Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 594

 

       

 

 

    2020         09           21                                   2020/ШЦТ/594

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                   Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

                  шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтөлж,

                  улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Отгонсүрэн,

                  хохирогч Н.А-, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа,

                шүүгдэгч Г.С-, түүний өмгөөлөгч З.Маргад нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

             Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Г-ын С-д холбогдох эрүүгийн 1910029290000 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1993 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, кино найруулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 22-00 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б- овогт Г-ын С-

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.С- нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Б” спортын ордны гадна согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Н.А-гийн нүүрэнд гараараа цохиж, толгойгоороо мөргөх зэргээр хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, дух, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.С- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2019 оны 12 дугаар сарын 12-нд би Б-д байрлах спорт цогцолборт байгууллагынхаа шинэ жилд оролцсон. Би дээд давхарт 250 граммын аягаар 4 удаа пиво уусан. Манай  найз шагнал авсан гээд хороолол руу түрүүлж яваад “намайг хүрээд ирээч” гээд дуудсан. Шинэ жилийн арга хэмжээ тараад шөнийн 00 цагийн үед шатны хажууд Баасанжав, Үнэнтөгс 2 маргалдаж байсан. Н-, Б-, П- бид нар хамт явж байтал нэг хүн Б-ыг дуудаад аваад явсан. Б-, А-тай маргалдаж байхад нь түрүүлж явах гээд хойд зүг рүү алхсан. Араас А- нэг залуутай хамт Б-тай хэрэлдээд явж байсан. А- “бид нарыг ажлаас чинь халуулна” гэж хэлээд маргасан. Тэгтэл Э- залгаад дуудаад байхаар нь таксинд суусан. Би П-, Н- нарын хамт сууж байтал Б- ирсэн. Ө-ыг суулгаадахъя гэж хэлсэн. Тэгээд бид нар хамтдаа хороолол руу явсан... гэв.

 

Хохирогч Н.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ болж 20 цагаас босоо хүлээн авалт хийсэн. Шинэ жилийн арга хэмжээ шөнийн 00 цагийн үед тарсан. ... Б- нь “Ө- чинь манай дүү шүү” гэхээр нь би “танай дүү байхаар яадаг юм бэ” гээд Б- бид хоёр маргалдсан. Тэгтэл Ө- нь 3-4 залуу дагуулж ирсэн ба тэдгээрийн нэг болох С- гэгч нь “чи манай ахыг Б- гэдэг хэн бэ” гээд миний нүүр рүү гараараа 1 удаа цохиж, 1 удаа мөргөсөн... гэв.

 

Эрүүгийн 1910029290000 дугаартай хэргээс:

 

Хохирогч Н.А-гийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 4-5-р хуудас/,

Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 20-21-р хуудас/,

Хохирогч Н.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-26-р хуудас/,

Гэрч М.Ө-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,

Гэрч П.Б-ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/,

Гэрч Н.Баасанжавын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-36-р хуудас/,

Гэрч Ж.П-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/,

Гэрч Н.С-гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/,

Гэрч Б.Т-ий мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/,

Гэрч Ч.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/,

Гэрч Д.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 315 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54-56-р хуудас/,

Шүүгдэгч Г.С-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 66-67-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Б.Нямхишигийн мэдүүлэг /хх-ийн 51-52/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 73/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 74/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 75/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 76/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.С-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч Г.С- нь 2019 оны 12 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Б” спорт цогцолборын гадна согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Н.А-гийн нүүрэнд гараараа цохиж, толгойгоороо мөргөх зэргээр зодож хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, дух, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн гэмтлийг санаатай учруулсан болох нь:

Хохирогч Н.А-гийн “...2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 17 цагаас Б спортын ордон дээр манай “А-” ХХК-ийн шинэ жилийн баярын арга хэмжээ эхэлсэн. Шинэ жилийн арга хэмжээ тарах гээд шөнийн 00 цаг өнгөрч байхад би хамт ажилладаг байсан Н.Баасанжав ахтай шатан дээр таараад юм яриад зогсож байтал М.Ө- гэгч залуу намайг “энэ хэн бэ, яах гэж байгаа юм бэ” гэсэн. Тэгтэл Н.Баасанжав ах түүнд хандан “надтай цуг ажилладаг байсан, дүү байгаа юм аа” гэсэн. Тэгэхээр нь би тоглоод Н.Баасанжав ахыг “бид хоёрын хэн нь сайн дүү чинь юм бэ” гэхэд М.Ө- намайг заамдаж авахаар нь би ч гэсэн түүнийг заамдсан. Тэгтэл Н.Баасанжав, Б.Т- ах болон тухайн ордны харуул бид хоёрыг салгасан. Энэ үед М.Ө- гэгч нь намайг пивоны шилээр цохих гэж байгаад шилээ газар унагаасан. Тэгтэл шил нь хагарсан бөгөөд М.Ө- намайг түлхэхэд би тэр хагарсан шилэн дээр нь гараараа дарж унасан. Тэгээд би өлгүүр орж хувцсаа авчхаад ордноос гарч явтал М.Ө- ганцаараа зогсож байсан бөгөөд намайг “нааш ир уулзъя” гэхээр нь “чи надтай уулзаж яадаг юм бэ” гээд бид хоёр маргалдаж ордны хашаанаас гарч автомашины зогсоолын ойролцоо очоод дахин заамдалцаж авсан. Энэ үед урд нь надтай хамт ажилладаг байсан П.Б- хүрч ирээд салгасан бөгөөд юу болсон талаар асуухад нь болсон зүйлийг хэлсэн. Тэгтэл П.Б- нь “М.Ө- чинь манай дүү шүү дээ” гэхээр нь би “танай дүү байхаараа яадаг юм” гээд П.Б- бид хоёр маргалдсан. Тэгтэл М.Ө- нь 3-4 залуу дагуулж ирсэн бөгөөд тэдгээрийн нэг буюу Г.С- гэгч нь “чи манай ахыг Б- гэдэг хэн бэ” гээд миний нүүр рүү нэг удаа гараараа цохиж, толгойгоороо мөргөсөн. ...Энэ үед манай ажлын Саруултөгс надтай хамт явсан бөгөөд намайг “за за боль боль, наад хүмүүс чинь олуулаа байна” гэж хэлсэн...” /хх-ийн 20-22, 23-24/ гэх мэдүүлэг,

Гэрч Д.С- мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Шөнийн 02 цагийн үед ордноос гарч яваад үүдэн дээр найз Н.А-тай таарсан бөгөөд тэрээр Б-тай маргалдаад байж байсан. Тэгэхээр нь би Н.А-г аваад явсан. Тэгээд спортын ордны хашаанаас гараад явж байтал Н.А- нь өөрөө буцаж очоод П.Б-тай маргалдсан. Энэ үед П.Б-тай 5-6 залуу хамт байсан бөгөөд Г.С- гэх залуу нь П.Б-ыг өмөөрөөд Н.А-гийн нүүр рүү нэг удаа гараараа цохисон. Тэгэхээр нь “та нар олуулаа байж яаж байгаа юм” гээд Н.А-г аваад явсан...” /хх-ийн 39-40/ гэх мэдүүлэг,

Гэрч Н.Баасанжав мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр манай байгууллагын шинэ жил Б спорт ордонд болсон. Тэгээд 23 цаг өнгөрч байхад шатан дээр Б.Тэмүүлэн, Н.А- хоёртой таарсан бөгөөд энэ үед М.Ө- надаас машинд тавьсан хувцсаа авах гээд хамт зогсож байсан. Тэгтэл Н.А- надаас М.Ө-ыг хэн юм бэ гэж асуухаар нь манай ажлын залуу гэхэд М.Ө-ыг инээгээд байна уу гээд Н.А- нь дайраад байхаар нь би “боль боль” гээд салгасан. ...Нөгөөдөр нь А- фейсбүүкээр залгаж манай ажлын газрынхны шинэ жилээр авхуулсан зургийг харуулж Г.С-, М.Ө- нарын зургийг зааж “хэн хэн гэдэг юм бэ” гэхээр нь би Г.С-, М.Ө- гэж хэлэхэд яасан овоо юм бэ, Г.С- гээд байгаа чинь намайг зодчихлоо шүү дээ, би уулзчихмаар байна, та надад дугаарыг нь өгөөч гэхээр нь би өгөөгүй...” /хх-ийн 34-35, 36/ гэх мэдүүлэг,

Гэрч Н.С-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад миний хүү А- нь шинэ жилдээ явчхаад ирсэн. Хүүгээ ороод ирэхээр нь харахад түүний нүүр битүү хавдчихсан, хувцас нь цус болчихсон байсан. Тэгэхээр нь “юу болсон талаар” асуухад “хүмүүст зодуулсан” гэж байсан. Үүнээс өмнө манай нөхөр Нямдаваа “А-” ХХК-д ажилладаг Тэлмүүн руу залгаж хүүгээ асуусан. Учир нь тухайн үед миний хүү гар утсаа авахгүй байсан. Тэгтэл Тэлмүүн нь “А-  нь энд хүмүүстэй муудалцаад байна лээ” гэж ярьсан байсан. Хүү маань маргааш нь  Баасанжаваас өөрийг нь зодсон хүмүүсийн нэрийг мэдэж авсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №315 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Н.А-гийн биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, дух хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гарын алганы шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.

3. Дээрх зүүн гарын алганы шарх гэмтэл нь ир, ирмэгтэй зүйлийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 54-56/ гэх дүгнэлт,

 

          Шинжээч Б.Ундармаа мөрдөн байцаалтад: “...Н.А-гийн биед учирсан хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, дух хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Нэг байдалд үүссэн, бүгдээрээ хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. ...Зүүн гарын алганы шарх бүхий гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах бөгөөд нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” /хх-ийн 59-60/ гэх мэдүүлэг зэрэг  шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

                 Хэрэгт авагдсан баримтуудыг дүгнэхэд: 2019 оны 12 дугаар сарын 12-ны орой Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Б дахь спорт цогцолборт “А-” ХХК-ийн ажилчид шинэ жилийн баяраа тэмдэглээд гарч явахдаа хохирогч Н.А- нь согтуурсан үедээ М.Ө- болон П.Б- нартай маргалдсан ба энэ маргаанд шүүгдэгч Г.С- нь “Б-ыг өмөөрсөн“ гэх шалтгаанаар хохирогчийн нүүр рүү гараараа цохиж, мөргөж “хамар ясны хугарал, таславчийн мурийлт” бүхий гэмтэл учруулсан  болох нь нотлогдож байна.

               Шүүгдэгч Г.С- нь хохирогч Н.А-гийн нүүрэнд гараараа цохиж, мөргөсний улмаас “хамар ясны хугарал, таславчийн мурийлт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан ба шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн биед учирсан гэмтэл хоёр шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

           Иймд шүүгдэгч Г.С- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

           Шүүгдэгч Г.С-, хохирогч Н.А- нар нь “шинэ жилийн баяр тэмдэглэх” нэрийдлээр согтуурсаны улмаас энэ гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

 

           Шүүгдэгч Г.С-, түүний өмгөөлөгч З.Маргад нар шүүхийн хэлэлцүүлэгт Хохирогч Н.А-гийн биед учирсан гэмтэл нь өөр нөхцөл байдлын улмаас үүссэн байх боломжтой. Иймд Г.С-ыг цагаатгаж өгнө үү хэмээн гэрч М.Ө-,

П.Б-, Ж.П-, Б.Т-, Ч.Г-, Л.Н-,З.Бямбадорж нарын мэдүүлгийг иш татаж мэтгэлцэв.

Хавтаст хэрэг энэ хэргийн талаар:

       1. гэрч М.Ө- мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ : “...2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Н.Баасанжав ахын машинаас гадуур хувцсаа авах гээд хамт заалнаас гарсан. Тэгтэл хоёр залуу таарч Н.Баасанжав ахтай юм ярьсан бөгөөд нэг залуу нь намайг “чи юу юм бэ” гэхээр нь би хамт яваа юм гэхэд “хоёулаа үзэх үү” гээд байсан. Тэгтэл Н.Баасанжав ах “больцгоо” гэж салгачхаад яваад өгсөн. ...Би гадаа үүдэн дээр Н.Баасанжав ахыг хүлээгээд байж байхад над руу томроод дайраад байсан залуугийн ах нь гэх хүнтэй таарахаар нь түүнээс уучлалт гуйсан юм. Ингээд нөгөө залуугаас уучлалт гуйх гэтэл тэрээр над руу агсраад байсан. Тэгтэл П.Б- ах “боль боль, чи яв” гээд намайг явуулсан. Тэгээд Пүүжээ ах намайг Г.С-, Ч.Г-, Л.Н-, Ж.П- нарын хамт таксинд суулгасан...” /хх-ийн 30-31/ гэх мэдүүлэг,

2. Гэрч П.Б- мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ...шинэ жил дуусаж байхад М.Ө- нэг хүнтэй маргалдаад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь заалны коридорт очиход манай эхнэрийн дүү М.Ө- нь надтай урд нь цуг ажиллаж байсан Н.А-тай маргалдаад зогсож байсан бөгөөд хүмүүс тэр хоёрыг салгаж байсан. Би М.Ө-ыг аваад гадаа гарахад Н.А- “наадах чинь хэн юм бэ” гэхээр нь “манай дүү байгаа юм” гэж хэлсэн. Би дүү М.Ө-од хандан “хүмүүстэй битгий маргалд, уучлалт гуй” гэхэд М.Ө- Н.А-гаас уучлалт гуйсан. Тэгэхэд Н.А- нь “чи хэн юм, ажлаас чинь халуулна” гээд агсарсан. Тэгэхээр нь би салгаад М.Ө-ыг цааш нь явуулсан. ...Тэгээд шатаар буугаад явж байтал Н.А- таараад “юм ярья” гэхээр нь уулзтал тэрээр “тэр залуу чинь хэн юм, ямар том юм бэ” гэхээр нь манай эхнэрийн дүү байгаа юм гэсэн. Тэгтэл тэрээр намайг хавирахаар нь би мөрөн дээр нь гараараа дарж үлдээд түүнийг цааш нь түлхсэн. Тэгээд Н.А-тай хамт явсан найзад нь хандан “наад найзыгаа ав” гэж хэлчхээд явсан. Тэгээд би спортын ордны хашааны хаалгаар гараад найз Байцаатай таарахад араас Н.А- татаад “хоёулаа уулзаадахъя” гэхээр нь би түүнтэй хашааны гадна уулзахад тэрээр “чи том болчихсон юм уу, дүү гээд байгаа шээсийг чинь ална шүү” гээд над руу салаавч гаргахаар нь би гарыг нь холдуулж, цааш  түлхсэн. Тэгээд хамт явсан найзад нь “энийгээ ав” гэж хэлсэн. Тэгтэл Ж.П-, Л.Н- хоёр өөдөөс ирээд намайг өмөөрч Н.А-тай Ж.П- хэрэлдээд байхаар нь би тэр хоёрыг аваад цагдаагийн хажууд очиход Ука, М.Ө-, жижиг Пүүжээ, Бямбаа нар байсан. Тэгтэл өмнө нь цуг ажиллаж байсан Анхбаяртай таарсан бөгөөд би түүнд хандан Н.А- намайг ингэлээ гээд болсон явдлыг хэлэхэд тэрээр Н.А-тай уулзчихаад ирсэн бөгөөд Н.А-г нэлээн муудчихаж гэж хэлсэн. Тэгээд Анхбаяр таксинд явахаар болж Бямбаа, Ж.П-, М.Ө-, Г.С- нар суугаад авсан...” /хх-ийн 32-33/ гэх мэдүүлэг,

        3. Гэрч Ж.П-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 12-ны ...шөнийн 02 цаг өнгөрч байхад ордноос М.Ө-ын хамт гараад явж байхад автомашины зогсоолын ойролцоо  П.Б-, Г.С-, Ч.Г- нартай тааралдсан бөгөөд энэ үед одоо зодуулсан гээд байгаа залуу, түүний найз гээд өндөр залуу нар зогсож байсан. Тэгтэл Н.А- гэх залуу нь П.Б-ыг хэл амаар доромжлоод орилоод байсан. Тэгэхээр нь би П.Б-ыг боль боль гээд такси бариад Г.С-, Ч.Г-, М.Ө-, Л.Н- нарын хамт хороолол руу явсан...” /хх-ийн 37-38/ гэх мэдүүлэг,

         4. Гэрч Б.Т-ий мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр манай байгууллагын шинэ жил “Б” спортын ордонд болсон. Шөнийн 00 цаг өнгөрч байхад буюу үйл ажиллагаа тарж байхад би хувцсаа авах гээд өлгүүр рүү явж байхад шатан дээр хуурай дүү А- нь Баасанжав ах, мөн Өөнөө /Ө-/ гэх залуугийн хамт зогсож байсан. А- нь Ө- /Ө-/ гэх залуутай маргалдаад байхаар нь би салгаад аваад явах гэтэл Баасанжав ах “за за энэ хоёр зүгээр байх, хоёулаа явъя” гээд хувцсаа авах гээд явтал шил хагарах чимээ гарсан. Тэгэхээр нь буцаад очиход тэрээр Ө- А- нар заамдалцсан байсан. Би тэр хоёрыг салгатал Ө- гэх залуу цаашаа яваад өгсөн.  Би А-г аваад явж байтал Ө- дахин ирээд маргалдахаар нь түүнийг буцааж явуулсан. Тэгтэл А-тай хамт ажилладаг нэг эмэгтэйтэй таарч А-г түүнтэй хамт ордноос гаргасан. Би араас нь удалгүй гарахад Ө- гэх залуу нэг танихгүй залуугийн хамт ирээд надаас уучлалт гуйгаад явсан. Үүнээс хойш А- болон Ө- гэх залуутай тааралдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/,

5. Гэрч Ч.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр манай байгууллагын шинэ жил “Б” спортын ордонд болж үйл ажиллагаа тарж байхад би ордноос гарч явтал үүдэнд хамт ажилладаг Бямбаатай таарсан бөгөөд тэрээр намайг “энд хороолол явах гэж буй машин байна, чи сууж явахгүй юм уу” гэсэн.  Тухайн үед би нэлээн согтолттой байсан. Бямбаа намайг машинд суулгаж өгсөн. Би тухайн машины жолоочийн хажуу талд суусан. Арын суудал дээр Ө-, С-, П- тэгээд нэг хүн сууж явсан. ...Б-, Баасанжав, Н-, А- болон түүний найз Саруултөгс нарыг яг хаана, ямар байдалтай байсныг нь мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/,

           6. Гэрч З.Бямбадоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 12-ны ...шөнийн 01 цагийн үед би ордноос гарч явахад хашаан дотор Г.С-, Л.Н-, М.Ө- болон манай ажлын газрын залуучууд байсан. Би тэр гурваас өөр хэн хэн байсныг санахгүй байна. Тэгтэл Ч.Г- явж байхаар нь би түүнийг Анхбаярын машинд суулгаж өгөөд явуулсан. Ямар ч байсан би тэд нарт такси олж өгөөд М.Ө-, Г.С-, Ч.Г- нарыг суулгаад явуулсан...” /хх-ийн 47-48/ гэх мэдүүлэг,

  7. Гэрч Л.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 12-ны ...шөнийн 01 цаг өнгөрч байхад би ажлынхаа Г.С-, Ч.Г-, М.Ө-, Н.Баасанжав, Бат-Эрдэнэ, Лхагважав нарын хамт ордноос гарч явсан. Ордны гадаа Г.С-, Ж.П- нарын хамт явах гээд зогсож байхад зүс таних Н.А- нэг танихгүй залуугийн хамт гарч ирээд бид нар дээр ирээд “М.Ө- чинь хаана байна” гэсэн. Энэ үед П.Б- гарч ирээд Н.А-г “согтсон байна, яв” гэхэд тэрээр “чи М.Ө-той ямар холбоотой юм бэ” гэхэд П.Б- нь “миний дүү байгаа юм аа” гэж хэлсэн. Тэгтэл М.Ө- ирсэн. П.Б- нь М.Ө-ыг Н.А-гаас “уучлалт гуй” гэхэд М.Ө- уучлалт гуйсан. Тэгтэл Н.А- нь агсраад байсан. Ингээд би таксинд М.Ө-, Ч.Г-, Г.С-, Ж.П- нартай сууж хороолол явсан...” /хх-ийн 49-50/ гэх мэдүүлэг авагджээ.

Гэрч М.Ө- П.Б- нар нь хохирогч Н.А-тай маргалдаж улмаар М.Ө- нь шүүгдэгч Г.С-ыг дагуулж ирснээр энэ гэмт хэрэг гарсан ба гэрч М.Ө-, П.Б-, Ж.П-, Л.Н- нь шүүгдэгч Г.С-той хамт ажилладаг, найз нөхдийн холбоотой ашиг сонирхлын зөрчилтэй тул дээрхи гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв гэж дүгнэхэд эргэлзээтэй байна.

          Харин гэрч Б.Т-, Ч.Г-, З.Бямбадорж, Н.Баасанжав нар нь  Н.А- М.Ө- нарын маргааны талаар болон гэмт хэрэг гарснаас хойших нөхцөл байдлыг мэдүүлжээ.

         Нотлох ажиллагааны явцад цугларсан шүүхээр хэлэлцэгдэх нотлох баримтууд нь дангаар бус хэд хэдэн баримтууд нэг нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар цогц тогтолцоо бүрдүүлж түүнд үндэслэсэн хэргийн үйл баримтыг тогтоох нь шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргах, нотлох баримтын чухал суурь болдог учиртай. Дан нотлох баримтаар, ялангуяа зөвхөн тухайн хэрэгт сонирхол бүхий гэрчүүдийн мэдүүлгээр хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоох боломж хязгаарлагдмал байдаг.

Иймд гэрч М.Ө-, П.Б-, Ж.П-, Б.Т-, Ч.Г-, Л.Н-, З.Бямбадорж нарын мэдүүлэг нь шүүгдэгч Г.С-ын гэм бурууг үгүйсгэсэн баримт болохгүй тул шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс гаргасан “Г.С-ыг гэмт хэрэг үйлдээгүй тул цагаатгаж өгнө үү” гэх саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

         

            Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

          “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.А-гийн эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэл учирсан ба хохирогчийн биед учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ оношилгоо хийлгэх болон бусад зайлшгүй гарсан зардал нь хохирол учирсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.

         Хохирогч Н.А- нь эмчилгээ, оношилгоо болон өвчтэй байсан хугацаанд цалин хөлсөө дутуу авсны улмаас барьцаалан зээлдүүлэх газраас зээл авч банкны зээлээ төлсөн хэмээн нийт 4.000.000 төгрөг нэхэмжилжээ. /хх-ийн 12-18-р хуудас/

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.А-гийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч нь эм тарианы зардал болон КТГ-т оношилгоо хийлгэсэн зардалд баримтаар нотлогдож байгаа 285.000 төгрөгийг шүүгдэгч Г.С-ос гаргуулж хохирочид олгох нь зүйтэй гэж үзэв.

Харин шатахууны зардал 74.830 төгрөг, “Начин заан” ХХК-тай хохирогч Н.А-гийн ээж Н.С- барьцаат зээлийн гэрээ байгуулж зээлсэн гэх 1.790.000 төгрөгийн баримт ирүүлсэн боловч хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зайлшгүй зардалд хамаарахгүй тул хангахаас татгалзав. Түүнчлэн хохирогч Н.А- нь сарын 1.086.250 төгрөгийн цалин орлоготой, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал өвчтэй байсан гэх “А- ДЭЙРИ” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 18-19-р хуудас/ ирүүлсэн боловч хохирогч нь  дээрх хугацаанд эмнэлгийн чөлөөтэй байсан гэх баримт хэрэгт авагдаагүй, дутуу авсан цалин хөлс хэдэн төгрөг болохыг нотолсон баримт хэрэг авагдаагүй тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Г.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 540 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, хохирогчийн өмгөөлөгчөөс хохирогчийн хувьд гомдолтой байгаа. Оногдуулах ял хөнгөн байна гэсэн саналыг тус тус гаргаж мэтгэлцсэн болно.

Шүүгдэгч Г.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 540 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол 8 цагийн ялыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Г.С-д мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Г.С- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Б- овогт Г-ын С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-д 540 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Г.С-д мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Г.С-ос 285.000 төгрөг гаргуулж хохирогч Н.А-д олгосугай.

5. Хохирогч Н.А- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Шүүгдэгч Г.С- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.ОДБАЯР