Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/01557

 

Р.Э-, Г.Х- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2018/00708 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1223 дугаар магадлалтай,

Р.Э-, Г.Х- нарын нэхэмжлэлтэй

НШШГГ-т холбогдох,  

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-, нарийн бичгийн дарга Б.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 сарын 28-ны өдрийн 887 дугаар шийдвэрээр Р.Э-, Г.Х- нараас 33.357.950 төгрөгийг гаргуулж, Х.Отгонсүрэнд олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй учраас албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд уг ажиллагааны явцад Г.Х-ы өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 10 сарын 24-ний өдрийн 151/24 тогтоолоор хураан авахаар шийдвэрлэж, хөрөнгийн үнэлгээний Баянмодот ХХК-аар үнэлүүлсэн. Төлбөр төлөгч нар уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байхад албадан дуудлага худалдаа зохион байгуулах тогтоолыг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр үйлдсэн. Шинжээч нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлж, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг зөрчиж байна. Иймд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан-Өлгийн 35-586 тоотод байрлах, 99.1 м.кв хувийн сууц, үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах 665 м.кв газрын үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадоржийн шүүхэд гаргасан  тайлбарт: ...Төлбөр төлөгч Р.Э-, Г.Х- нарт 3/21530, 3/21532 дугаартай эд хөрөнгийн мэдүүлэг өгөх мэдэгдэл, 09/04, 09/151 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдлийг 2017 оны 9 сарын 04-ний өдөр хүргүүлэхэд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй эд хөрөнгийн мэдүүлэг өгөөгүй тул 2017 оны 9 сарын 26-ны өдөр үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгийг битүүмжлэн хадгалалт хамгаалалтыг Р.Э-т хариуцуулан, шүүхийн шийдвэр биелүүлэхийг дахин мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр биелүүлээгүй, тул дээрх хөрөнгийг 2017 оны 10 сарын 24-ний өдөр эд хөрөнгийг хурааж хадгалагчаар Г.Х-д хариуцуулж, үнийн санал өгөхийг талуудад мэдэгдэхэд төлбөр авагч Х.Отгонсүрэн 35.000.000 төгрөгөөр, төлбөр төлөгч Г.Х- 100.000.000 төгрөгөөр үнийн санал ирүүлсэн. Төлбөр төлөгч Р.Э- үнийн санал ирүүлээгүй. 2017 оны 11 сарын 07-ны өдөр шинжээч Баян модот ХХК 46.400.000 төгрөгөөр үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээний тайланг Р.Э-т 2017 оны 11 сарын 16-ны өдөр, Г.Х-д 2017 оны 11 сарын 17-ны өдөр тус тус танилцуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу дээрх үнээс багагүй үнээр нэг сарын хугацаанд бие даан худалдан борлуулах санал гаргах эрхийг танилцуулахад төлбөр төлөгч Г.Х- хүсэлт ирүүлсэн тул төлбөр төлөх 1 сарын хугацааг олгосон боловч төлбөрийг төлж барагдуулаагүй болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2018/00708 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт зааснаар Р.Э-, Г.Х- нарын НШШГГ-т холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан Өлгий 35 дугаар гудамжны 586 тоотод байрлах, 99.1 м.кв талбайтай хувийн сууц, гараашийн зориулалтай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах 665 м.кв талбайтай өмчлөлийн газар зэргийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1223 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2018/00708 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Хөрөнгийн үнэлгээний тайланг 2017 оны 11 дүгээр сарын 15, 16-ны өдөр танилцуулсан бөгөөд уг өдрөөс хойш 2 сарын хугацаанд дээрх үнэлгээний тайланд заагдсан үнээс бага үнээр худалдан борлуулах эрх олгож, уг эрхээ хэрэгжүүлсэн учраас үнэлгээний талаар гомдол гаргаж чадаагүй. Тиймээс нэхэмжлэгч нарыг буруутгах үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Р.Э-, Г.Х- нар НШШГГ-т холбогдуулж үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 887 дугаар захирамжаар Р.Э-, Г.Х- нар Х.Отгонсүрэнд 33.357.950 төгрөг  төлөх үүргийг хүлээж, төлбөрийг сайн дураар төлөөгүй бол барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцжээ.

Захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан-Өлгийн 35 дугаар гудамжны 586 тоотод байрлах 99.1 м.кв талбай бүхий хувийн сууц, гарааш, газрыг битүүмжлэн хурааж, анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох ажиллагаа хийжээ.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож дуудлага худалдааны үнийг тогтоож болох боловч үнэлгээг талууд, өмчлөгч тохиролцож тогтоож чадаагүй байна.

Иймээс шийдвэр гүйцэтгэх газар шинжээч томилж зах зээлийн үнэлгээ тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг  зөрчөөгүй.

Шинжээч хөрөнгийн зах зээлийн үнийг 46.400.000 төгрөгөөр тогтоосон, энэ үнийн 70 хувь буюу 32.480.000 төгрөгөөс анхны дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэсэн, тухайн үнэлгээг бага гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан ба үнэлгээг эс зөвшөөрсөн гомдлоо нэхэмжлэгч нар хуульд заасан хугацаанд гаргаагүй байна.

Эд хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай төлбөр төлөгчийн саналыг үндэслэн 1 сарын хугацаа олгож, уг хугацаанд тухайн хөрөнгийг албадан борлуулах ажиллагааг зогсооно гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар НШШГГ- нэхэмжлэгч нарт боломж олгосон нь тогтоогджээ. Нэхэмжлэгч эд хөрөнгийг худалдан борлуулаагүй тул шийдвэр гүйцэтгэх байгууллага хуульд заасан журмын дагуу дуудлага худалдааг явуулах эрхтэй.

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдсэн, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2018/00708 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1223 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М- нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ