Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 216/МА2017/00009

 

С.Э, Д.А нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай  

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн иргэний шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 134/ШШ2017/00048 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С Э /РД: Е, утас: /,

 

Нэхэмжлэгч: Д А /РД: / нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х б  Ч салбар,

 

Хариуцагч: Я Пн /РД: / нарт холбогдох

 

1120010268-01 тоот баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гантулгын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 04 сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Наранхүү,

Хариуцагч Х б Ч с итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гантулга,Шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Б.Чанцалдулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ :

 

Нэхэмжлэгч С.Э, Д.А нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х б Ч салбар болон Я.П нар нь бидний амьдарч байгаа 000072144 тоот гэрчилгээтэй, тоот улсын бүртгэлийн дугаартай, Говьсүмбэр аймгийн С сумын  дүгээр багийн  тоот хаяг дахь орон сууцыг барьцаалсан 1120010268-01 тоот баталгаат ипотекийн гэрээг 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулжээ. Тус гэрээгээр Я.П нь өөрийн зээлсэн зээлийн барьцаанд бидний дээрх орон сууцыг барьцаалж, бидний өмнөөс гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Өөрөөр хэлбэл тус гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ бөгөөд энэхүү гэрээнд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчдийн гарын үсэг байх ёстой. Учир нь 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө тус үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой аливаа шийдвэр гаргах, гэрээ байгуулах эрх олгогдсон итгэмжлэл байхгүй юм. Хэрэв итгэмжлэлийн үндсэн дээр хийгдсэн гэрээ гэж үзвэл итгэмжлэл нь цаг хугацааны хувьд тус гэрээнээс хойно байна.

Иймээс гэрээ итгэмжлэлийн үндсэн дээр хийгдээгүй бөгөөд төлөөлөх эрхгүй байх үедээ гуравдагч этгээдтэй хийсэн хэлцэл болох нь харагдаж байна. Бидний хөрөнгийг барьцаалсан талаар бидэнд гэрээ байгуулахаас өмнө болон хойно мэдэгдээгүй бөгөөд бид Шүүхийн шийдвэрийн дагуу зээлийг төлүүлэхээр барьцаа хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа хийхээс өмнөхөн мэдсэн. Иргэний хуулийн 62.3-т “Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно” гэж тус тус зохицуулсан байдаг. Үүнийг Я.П хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан. Иргэний хуулийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл, хүчин төгөлдөр бус байна.

Иргэний хуулийн 156.2-т заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэснийг зөрчсөн. Учир нь тус гэрээнд хамтран өмчлөгч Д.А нэр байгаагүй. Я.П зөвхөн С.Э өмнөөс гарын үсэг зурсан байна. Гэтэл үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд С.Э гадна Д.А гэсэн өөр нэг өмчлөгч байгааг орхигдуулжээ. Өөрөөр хэлбэл С.Э тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд Д.А төлөөлөх эрхийг аваагүй тохиолдолд аливаа гэрээнд дангаараа бичигдэхгүй. Мөн хуулийн 156.3-т энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Иймээс тус гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ юм.

Х б Ч с нь зээлийн материалд биднээс Я.П гарын үсэг зурах эрх олгосон итгэмжлэл байгаа гэж үзэж “2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн итгэмжлэлийг нотлох баримтаар ашигладаг. Гэвч итгэмжлэлд түүний хүчинтэй байх хугацааг “2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүчинтэй” байхаар заасан байх бөгөөд мөн итгэмжлэл үйлдсэн огноо нь гэрээ байгуулагдсанаас хойш байгаа нь Иргэний хуулийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус юм.

Иргэний хуулийн 156.2-т үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх гэж заасан. Гэтэл гэрээг бүртгэсэн улсын бүртгэл нь өөрөө дараахь алдааг гаргаж хууль бус бүртгэл хийжээ. Тус гэрээ нь “...зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” болох нь холбогдох нотлох баримтаар илэрхий байхад бүртгэсэн. Мөн 1076 дугаартай барьцаалбарын барьцаалуулагчийн мэдээлэл хэсэгт өмчлөгч С.Э мэдээлэл байхаас биш Д.А байхгүй. Өөрөөр хэлбэл гэрээг хуулийн шаардлага хангасан эсэхэд хяналт тавиагүй байна. Барьцаалбарын 1.2-т барьцааны эрх үүссэн үндэслэлд “2014/04/25, , ГСА” гэсэн тэмдэглэл хийгдсэн. Гэтэл Хас банкны Чойр салбар болон Я.П нарын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан Баталгаат ипотекийн гэрээ 1120010268-01 дугаартай болохоос 1120010268 дугаартай биш бөгөөд Я.П үндсэн зээлийн болон барьцааны гэрээнүүд нь ижил дугаартай. Эдгээр гэрээ нь хэрэгт авагдсан байгаа. Барьцааг бүртгэх үндэслэл буюу шалтгаан нь тухайн хөрөнгийг барьцаалахаар тохиролцсон хэлцэл байх ёстой болохоос биш өөр зүйлийг тохиролцсон хэлцлийг үндэслэн барьцаалбар үйлдэх ёсгүй юм.

 

Иймд Иргэний хуулийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл, хүчин төгөлдөр бус байхаар заасан тул Х б ХХК-ийн Чойр салбар болон Я.П хооронд 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан 1120010268-01 тоот Баталгаат ипотекийн гэрээг хуулийн дагуу хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, өөрийн хууль ёсны өмч болох орон сууцыг өмчлөх эрхийг хамгаалж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гантулга, М.Жаргалмаа нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийг эс зөвшөөрч энэхүү хариу тайлбар, татгалзалыг гаргаж байна. Анх 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Я.П нь зээлийн хүсэлт гаргаснаар энэ харилцаа эхэлсэн. Харилцагч нь барьцаалуулагчдыг биеэр ирж гэрээнд гарын үсэг зурна гэж манай ажилчдад хэлж байсан учраас биеэр ирэх харилцагч нартай бид нар уулзаад байх шаардлагагүй. Банк болон Я.П нар 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээг байгуулсан ба тус гэрээний 1.10-т: “зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга буюу барьцаа, Фидуцийн гэрээнүүдийг тусгаж, 3.1.1-т “энэхүү гэрээний 1.10 дахь хэсэгт заасан гэрээний хүчин төгөлдөр эх хувийг банк хүлээн авсны дараа зээлийг Зээлийн санхүүжилт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу харилцах дансаар нь дамжуулан олгох” гэж тус тус заасан. Зээлийн үйл ажиллагаа нь 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр буюу 4 дэх өдөр албан ёсоор шийдэгдсэн ба зээлийн гэрээний хувийг бэлтгэх, түүнд дагалдах гэрээнүүдийг хамт боловсруулах зэрэг банкны дотоод үйл ажиллагаа, техник үйл ажиллагаанаас шалтгаалан Баталгаат ипотекийн гэрээний огноог 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гэж хэвлэсэн. 25-ны өдөр барьцаалуулагч нар ирж гарын үсэг зурна, гэрээгээ бэлтгэж байя гэсэн учраас харилцагчдаа итгэх байдлаар түргэн шуурхай гүйцэлдүүлж эхэлсэн ба харамсалтай нь барьцаалуулагчид нь ирээгүй учраас дараагийн ажлын өдөр ирж гарын үсэг зурахаар тохиролцоод явсан.

Харин Д.А, С.Э нараас холбогдох хуулийн дагуу, нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэлийг Я.П авч ирсэний дараа буюу 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр баталгаат ипотекийн гэрээнд гарын үсэг зурж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Бид итгэмжлэлийг харилцагч болон барьцаалуулагчдын хүсэл сонирхлыг 100 хувь илэрхийлдэг гэж үздэг. Итгэмжлэл үнэн зөв, барьцаалуулагчид нь өөрийн биеэр ирж гарын үсэг зурсан эсэхийг тухай бүр нь нотариатчаас асуухад өөрийн биеэр ирж гарын үсэг зурсан гэдэг учраас бид итгэлтэй байна.  

Нэхэмжлэгч талаас “Х б”-д Я.П нь өөрсдийн орон сууцыг барьцаалуулсан талаар огт мэдээгүй, банк нь мэдэгдэх ёстой байсан гэж тайлбарлаж байгааг үгүйсгэж байна. Гуравдагч этгээд нь төлөөлөгч, төлөөлүүлэгч нарын харилцааг заавал төлөөлүүлэгчид мэдэгдэх, сануулах, шаардах асуух эрх байхгүй. Хоёр тал итгэмжлэлээ нотариатаар батлуулаад ирсэн байхад төлөөлүүлөгчид мэдэгдэх шаардлагагүй.

С.Э нь Д.А төлөөлүүлэх эрх аваагүй гэж тайлбарлаж байна. Тэгэхээр 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн итгэмжлэл дээр С.Э болон Д.А нар хоёулаа гарын үсэг зурсан байгаа учраас С.Э нь Д.А заавал эрх, итгэмжлэл авах шаардлагагүй гэж үзэж байна.

Я.П байгуулсан зээлийн гэрээний 1.10-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон байгуулсан барьцааны /баталгаат ипотекийн/ гэрээ хүчин төгөлдөр болсноор буюу улсын бүртгэлд бүртгэгдэж барьцааны эрх, үүссэний дараа зээлийн олголтыг хийсэн бөгөөд банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэсний дагуу 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр зээлдэгчийн дансанд 50 000 000 төгрөгийн зээлийн олголт хийгдэж талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан ч ашиглаагүй 6 хоногийн хүүг хасаад, эргэн төлөлтийн хуваарь дээр тусгасан. Барьцаалуулагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Хас банк”-нд ирж гэрээнд гарын үсэг зурж хэрэгжүүлснийг нотлох гол зүйл нь зээл олголтыг зөвшөөрч хэвлэсэн баримтын огноо бөгөөд энэ нь 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 18 цаг 59 минут гэж байгаа.

Гэрээний зүйл үл хөдлөх эд хөрөнгө байх тохиолдолд Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-т заасанчлан Улсын бүртгэлд бүртгүүлэх, ийнхүү бүртгүүлсэнээр хүчин төгөлдөр болох ба үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх нь мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-т “Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ”, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12.1-т “Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ” гэсний  дагуу банк болон Д.А, С.Э нарыг төлөөлөх эрх бүхий этгээд Я.П баталгаат ипотекийн гэрээг 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2-т зааснаар мөн өдөр барьцаалбар үйлдсэн. Хуулиар гэрээг хүчин төгөлдөр болох тухайлсан шаардлагыг “улсын бүртгэлд бүртгүүлснээр” гэж заасан ба гэрээг 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Я.П нь үл хөдлөх эд хөрөнгийн Ү- дүгээр бүртгэлийн гэрчилгээтэй орон сууцыг “Банкны барьцаанд тавих, барьцаалбар үйлдэх, холбогдох баримт бичигт гарын үсэг зурах эрх”-тэй  байсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасанчлан “зохих этгээдийн зөвшөөрөлгүй” хийсэн хэлцэл гэх үндэслэлгүй юм. Мөн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт хуульд зааснаар бүртгүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлснээр хийсэн гэж үзэх ба  2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн тул энэ өдөр байгуулагдсанд тооцно. Тэгэхээр бид 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр барьцааны гэрээ хүчин төгөлдөр болж ирсэн учраас зээл олголтыг олгосон. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Я.П шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Э, Д.А нарын өмчлөлийн 000072144 тоот гэрчилгээтэй,  тоот улсын бүртгэлийн дугаартай, Говьсүмбэр аймаг, С сум,  дүгээр баг,  тоот хаяг дахь орон сууцыг миний бие нь 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1120010268-01 тоот Баталгаат ипотекийн гэрээгээр “Х б" ХХК-ийн Чойр салбарт барьцаалж, 50 000 000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Баталгаат ипотекийн гэрээ 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөр хийгдэж, энэ хугацаанаас хойш 2014 оны 05 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд Хас банкны өөрсдийнх нь хариуцлагагүй байдлаас шалтгаалж, итгэмжлэл болон Улсын бүртгэлийн хэлтэс 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөр бүртгэл хийгдсэн байна. Тухайн үеийн эдийн засагч нь зээл олгох явцдаа зээлийн гэрээг 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гаргачихаад, улсын бүртгэлд бүртгүүлэхдээ 05 дугаар сарын 02-ны өдрөөр бүртгүүлсэн. Үүнийг зээлийн эдийн засагч болон зээлийг хянаж байсан зээлийн хорооны дарга, хариуцаж байгаа албан тушаалтнууд нь анхаарах ёстой байсан.

Нэхэмжлэгчийн хувьд манай эхнэрийн ах гэдэг нь үнэн. Хас банкны зээлийн эдийн засагч нь 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн өргөдөл өгсөн байхад, зээл судлаад зээлийн хороогоор оруулахаас өмнө итгэмжлэлийг заавал авсан байх шаардлагатай гэдгийг надад хэлээгүй. Итгэмжлэлээ шаардаагүй байж 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээг байгуулчихаад, түүний дараа итгэмжлэл шаардаж болохгүй. Энэ бол Хас банкны өөрсдийнх нь буруу. Зээл олголтыг 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр олгосон нь үнэн, гэхдээ гэрээг 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан.

Иймд тус нэхэмжлэлээр нөхөн гарын үсэг зурах буюу өмнөх гарын үсгийг зөвтгөх боломжгүйг ойлгож байна. “Х б”-ны Чойр салбар болон Я.П бидний хооронд 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан 1120010268-01 тоот Баталгаат ипотекийн гэрээнд С.Э нэрний ард би гарын үсэг зурсан ба уг гэрээг хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч байна. Иймд С.Э Д.А нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа ба маргах зүйлгүй гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хариуцагч Х б Чойр салбар, Я.П нарын хооронд байгуулагдсан 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1120010268-01 тоот Баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг дурдаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332 950 /гурван зуун гучин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээж,

Хас банкны Чойр салбараас 166 475 /нэг зуун жаран зургаан мянга дөрвөн зуун далан тав/ төгрөг, хариуцагч Я.П 166 475 /нэг зуун жаран зургаан мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэжээ.

                                                                                           

Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гантулга давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаахгүй гэж үзэж байна.

Маргаж буй нөхцөл байдлыг товч авч үзвэл:

  • Баталгаат ипотекийн гэрээг 2014.04.25-ны өдөр хэвлэсэн.
  • Барьцааны зүйлийн өмчлөгчид болох С.Э Д.А нар Я.П 2014.05.01-ний өдөр өөрсдийн өмчлөлийн байрыг “банкны барьцаанд тавих, барьцаалбар үйлдэх, холбогдох баримт бичигт гарын үсэг зурах эрхийг итгэмжлэлээр олгосон,
  • Баталгаат ипотекийн гэрээг 2014.05.02-ны өдөр Улсыг Бүртгэлд бүртгүүлж барьцааны эрх үүссэн.

1. Гэрээ 2014.04.25-ны өдрөөр огноотой хэдий боловч гэрээг өмчлөгч нараас итгэмжлэл олгогдсны дараа өдөр Улын бүртгэлд бүртгүүлсэн ба энэ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3 дахь хэсэгт заасанчлан бичгээр хийх улсын бүртгэлд бүртгүүлэхээр хуульд заасан хэлцлийг ийнхүү бүртгүүлснээр хүчин төгөлдөр болсонд тооцох тул гэрээг эрхгүй этгээд байгуулсан гэж үзэхгүй бөгөөд баталгаат ипотекийн гэрээ хүчин төгөлдөр болсон. Шүүх уг нөхцөл байдлыг үндэслэх хэсэгт “хэдийгээр ...бүртгүүлснээр дээрх гэрээ хүчин төгөлдөр болж байгаа мэт боловч итгэмжлэл олгохоос өмнө ... гарын үсэг зурсан” гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 43, 166 дугаар зүйлүүдийг буруу хэрэглэж гарын үсэг зурснаар, эсхүл бүртгүүлсэнээр гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөл бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүйгээс гадна ийнхүү дүгнэлт гаргасан байдал нь шүүх нотлох баримтуудыг үнэн зөв үнэлж чадаагүй. Иймээс шийдвэр үндэслэл бүхий гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Учир нь а/ Хас банк 05 сарын 02-ны өдөр, харин Я.П 04 сарын 25-нд гэрээнд гарын үсэг зурсан гэж тус тус тайлбар гаргасан ба Я.П өөрийн тайлбараа нотлох ямар нэгэн юм гаргаагүй байхад 2 ижил түвшний тайлбарын нэгийг нөгөөгөөс нь давуу үнэлсэн байна. Мөн Я.П болон нэхэмжлэгч С.Э нар ойрын хамаатан садан гэдэг нөхцөл байдал шүүх хуралдааны явцад илэрхий болсон байхад талуудын ашиг сонирхлын нөхцөл байдлыг харгалзахгүйгээр Я.П тайлбарыг нотлох баримтаар үнэлсэн.

2. Баталгаат ипотекийн гэрээнд зөвхөн С.Э нэр бичигдсэн Д.А нэр байхгүй гэдэг үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-ийн дагуу зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй  байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд нэр бичигдсэн өмчлөгчид болох С.Э, Д.А нар хоёулаа 2014.05.01-нд Я.П хөрөнгийг “банкны барьцаанд” тавих эрхийг олгосон итгэмжлэл хэрэгт авагдсан. Шүүх хуралдааны явцад мөн тийнхүү итгэмжлэл олгосон ба Хас банкнд барьцаалах гэж байгаа гэдгийг нь мэдэж байсан гэдгээ хэлж хүлээн зөвшөөрсөн. Энэ байдлаараа өөрсдийн өмчлөлийн байрыг барьцаалуулахыг зөвшөөрсөн. Уг эрхийг Я.П олгосон гэдэг хүсэл зориг нь нотлогдож байхад үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 10.1, Иргэний хуулийн 56.1.8-ийг тус тус үндэслэн баталгаат ипотекийн гэрээг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

 Хоёр өмчлөгчийн хоёулангийнх нь өгсөн итгэмжлэл байсаар байтал Я.П зөвшөөрөлгүйгээр гэрээ байгуулсан, Д.А зөвшөөрөл өгөөгүй гэж үзэх нь өөрөө нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт зааснаар “гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна” гэж заасан бөгөөд барьцааны гэрээнд хөрөнгийг бүх өмчлөгчийн зөвшөөрөл эсвэл итгэмжлэлийг гэрээнд хавсаргах байдлаар гэрээг байгуулдаг. Өөрөөр хэлбэл барьцааны гэрээг төлөөлөн байгуулж байгаа этгээдийн нэрийг гэрээнд тусгадаг бөгөөд дундаа хэсгээр бус хамтран өмчлөж байгаа этгээд хамтран өмчлөгчийн хувьд зөвшөөрлөө олгосон бол нэрийг бичих ёстой гэж үзэх хууль зүйн үнэдслэлгүй юм. Энэ тохиолдолд дээрх байдлаар гэрээ хууль зөрчсөн, нийцээгүй мөн өмчлөгчдийн эрх ашгийг зөрчсөн зүйл үгүй билээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж чадаагүй тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Учир нь хэргийн материалаас үзэхэд: нэхэмжлэгч С.Э, Д.А нар нь Х б Чойр салбар болон Я.П нарт холбогдуулан хариуцагч нарын хооронд байгуулагдсан “1120010268-01 тоот баталгаат ипотекийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч С.П нь нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан,

харин хариуцагч Х б Ч с нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч марган, хариуцагч Я.П нэхэмжлэгч С.Э, Д.А нараас холбогдох хуулийн дагуу нотариатаар гэрчлүүлсэн “итгэмжлэл” авч ирсний дараа буюу 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 1120010268-01 тоот баталгаат ипотекийн гэрээнд гарын үсэг зурж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, үүний дараа зээл олголтыг хийсэн, ипотекийн гэрээ нь улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болдог гэж тайлбарлажээ.   

Нэхэмжлэгч С.Э, Д.А нар нь 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Я.П 000072144 улсын бүртгэлийн дугаартай, Y  тоот гэрчилгээтэй  кв.м,  өрөө бүхий өөрсдийн өмчлөлийн орон сууцыг “банкны барьцаанд тавих, барьцаалбар үйлдэх, холбогдох баримт бичигт гарын үсэг зурах” эрхийг “итгэмжлэл”-ээр  олгосон, мөн Я.П нь Х б Чойр салбартай  “зээлийн гэрээ” байгуулсан, тус банкнаас зээл авсан зэрэг үйл баримтын талаар хэн аль нь маргахгүй байна.

Хариуцагч Я.П нь Х б Ч салбартай 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гэсэн “огноо”-той “зээлийн гэрээ” байгуулсан болох нь хэрэгт авагдсан  № 1120010268 тоот “зээлийн гэрээ”, “зээл эргэн төлөлтийн хуваарь” зэргээр тогтоогдож байна. /хх-29-32/

Нэхэмжлэгч нар нь 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Я.П олгосон “итгэмжлэл”-д  гарын үсэг зурж, мөн өдрөө нотариатаар гэрчлүүлсэн, уг итгэмжлэлд дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд нэхэмжлэгч нарын нэр бичигдсэн, энэ нь тэдний өмч гэдэгт талууд маргаагүй байна. /хх-36,37/

Энэхүү “итгэмжлэл”-ийн үндсэн дээр х б, Я.П нарын хооронд Барьцаалбар № 1076 болон 1120010268-01 тоот Баталгаат ипотекийн гэрээ байгуулагдсан,  талуудын гарын үсэг зурагдсан,  эдгээр гэрээг мөн өдөр буюу 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж тэмдэглэгээ хийгдсэний улмаас мөн өдөр зээл олгох  зөвшөөрөл олгогдож, 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч Я.П дансанд зээлийн 50 000 000 төгрөгийн гүйлгээ хийгдэж  шилжүүлэгдэж орсон  байна.

Энэ нь  хэрэгт авагдсан барьцаалбар /хх-22/, 1120010268-01 тоот баталгаат ипотекийн гэрээ/хх-25/, хариуцагч Я.П дансны хуулга /хх-38/, зээл олголтын зөвшөөрөл/хх-39/,  эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг/хх-66/ зэргээр тогтоогдож байна.

          

Хэдийгээр “1120010268-01 тоот баталгаат ипотекийн гэрээ”-нд 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр  гэсэн “огноо “ бичигдсэн байгаа боловч уг гэрээнд  2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр улсын бүртгэлийн тэмдэглэгээ хийгдсэн байх тул үүнийг “итгэмжлэл”  олгогдсоны дараа хийгдсэн ажиллагаа гэж үзэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт “барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно” гэж заасны дагуу  Я.П нь нэхэмжлэгч нарын 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр олгосон “итгэмжлэл”-ийн үндсэн дээр тэдний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн авсан зээлийн гэрээний барьцааны зүйл болгосноор Х б Чойр салбарт барьцааны эрх үүссэн байна.

Мөн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д “барьцааны гэрээг бичгээр байгуулна”, хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-д  “Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ”, 166.2-т ”...үүрэг гүйцэтгүүлэгч хуульд заасан журмын дагуу ипотекийг бүртгүүлнэ”, хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д “улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ”,  Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ”  гэж тус тус заасан.

Дээрх  хуулиудад заасан шаардлагын дагуу  хариуцагч Х б Ч с болон Я.П нарын хооронд бичгээр байгуулагдсан 1120010268-01 тоот баталгаат ипотекийн гэрээ болон барьцаалбар зэргийг  нэхэмжлэгч нараас “итгэмжлэл” олгодсоны дараа буюу 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн тэмдэглэгээ хийгдсэн байх тул  баталгаат ипотекийн гэрээ болон барьцаалбар зэрэг нь хуулийн хүчин төгөлдөр болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Я.П зээл олгох зөвшөөрөл олгогдож, мөн өдөр түүний дансанд гүйлгээ хийгдсэн байх тул энэ өдрөөс түүнд зээлийг олгосон гэж  тооцсон нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болон хэргийн 29 дүгээр талд авагдсан зээлийн гэрээний 1.5 дахь заалттай нийцэж  байна. 

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч болон хариуцагч Я.П нарын тайлбараас үзэхэд өөрсдийн өмчлөлийн орон сууцыг барьцаалах эрх олгогдоогүй байхад банк болон Я.П нар гэрээ байгуулж, орон сууцыг барьцаалсан, мөн 1120010268-01 тоот баталгаат ипотекийн гэрээнд Д.А нэр, хаяг холбогдох мэдээлэл байхгүй байхад уг гэрээг улсын бүртгэл бүртгэсэн, уг гэрээний огноо нь 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гэж бичигдсэн ба  энэ нь “итгэмжлэл” олгохоос өмнө хийгдсэн ажиллагаа гэж  нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байх боловч  нэхэмжлэгч нар 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Я.П “итгэмжлэл” олгосон/хх-36/, уг итгэмжлэлийг үндэслэн 1120010268-01 тоот баталгаат ипотекийн гэрээ болон барьцаалбар зэрэгт Я.П гарын үсэг зурсан, мөн 2014 оны 05 дугаар сарын 02-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн тэмдэглэгээ хийгдсэн, мөн өдөр зээл олгох зөвшөөрөл олгогдож,  улмаар Х б Чойр салбар нь Я.П  түүний хүссэн хэмжээний зээлийг 2014 оны 05 дугаар сарын 02-ний өдөр олгосон зэрэг үйл баримт  нь 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 02-ний өдрийн хооронд болсон байх тул нэхэмжлэгч талын “1120010268-01 тоот баталгаат ипотекийн гэрээ”-г  зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн, хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэх нөхцөл байдал  тогтоогдохгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх нь хариуцагч Я.П “итгэмжлэл” олгогдсоны дараах үйл баримт болон хэрэгт авагдсан 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн бичгийн баримтуудад дүгнэлт хийлгүйгээр хариуцагч Х б Ч салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбараа нотлох баримтаар нотолж чадаагүй гэж үзсэн нь  учир дутагдалтай байна.

Иймд хариуцагч Х б Ч с давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

.

Харин нэхэмжлэгч /үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч/ нар нь Иргэний хуулийн 172 дугаар зүйлийн 172.6 дахь хэсэгт зааснаар барьцаагаар хангагдах үүргийг  хангавал хариуцагч нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ дуусгавар болж, барьцааны зүйл болох орон сууц барьцаанаас чөлөөлөгдөхөөс гадна нэхэмжлэгч нар нь өөрт учирсан хохирлыг холбогдох этгээдээс шаардах эрхтэй.

Түүнчлэн хариуцагч Я.П зээлийн гэрээний үүргээ биелүүлэх, эсхүл нэхэмжлэгч нар түүний өмнөөс үүргийг гүйцэтгэх аль ч тохиолдолд шүүхийн бус журмаар хариуцагч Х б Ч с эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэхийг шаардах эрх нэхэмжлэгч нарт үүснэ.

Мөн Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.8 дахь хэсэгт зааснаар барьцаагаар хангагдах шаардлагыг үүрэг гүйцэтгэгч болон гуравдагч этгээд /барьцаалуулагч/-ийн хөрөнгөөр нэгэн зэрэг хангахаар бол уул шаардлагыг үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгөөр эхэлж хангуулах шаардлагыг барьцаалуулагч  /нэхэмжлэгч нар/ үүрэг гүйцэтгүүлэгчид /Хас банкны Чойр салбар/  тавих эрхтэй.    

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 -т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1.Говьсүмбэр аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ний өдрийн 134/ШШ2017/00048 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х б Ч с нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ТЭГШСУУРЬ

                                                ШҮҮГЧ                                   Х.БАЙГАЛМАА

                                               ШҮҮГЧ                                    Н.БОЛОРМАА