Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 118/2021/0041/З |
Дугаар | 221/МА2022/0207 |
Огноо | 2022-03-17 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2022/0207
Ж.Б-жийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү
Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Ж.Б
Нэхэмжлэгч Ж.Б
Хариуцагч Завхан аймгийн Засаг дарга, Завхан аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс
Гуравдагч этгээд Ч.Б, Ц.А
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаар шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, түүний өмгөөлөгч Б.Х, хариуцагч Завхан аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагч Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У
Хэргийн индекс: 118/2021/0041/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Б-жоос
-Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “...иргэн Ч.Б, Ц.А нарт Завхан аймгийн, Улиастай сумын 4-р баг, Богдын гол, Хангамжийн хэсэг 3-12 тоот /одоо байгаа хаяг нь Өндөр толгойн 1 дүгээр гудамж, 128 тоот/, 1310 м2 талбайтай газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр эрхийн улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон нь хууль бус байх тул бүртгэл болон тэдэнд олгогдсон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-аар,
-Завхан аймгийн Засаг даргад холбогдуулан, “...Завхан аймгийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 180 дугаар захирамж, 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 252 дугаар захирамжийн Ч.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар
-Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан “...Ч.Б-д олгогдсон нэгж талбарын 17338289879006 дугаартай кадастрын зураг хийсэн үйлдлийг хууль бусад тооцуулж, тус газрын жинхэнэ эзэмшигч Ж.Б-жийн нэр дээр кадастрын зураг гаргахыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.
2. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 ,29.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1, 23 дугаар зүйлийн 23.1, Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 15 дугаар зүйлийн 15.4, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 13 дугаар зүйлийн 13.1.2, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8, 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан Завхан аймгийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 180, 2012 оны 11 сарын 05-ны өдрийн 252 дугаартай захирамжуудын Ч.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн хангамжийн хэсэг, 3-12 тоот, нэгж талбарын 17338289879006 дугаартай, гэр бүлийн зориулалттай, 1310 м талбайтай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0918002129 дугаарт бүртгэлтэй, 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр олгогдсон, 000165004 дугаартай, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Монгол улсын иргэн Ч.Б /иа94010108/-д олгосон улсын бүртгэгч Я.Б-гийн бүртгэсэн бүртгэл, улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах, Завхан аймаг, Улиастай сумын 4-р баг, Богдын гол, Өндөр толгойн 1 дүгээр гудамж, 128 тоот, нэгж талбарын 8109001467 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 1310 м2 талбайтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0918002129 дугаарт бүртгэлтэй, 2020 оны 08 дугаар сарын 19-ны өдөр олгогдсон, 000470645 дугаартай, газар өмчлөх эрхийн гэрчилгээг Ц.А /ИЭ83012018/-д олгосон улсын бүртгэгч Н.Н-гийн бүртгэж гэрчилгээ олгосон бүртгэл, улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах, Ч.Б-д олгогдсон нэгж талбарын 17338289879006 дугаартай кадастрын зураг хийсэн үйлдлийг хууль бусад тооцуулж, тус газрын жинхэнэ эзэмшигч Ж.Б-жийн нэр дээр кадастрын зураг гаргахыг хариуцагч газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Ж.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “...Засаг дарга тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж заасан. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас харахад захиргааны байгууллага нь Ч.Б гэдэг хүнийг энэ газрын жинхэнэ өмчлөгч мөн гэдгийг нотолсон нотлох ажиллагаа явуулсан зүйл хэрэгт байдаггүй. Ийм учраас аймгийн засан даргын 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 180 дугаар захирамж хууль зүйн үндэслэлгүй, хуульд заасан шаардлагыг бүрэн хангаагүй захирамж гарсан байх тул хууль зүйн хувьд хүчингүй болгох бүрэн үндэслэлтэй.
3.2. Мөн аймгийн засан даргын 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 252 дугаартай захирамжийн хувьд энэ захирамж нь зөвхөн Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 буюу Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд захирамж гаргана гэсэн заалтыг л үндэслэсэн байгаа. Гэтэл энэ заалтыг үндэслэж Засаг дарга газар өмчлөх эрхтэй холбоотой захирамж гаргах боломжгүй. Харин Газрын тухай хууль болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу өмчлөх эрх олгогдох ёстой байсан. Тэгэхээр Засаг даргын гаргасан эдгээр захирамжууд нь хууль зүйн үндэслэлгүй.
3.3. Улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон үйл ажиллагааны хувьд, хэдийгээр баримтуудаа бүгдийг нь бүрдүүлж өгсөн гэж байгаа боловч Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д зааснаар бүрдүүлэх шаардлагатай бүх холбогдох баримтуудыг бүрдүүлээгүйгээр гэрчилгээ гаргасан нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад тогтоогдсон. Тийм учраас гэрчилгээ олгосон улсын бүртгэлийн үйл ажиллагаа нь мөн хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.15-д зааснаар Улсын бүртгэл нь үнэн зөв, бодитой заавал биелүүлэх шинжтэй байх, нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх зарчмыг баримтлах ёстой гэснийг зөрчсөн.
3.4. Кадастрын зургийн хувьд анхнаасаа өмчлөгч бус хүний нэр дээр кадастрын зураг гарснаар захирамж гарах, гэрчилгээ олгох үйл ажиллагаа буруу явагдсан. Захиргааны байгууллага газар дээр нь хэмжилтээ хийгээд явж байна гэдэг бол тухайн нөхцөл байдлыг бүрэн тогтоох боломжтой байсан. Гэтэл үйл ажиллагаа бүрэн гүйцэд хууль журмын дагуу явуулаагүйгээс кадастрын зураг хийсэн үйл ажиллагаа анхнаасаа хууль бус болсон. Бодит нөхцөл байдал дээр нэхэмжлэгч Ж.Б нь 1994 оноос энэ газар дээр амьдарч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар түүний гэр, гараж, амбаар хашаанд байгаа мөн хадам ээж Б.Б уг хашаанд амьдарч байгаа. Хэдийгээр гуравдагч этгээд Ч.Б-лийн аав болох Ч байшинг барьсан боловч одоо энэ хашаанд гуравдагч этгээдийн хэн аль нь амьдардаггүй, иргэний үнэмлэхийн хаягийн бүртгэлээ л уг хашаан дээр хийлгүүлсэн гэдэг нь хэргийн газрын үзлэг, гэрч нарын мэдүүлэг, гуравдагч этгээдүүд хэн аль нь энэ талаар үгүйсгээгүй зэргээр нотлогддог. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.
4. Нотлох баримтыг үнэн зөв, бүх талаас нь бүрэн бодитой үнэлээгүй тухайд:
4.1. Завхан аймгийн Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үнэн зөв үнэлээгүй. Шүүхийн шийдвэрийн 9 дүгээр хуудсанд “Завхан аймгийн Улиастай сумын 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнөөс харахад Богдын гол багт зөвшөөрөгдсөн хэсэгт иргэнд 1,4 га газрыг өмчлүүлэхээр тусгасан байна” гэжээ. Гэтэл хавтаст хэргийн 158 дугаар хуудасны 3.1.6-д Богдын гол Хангамжийн хэсэгт 3,08 га газрыг иргэнд гэр бүлийн хэрэгцээнд зориулан эзэмшүүлэхээр заасан байдаг. Уг маргаан бүхий хашааны хаяг 2012 онд “Завхан аймаг, Улиастай сум, Богдын гол, Хангамжийн хэсэг 3-12 тоот” хаягтай байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаан дээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөг нотлох баримтаар үнэлүүлж өмчлүүлэхээр биш эзэмшүүлэхээр төлөвлөгөөнд туссан байтал өмчлүүлсэн нь хууль зөрчсөн гэж маргасан бөгөөд удаа дараа энэ талаар дурдсан. Гэтэл шүүх хүлээж аваагүй төдийгүй шүүхийн шийдвэртээ өмчлүүлэхээр заасан байна гэж нотлох баримтыг буруу үнэлсэн. Зөвшөөрөгдсөн хэсэг гэдэгт яг аль хэсгийн аль газар хамаарах нь тодорхойгүй байна. Харин маргаан бүхий хашааны хаяг нь төлөвлөгөөнд эзэмшүүлэхээр заасан “Хангамжийн хэсэг” гэдэгтэй яг таг таарсан, тодорхой байна.
4.2. Гэтэл шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үндэслэл, тайлбар, мэдүүлгийг огт сонсоогүй хэт нэг талыг баримталсанд гомдолтой байна. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т зааснаар аймгийн Засаг дарга нь иргэнд газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн газар өмчлүүлэх шийдвэр гаргах эрхтэй гэж заасан. Гэтэл маргаан бүхий газрыг эзэмшүүлэхээр төлөвлөгөөнд заасан байхад өмчлүүлэх захирамж гаргасан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн. Үүнээс гадна хашаанд түр оршин суугч иргэн Ч.Б-д өмчлүүлэх шийдвэр гаргасан нь тус газрын жинхэнэ өмчлөгч болох Ж.Б-ийн газар өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн. Газар өмчлүүлэхдээ хөршийн тэмдэглэл үйлдээгүй, Улиастайн сумын Засаг даргаас Аймгийн засаг даргад уламжлаагүй, мөн хэрэгт авагдсан Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 606 дугаар албан тоотод “Улиастай сумын өргөдөл бүртгэлийн 2012 оны дэвтэрт Ч.Б-ийн өргөдөл хүсэлт бүртгэгдээгүй байна.” гэсэн албан тоот болон аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-гийн хөршийн тэмдэглэл үйлдэх ёстой байсан ч хийгдээгүй учраас өнөөдрийн энэ маргаан үүссэн төдийгүй хариуцагчийн буруутай үйл ажиллагаа байгаа гэсэн тайлбар зэргээр хууль зөрчиж газар өмчлүүлэх захирамж гарсан гэдэг нь давхар, хангалттай нотлогддог.
5. Гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв үнэлээгүй. Нэхэмжлэгч өөрийн гараар барьж бүтээж, ашиглаж, амьдарч байгаа хашааны газраа бусдад алдсан тухайгаа мэдсэн даруй өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс гаргаж чадах нотлох баримт нь зөвхөн гэрч нарын л мэдүүлэг байсан. Маргаан бүхий хашааг өөрөө банз нэг бүрээр нь хатгаж, гараж хүртэл хашаандаа барьсан энэ талаар хөндлөнгийн гэрч нар нотолсоор, мэдүүлсээр байхад шүүхээс “...гэрчийн мэдүүлгүүд нь тухайн хашаанд анх хэнийх амьдарч байсан, хэний өмчлөлийн хашаа болохыг бүрэн нотолж чадахгүй байх тул эдгээр гэрчүүдийн мэдүүлгийг шүүх үнэлж, дүгнээгүй болно” гэсэнд гомдолтой байна. Эдгээр олон гэрч нар уг хашааг анх барьж хатгасан хүн нь Ж.Б төдийгүй тэрээр энэ хашаанд эхэлж амьдарч байсан гэдгийг хангалттай гэрчилсэн. Гэтэл шүүх хэт нэг талыг барьж гуравдагч этгээдээс асуулгасан гэрч болох ах Ч.Б, бэр Ё.Б нарын мэдүүлгийг үнэлсэн. Энэ хоёр гэрч гуравдагч этгээдээс хамаарал бүхий хүмүүс гэдгийг ч анхаараагүй.
5.1. Гэрч Ч.Б танайхыг хөдөөнөөс нүүж ирэхэд ямар ямар айлууд байсан бэ гэхэд Б, Б нарынх байсан, Б, Б нартай төрөл садангийн холбоо бий юу гэхэд байхгүй, тухайн үед ахынхаа хашаанд нүүж ирсэн юмуу гэхэд тэгсэн, ахынх гэхээр хэнийх вэ гэхэд би Б ахын хашаа гэж боддог байсан гэж мэдүүлсэн байдаг. Нэхэмжлэгчээс асуулгасан гэрчүүд дундаас Ж.Д-гээс бусад нь бүгд хөндлөнгийн гэрчүүд юм. Тэдний мэдүүлэг хэн нэгнийг хамгаалахгүй, хэн нэгний талд орохгүй жинхэнэ хөндлөнгийн этгээдийн зүгээс уг маргааны үнэн мөнийг нотлох, ач холбогдол бүхий мэдээллийг мэдэж буй гэрчийн мэдүүлэг болно гэж найдаж итгэж байсан боловч шүүх үнэлээгүйд гомдолтой байна. Уг маргаан нь ах, дүү нарын хооронд үүссэн маргаан учраас бидний төрсөн дүү нараас Улиастай суманд амьдарч байгаа гэрчээр асуугдах боломжтой ганц охин дүү болох Ж.Д-нг гэрчээр асууж уг хашаа аль ахынх нь хашаа вэ гэдгийг үнэн мөнөөр нь хэлүүлж маргааныг таслах хэмжээний ач холбогдолтой гэрч гэж бодож асуулгасан.
5.2. Гэтэл шүүх түүний мэдүүлэгт ач холбогдол өгөөгүй төдийгүй үнэлээгүй. Тэрээр мэдүүлэгтээ “... Манай ах Ж.Б 1993 онд 3 тал хашаа бариад бууж байсан. Манай ахын хашаа. Бид нар тухайн үед хашаагүй байж байгаад тэр хашаанд амьдарч байгаад тус тусдаа гарцгаасан” Ч.Б-лийн хашаа байх боломжгүй гэдгийг үнэн мөнөөр нь мэдүүлсэн. Гэрч Г.Б-жийнх 3 тал хашаа хатгаад бууж байсан. Тэр үед өмчлөх гэрчилгээ байхгүй, өөрсдөө хашаагаа хатгаад буучихдаг байсан үе, Б-жийнх анх бууж байсан болохоор Б-жийн өмчлөлийн газар байх гэж бодож байна”, Д.Б “Манай хадам ах Д гэдэг хүн 1995-1996 оны үеэс одоо манай байгаа хашаанд амьдарч байсан юм. Тэгэхэд хадам ахындаа ирдэг байхад хамар хашаанд нь Б-жийнх байдаг байсан” гэх, Я.Т-ын “...Танайхыг нүүж ирэх үед Б-жийн хашаанд ямар айл байсан бэ гэхэд Эднийх л байсан Б орж гараад машин тэргээ тавиад яваад байдаг байсан тул Б-жийн л байсан гэж бодож байна” гэх, Ч.Б-ийн “...Хангамжийн хэсгийн 06 тоот хашаанд 1992 оны үеэс буугаад 3-4 жил амьдарсан. Манайхыг нүүж ирэхэд Б-жийнх тэр хашаанд буусан хашаагаа хатгаад дуусч байсан” гэж тус тус мэдүүлсэн. Гэрч нар нэхэмжлэгч Ж.Б намайг уг хашааг анх хатгаж , ах, дүү, хамаатан садангууд нь амьдарч байсан талаар мэдүүлсэн. Гэтэл шүүхээс хэн эхэлж амьдарч байсан нь нотлогдохгүй байна гэж дүгнэсэнд гомдолтой байна.
6. Нотлох баримт дутуу бүрдүүлсэн, захирамжын биелэлтийг хангаагүй. Нэхэмжлэгч өөрийнхөө газрыг төрсөн ахынх нь охин болох Ч.Б газар өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авч, өөрийн хамаарал бүхий этгээд болох хүргэн Ц.А-гт худалдан борлуулсныг 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Ц.А-гийн газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гардаж аваад мэдсэн. Уг газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэн Ж.Б, Б.Б нарт холбогдох иргэний хэргээс зөвхөн иргэний хэрэг үүсгэсэн захирамж болон гардаж авсан баримтуудыг нотлох баримтаар гаргуулж авсан. Гэтэл уг хэрэгт хариуцагч Ж.Б, Б.Б нарын хариу тайлбар болон нотлох баримтаар гаргаж өгсөн фото зураг зэргийг хэрэгт хавсаргаагүй.
6.1. Мөн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 312 тоотоор Завхан аймгийн Улиастай сумын газрын даамалд баримт гаргуулах тухай албан тоотоор “Ч.Б-ийн газар өмчлөх тухай хүсэлтийг бүртгэсэн бүртгэлийн холбогдох хэсгийг, хүсэлтэд хавсаргаж өгсөн баримт байгаа бол уг баримтуудыг, мөн 2012 онд иргэдэд газар өмчлүүлэх талаар Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцсэн шийдвэр Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-д зааснаар сумын Засаг даргаас Ч.Б-лийн газар өмчлөх хүсэлтийг аймгийн Засаг даргад уламжилсан талаарх шийдвэр байгаа эсэхийг тодруулж, дээрх баримтуудыг нотлох баримтын шаардлага хангахуйц байдлаар 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дотор шүүхэд ирүүлэхээр” албан тоот хүргүүлсэн боловч ямар нэгэн хариу ирээгүй. Уг захирамжийн биелэлт хангагдаагүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс захирамжийн биелэлт хангагдаагүй тухай шүүгчийн туслах П.Я-д мэдэгдэн лавлахад Улиастай сумын газрын даамалтай утсаар ярихад гаргаж өгөх баримт байхгүй гэж хэлсэн болохоор шүүгчийн захирамж хангагдах боломжгүй гэж хэлсэн. Яагаад гаргаж өгөх боломжгүй нь тодорхойгүй, бичгээр тайлбар гарган боломжгүй тухайгаа мэдэгдээгүй ямар нэгэн хариу ирүүлээгүй. Утсаар ярьсан тэмдэглэл ч үйлдээгүй.
7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн тухайд: Анх уг хэрэг нь Л.Т шүүгчид хуваарилагдсан. Гэтэл гэнэт Н.А шүүгчээр солигдсон, энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдээгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс хуваарь гарган томилж, Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулна” гэж заасан. Энэ заалтын дагуу тус маргаан Л.Т шүүгчид хуваарилагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан боловч гэнэт ерөнхий шүүгч Н.А өөрөө өөртөө тус хэргийг хуваарилан захирамж гаргасан. Уг захирамжаар зөвхөн Ж.Б-жийн нэхэмжлэлтэй хэргийг шилжүүлсэн бөгөөд яагаад энэ хэргийг сонгож шилжүүлсэн нь тодорхойгүй. Шүүгч солигдсон талаар нэхэмжлэгчийн төлөөлөгчид утсаар мэдэгдсэн гэж тэмдэглэл үйлдсэн боловч үнэн хэрэгтээ огт мэдэгдээгүй.
7.1. Шүүгч солигдсон тухай нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 2021 оны 12 сард имэйлээр, өмгөөлөгч Б.Х-д эрх, үүрэг тайлбарласан баримт, нөлөөллийн мэдүүлэг зуруулах баримт хүлээн аваад шүүгчийн нэр өөрчлөгдсөн байхаар нь шүүгчийн туслах руу утсаар асууж андуурсан эсэхийг лавлахад шүүгч солигдсон тухай хэлсэн. Яагаад мэдэгдээгүй талаар асуухад мэдэгдсэн шүү дээ утсаар ярьсан тэмдэглэл үйлдсэн гэдэг хариу өгсөн. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь нийт 3 шүүгчтэй, 1 шүүгчийн туслахтай бөгөөд шүүгчийн туслах нь ажлын ачаалал зэргээс хамаарч дээрхийн адил зүйлс их гардаг.
7.2. Шүүгч нэхэмжлэгчийг өрөөндөө дуудаж уулзсан төдийгүй нэхэмжлэгчээс гэрчийн мэдүүлэг авсан. Шүүгч Н.А 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч Ж.Б намайг өрөөндөө дуудаж, гэрчийн мэдүүлэг авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах бөгөөд шүүгч хараат бус байх баталгааг хуулиар тогтооно” гэж заасан. Гэтэл Н.А шүүгч хэргийн оролцогчтой ганцаарчлан уулзаж, гэрчийн мэдүүлэг авч, түүнийгээ “нэхэмжлэгчээр асуусан тэмдэглэл” гэж нэрлэж 3 хуудас мэдүүлэг аваад сүүлийн хуудаст нь тайлбар авсан Н.А гэж гарын үсэг зурсан/ХХ-161-163 хуудас/. Нэхэмжлэгч нь 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд төлөөлөх бүрэн эрхийг Б.Д-д 1 жилийн хугацаатайгаар итгэмжлэл олгосон. /ХХ-ийн 8 хуудас/ Нэхэмжлэгчийг шүүхэд төлөөлөх бүрэн эрхийг Б.Д-д олгосон байхад шүүгч Н.А нэхэмжлэгч Ж.Б-жийг шүүхэд дуудан ирүүлж гэрчийн мэдүүлэг авч, нэхэмжлэгчээр асуусан тэмдэглэл гэж ойлгомжгүй, хаана ч байхгүй ажиллагаа хийж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Д болон хариуцагч Завхан аймгийн Улсын бүртгэлийн төлөөлөгч С.Х нараар нөлөөллийн мэдүүлэг тайлбарлаж, гарын үсэг зуруулаагүй.
7.3. Мөн Л.Т шүүгч солигдсоноос хойш нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Д болон хариуцагч Завхан аймгийн Улсын бүртгэлийн төлөөлөгч С.Х нарт нөлөөллийн мэдүүлэг танилцуулж, гарын үсэг зуруулаагүй.
8. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг ойлгомжгүй, зөрчилдөөнтэй, тодорхойгүй тухайд: Анхан шатны шүүхийн шийдвэрийн 3.13 “... энэ тохиолдолд маргаан бүхий газрын өмчлөх эрх нэхэмжлэгчид хуулийн дагуу үүсээгүй, Ж.Б-жийг маргаан бүхий газрыг өмчлөх эрхтэй талаар гарсан шүүхийн шийдвэр байхгүй байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй” гэжээ. Нэхэмжлэгчийн өмчлөх эрх зөрчигдсөн гэдгийг шүүхээр тогтоолгохын тулд л захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүхийн шийдвэр байхгүй байна тиймээс эрх нь зөрчигдөөгүй гэж дүгнэсэн нь ямар ч утгагүй, ойлгомжгүй дүгнэлт хийсэн. Мөн 3.14 дахь хэсэгт “харин нэхэмжлэгч нь Ж.Б нь өөрт учирсан бусад хохирлыг холбогдох этгээдүүдээс иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй” гэжээ. Нэхэмжлэгчид учирсан “бусад хохирол ” гэдэгт яг юуг хэлж байгаа нь ойлгомжгүй. Өөрийн өмчлөлийн хашаагаа төрсөн ахынхаа охинд алдчихна гэж санаагүй ийм зүйлтэй учирна гэж таамаглаачгүй явсан гэдгийг шүүх огт ойлгоогүй, ойшоогоогүй захиргааны байгууллагуудын шат дараалсан хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгож, нэхэмжлэгч миний зөрчигдсөн эрхийг хамгаалах ёстой байтал нэхэмжлэгчид учирсан бусад хохирол гэдэгт шүүх юуг хэлж хамааруулж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгч надад учирсан хохирол гэвэл хашааныхаа газрыг бусдад алдахад хүрсэн “бодит хохирол” учирсан гэдгийг шүүх ойлгоогүй.
8.1. “Газрын кадастрыг ... суманд газрын даамал эрхэлнэ” гэж заасан. Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг “...дээрх хуулийн зохицуулалтаар газрын кадастр хийх эрх нь сумын газрын даамалд байгаа” гэж бичсэн. /ШШ-ийн 18 хуудас/. Гэтэл шийдвэрийн 2 дахь хуудаст “Завхан аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтэн Д.А нь 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нэгж талбарын 17338289879006 дугаартай, 1310 м2 газрын кадастрын зургийг /ХХ-ийн 48 хуудас/ Ч.Б-лийн нэрээр үйлдэж, дарга С.Г хянаж баталгаажуулсан байна” гэж өөр хоорондоо зөрчилтэй дүгнэлт хийсэн.
8.2. “... Ж.Б-жоос маргаан бүхий газрын кадастрыг хийлгүүлэхээр Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандсан, тухайн байгууллагын хууль бус эс үйлдэхүй, татгалзал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэр дээр кадастрын зураг гаргахыг хариуцагч газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна” гэжээ. Нэхэмжлэгчийн нэр дээр кадастрын зураг хийлгэе гэсэн ч гуравдагч этгээд Ч.Б, Ч.А нарын нэр дээр кадастрын зураг хийгдсэн байсан тул хүсэлт гаргаад ч татгалзах нь ойлгомжтой. Гэтэл хариуцагчийн зүгээс эс үйлдэхүй, татгалзал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй дүгнэлт болсон.
9. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Завхан аймаг дах Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын ноцтой зөрчил гаргаагүй бөгөөд хэрэглэвэл зохих Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байх тул хэвээр үлдээв.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасангүй. Үүнд:
2.1. Нэхэмжлэгчээс хариуцагч нарт холбогдуулан “... Завхан аймгийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 180, 2012 оны 11 сарын 05-ны өдрийн 252 дугаартай захирамжуудын Ч.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн хангамжийн хэсэг, 3-12 тоот, нэгж талбарын 17338289879006 дугаартай, гэр бүлийн зориулалттай, 1310 м талбайтай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0918002129 дугаарт бүртгэлтэй, 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр олгогдсон, 000165004 дугаартай, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Монгол улсын иргэн Ч.Б-д олгосон улсын бүртгэгч Я.Б-гийн бүртгэсэн бүртгэл, улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах, Завхан аймаг, Улиастай сумын 4-р баг, Богдын гол, Өндөр толгойн 1 дүгээр гудамж, 128 тоот, нэгж талбарын 8109001467 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 1310 м2 талбайтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0918002129 дугаарт бүртгэлтэй, 2020 оны 08 дугаар сарын 19-ны өдөр олгогдсон, 000470645 дугаартай, газар өмчлөх эрхийн гэрчилгээг Ц.А /ИЭ83012018/-д олгосон улсын бүртгэгч Н.Н-гийн бүртгэж гэрчилгээ олгосон бүртгэл, улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах, Ч.Б-д олгогдсон нэгж талбарын 17338289879006 дугаартай кадастрын зураг хийсэн үйлдлийг хууль бусад тооцуулж, тус газрын жинхэнэ эзэмшигч Ж.Б-жийн нэр дээр кадастрын зураг гаргахыг хариуцагч газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт даалгах”-аар шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
2.2. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хэргийн оролцогч, гэрч нарын мэдүүлгээс үзвэл, Завхан аймгийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Иргэдэд газар өмчлүүлэх тухай” 180 дугаар захирамжаар “Газар өмчилж авах хүсэлтээ гаргаж материалаа бүрдэл болгосон нэр бүхий 258 иргэнд газрыг хавсралт ёсоор өмчлүүлж”, үүний 56 дахь хэсэгт гуравдагч этгээд Ч.Б багтаж, улмаар аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Газар өмчлүүлэх захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 252 дугаар захирамжаар “аймгийн Засаг даргын 2010 оны 06, 131, 2011 оны 200, 2011 оны 19 дүгээр захирамжуудаар газраа өмчилсөн иргэдийн овог нэр, газрын талбайн хэмжээ, оршин суугаа хаягийг зөрүүтэй бичсэн зөрчил гарсан гэж зөрчлийн залруулгыг хавсралтаар баталж, уг захирамж гарсантай холбогдуулаад аймгийн Засаг даргын 2010 оны 06, 131, 2011 оны 200, 2012 оны 19 дүгээр захирамжийн хавсралтуудад өөрчлөлт оруулж шийдвэрлэж, маргаан бүхий газрын хэмжээг 1310 м.кв болгон өөрчилж, Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн хангамжийн хэсэг 3-12 тоот, нэгж талбарын 17338289879006 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1310 м.кв талбайтай газрыг эрхийн улсын бүртгэлийн Г-0918002129 дугаарт 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр бүртгэж, өмчлөх эрхийн 000165004 дугаартай гэрчилгээг гуравдагч этгээд Ч.Б-д олгож, үүний дараагаар гуравдагч этгээд Ч.Б, Ц.А нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг үндэслэж, Ч.Б-лийн өмчлөх эрх дуусгавар болж Ц.А-гийн өмчлөлд 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 000470645 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээг олгожээ.
3. Маргаан бүхий газрыг анх гуравдагч этгээд Ч.Б нь гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар өмчлөхөөр 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүсэлт гаргаж, аймгийн Засаг даргаас Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-д “аймгийн төвийн сумын Засаг дарга болон нийслэлийн дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах” бүрэн эрхийн хүрээнд Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 49 дүгээр тогтоолыг үндэслэн гуравдагч этгээд Ч.Б-д газар өмчлүүлснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
3.1. Хэдийгээр нэхэмжлэгч Ж.Б маргаан бүхий газарт “...1994 оноос ах дүү, хамаатан садангийн хамтаар амьдарсан, тиймээс газар өмчлөх эрхтэй” гэж маргаж байх боловч, маргаан бүхий газрыг өмчлөх талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд өмчлөх талаар хүсэлт гаргаж байсан нь тогтоогдохгүй байхаас гадна, тухайн газрыг өмчлөх эрхтэй болох нь хууль журмын дагуу үүсээгүй, харин гуравдагч этгээд Ч.Б-с холбогдох газар өмчлөх хүсэлтээ 2012 онд гаргасныг хариуцагч аймгийн Засаг даргаас хүлээн авч, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хуульд заасны дагуу газар өмчлүүлснийг буруутгах үндэслэлгүй.
3.2. Тодруулбал, нэхэмжлэгч Ж.Б нь 2008 оноос хойш бодитойгоор маргаан бүхий газарт хууль ёсны дагуу оршин сууж байгаагүй нь түүнд олгосон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Ү-0918001075 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож, тэрээр тус аймгийн Улиастай сумын Богдын гол баг УАА-н 4 айлын 1 тоот орон сууцад амьдарч байсан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий газрыг 2008 оноос хойш бодит байдал дээр эзэмшээгүй, тухайн газарт 1994 оноос хойш амьдарч байсан гэх боловч аймгийн Засаг даргын захирамж гарахаас өмнө аливаа байдлаар эзэмших, ашиглах, өмчлөх талаар хүсэлт гаргаж байгаагүй, бодит байдал дээр тухайн газарт түүний “гэр, амбаар, гараж” байснаар газартай холбоотойгоор түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.
3.3. Нөгөө талаар нэхэмжлэгчээс маргаан бүхий аймгийн Засаг даргын 2012 оны 180 болон 252 дугаар захирамжийн Ч.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгохыг хүссэн бөгөөд өмчлөл бүхий газрын кадастрын зураг 1310 м.кв талбайтай гэж үзэн 252 дугаар захирамжийн хавсралтаар өөрчлөлт оруулсан нь Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргаж, өмнөх 180 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн “...Засаг дарга өмчлөх эрхтэй холбоотой захирамж гаргах боломжгүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.
4. Дээрх аймгийн Засаг даргын 2012 оны 180, 252 дугаар захирамжаас улбаалж гарсан Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн хангамжийн хэсэг, 3-12 тоот, нэгж талбарын 17338289879006 дугаартай, гэр бүлийн зориулалттай, 1310 м.кв талбайтай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0918002129 дугаарт бүртгэлтэй, 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр олгогдсон, 000165004 дугаартай, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Ч.Б-д олгосон улсын бүртгэгчийн бүртгэл, Завхан аймаг, Улиастай сумын 4-р баг, Богдын гол, Өндөр толгойн 1 дүгээр гудамж, 128 тоот, нэгж талбарын 8109001467 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 1310 м2 талбайтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0918002129 дугаарт бүртгэл, 2020 оны 08 дугаар сарын 19-ны өдөр олгогдсон, 000470645 дугаартай, газар өмчлөх эрхийн гэрчилгээг гуравдагч этгээд Ц.А /ИЭ83012018/-д олгосон улсын бүртгэгчийн бүртгэлүүдийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.
4.1. Учир нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 он/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д зааснаар тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг, газар өмчлөх эрхийг бүртгүүлэхэд тухайн газрын кадастрын зураг болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 18.2-т заасны дагуу өмчилж авсан газрын үнийг сум, дүүргийн төсөвт төлсөн тухай баримт, тухайн газрыг уг этгээдэд өмчлүүлсэн тухай эрх бүхий байгууллагын шийдвэр болон түүнээс олгосон гэрчилгээ зэргийг хавсаргахаар заасныг үндэслэн улсын бүртгэлийн байгууллагаас гуравдагч этгээд Я.Бямбадэмбэрэлээс 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол баг, Хангамж хэсэг 3-12 тоот, 1310 м.кв талбай бүхий газрын өмчлөгчөөр бүртгүүлэх мэдүүлэг, түүнд хавсаргаж өгсөн аймгийн Засаг даргын 180, 252 дугаар захирамжууд, газар төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт, кадастрын зураг зэрэгт үндэслэн бүртгэсэн нь хуульд нийцсэн.
4.2. Өөрөөр хэлбэл, Ч.Б-ээс гаргаж өгсөн баримтуудаар мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар “мэдүүлэг гаргагч нь маргаан бүхий газрын өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол”, 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт зааснаар “Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтад энэ хуулийн 14.1-д заасан үндэслэл илэрвэл улсын бүртгэгч нь бүртгэхээс татгалзаж, мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг татгалзсан үндэслэлийн тайлбарын хамтаар мэдүүлэг гаргагчид буцаах” гэж тус тус заасан үндэслэлд хамааруулан Улиастай сумын Богдын гол баг, Хангамжийн хэсэг 3-12 тоот хаягт байршилтай 1310 м.кв газрын өмчлөгчөөр бүртгэснийг хууль зөрчсөн гэж улсын бүртгэгчийн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй.
4.3. Түүнчлэн, нэхэмжлэгчээс “... маргаан бүхий газарт анх хашааг нэхэмжлэгчээс хатгасан, тус газарт хамгийн түрүүнд амьдарч байсан, үүнийг гэрч нар нотолно” гэх давж заалдах гомдлоор нэхэмжлэлийг хангах боломжгүй, шүүхээс нэр бүхий хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авсан, маргаан бүхий газартай холбоотойгоор
-Гэрч Г.Б-гээс “...манайх 1995 онд нүүж ирсэн.., 2015 он хүртэл амьдарсан. Манайхыг нүүж ирэхэд Ж.Б-ийнх байсан... өөр айл байгаагүй, Ж.Б-нх хэдэн оныг сайн санахгүй байна..., анх Ж.Б 3 тал хашаа хатгаад бууж байсан..., тэр үед өмчлөх гэрчилгээ байхгүй, өөрсдөө хашаагаа хатгаад буучихдаг байсан үе..., Ж.Б-ийн өмчлөлийн газар байх гэж бодож байна..., Ч.Б тэр хашааны газрыг өмчлөх эрхгүй гэж бодож байна” гэх,
-Гэрч Д.Б “...2003 онд тус газар нүүж ирсэн, одоог хүртэл амьдарч байна, ... тус хашаанд Б гэдэг хөгшнийх байсан, ... ба нэг эмээгийнх байсан, ... манайхыг нүүж ирэхэд Ж.Б байранд орсон байсан, ... тэр хашааг Ж.Б манай өмчийн хашаа гэдэг байсан” гэх,
-Гэрч Ж.Д “... 1995 оны үед манайх тэр хашаанд буусан, ... манай ах Ж.Б эхлээд 1993 онд 3 тал хашаа бариад бууж байсан, манай ахын хашаа, бид нар тухайн үед хашаагүй байж байгаад тэр хашаанд амьдарч байгаад тус тусдаа гарсан, ... эхлээд Ж.Б ахынх байсан болохоор тэдний л хашаа байх” гэх,
-Гэрч Я.Т “...Ж.Б-ийн ах нь Ч гэдэг айл тэр хашаанд бас байдаг байсан, одоо Б гэдэг хөгшнийх тэр хашаанд байдаг. Энэ хүмүүсийн хэнийх өмч юм би мэдэхгүй..., ... Чимэдрэгзэн гэдэг хүний барьсан байшин байдаг” гэх,
-Гэрч Ё.Б “...тухайн хашаанд бүгд амьдарч байсан, .... бөөний бараа баазын хашаа гэж байж байгаад задраад манай хадмын тал бөөнөөрөө, ах дүү нараараа нийлээд хашаа барьсан, ... газрын гэрчилгээ хэн авсан талаар мэдэхгүй, тухайн үед гэрчилгээ олгогдож байгаагүй, ... хашаа барихаар тусалж байх үед ... нөхрийн дүү С, Ж.Б болон Ч ахынхан хөдөөнөөс ирж очин байсан” гэх мэдүүлгээр тухайн хашаанд анх өмчлөх эрхийн гэрчилгээ гарахаас өмнө хэнийх амьдарч байсан эсэх, хэн хашаа барьсан эсэхийг тогтоох боломжгүй. Өөрөөр хэлбэл, гэрч нарын мэдүүлгүүдээр бөөнөөр нэгдмэл, ам бүлээрээ амьдарч байсан нь тогтоогдсон байхад дан ганц Ж.Б-ийг хашаа барьсан гэх үндэслэлээр түүнийг маргаан бүхий газрын цорын ганц өмчлөх эрхтэй байсан гэж дүгнэх боломжгүй.
4.4. Нөгөө талаар Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Улиастай сумын Газрын даамалд” хандан Ч.Б нь ам бүл 3 эцэг, эхийн хамт амьдардаг Хангамжийн хэсгийн 3-12 тоотод оршин суудаг нь үнэн болно” гэсэн тодорхойлолтоор гуравдагч этгээд Ч.Бямбадэмбэрэлийг маргаан бүхий газарт амьдардаг болохыг тодорхойлсон, хэрэв нэхэмжлэгч 1994 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд бодитоор амьдардаг бол цаг хугацааны хувьд захиргааны байгууллагад энэ талаар холбогдох хүсэлтээ гарган шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан гэж үзэхээр тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
5. Дээрх үйл баримтаас үзвэл, гуравдагч этгээд Ч.Б-ээс өөрийн өмчлөлийн газраа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-д зааснаар 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гуравдагч этгээд Ц.А-тай бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн нь холбогдох хуулийг зөрчөөгүй.
5.1. Гуравдагч этгээд Ц.А-гаас бэлэглэлийн гэрээг үндэслэн Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхээр өргөдөл, мэдүүлэг, газрын кадастрын зураг, гэрчилгээний үнэ төлсөн баримт зэргийг хавсарган өгч бүртгүүлсэн нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийг зөрчөөгүй тул шүүхээс маргаан бүхий актуудыг хүчингүй болгох боломжгүй.
6. Мөн түүнчлэн нэхэмжлэгчийн “... шүүгч өөрөө өөрийгөө даргалагчаар томилсон албажуулах шийдвэрийг гаргасан, ... Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х-т нөлөөллийн мэдүүлэг зуруулаагүй, ... нэхэмжлэгчээс гэрчийн мэдүүлэг авсан, ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн” гэх гомдлыг хүлээн авч, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах боломжгүй юм.
6.1. Учир нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-д “хуульд өөрөөр заагаагүй бол шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс хуваарь гарган томилж, Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулна” гэж тус тус зааснаар Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 52 дугаар тогтоолын 6 дахь хэсэгт зааснаар тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар Ерөнхий шүүгч Н.А-г томилсон шийдвэрийг албажуулсан байхад нэхэмжлэгчийн гомдолд дурдсанаар “...гэнэт шүүгч Н.А даргалсан” зүйл тогтоогдохгүй байх бөгөөд хэргийг хянан хэлэлцэх 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд даргалагч шүүгчээс хэргийн оролцогч нараас нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр шүүгчээс татгалзаагүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан гэж үзэхгүй.
6.2. Мөн хэрэгт авагдсан баримтаар шүүхээс “нэхэмжлэгчээр асуусан тэмдэглэл” үйлдсэн нь “хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах” ерөнхий зарчмыг зөрчсөн нь буруу боловч тухайн нэхэмжлэгчээр асуусан тэмдэглэлийг шүүхийн шийдвэрт үнэлж, дүгнээгүй тул шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц журмын зөрчил гаргасан гэж үзэхээргүй байна.
6.3. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х-т нөлөөллийн мэдүүлэг хөтлөх баримтад гарын үсэг зуруулаагүй гэх нэхэмжлэгчийн давж журмаар гаргасан тодорхойлох хэсгийн /7-7.3/-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохгүй. Тодруулбал, “нөлөөллийн мэдүүлэг” гэж шүүгч, шүүх бүрэлдэхүүнд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон үйлдлийг тэмдэглэн баталгаажуулсан баримт бичгийг ойлгохоор, өөрөөр хэлбэл хэргийн материалд нөлөөллийн мэдүүлгийн талаарх баримт авагдсан, энэхүү газрын маргаантай холбоотой асуудал яригдаж байхад тухайн баримтуудад хэргийн оролцогч нараас гарын үсэг зураагүй нь шүүхийг буруутгахгүй ту шүүхийн шийдвэрийн шийдэлд нөлөөлөхөөргүй.
7. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг өөрчлөх болон хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН