| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Мөнхөө |
| Хэргийн индекс | 161/2017/0000/Э |
| Дугаар | 2017/ДШМ/021 |
| Огноо | 2017-09-04 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Х.Өрен |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 2017/ДШМ/021
А-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Б.Дамба Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
хяналтын прокурор Х.Өрен,
шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьезд,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маншүк нарыг оролцуулан,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолтой, А-д холбогдох эрүүгийн 201704000082 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч А нь 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 22 цагийн үед Баян-Өлгий аймгийн Ө сумын 0 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ж-ын цээжин тус газар өшиглөснөөс ар дагзаараа савж унан толгойны дух болон зулайн ясанд хугарал үүсэж түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэгт холбогдож Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийтгэгдсэн.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолоор:
“1. Шүүгдэгч А-г “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А-г 10.000 “арван мянга” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А-д оногдуулсан 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А-д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 /арван таван мянга/төгрөгийг 1 /нэг/хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А-ын цагдан хоригдсон 34 хоногийг түүнд оногдуулсан торгох ялд оруулан тооцож 10.000 нэгжээр торгох ялаас 510 нэгжийг хасан тооцож нийт төлөх торгуулийн ялыг 9490 /есөн мянга дөрвөн зуун ер/ нэгж буюу 9.490.000 /есөн сая дөрвөн зуун ерэн мянга/ төгрөгөөр тогтоосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолоор шүүгдэгч А-ын “Камаз 5320” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч Ж-ын хар цэнхэр өнгийн куртикийг устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-д даалгасугай.
7. Хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч А-ын Е0000000 дугаартай гадаад паспорт, 000000000 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, улсын дугаартай “Камаз 5320” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.
8. Шүүгдэгч А нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ж нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
9. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт прокурорын бичгийн баримтаар гаргаж өгсөн хохирогч Ж-ын Улаанбаатар хотод эмчүүлсэн “Ачтан элит” эмнэлгийн өвчний түүх бүхий 11 хуудас материалыг /Ачтан элит эмнэлгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан/ хэрэгт хадгалсугай.
10. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.” гэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд: “Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Я.Сьезд би Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т зааснаар давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч А-д холбогдох эрүүгийн 201704000082 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Анхан шатны шүүх нь шүүгдэгч А-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 10,000 \”арван мянга”\ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 \арван сая\ төгрөгөөр торгох ял оногдуулахад 2015 оны Эрүүгийн хуулийг дараах байдлаар буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Шүүгдэгч А-д холбогдох гэмт хэрэг нь 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр үйлдэгдсэн ба энэ нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэг байсан юм. Баян-Өлгий аймгийн прокурорын газраас яллагдагч А-д өмнө сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан зүйл ангийг хүчингүй болгож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шинээр ял сонсгож яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн билээ. 2017 оны 7 дугаар сарын 01-нээс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн 1.9-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ" гэж заасан юм. Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч А-д торгуулийн ял оногдуулахад тухайлбал шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн “5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А-ын цагдан хоригдсон 34 хоногийг түүнд оногдуулсан торгох ялд оруулан тооцож 10,000 нэгжээр торгох ялаас 510 нэгжийг хасан тооцох нийт төлөх торгуулийн ялыг 9490 \есөн мянга дөрвөн зуун ер\ нэгж буюу 9.490,000 \есөн сая дөрвөн зуун ерэн мянга\ төгрөгөөр тогтоосугай...” гэж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгч А нь 2017 оны 5 дугаар сард 34 хоног цагдан хоригдсон. Тухайн үед 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байсан. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3-т “Цагдан хоригдсон этгээдэд торгох буюу албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялыг үндсэн ялын чанартай оногдуулсан бол цагдан хоригдсон хугацааг харгалзан шүүх ялыг хөнгөрүүлэх буюу ял эдэлсэнд тооцож болно. Цагдан хоригдсон этгээдэд торгох ял оногдуулсан бол цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж, торгох ялаас хасч тооцно” гэж заасан. Ингэхээр шүүгдэгч А-д оногдуулсан торгох ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар түүний цагдан хоригдсон 34 хоногийг тухайн хүчин төгөлдөр мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 240000 төгрөгөөр бодож 8160000 \найман сая нэг зуун жаран мянга\ төгрөгийг нийт оногдуулсан 10,000,000 \арван сая\ төгрөгөөс хасаж бодит байдалд шүүгдэгч А-д 1840000 \нэг сая найман зуун дөчин мянган\ төгрөгийн торгуулийн ял оногдуулах ёстой байсан гэж үзэж байна. Одоо 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Уг хуулийг Улсын Их Хурлаас хүчингүй болгоогүй байна. Хууль зүйн шинжлэх ухааны онол, Үндсэн хуулийн үзэл санаа, агуулга, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан ерөнхий зарчмаар шүүгдэгчид аливаа нөхцөлд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх хэрэглэх ёстой. Энэ бол хуулиар зөвшөөрөгдсөн асуудал. Гэтэл шүүгдэгч А-д шүүхээс торгуулийн ял оногдуулахад түүний эрх зүйн байдлыг дордуулсан буюу 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэж байгаа нь анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн дүгнэлтэд хүргэж байна.
Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 07-ний өдрийн 59 тоот шийтгэх тогтоолын хууль зүйн үндсийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шүүгдэгч А-д 1840600 төгрөгийн торгуулийн ял оногдуулж өгнө үү.” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А нь Баян-Өлгий аймгийн Ө сумын 9 дүгээр багийн нутаг, гүүрийн амнаас доошоо Хотгор баг руу явах засмал зам дагуу “А” нэртэй хүнсний дэлгүүрийн орчимд 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 22 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ж-ын цээжин тус газар өшиглөснөөс ар дагзаараа савж унан толгойны дух болон зулайн ясанд хугарал үүсэж хохирогч Ж-ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлджээ.
Шүүгдэгч А-ын үйлдсэн гэмт хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдлыг” хангалттай шалгаж тогтоосон бөгөөд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл тогтоогдоогүй, түүнчлэн шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх үндэслэл тус тус тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх гэдэг нь нэгэнт батлагдсан, хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн тодорхой хэм хэмжээг уг хуулийг хүчин төгөлдөр болохын өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт хэрэглэх үйл ажиллагаа юм. Мөн ялын төрөл, хэмжээг хөнгөрүүлсэн хууль гэдгийг өмнөх хуулиар тодорхой гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээг доош нь татсан, тодорхой гэмт хэрэгт оногдуулахаар заасан тодорхой төрлийн ялыг хөнгөн ялаар сольсон зэрэг тохиолдлуудыг хамааруулахаар байна.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль гэдэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлагыг оногдуулах үндэслэл, нөхцлийг хөнгөрүүлсэн субъектын хувьд эерэг үр дагавар бий болгож байгаа арга хэмжээ бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн заалтыг анхан шатны шүүх зөв тайлбарлан хэрэглэжээ.
Учир нь шүүгдэгч А-ын 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 22 цагийн орчимд үйлдсэн гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн хуульд заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт таваас дээш долоон жил хүртэл ял оногдуулах байсан бол 2015 оны эрүүгийн хуульд торгох ялын сонголттой болж, хорих ялын доод хэмжээ нь 2 жил болж багассан нь шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдсэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн /2017 оны 7 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан/ 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнээр буцаан хэрэглэж торгох ял оногдуулжээ.
Шүүгдэгч А-ын хувьд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэсэн бөгөөд дээр тайлбарласнаар хууль буцаан хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг оногдуулах үндэслэл, нөхцлийг хөнгөрүүлж байгааг ойлгох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, ...эдлэх ялаас хасна” гэснийг шүүх зөв хэрэглэжээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дугаар заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар” гэж баримтлахдаа алдаа гаргажээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалт нь “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэсэн бөгөөд мөн хууль, заалтын 2 дахь хэсгийн “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, ... тооцож эдлэх ялаас хасна” гэсэн заалтыг баримтлах нь зөв байсныг тэмдэглэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А-ын өмгөөлөгч Я.Сьездийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 59 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД Б.ДАМБА
Д.МӨНХӨӨ