Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 134/ШШ2017/00048

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1973 онд төрсөн, 44 настай, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, 96-01 тоотод оршин суух, Боржигон овогт Самбуугийн Эрдэнэбилэг /РД: ЕЙ73112635, утас: 99302226/,

Нэхэмжлэгч, 1975 онд төрсөн, 42 настай, эмэгтэй, Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн гадаад хэлний багш ажилтай, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, 96-01 тоотод оршин суух, Шуудайнууд овогт Доржийн Алтантуяа /РД: ЕЙ75122108, утас: 99301116/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 4 дүгээр байранд байрлах, “Хас банк” ХХК-ийн Чойр салбар,

Хариуцагч: 1983 онд төрсөн, 34 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харъяа хорих 425 дугаар ангид хүмүүжигч, Боржигон овогт Ядамсүрэнгийн Пүрэвсүрэн /РД: 83012614/ нарт холбогдох

 

1120010268-01 тоот баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Эрдэнэбилэг, Д.Алтантуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Наранхүү, хариуцагч Я.Пүрэвсүрэн, хариуцагч “Хас банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гантулга, М.Жаргалмаа, нарийн бичгийн дарга А.Энхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Эрдэнэбилэг, Д.Алтантуяа нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Хас банк” ХХК-ийн Чойр салбар болон Я.Пүрэвсүрэн нар нь бидний амьдарч байгаа 000072144 тоот гэрчилгээтэй, 1902001074 тоот улсын бүртгэлийн дугаартай, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн 96-01 тоот хаяг дахь орон сууцыг барьцаалсан 1120010268-01 тоот баталгаат ипотекийн гэрээг 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулжээ. Тус гэрээгээр Я.Пүрэвсүрэн нь өөрийн зээлсэн зээлийн барьцаанд бидний дээрх орон сууцыг барьцаалж, бидний өмнөөс гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Өөрөөр хэлбэл тус гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ бөгөөд энэхүү гэрээнд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчдийн гарын үсэг байх ёстой. Учир нь 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө тус үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой аливаа шийдвэр гаргах, гэрээ байгуулах эрх олгогдсон итгэмжлэл байхгүй юм. Хэрэв итгэмжлэлийн үндсэн дээр хийгдсэн гэрээ гэж үзвэл итгэмжлэл нь цаг хугацааны хувьд тус гэрээнээс хойно байна. Иймээс гэрээ итгэмжлэлийн үндсэн дээр хийгдээгүй бөгөөд төлөөлөх эрхгүй байх үедээ гуравдагч этгээдтэй хийсэн хэлцэл болох нь харагдаж байна. Бидний хөрөнгийг барьцаалсан талаар бидэнд гэрээ байгуулахаас өмнө болон хойно мэдэгдээгүй бөгөөд бид Шүүхийн шийдвэрийн дагуу зээлийг төлүүлэхээр барьцаа хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа хийхээс өмнөхөн мэдсэн. Иргэний хуулийн 62.3-т “Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно” гэж тус тус зохицуулсан байдаг. Үүнийг Я.Пүрэвсүрэн хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан. Иргэний хуулийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл, хүчин төгөлдөр бус байна.

Иргэний хуулийн 156.2-т заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэснийг зөрчсөн. Учир нь тус гэрээнд хамтран өмчлөгч Д.Алтантуяагийн нэр байгаагүй. Я.Пүрэвсүрэн зөвхөн С.Эрдэнэбилэгийн өмнөөс гарын үсэг зурсан байна. Гэтэл үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд С.Эрдэнэбилэгээс гадна Д.Алтантуяа гэсэн өөр нэг өмчлөгч байгааг орхигдуулжээ. Өөрөөр хэлбэл С.Эрдэнэбилэг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд Д.Алтантуяаг төлөөлөх эрхийг аваагүй тохиолдолд аливаа гэрээнд дангаараа бичигдэхгүй. Мөн хуулийн 156.3-т энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Иймээс тус гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ юм.

Хас банкны Чойр салбар нь зээлийн материалд биднээс Я.Пүрэвсүрэнд гарын үсэг зурах эрх олгосон итгэмжлэл байгаа гэж үзэж “2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн итгэмжлэлийг нотлох баримтаар ашигладаг. Гэвч итгэмжлэлд түүний хүчинтэй байх хугацааг “2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүчинтэй” байхаар заасан байх бөгөөд мөн итгэмжлэл үйлдсэн огноо нь гэрээ байгуулагдсанаас хойш байгаа нь Иргэний хуулийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус юм.

Иргэний хуулийн 156.2-т үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх гэж заасан. Гэтэл гэрээг бүртгэсэн улсын бүртгэл нь өөрөө дараахь алдааг гаргаж хууль бус бүртгэл хийжээ. Тус гэрээ нь “...зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” болох нь холбогдох нотлох баримтаар илэрхий байхад бүртгэсэн. Мөн 1076 дугаартай барьцаалбарын барьцаалуулагчийн мэдээлэл хэсэгт өмчлөгч С.Эрдэнэбилэгийн мэдээлэл байхаас биш Д.Алтантуяагийнх байхгүй. Өөрөөр хэлбэл гэрээг хуулийн шаардлага хангасан эсэхэд хяналт тавиагүй байна. Барьцаалбарын 1.2-т барьцааны эрх үүссэн үндэслэлд “2014/04/25, 1120010268, ГСА” гэсэн тэмдэглэл хийгдсэн. Гэтэл “Хас банк” ХХК-ийн Чойр салбар болон Я.Пүрэвсүрэн нарын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан Баталгаат ипотекийн гэрээ 1120010268-01 дугаартай болохоос 1120010268 дугаартай биш бөгөөд Я.Пүрэвсүрэнгийн үндсэн зээлийн болон барьцааны гэрээнүүд нь ижил дугаартай. Эдгээр гэрээ нь хэрэгт авагдсан байгаа. Барьцааг бүртгэх үндэслэл буюу шалтгаан нь тухайн хөрөнгийг барьцаалахаар тохиролцсон хэлцэл байх ёстой болохоос биш өөр зүйлийг тохиролцсон хэлцлийг үндэслэн барьцаалбар үйлдэх ёсгүй юм.

 

Иймд Иргэний хуулийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл, хүчин төгөлдөр бус байхаар заасан тул Хас банк ХХК-ийн Чойр салбар болон Я.Пүрэвсүрэнгийн хооронд 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан 1120010268-01 тоот Баталгаат ипотекийн гэрээг хуулийн дагуу хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, өөрийн хууль ёсны өмч болох орон сууцыг өмчлөх эрхийг хамгаалж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Хас банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гантулга, М.Жаргалмаа нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийг эс зөвшөөрч энэхүү хариу тайлбар, татгалзалыг гаргаж байна. Анх 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Я.Пүрэвсүрэн нь зээлийн хүсэлт гаргаснаар энэ харилцаа эхэлсэн. Харилцагч нь барьцаалуулагчдыг биеэр ирж гэрээнд гарын үсэг зурна гэж манай ажилчдад хэлж байсан учраас биеэр ирэх харилцагч нартай бид нар уулзаад байх шаардлагагүй. Банк болон Я.Пүрэвсүрэн нар 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээг байгуулсан ба тус гэрээний 1.10-т: “зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга буюу барьцаа, Фидуцийн гэрээнүүдийг тусгаж, 3.1.1-т “энэхүү гэрээний 1.10 дахь хэсэгт заасан гэрээний хүчин төгөлдөр эх хувийг банк хүлээн авсны дараа зээлийг Зээлийн санхүүжилт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу харилцах дансаар нь дамжуулан олгох” гэж тус тус заасан. Зээлийн үйл ажиллагаа нь 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр буюу 4 дэх өдөр албан ёсоор шийдэгдсэн ба зээлийн гэрээний хувийг бэлтгэх, түүнд дагалдах гэрээнүүдийг хамт боловсруулах зэрэг банкны дотоод үйл ажиллагаа, техник үйл ажиллагаанаас шалтгаалан Баталгаат ипотекийн гэрээний огноог 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гэж хэвлэсэн. 25-ны өдөр барьцаалуулагч нар ирж гарын үсэг зурна, гэрээгээ бэлтгэж байя гэсэн учраас харилцагчдаа итгэх байдлаар түргэн шуурхай гүйцэлдүүлж эхэлсэн ба харамсалтай нь барьцаалуулагчид нь ирээгүй учраас дараагийн ажлын өдөр ирж гарын үсэг зурахаар тохиролцоод явсан. Харин Д.Алтантуяа, С.Эрдэнэбилэг нараас холбогдох хуулийн дагуу, нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэлийг Я.Пүрэвсүрэн авч ирсэний дараа буюу 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр баталгаат ипотекийн гэрээнд гарын үсэг зурж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Бид итгэмжлэлийг харилцагч болон барьцаалуулагчдын хүсэл сонирхлыг 100 хувь илэрхийлдэг гэж үздэг. Итгэмжлэл үнэн зөв, барьцаалуулагчид нь өөрийн биеэр ирж гарын үсэг зурсан эсэхийг тухай бүр нь нотариатчаас асуухад өөрийн биеэр ирж гарын үсэг зурсан гэдэг учраас бид итгэлтэй байна.  

Нэхэмжлэгч талаас “Хас банк” ХХК-д Я.Пүрэвсүрэн нь өөрсдийн орон сууцыг барьцаалуулсан талаар огт мэдээгүй, банк нь мэдэгдэх ёстой байсан гэж тайлбарлаж байгааг үгүйсгэж байна. Гуравдагч этгээд нь төлөөлөгч, төлөөлүүлэгч нарын харилцааг заавал төлөөлүүлэгчид мэдэгдэх, сануулах, шаардах асуух эрх байхгүй. Хоёр тал итгэмжлэлээ нотариатаар батлуулаад ирсэн байхад төлөөлүүлөгчид мэдэгдэх шаардлагагүй.

С.Эрдэнбилэг нь Д.Алтантуяагаас төлөөлүүлэх эрх аваагүй гэж тайлбарлаж байна. Тэгэхээр 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн итгэмжлэл дээр С.Эрдэнбилэг болон Д.Алтантуяа нар хоёулаа гарын үсэг зурсан байгаа учраас С.Эрдэнбилэг нь Д.Алтантуяагаас заавал эрх, итгэмжлэл авах шаардлагагүй гэж үзэж байна.

Я.Пүрэвсүрэнтэй байгуулсан зээлийн гэрээний 1.10-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон байгуулсан барьцааны /баталгаат ипотекийн гэрээ хүчин төгөлдөр болсноор буюу улсын бүртгэлд бүртгэгдэж барьцааны эрх, үүссэний дараа зээлийн олголтыг хийсэн бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэсний дагуу 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр зээлдэгчийн дансанд 50 000 000 төгрөгийн зээлийн олголт хийгдэж талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан ч ашиглаагүй 6 хоногийн хүүг хасаад, эргэн төлөлтийн хуваарь дээр тусгасан. Барьцаалуулагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Хас банк”-нд ирж гэрээнд гарын үсэг зурж хэрэгжүүлснийг нотлох гол зүйл нь зээл олголтыг зөвшөөрч хэвлэсэн баримтын огноо бөгөөд энэ нь 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 18 цаг 59 минут гэж байгаа.

Гэрээний зүйл үл хөдлөх эд хөрөнгө байх тохиолдолд Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-т заасанчлан Улсын бүртгэлд бүртгүүлэх, ийнхүү бүртгүүлсэнээр хүчин төгөлдөр болох ба үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх нь мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-т “Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ”, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12.1-т “Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ” гэсний  дагуу банк болон Д.Алтантуяа, С.Эрдэнэбилэг нарыг төлөөлөх эрх бүхий этгээд Я.Пүрэвсүрэн баталгаат ипотекийн гэрээг 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2-т зааснаар мөн өдөр барьцаалбар үйлдсэн. Хуулиар гэрээг хүчин төгөлдөр болох тухайлсан шаардлагыг “улсын бүртгэлд бүртгүүлснээр” гэж заасан ба гэрээг 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Я.Пүрэвсүрэн нь үл хөдлөх эд хөрөнгийн Ү-1902001074 дүгээр бүртгэлийн гэрчилгээтэй орон сууцыг “Банкны барьцаанд тавих, барьцаалбар үйлдэх, холбогдох баримт бичигт гарын үсэг зурах эрх”-тэй  байсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасанчлан “зохих этгээдийн зөвшөөрөлгүй” хийсэн хэлцэл гэх үндэслэлгүй юм. Мөн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт хуульд зааснаар бүртгүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлснээр хийсэн гэж үзэх ба  2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн тул энэ өдөр байгуулагдсанд тооцно. Тэгэхээр бид 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр барьцааны гэрээ хүчин төгөлдөр болж ирсэн учраас зээл олголтыг олгосон. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Я.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Эрдэнэбилэг, Д.Алтантуяа нарын өмчлөлийн 000072144 тоот гэрчилгээтэй, 1902001074 тоот улсын бүртгэлийн дугаартай, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, 96-01 тоот хаяг дахь орон сууцыг миний бие нь 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1120010268-01 тоот Баталгаат ипотекийн гэрээгээр “Хас банк" ХХК-ийн Чойр салбарт барьцаалж, 50 000 000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Баталгаат ипотекийн гэрээ 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөр хийгдэж, энэ хугацаанаас хойш 2014 оны 05 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд “Хас банк” ХХК-ийн өөрсдийнх нь хариуцлагагүй байдлаас шалтгаалж, итгэмжлэл болон Улсын бүртгэлийн хэлтэс 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөр бүртгэл хийгдсэн байна. Тухайн үеийн эдийн засагч нь зээл олгох явцдаа зээлийн гэрээг 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гаргачихаад, улсын бүртгэлд бүртгүүлэхдээ 05 дугаар сарын 02-ны өдрөөр бүртгүүлсэн. Үүнийг зээлийн эдийн засагч болон зээлийг хянаж байсан зээлийн хорооны дарга, хариуцаж байгаа албан тушаалтнууд нь анхаарах ёстой байсан.

Нэхэмжлэгчийн хувьд манай эхнэрийн ах гэдэг нь үнэн. “Хас банк” ХХК-ийн зээлийн эдийн засагч нь 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн өргөдөл өгсөн байхад, зээл судлаад зээлийн хороогоор оруулахаас өмнө итгэмжлэлийг заавал авсан байх шаардлагатай гэдгийг надад хэлээгүй. Итгэмжлэлээ шаардаагүй байж 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээг байгуулчихаад, түүний дараа итгэмжлэл шаардаж болохгүй. Энэ бол “Хас банк” ХХК-ийн өөрсдийнх нь буруу. Зээл олголтыг 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр олгосон нь үнэн, гэхдээ гэрээг 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан.

Иймд тус нэхэмжлэлээр нөхөн гарын үсэг зурах буюу өмнөх гарын үсгийг зөвтгөх боломжгүйг ойлгож байна. “Хас банк”-ны Чойр салбар болон Я.Пүрэвсүрэн бидний хооронд 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан 1120010268-01 тоот Баталгаат ипотекийн гэрээнд С.Эрдэнэбилэгийн нэрний ард би гарын үсэг зурсан ба уг гэрээг хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч байна. Иймд С.Эрдэнэбилэг, Д.Алтантуяа нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа ба маргах зүйлгүй гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Эрдэнэбилэг, Д.Алтантуяа нар нь хариуцагч “Хас банк” ХХК-ийн Чойр салбар болон иргэн Я.Пүрэвсүрэнд холбогдуулан хариуцагч нарын хооронд байгуулагдсан 1120010268-01 тоот Баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.  

С.Эрдэнэбилэг, Д.Алтантуяа нар нь өөрсдийн өмчлөлийн орон сууцыг барьцаалах эрх олгогдоогүй байхад банк болон Я.Пүрэвсүрэн нар гэрээ байгуулж, тэдний орон сууцыг барьцаалсан, мөн Баталгаат ипотекийн гэрээнд Д.Алтантуяагийн нэр, хаяг холбогдох мэдээлэл байхгүй байхад уг гэрээг улсын бүртгэл бүртгэсэн нь хууль бус гэж нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарлаж байна.

Хариуцагч Я.Пүрэвсүрэн нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй.  

Харин хариуцагч “Хас банк” ХХК-ийн Чойр салбар нь Я.Пүрэвсүрэнг  С.Эрдэнэбилэг, Д.Алтантуяа нараас холбогдох хуулийн дагуу нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл авч ирсний дараа буюу 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 1120010268-01 тоот Баталгаат ипотекийн гэрээнд гарын үсэг зурж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Үүний дараа зээлийн олголтыг хийсэн, ипотекийн гэрээ нь улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болдог тул нэхэмжлэгч нарын  нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Учир нь:

2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн огноотой, “Хас банк” ХХК, Самбуугийн Эрдэнэбилэг нарын хооронд байгуулагдсан 1120010268-01 тоот Баталгаат ипотекийн гэрээгээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, 96-01 тоотод байрлах, Ү-1902001074 тоот улсын бүртгэлийн дугаартай, 31 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан ба уг гэрээнд Я.Пүрэвсүрэнг гарын үсэг зурсан гэж талууд тайлбарлаж, энэ талаар маргаагүй байна. /хх 25-28/

 

Барьцааны зүйл болох дээрх орон сууц нь С.Эрдэнэбилэг, Д.Алтантуяа нарын өмч /хх-37/ бөгөөд 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Я.Пүрэвсүрэнд “банкны барьцанд тавих, барьцаалбар үйлдэх, холбогдох баримт бичигт гарын үсэг зурах” эрхтэй итгэмжлэлийг /хх 36/ бичгээр олгосон. Гэтэл итгэмжлэл олгогдохоос өмнө буюу 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Баталгаат ипотекийн гэрээнд “Хас банк” ХХК болон Я.Пүрэвсүрэн нар гарын үсгээ зурсан ба уг гэрээг 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр буюу итгэмжлэл банкинд ирсний дараа талууд гарын үсэг зурсан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбарлаж байгаа боловч уг тайлбараа нотлох баримтаар нотолж чадаагүй, үүнийг үгүйсгэж хариуцагч Я.Пүрэвсүрэн нь уг гэрээнд 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гарын үсэг зурсан гэж тайлбарлаж байна. 

 

Хэдийгээр 1120010268-01 тоот Баталгаат ипотекийн гэрээ нь 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан, гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д “энэхүү гэрээ нь гэрээнд оролцогч талууд гарын үсэг зурж, тэмдэг дарж, эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно” гэж, мөн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т “хуульд зааснаар бүртгүүлэх ... хэлцлийг ийнхүү бүртгүүлснээр бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ” гэж, 166 дугаар зүйлийн 166.1-д “ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ” гэж, 156 дугаар зүйлийн 156.2, 156.3-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус заасны дагуу Я.Пүрэвсүрэнд С.Эрдэнэбилэг, Д.Алтантуяа нараас итгэмжлэл олгогдсоны дараа буюу 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлснээр дээрх гэрээ хүчин төгөлдөр болж байгаа мэт боловч итгэмжлэл олгогдохоос өмнө банк нь барьцааны зүйл болох орон сууцны 1 өмчлөгч буюу Самбуугийн Эрдэнэбилэгтэй Баталгаат ипотекийн гэрээ байгуулж, түүнийг төлөөлж Я.Пүрэвсүрэн нь гарын үсэг зурсан байна. Харин өмчлөгч Доржийн Алтантуяа уг гэрээнд тусгагдаагүй, тэрээр 96-01 тоот орон сууцнаас өөрийн өмчлөх хэсгийг хэн нэгэн этгээдэд барьцаалуулах талаар гэрээ байгуулаагүй, түүнийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Пүрэвсүрэн гарын үсэг зураагүй байхад гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Энэ нь 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн улсын бүртгэлийн дардас бүхий тэмдэглэл /хх 28/, хариуцагч нарын тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 156.3-т “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана. Энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Үүний дагуу маргаан бүхий гэрээнд 2 өмчлөгчийн мэдээллийг бүрэн оруулж, тэдгээр нь гарын үсэг зурах, эсхүл тэдгээрээс олгогдсон итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөгч нэхэмжлэгч нарын өмнөөс гарын үсэг зурсанаар барьцааны гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Я.Пүрэвсүрэнд олгосон 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн итгэмжлэлээр 96-01 тоот орон сууцыг барьцаалахыг Д.Алтантуяа нь зөвшөөрч гарын үсэг зурсан байгаа нь өөрийнхөө өмчлөлийн орон сууцыг барьцаалах, өөрийнхөө өмнөөс холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах эрх олгож буй хэлбэр юм. Харин өөр хэн нэгэн этгээдэд тухайлбал С.Эрдэнэбилэгт өөрийгөө төлөөлөх итгэмжлэл олгоогүй байхад Баталгаат ипотекийн гэрээнд зөвхөн С.Эрдэнэбилэгийг дурдаж, Я.Пүрэвсүрэнгээр гарын үсэг зуруулсан байгаа нь байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм.    

 

Нөгөөтэйгүүр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Хамтран өмчлөх дундын өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулахад барьцааны зүйлийн өмчлөгч тус бүрийн зөвшөөрлийг бичгээр авна гэж хуульчилсан тул дээрх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэхээр байна.    

 

Хэргийн 48-51 дүгээр хуудсанд авагдсан 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1120010268 тоот Барьцааны гэрээ нь уг хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралгүй баримт байх тул шүүх үүнийг энэ хэрэгт ач холбогдолтой нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Хас банк” ХХК-ийн Чойр салбараас 166 475 төгрөг, хариуцагч Я.Пүрэвсүрэнгээс 166 475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хариуцагч “Хас банк” ХХК-ийн Чойр салбар, Я.Пүрэвсүрэн нарын хооронд байгуулагдсан 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1120010268-01 тоот Баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг дурдсугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332 950 /гурван зуун гучин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээж, “Хас банк” ХХК-ийн Чойр салбараас 166 475 /нэг зуун жаран зургаан мянга дөрвөн зуун далан тав/ төгрөг, хариуцагч Я.Пүрэвсүрэнгээс 166 475 /нэг зуун жаран зургаан мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.НАРАНЧИМЭГ