Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2017/01754/и

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 19 өдөр          Дугаар 101/ШШ2017/01752           Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Л.Д-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Н-т холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 14.066.339 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Д, хариуцагч Б.Н өмгөөлөгч П.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Миний бие Б.Н-тэй 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах MGL буюу хуучнаар Монгол караокены 265 м.кв талбайн тохижилт болох 10 vip өрөөний бүтэц зохион байгуулалт иж бүрэн тоног төхөөрөмж, агааржуулалт, камерын систем, коридорын тохижилт, гэрэлтүүлэг, хаяг реклам, үүдний хэсэг, камерын өрөөний тохижилт, гаднах талбайн тохижилт, аюулгүй байдал иж бүрэн камержилт, хаяг, реклам гэрэл гэх мэт өртөг шингэсэн биет зүйлсийг үзэж харан харилцан тохиролцож, худалдах худалдан авах гэрээг Б.Н өөрийн гараар бичиж гэрээ байгуулан гарын үсэг зурсан билээ. 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 25.933.661 төгрөг авсан бөгөөд үлдэгдэл 14.066.339 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өгч дуусгана гэсэн боловч өгөх хугацаандаа өгөхгүй зугтааж, утсаа авахгүй уулзахгүй хариу мессэж өгөхгүй байсаар нэг уулзтал мөнгийг чинь өгч чадахгүй шүүхдээ өг гэсэн. Үлдэгдэл мөнгөө авах гэж өдий хүртэл хүлээж хөөцөлдсөн боловч авч чадахгүй байгаа тул хариуцагч Б.Н-ээс үлдэгдэл 14.066.339 төгрөгийг гаргуулж өгнө үү. Энэ 14.066.339 төгрөгөөс 2015 оны 09 дүгээр сард төлөгдсөн 6.000.000 төгрөгийн 1.000.000 төгрөгийг хасч тооцон 13.066.339 төгрөг нэхэмжилж байна” гэв.  

 

Хариуцагч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Л.Д-ээс 40.000.000 төгрөгөөр караоке худалдаж авах болсон. Үүний 30.000.000 төгрөг тохижилт, 10.000.000 төгрөг тусгай зөвшөөрөл гэж хэлсэн. Яагаад гэвэл биет хөрөнгө нь 40.000.000 төгрөг хүрэхгүй байсан. Нотариат ороод гэрээгээ баталгаажуулъя гэсэн боловч тусгай зөвшөөрөл нь өөр хүний нэр дээр тухайн тоног төхөөрөмж нь 30.000.000 төгрөгт хүрж байгаа гэдгээ батлах ёстой гэсэн тул баталгаажуулж чадаагүй. Нийт банкны баримтаар 27.100.000 төгрөгийг өгсөн үлдсэн 2.900.000 төгрөгийг бэлнээр өгөөд 30.000.000 төгрөг болсон. Тусгай зөвшөөрлийн 10.000.000 төгрөгийг бид өгөхгүй гэж бодож байгаад нэхээд байхаар нь 6.000.000 төгрөг шилжүүлсэн. Энэ хүн 6.000.000 төгрөгийг миний барьцааны мөнгө гээд байгаа. Барьцааны мөнгийг Болормаа гэдэг хүний данс руу тусдаа шилжүүлсэн баримт байгаа. Хоёр караокег нэг тусгай зөвшөөрлөөр ажиллуулах боломжгүй байсан. Цагдаа нар болохгүй гээд байдаг. Тэгээд бас тусгай зөвшөөрөл нь эх хувиараа караоке дээр байх ёстой тул эдний тусгай зөвшөөрлийг ашиглах боломжгүй байсан. Хажуу тал тусгай зөвшөөрлийг ашиглаж байгаад хураалгавал бид хохироод үлдвэл яах вэ гэхээр тийм юм болохгүй, би хариуцна гэсэн яриа нь утасны бичлэгт байгаа. Цагдаа ирэх болгонд л энэ хүн рүү утасдаад байх боломжгүй байсан тул тусгай зөвшөөрөл гаргуулсан. Энэ хүн зурагт, микорофон, нойл авч өгнө гээд авч өгөөгүй. Энэ нь 3.000.000 төгрөг, мөн зурагт, микрофон, суултуур авсан мөнгө нь 1.000.000 гаруй төгрөг болсон. Үлдэгдэл 4.000.000 төгрөгт би тусгай зөвшөөрөл, зурагт, нойл авсан учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч Л.Д нь хариуцагч Б.Н-т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 14.066.339 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь  2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 1.000.000 төгрөгийг хасч, 13.066.339 төгрөг нэхэмжилнэ гэж тайлбарлаж байна.

 

          Хариуцагч Б.Н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нэхэмжлэгч Л.Д нь хариуцагч Б.Н-т Чингэлтэй дүүрэг, Энхтайван найрамдлын ордны зүүн хойд хэсэгт байрлах MGL буюу хуучнаар Монгол караокены тохижилт /265 м2/-ийг 40.000.000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцжээ /хх-4/.

 

 Зохигчид дээрх гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээ байгуулагдсан талаар маргаагүй бөгөөд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

 

Худалдах, худалдан авах гэрээний 2 дахь хэсэгт гэрээ байгуулсан өдөр 25.933.661 төгрөг төлөгдсөн, үлдэх 14.066.339 төгрөгийг дараах байдлаар буюу 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 4.066.339 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 10.000.000 төгрөг төлөхөөр талууд харилцан тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний дээрх нөхцөлийн дагуу 13.066.339 төгрөгийг төлөөгүй гэж нэхэмжилснийг хариуцагч татгалзаж, 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 6.000.000 төгрөг төлсөн, мөн тусгай зөвшөөрөл 2.250.000 төгрөгөөр гаргуулсан, гэрээнд заасан телевизор, микрофон нэмэх, ком суултуур авч өгөх үүргээ биелүүлээгүй тул эдгээрт 1.920.000 төгрөг зарцуулсан, үлдсэнийг бэлнээр 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн гэж маргаж байна.

 

Хариуцагчаас нэхэмжлэгчид 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 6.000.000 төгрөгийг “МGL караоке тохижилт тусгай зөвшөөрөл худ.ав. үнэ” гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн болох нь Голомт банкны орлогын мэдүүлгээр нотлогджээ /хх-40/.

 

Нэхэмжлэгч дээрх төлбөрийн 5.000.000 төгрөгийг хариуцагчаас “Б констракшн” ХХК-д төлөх ёстой барьцааны төлбөрт миний барьцааг шилжүүлсэн учир надад барьцааны төлбөр төлсөн гэж маргасан ба хариуцагч өөрийн барьцааг тусдаа төлсөн гэж татгалзсан.

 

Зохигчдын байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 3 дахь хэсэгт “2015.09.11-нд Б ХХК-ийн түрээсийн менежер Б-тай гэрээ байгуулж түрээсийн барьцаа болох 5.860.000 төгрөгийг Б констракшн компанийн дансанд байршуулна” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгчээс өмнө байршуулсан барьцааны төлбөрийг хариуцагчийн төлөх барьцаанд шилжүүлэх талаар талууд тохиролцсон гэх үзэхээргүй байна.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан “Б констракшн” ХХК-ийн тодорхойлолтод “Л.Д нь Б.Н-т түрээсийн барьцаа болох 5.204.000 төгрөгийг шилжүүлсэн байна”, мөн харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүй гүйлгээ баримтад “2015/10/31 түрээсийн барьцаа Нарантуяа руу шилжүүлэв өргөдлийн дагуу, 5.204.000”, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ баримтад “2016.05.31 гэрээ цуцлав барьцаагаар авлага хаав 5.204.000” гэсэн бичилтүүд хийгдсэн байх боловч /хх-89, 91, 93/ уг барьцааны нөхцлийг тодорхойлсон түрээсийн гэрээг шүүхэд гаргаагүйгээс хэн, хэдэн төгрөг ямар нөхцлөөр байршуулсан нь тодорхойгүйн дээр нэхэмжлэгч нь MGL, IBIZA хоёр караоке эзэмшиж байсан байх тул аль караокены барьцаа гэж үзэх нь ойлгомжгүй, мөн Н Нарантуяа гэх зэргээр нэр зөрүүтэй байна /хх-92/.

 

Түүнчлэн хариуцагч нь 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр түрээсийн менежер Б-д барьцаа 2.900.000 төгрөг төлсөн гэж мэтгэлцэж, Хаан банкны орлогын мэдүүлгийг шүүхэд гаргасан байна /хх-118/.

 

Дээрх баримтуудыг харьцуулан үзэхэд “Б констракшн” ХХК-тай нэхэмжлэгч Л.Д-ийн өмнө байгуулсан түрээсийн гэрээ, мөн хариуцагч Б.Н-ийн сүүлд байгуулсан түрээсийн гэрээ аль аль нь тусдаа бие даасан гэрээний харилцаа бөгөөд талууд эдгээр гэрээний барьцааг өөр хоорондоо шилжүүлэх талаар харилцан тохиролцсон байдал шүүхэд баримтаар тогтоогдохгүй байх тул шүүх уг асуудлыг маргаан бүхий худалдах, худалдан авах гэрээнд хамааралгүй гэж дүгнэв.

 

Иймд дээр дурдсан 6.000.000 төгрөг /нэхэмжлэгч үүнээс 1.000.000 төгрөгийг гэрээний төлбөрт тооцсон/ худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлөгдсөн гэж үзэх үндэстэй.

 

Зохигчид худалдах, худалдан авах гэрээний дагуу караокены тохижилтийн хамт тусгай зөвшөөрөл шилжүүлэх эсэх, тусгай зөвшөөрөл гэрээний үнэд багтах эсэх, түүнчлэн зарим эд зүйл /микрофон, телевизор, ком жорлон/ нэмж өгсөн эсэх талаар маргаж байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу худалдагч нь хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээх ба гэрээний 4 дэх хэсэгт “тусгай зөвшөөрлийн хугацааг дуустал нэр шилжүүлэхгүйгээр ашиглуулна, хугацаа дууссаны дараа дахин сунгуулж өөрийн нэр дээр авна”, 6 дахь хэсэгт заасан “зурагт нэмэх, микрофон нэмэх, ком 00 авч өгөх”  гэж тус тус заажээ.

 

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас ирүүлсэн баримтаар Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайван найрамдлын ордны зүүн талд байршилтай баар /караоке/-нд спиртийн өндөр болон сул агууламжтай  согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг “С уул” ХХК /захирал Г.О/ эзэмшдэг байх /хх-144/ бөгөөд нэхэмжлэгч уг тусгай зөвшөөрлийг хариуцагчид хэрхэн шилжүүлсэн, ашиглуулсан нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч Б.Н нь нэхэмжлэгч тусгай зөвшөөрөл шилжүүлээгүй, ашиглуулаагүйгээс өөрөө хөөцөлдөж тусгай зөвшөөрөл авсан гэж тайлбарлаж, “С” ХХК-д 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр олгогдсон  спиртийн өндөр болон сул агууламжтай  согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл, мөн тусгай зөвшөөрлийн үнэ 2.250.000 төгрөг төлсөн баримтыг тус тус шүүхэд гаргасан /хх-27, 120/

 

Иймд дээрх баримтуудаар нэхэмжлэгчийг гэрээнд заасны дагуу худалдсан хөрөнгөтэй холбоотой баримт бичиг буюу караокены тусгай зөвшөөрлийг хариуцагчид шилжүүлээгүй гэж дүгнэх үндэстэй байх тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас тусгай зөвшөөрлийн үнэд төлсөн 2.250.000 төгрөгийг худалдах, худалдан авах гэрээний үнээс хасч тооцох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Л.Д нь 2 ширхэг микрофон засуулсан, 2 ширхэг микрофон, 1 ширхэг жорлон худалдан авсан баримтуудыг, хариуцагч Б.Н нь 4 ширхэг микрофон, 2 ширхэг LCD телевизор, 1 ширхэг жорлон худалдан авсан баримтуудыг тус тус шүүхэд гаргасан /хх-76, 77, 78, 116, 117, 119, 148, 149/.

 

Худалдах, худалдан авах гэрээнд зааснаар дээрх эд зүйлийг нэхэмжлэгч шилжүүлэх үүрэгтэй ба нэхэмжлэгч хэдийд, хэрхэн хариуцагчид хүлээлгэн өгснөө шүүхэд баримтаар нотлоогүй байна.

 

Тиймээс хариуцагчийн баримтуудыг үндэслэн микрофоны үнэд 300.000 төгрөг, LCD телевизорын үнэд 1.460.000 төгрөг, жорлон 160.000 төгрөг, нийт 1.920.000 төгрөг төлснийг гэрээний үнээс хасч тооцох үндэслэлтэй.

 

Хариуцагч Б.Н нь гэрээний үлдэх төлбөрийг бэлнээр төлсөн гэх боловч хэдийд, хэрхэн төлснөө шүүхэд баримтаар мөн нотлоогүй. Гэрээнд 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар 30.000.000 төгрөг төлөгдсөн тухай бичсэн байх боловч дээр үнэлж дүгнэсэн төлбөрийн баримт, зарлагын баримтуудаар тогтоогдсон үйл баримт, хариуцагчийн өөрийнх нь тайлбараар үгүйсгэгдэж байна.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар хуурцаг /CD/ гаргаж үзлэг хийлгэсэн ба худалдах, худалдан авах гэрээ байгуулах талаар, түүнчлэн дутуу эд зүйл, тусгай зөвшөөрөл ашиглах, шилжүүлэх, төлбөр тооцоо хийх талаар хариуцагч Б.Н-ийн нөхөр Б-тэй ярьсан яриа бичигджээ. Тус бичлэгийг хариуцагч үгүйсгээгүй ба цаг хугацааны хувьд, төлбөр тооцоо хийхээс өмнө ярьсан гэж тайлбарлаж байна. Бичлэгээр тухайн ярианы агуулгыг тодорхойлж болох ч хэдийд ярьсныг тогтоох боломжгүй тул шүүх бусад бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбартай харьцуулж үнэлсэн болно.

 

Дээр дурдсаныг үндэслэн шүүх хариуцагч Б.Н-ээс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3.896.339 /13.066.339-5.000.000-2.250.000-1.920.000/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Д-д олгох үндэстэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Н-ээс 3.896.339 /гурван сая найман зуун ерэн зургаан мянга гурван зуун гучин есөн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9.170.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228.282 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н-ээс 77.291 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Д-д олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЗОЛЗАЯА