Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 182/2017/02115/И |
Дугаар | 001/ХТ2018/01558 |
Огноо | 2018-11-02 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 001/ХТ2018/01558
Н.А-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 1090 дугаар магадлалтай,
Н.А-гийн нэхэмжлэлтэй
НШШГГ-т холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Г, нарийн бичгийн дарга Б.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч Н.А-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие Г.Намжимсүрэнг гуйгаад байхаар нь түүнд тусалж, зээл авахад нь түр хугацаанд гэж ойлгосон боловч тэрээр намайг хуурч эхнээсээ өөрийн авсан зээлийг миний хөрөнгөөр төлөх зорилго агуулж, хууран мэхэлсэн. Энэ үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, ажиллагааны явцад Сүхбаатар дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн 2017.02.17-ны 12/ш-и/1036 дугаар албан бичиг танай албанд хүргэгдсэн атал анхны дуудлага худалдааг зарлаж товлосныг болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээснийг мэдэгдлээ. Прокурорын эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэнд болон дуудлага худалдаа зарлан явуулсан ажиллагаанд гомдол гаргасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн гэж ойлгож байтал дээрх ажиллагаанууд хийгдэж, миний үл хөдлөх эд хөрөнгийг 142.954.449 төгрөгөөр үнэ тогтоогоод худалдах гээд байгааг ойлгоогүй, шалгуулахыг хүссэн байх үед ямар ч хүнгүй дуудлага худалдаа явуулсан нэрээр одоо 100.068.114 төгрөгөөр зарагдаагүй. Энэ хугацаанд 2017.05.16-ны өдрөөс хойш бичгээр 2 удаа, амаар 4 удаа гомдол гаргаж байгаа ба 2017.07.04-ний өдрийн 3/637 өдрийн хариуг өглөө. Хүсэлтийг маань шийдвэрлэж өгөхгүй байснаас шалтгаалан шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан боловч шүүгчийн 2017.07.06-ны өдрийн 9947 дугаар захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасны дагуу захирамж гаргасан. Үнэлгээ хийсэн Лэндс ХХК-ийн тусгай зөвшөөрөл, үнэлгээ хийх үед дууссан байсан ба зөвшөөрөлгүй үедээ үнэлгээ хийсэн нь буруу байна. Иймд миний өмчлөлийн Баянгол дүүргийн 05 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 78 дугаар байрны 01 тоотод байрлах, Улсын бүртгэлийн Ү-2205054063 дугаартай 56 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай орон сууцыг 100.068.114 төгрөгөөр үнэлэн анхны албадан дуудлага худалдаанд оруулсан үнэлгээг болон анхны дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, үнэлгээ тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэболдын шүүхэд гаргасан тайлбарт: Төлбөр төлөгч Г.Намжимсүрэнгээс 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах үнийн санал авахад 250.000.000 төгрөгөөр үнийн санал өгсөн. Төлбөр авагч Есөн дэлбээ ХЗХоршоо нь төлбөр төлөгч Г.Намжимсүрэн нь үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үйлчилгээний зориулалттай сууцыг 250.000.000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шинжээч томилж өгнө үү гэж хүсэлт гаргасан. Төлбөр төлөгч, төлбөр авагч нар нь үнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйл, 37 дугаар зүйлүүдэд заасны дагуу Лэндс ХХК-ийг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шинжээчээр томилоход уг орон сууц нь 142.954.449 төгрөгөөр үнэлэгдсэн байна. Орон сууцны үнэлгээг 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 3/4948 дугаартай мэдэгдлээр төлбөр төлөгч Г.Намжимсүрэнд мэдэгдсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 142.954.449 төгрөгийн 70 хувиар тооцон 100.068.114 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр оруулсан боловч худалдан борлогдоогүй болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж, үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулахдаа төлбөр төлөгч Г.Намжимсүрэнгийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг бууруулан тогтоогоогүй, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийг тогтоосон нь хууль зөрчөөгүй байх тул Н.А-гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: Шүүхийн шийдвэрээр хариуцагч Г.Намжимсүрэнгээс төлбөр гаргуулж манай хоршоонд олгохоор шийдвэрлэсэн 2016 оны 3 сарын 03-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 1 жил 7 сар зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлснээс манай хоршоо нь эд хөрөнгийн хохирол, зардлаар хохирч, олох ёстой байсан орлогоо алдаж, манай эрх ашиг сонирхол ихээр хөндөгдөж, маш их хохирч байна. Манайх зээлдэгч Г.Намжимсүрэнгээс цаашдаа эрхээ хамгаалах, алдсан ашиг орлого, зардлаа нөхөж төлүүлэх арга хэмжээг тууштай авах болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага албадан дуудлага худалдааг ямар ч алдаагүй, хуулийн дагуу явуулсан гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан өөрчлөлтөөр энэ гомдлыг авч хэлэлцээд гаргах шүүхийн шийдвэр эцсийнх байх ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/00326 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002.01.10/ 87 дугаар зүйлийн 87.3-т зааснаар Н.А-гийн гаргасан Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 78 дугаар байрны 01 тоотод байрлах, Улсын бүртгэлийн Ү-2205054063 дугаартай 56 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай орон сууцыг 100.068.114 төгрөгөөр үнэлэн анхны дуудлага худалдаанд оруулсан үнэлгээг болон анхны дуудлага худалдаанд оруулах тогтоол, үнэлгээ тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.А-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 1090 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/00326 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Н.А-гийн төлсөн 210.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...НШШГГ- Н.А-гийн өмчийг шинжээчээр үнэлүүлэхдээ зөвхөн төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авсныг хууль бус гэж давж заалдах гомдол гаргасан. Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх заалтыг хязгаарлагдмал байдалтайгаар хэрэглэж төлбөр авагч, төлбөр төлөгч нараас үнийн санал авсан нь хуульд нийцэж байгаа мэтээр дүгнэлт өгсөн нь буруу юм. Учир нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлд дээрх 2 сумбектээс гадна өмчлөгчөөс үнийн санал авна гэсэн байна. Шийдвэр гүйцэтгэх хууль бус ажиллагааг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч зохих ёсоор шийдвэрлэж өгөөгүйд гомдолтой байна. Нэхэмжлэлийн шаардлагаа үнэлгээ, дуудлага худалдаанд оруулсан тогтоол, үнэлгээ тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулахаар гаргаж байсан ба давж заалдах гомдол гаргахдаа дээрх 3-н шаардлагаа тавьж байсан. Одоо хяналтын шатны шүүхэд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлагаа дэмжиж оролцож байна. Иймд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нэхэжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Н.А- нь НШШГГ-т холбогдуулж үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ. Шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй байна.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2016/01866 дугаар захирамжаар Г.Намжилсүрэн 72.330.000 төгрөгийг Есөн дэлбээ ХЗХ-д төлөх үүргийг хүлээжээ.
Дээрх шийдвэрийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба албадан гүйцэтгэх явцдаа барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 78 дугаар байрны 01 тоотод байрлах, 56 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай орон сууцыг битүүмжлэн хурааж, орон сууцны үнийн саналыг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нараас авсан боловч харилцан тохиролцоогүй тул 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 198 дугаар тогтоолоор Лэндс ХХК-ийг шинжээчээр томилж, анхны дуудлага худалдааны үнэлгээг тогтоолгосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасныг зөрчөөгүй байна.
Шинжээч хөрөнгийн зах зээлийн үнийг 142.954.449 төгрөгөөр тогтоосон, энэ үнийн 70 хувь буюу 100.068.114 төгрөгөөс анхны дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэсэн, тухайн үнэлгээг бага гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нотолж чадаагүй болно.
Хариуцагч байгууллага нь хуульд заасан журмын дагуу үл хөдлөх хөрөнгийг үнэлж, дуудлага худалдааг зохион байгуулсан байх бөгөөд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, анхны албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцсэн байна.
Барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн Лэндс ХХК-ийн тусгай зөвшөөрөл нь үнэлгээ хийх үед хүчинтэй байсан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааны талаар хуульд нийцсэн дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/00326 дугаар шийдвэртэй, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 1090 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б- нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ