хүнтэй сууж гэр бүл болж байгаагүй, хүүхэд байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 121 дүгээр тал),
8. Шүүгдэгч Э.Л ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 65 дугаар тал), урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 91 дүгээр тал), шийтгэх тогтоолууд (хавтаст хэргийн 94-101 дүгээр тал), түүний нэр дээр эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн тоот (хавтаст хэргийн 71 дүгээр тал), 2001 оны 11 дүгээр сараас 2019 оны 7 дугаар сар хүртэлх Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хавтаст хэргийн 76-77 дугаар тал), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Автотээврийн үндэсний төвийн албан тоот (хавтаст хэргийн 80 дугаар тал), Төрийн банк”, “Богд банк”, “Кредит банк”, “Хас банк”, “Худалдаа хөгжлийн банк”, “Тээвэр хөгжлийн банк”, “Капитал банк”-нд тус тус данс эзэмшдэггүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 82-88 дугаар тал), “Хаан банк”-нд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 90 дүгээр тал) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Э.Л ид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Э.Л нь 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн ........ тоотод оршин суух иргэн Д.Бы хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч 55 инчийн “Samsung” маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Өмгөөлөгчөөс “шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” байр суурьтай оролцохоо илэрхийлж, дүгнэлтдээ “хэргийн үйл баримтыг үзвэл хэрэг тогтоогдсон. Тухайн хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн талаар шүүгдэгч тогтвортой мэдүүлсэн. Иймээс шүүгдэгч Э.Л гэм буруугийн талаар маргахгүй” гэсэн тайлбар гаргасан.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Л ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Э.Л нь 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн ........ тоотод оршин суух иргэн Д.Бы хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч 55 инчийн “Самсунг” маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, түүнд 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-хохирогч Д.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ...16 цагийн үед манай хажуу хашааны залуу над руу яриад “танай гэрт хулгай орсон, би цагдаа дуудчихлаа” гэсэн. ...дараа нь цагдаагаас над руу яриад “танай гэрт хулгай орж зурагтыг чинь авч байсныг барьсан, та цагдаагийн газарт ирж уулзаарай” гэсэн. Манай гэрээс “Samsung” загварын 55 инчийн зурагт алдагдсан. ...Сүүлд мэдэхэд эхнэр Я ын төрсөн ах Э ийн Л манай гэр рүү орсон байна лээ. ...тухайн өдөр надад хэлэлгүй орсон байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-22 дугаар тал), мөн түүний хохирогчоор дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн ........ дугаар тал),
-гэрч Х.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гэртээ байхад эсрэг талын 25 тоотоос нэг залуу зурагт барьчихсан гарч ирснийг 26 тоотод амьдардаг залуу барьчихсан байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Зурагт хулгайлсан залуу уг тоотод оршин суудаггүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр тал),
-шүүгдэгч Э.Л ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “... 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ...манай дүүгийн нөхөр байсан Бы гэр рүү очиход гэр нь цоожтой байхаар нь үүдний амбаарын цонхны хаалтыг гараараа эвдэж ороод гэрт байх зурагтыг аваад эргэж орсон цонхоороо гараад хашаан дотор нь зурагтыг нь түр орхиж хашаанаас гарч хүн байна уу гэж харсан. Тэгээд хашаанаас гарч амжаагүй байхад хажуу айлын бололтой хүн цагдаа дуудаад цагдаа нар ирээд намайг барьсан. ...Би уг байшинд орох эрх байхгүй. Би гэрт нь орсон талаар Бд хэлээгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 112-113 дугаар тал), хэрэг учрал болсон гэх газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-9 дүгээр тал), эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 23 дугаар тал), “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 25-27 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.
Түүнчлэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүн байнга буюу түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр гэх зэргийг хамааруулна.
Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Э.Л нь мөнгө олох зорилгоор, шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан нь тогтоогдсон байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.Л ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Э.Л нь хохирогчийн гэрээс авсан “Samsung” маркийн зурагтыг хохирогч Д.Бд биетээр нь буцаан өгсөн байх тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Э.Л ид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Өмгөөлөгчөөс “... шүүгдэгч гэм буруугийн талаар маргадаггүй, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, хувийн байдлын тухайд эхийнхээ хамт хоёулаа амьдардаг зэрэг байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Л нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар хоёр удаа ял шийтгүүлж байсан байна.
Шүүхээс шүүгдэгч Э.Л ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Тодруулбал хохирогчид учирсан хохирлыг шүүгдэгч сайн дураараа арилгасан нөхцөл байдал байхгүй, тухайн хэрэг үйл явдал болсон өдөр цагдаагийн ажилтан түүнээс зурагтыг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн үйл баримт байна.
Шүүхээс шүүгдэгч Э.Л ийг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүний хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Харин өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хуульд зааснаас доогуур хорих ялыг шүүгдэгчид оногдуулж өгнө үү гэсэн санал гаргасныг шүүх хүлээн авах шаардлагагүй гэж үзэв. Дээрх хуулийн заалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал ба, шүүгдэгч Э.Л урьд хоёр удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч нийгэмшээгүй, дахин санаатай гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн зэрэгт дүгнэлт хийж, хуульд зааснаас доогуур хорих ял оногдуулах шаардлагагүй гэж дүгнэсэн болно.
3. Бусад асуудлаар.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, шүүгдэгчийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 117 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Э ийн Л ийг хулгайлах гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Л ийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Л ид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Л ийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 13-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 117 (нэг зуун арван долоо) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн 1908 0348 71684 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Д.Бд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Э.Л ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Л ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА