Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 704

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Борчулууны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2017/00221 дугаар шийдвэртэй, Х.Борчулууны нэхэмжлэлтэй, Ө.Буянбаатарт холбогдох,

 

Хүү Б.Өсөх-Оргилын сургалтын зардал 3 090 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Буянбаатартай гэр бүл болж, хүү Б.Өсөх-Оргил 1999 онд төрсөн боловч 2003 онд салснаас хойш хүүгээ өөрийн асрамжинд өсгөж хүмүүжүүлсэн. Түүнээс хойш хүүхэдтэйгээ уулздаггүй, тэжээн тэтгэдэггүй байсан тул 2012 онд шүүхээр хүүхдийн тэтгэлэг тогтоолгон тэтгэлэг авдаг болсон. Хүү маань 2016 оны 6 дугаар сард ерөнхий боловсролын сургууль төгсөн, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн цахилгааны инженерийн ангид элсэн орж суралцаж байгаа. Ө.Буянбаатарт хүүхдийн сургалтын төлбөрийг төлөх талаар утсаар хэлсэн боловч ямар нэгэн туслалцаа үзүүлээгүй учир 2016-2017 оны 1 дүгээр курсын оюутны сургалтын төлбөрийн 3.090.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ө.Буянбаатар нь эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, хүүхдээ харж 2016 оны 6 дугаар сараас хойш ажил эрхлэхгүй байгаа. Ажил хийж байх хугацаандаа цалингийн зээл авч төлж барагдуулж чадаагүй байна. Хүү Б.Өсөх-Оргилын хүүхдийн тэтгэлгийг төлж барагдуулж дууссан. Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 48 дүгээр зүйлийн 48.1-д зааснаар сургалтын төлбөр нэхэмжилж байна. Энэ хуулиар онцгой нөхцөл байдал тохиолдсон, сургуульд орсон гэдгийг Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны зөвлөмжөөр тайлбарласан. Мөн хүү Б.Өсөх-Оргил нь 2017 оны 1 дүгээр сарын 11-ны өдөр насанд хүрсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө.Буянбаатараас сургалтын төлбөрийн 1 545 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Борчулуунд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1 545 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64 390 улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Ө.Буянбаатараас 39 670 төгрөгийг гаргуулж Х.Борчулуунд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй, хэт нэг талыг барьж хуулийг буруу хэрэглэж, нотлох баримтуудыг дутуу үнэлж шийдвэрлэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Хариуцагчаас хүү Б.Өсөх-Оргилын хүүхдийн тэтгэлгийг 18 нас хүртэл сайн дураараа тогтмол төлж барагдуулан дууссан бөгөөд 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүүхэд насанд хүрсэн.

Хариуцагчийн хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй, өрхийн орлого байхгүй, 2-7 настай буюу бага насны 2 хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг гэдгээ нотлож хуульд заасан нотлох баримтыг шүүхэд гаргасан байхад үүнд дүгнэлт өгөлгүйгээр миний хоёр хүүхдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна. Шүүхийн шийдвэрт Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэж дүгнэсэн.

Гэтэл УДШ-ийн Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлд заасныг тайлбарласан 46 дугаар тогтоолыг авч үзэлгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн сурч боловсроход гарсан зардлыг түүний эцэг, эх адил тэнцүү хариуцах үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байх тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Х.Борчулуун нь хариуцагч Ө.Буянбаатарт холбогдуулан хүү Б.Өсөх-Оргилын 2016-2017 оны оюутны сургалтын төлбөр 3 090 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч 2017 оны 1 дүгээр сарын 11-нд хүү Б.Өсөх-Оргил насанд хүрсэн, цалин орлогогүй гэх үндэслэлээр маргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараас үзвэл нэхэмжлэгч Х.Борчулуун нь хүү Б.Өсөх-Оргилын сургалтын төлбөрт 3 090 000 төгрөгийг Шинжлэх ухааны технологийн их сургуулийн Эрчим хүчний сургуульд хоёр удаагийн төлөлтөөр төлж байсан үйл баримт Голомт банкны орлогын мэдүүлгээр тогтоогдсон, энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв гэж үзнэ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу дээрх төлбөрийн тал хувь болох 1 545 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1. хүүхэд төрснөөр эцэг эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх, 26 дугаар зүйлийн 26.1. эцэг эх үр хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээх үндэслэлийг зохицуулсан заалтуудтай нийцэж байна.

 

Мөн дээрх төлбөр нь хүүхдийг 18 нас хүрэхээс өмнө гаргасан зардал байх тул шүүх Хүүхдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх хэсэгт заасанд үндэслэн эцэг, эхийн үүргийг тодорхойлсныг буруутгах боломжгүй юм.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах болон давж заалдах гомдлын үндэслэлээ Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон, нэмэлт тэтгэлэг гаргуулах үндэслэл бий болоогүй гэж тайлбарлах боловч тэжээн тэтгүүлэгч хүүхэд сургуульд орсон үйл явдал нь түүний мөнгөний хэрэгцээг нэмэгдүүлж буй нөхцөл учир хуулийн дээрх заалтад хамаарна.

 

Нөгөө талаар хариуцагчид дээрх төлбөрийн зарим хэсгийг хариуцуулан шийдвэрлэснээр түүний бага насны хоёр хүүхдийн эрх ашигт ноцтойгоор нөлөөлнө гэж үзэх боломжгүй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2017/00221 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 39 670 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Б.НАРМАНДАХ

 

                                                                                                Т.ТУЯА