Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхжаргалын Золбадрах |
Хэргийн индекс | 112/2018/0016/З |
Дугаар | 19 |
Огноо | 2018-10-15 |
Маргааны төрөл | Газар, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын У А ХХК-ий нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Ш сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.М, сумын Засаг дарга М.Т, 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Э.Б нарт холбогдох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2 дугаар тогтоолын 1 дэх заалт, Ш сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/53 дугаар захирамжийн 1 дэх заалтын У А ХХК-д холбогдох Засаг даргын 2003 оны А/01 дүгээр захирамж гэсэн хэсгийг илт хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах, Ш сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 08 дугаар тогтоолын 1 дэх заалтыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дорждэрэм, хариуцагч М.Т, хариуцагч Б.М шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дорждэрэм шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: У-А ХХК нь анх Ш сумын нутаг дэвсгэрт байрлах хадлангийн талбайг устаж байхад өөрийн хүч, хөрөнгөөр засан сайжруулж, Ш сумын Засаг даргын 2003 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр захирамжаар 800 га бүхий хадлангийн талбайг хадлан хийх зориулалтаар хуулийн дагуу эзэмших эрхийн гэрчилгээ авсан байдаг. Гэтэл Ш сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар тогтоол гаргасан. Уг тогтоолыг гаргахдаа манай байгууллагад мэдэгдэхгүйгээр Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийг үндэслэн хадлангийн зориулалттай эзэмшүүлж байгаа 1800 га талбайг бэлчээрийн зориулалтаар ашиглуулахаар, мөн манай компаний эзэмшиж байгаа 800 га талбайг бусдад ашиглуулахаар шийдсэн тогтоол гаргасан нь манай компаний хууль ёсны эзэмших эрхэд хууль бусаар халдаж байх тул 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Говь-Алтай аймгийн Ш сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 02 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Говь-Алтай аймгийн Ш сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/53 дугаар захирамжаар манай компаний эзэмших зөвшөөрөл олгосон 2003 оны А/01 дугаар захирамжийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар тогтоолыг үндэслэн хүчингүй болгосон байх тул Ш сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/53 дугаар захирамжийн 1 дэх заалтыг хүчингүй болгох, Ш сумын Б, 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн хурлын 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 08 дугаар Хадлангийн талбайг ашиглуулах тухай тогтоолоор хадлангийн талбайг ашиглуулахаар шийдвэрлэсэн 1 дэх заалт нь бүхэлдээ У А ХХК-ний хадлангийн талбайн эзэмших эрхийг хөндөж байгаа тул Ш сумын 1-р багийн иргэдийн Нийтийн хурлын 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 08 дугаар тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ. 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Ш сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар тогтоолын 1, 2 дахь заалтыг хүчингүй болгуулах, Ш сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/53 дугаар захирамжийн 1 дэх заалтын У-А ХХК-нд холбогдох 2003 оны А/01 дүгээр захирамжийг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дорждэрэм шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Говь-Алтай аймгийн Ш сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар тогтоолын 1 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоолгохоор, Говь-Алтай аймгийн Ш сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/53 дугаар захирамжийн 1 дэх заалтын У-А ХХК-д холбогдох хэсэг буюу 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаартай Ш сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон нь илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Ш сумын иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 08 дугаар тогтоолын хадлангийн талбай ашиглуулахаар шийдвэрлэсэн 1 дэх заалтыг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Хууль зүйн үр дагавар нь дууссан гэж үзэж байгаа учир Ш сумын иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 08 дугаар тогтоолын хадлангийн талбай ашиглуулахаар шийдвэрлэсэн 1 дэх заалтыг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаартай тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Ш сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар тогтоолын 1 дэх заалт, Ш сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/53 дугаар захирамжийн У-А ХХК-д холбогдох хэсэг буюу 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаартай Ш сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон хэсгийг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Ш сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын тогтоолын 1, 2 дахь заалтыг хүчингүй болгуулах гэсэн санал гаргаж байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах, өөрчлөх, татгалзах эрх нь нээлттэй байдаг. Яагаад өнөөдөр 1 дэх заалтыг илт хууль бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, урьд гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байна вэ? гэхээр 2 дахь заалт бол У-А ХХК-ий эрх ашгийг хөндсөн заалт биш, Газрын тухай хуульд иргэдийн Нийтийн Хурлаар тухайн асуудлыг жил бүр ашиглах асуудлыг шийднэ гэсэн заалт байгаа. 2 дахь заалт нь 1 дэх заалтаасаа үндэслэж байгаа учраас 1 дэх заалтыг илт хууль бусад тооцуулах шаардлага гаргасан болно. Албан тушаалтны гаргасан тушаал, шийдвэр иргэний эрхийг зөрчиж байна гэж үзвэл шүүхэд хандаж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрх нь нээлттэй байгаа. 10 жил тухайн талбайд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй гэж тайлбарлаад байна. Гэтэл У-А ХХК нь 2011 оноос хойш өнөөдрийг хүртэл тариалангийн талбайг зориулалтын дагуу ашигласаар ирсэн. Улсын бүртгэлийн гэрчилгээний асуудлыг хөндөж байна. 2001 оны 03 дугаар сарын 07-ны өдөр бүртгэв гээд улсын бүртгэлийн гэрчилгээнд үүсгэн байгуулагдсан огноог тодорхой бичсэн байна. Тийм болохоор энэ тал дээр маргаад байх асуудал байхгүй гэж үзэж байна. Газар эзэмших эрхийн гэрчилгээний тухайд 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаартай шийдвэрийг үндэслэн 061700133 дугаартай 800 га газрыг 40 жилийн хугацаатай хадлангийн зориулалтаар эзэмшүүлэхээр Ш сумын Засаг дарга Г гэх, тамга тэмдэг бүхий гэрчилгээг нотариатаар гэрчлүүлсэн гэрчилгээний хуулбар нь хэрэгт авагдсан байгаа. Мөн газар эзэмших эрхийн гэрээг хавсаргаж өгсөн. 2003 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн гэрээнд 2 талын гарын үсэг зурж, тамга дарагдсан. Газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.1 дэх хэсэгт зааснаар Засаг даргын захирамжийг үндэслэн газрын даамал гэрчилгээг олгодог. Гэтэл уг захирамж, гэрчилгээ, гэрээг хууль бусаар нотлох баримт бүрдүүлж гаргуулсан гэж хариуцагч тайлбарлаж байна. Бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэдэг нь Эрүүгийн хуулиар эрүүгийн гэмт хэрэг байдаг. У-А ХХК нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн гэх нотлох баримт байхгүй. Мөн захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийгээгүй. Мэдэгдэл хүргүүлэх, гардуулах ажиллагааг тодорхой хуульчилсан байгаа. Мэдэгдлийг гардуулснаар мэдэгдэх ажиллагаа хийгдсэн гэж үздэг. Гэтэл манай компанид мэдэгдсэн талаар нотлох баримт байхгүй байгаа. Мэдэгдлийг 2018 оны 06 дугаар сард гаргасан байхад 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хувь хүн манай компани дээр авч ирж өгсөн. Тийм учраас Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан мэдэгдэх ажиллагаа хийгдсэн гэж үзэх боломжгүй. Гэхдээ тухайн мэдэгдэлд хариу тайлбар хийх эрх нь нээлттэй учраас манай компаний эрх ашиг хөндөгдсөн гэж үзсэн учраас тайлбараа хүргүүлсэн байгаа. Мөн захиргааны хяналтын хуудас бүртгэгдээгүй. Маргаан бүхий захиргааны актын тухайд Ш сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар тогтоолын үндэслэх хэсэгт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн тогтоох нь гэсэн байна. Энэ заалт нь дүүрэг, аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ерөнхий эрх, үүргийг зохицуулсан зохицуулалт болохоос биш тухайн актыг гаргах болсон буюу хадлангийн зориулалттай 900 га талбайг бэлчээр болгох шийдвэр гаргах хууль зүйн зохицуулалт биш. Бичгээр гарч байгаа захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар ямар эрх хэмжээний хүрээнд ямар хууль зүйн үндэслэлээр гаргаж байгааг тодорхой бичих ёстой байдаг. Гэтэл ямар үндэслэлээр хадлангийн 900 га талбайг бэлчээрийн зориулалтаар ашиглахаар болсон хууль зүйн үндэслэл байхгүй байна. Ш сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/53 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлийг харахад Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийг баримтлан У-А ХХК-д эзэмших эрх олгосон 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/01 дугаартай захирамжийг хууль тогтоомжид нийцээгүй учраас хүчингүй болгосон гэж тайлбарладаг. Гэтэл бодит байдал дээр 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/01 дугаартай захирамжийн доторх агуулгыг мэдэхгүй, хараагүй байж ямар үндэслэлээр хуульд нийцээгүй гэж үзэж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийг баримтлан хүчингүй болгосон нь эргэлзээтэй, ойлгомжгүй, хууль бус байна гэв.
Хариуцагч Ш сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.М шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, багийн иргэдийн Нийтийн хурал нь өөрийн бүрэн эрхийн хэмжээнд иргэдийн эрх ашигт нийцүүлэн шийдвэр гаргадаг. Үүний дагуу хадлангийн зориулалттай 1800 га талбайн 900 га талбайг бэлчээрийн зориулалтаар ашиглахаар шийдвэрлэсэн. Уг талбайд У-А ХХК-ий хадлангийн зориулалттай 800 га талбайд үйл ажиллагаа явуулж байгаагүй. Тус сумын Ба багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 02 дүгээр тогтоолыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар 02 дугаар тогтоолыг батлан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Сумын иргэдийн Нийтийн Хурал нь хуралдаанаа хийхдээ хадлангийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд, багийн Засаг дарга нар, газар тариалан эрхэлдэг тариаланч, ногоочид малчдын төлөөллийг хуралдаанд оролцох урилга хүргүүлсэн. Гэвч У-А ХХК-иас бие төлөөлөгч ирээгүй. Т группын захирал Н.З Ш сумын улсын хадлангийн талбайг сэргээж, 40 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, аймгийн бүх сумдын малын тэжээлээр хангах ажлыг эхлүүлсэн бөгөөд У-А ХХК нь өөрийн хөрөнгөөр хадлангийн салааны үйл ажиллагааг эхлүүлээгүй. У-А ХХК-иас бусад аж ахуйн нэгж, багууд, аймгийн Улаан загалмайн хороо нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар тогтоол, сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/53 дугаар захирамж бодлого, шийдвэрийг дагаж ажиллана гэдгээ мэдсэн. Сумын нутаг дэвсгэр дээр аймаг орон нутгийн тусгай хамгаалалтанд хадлангийн зориулалтаар ашиглах 1800 га байдаг. Гэтэл сүүлийн 10 жилд байгалийн хүчин зүйл, усны хомсдол, хадлангийн салааны үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн хариуцлагагүйгээс болж өнөөдрийн байдлаар 1200 га талбай нь цөлжиж хадлан авах боломжгүй, ашигтай талбай нь 600 га болсныг сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/04 дүгээр захирамжаар томилогдсон ажлын хэсэг тогтоосон. Мөн У-А ХХК-ий 800 га талбайг бусдад ашиглуулахаар шийдвэр тогтоол гаргаагүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаартай тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаад 1 дэх заалтыг илт хууль бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. 900 га талбай нь бэлчээр болсон гэдгийг би өмнө нь тайлбарласан. Энэ тухайд У-А ХХК-ний үйл ажиллагаатай харшлах зүйл байхгүй гэж бодож байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаартай тогтоолыг бусдад ашиглуулах зорилгоор гаргасан баталсан зүйл огт байхгүй гэв.
Хариуцагч Ш сумын Засаг дарга М.Т шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт зааснаар эрх хэмжээнийхээ хүрээнд Засаг дарга захирамжуудаа хүчингүй болгосон. 2017-2018 оны өвөл, хавар цаг агаар хүндэрч, хадлангийн талбайн ургасан хэсгийг бүгдийг нь хадсан учир, малчид амь зуулга болсон малаа ихээр хорогдуулсан нь хадлан эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдтэй шууд холбоотойг малчид 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурлаараа хэлэлцэн тогтоол гаргасан. Тус сумын хадлангийн талбайд У-А ХХК, З шарга, Эх зэгэстэйн гол, Улаан загалмай багууд, иргэд газар эзэмшдэг байсан. Хүчингүй болгох мэдэгдэл, захирамжийг бүх газар эзэмшигч нарт хүргүүлсэн. У-А ХХК-иас бусад нь хуулийн дагуу байна гээд хүлээн зөвшөөрч байгаа. Хадлангийн аж ахуйн нэгжүүд зөвхөн ургасан талбайг хадаж байгаа болохоос биш, ургацыг нь нэмэгдүүлэхийн төлөө ажилладаггүй. Газрын тухай хуулийн 50.1.1-д газар эзэмшигч, ашиглагч нь газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах талаар дараах шаардлагыг биелүүлнэ. Газрын төлөв байдал чанарыг хадгалах, байгалийн аясаар болон хүний үйл ажиллагааны улмаас хөрсний үржил шим буурах, газрын ургамлын бүрхэвч талхлагдах, хөрс элэгдэх, эвдрэх, хуурайших, намагжих, давсжих, бохирдох, хордохоос сэргийлэх арга хэмжээг өөрийн зардлаар хариуцна гэсэн заалтыг хэрэгжүүлдэггүй тул өнөөдөр хадлангийн нийт 1800 га талбайн 1200 га ашиггүй, талхлагдсан, хөрсний үржил шим муудсан талбай болж зөвхөн 600 га нь хадлан авах бололцоотой талбай байгааг мэргэжлийн газар сансрын зургаар тодорхойлсон. Тэр ч бүү хэл энэ жил хадлан авах бололцоотой талбай нь 430 га байгааг сумын газрын даамал, багийн Засаг дарга, бэлчээр, газар тариалан хариуцсан мэргэжилтэн нар явж хэмжсэн. Ингэж хадлангийн талбай талхлагдаж байгаа тул малчид багийн иргэдийн Нийтийн Хурлаараа хэлэлцэж, олонхоороо шийдвэр гаргасан. У-А ХХК нь тус сумд 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01 тоот захирамжаар хууль ёсны дагуу газар эзэмшиж байгаа гэсэн байна. Эсрэгээрээ хууль бусаар газар эзэмшиж, газарт ихээхэн хохирол учруулж байсныг дараах нотлох баримтуудаар нотолж байна. 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр захирамжаар газар эзэмших эрх авсан гэдэг боловч сумын Засаг даргын Тамгын газрын У-А ХХК-ий газрын хувийн хэрэгт уг захирамж байдаггүй. Шүүхэд гаргасан нэхэмжлэлд уг захирамж байхгүй. Аймгийн архиваас шүүж үзэхэд 2003 оны 05 дугаар сарын 01-нд 24 тоот Комисс байгуулах тухай 2003 оны 05 дугаар сарын 06-нд 25 тоот 2003 оны тариалалт явуулах талбайг өмчлүүлэх, эзэмшүүлэх тухай захирамжууд байгаа учир дээрх 01 дугаартай захирамж гарсан байгаа нь үндэслэлгүй байна. 2003 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн сумын иргэдийн Нийтийн Хурлын 05 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт сумын хадлангийн талбайн 1800 га талбайгаас 1100 га талбайг эзэмшүүлсүгэй гээд 3 дугаар хавсралтаараа 1100 га иргэн, аж ахуйн нэгжид хуваарилж, Р.Д хүссэн талбай 800 га зөвшөөрсөн талбай 450 га, У-А гэсэн байна. Эндээс харахад 800 га биш 450 га байсан гэдэг нь харагдаж байна. 2003 оны 08 дугаар сарын 01-ний өдөр газар эзэмших 0007061 дугаартай эрхийн гэрчилгээг 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01 тоот Засаг даргын шийдвэрийг үндэслэн 061700133 дугаар бүхий 800м2 /га/ газрыг 40 жилийн хугацаагаар олгосон гэрчилгээ байна. Хурлаар 450 га-г зөвшөөрсөн байхад 800 гэдэг тоог гараагүй захирамж үндэслэн тавьж гэрчилгээ олгогдсон нь хуурамч, хууль бус гэдгийг харуулж байна. Газрыг 15-60 жилийн хугацаатай эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг 1 удаа 40 жилээс илүүгүй сунгаж болно гэж Газрын тухай хуулийн 30.1-д заасан. Гэтэл шууд 40 жилээр олгосон байна. Улсын бүртгэлийн гэрчилгээнд 011100 кодтой үр тариа болон хадлан тэжээл үйлдвэрлэл эрхлэх үндсэн үйл ажиллагааг 2009 оны 12 дугаар сарын 11-нд шинээр бүртгэв Д.Ө гэж гэрчилгээний арын хуудсанд хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтийн бүртгэлд бүртгэсэн байгаагаас харахад 2003-2009 он хүртэл У-А ХХК нь хадлан эрхлэх зөвшөөрөлгүй хууль бусаар үйл ажиллагаа эрхэлж байсныг нотолж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш сумын иргэдийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаартай тогтоолын зөвхөн 1 дэх заалтыг илт бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Хадлангийн талбайг ашиглуулах асуудлыг жил бүр Б багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлдэг. 2 дахь заалтаар Газрын тухай хуульд зааснаар хадлангийн талбайг жил бүр ашиглуулах асуудлыг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэхийг Засаг даргад үүрэг болгочихсон байна. Би нийтийн эрх ашгийг хамгаалах, хуульд нийцүүлэн ажиллах шаардлагатай учраас хууль бусаар газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосон. Газрын тухай хуулиар 5 жил тутам өөрийн хөрөнгөөр кадастрын хэмжилт хийлгэнэ гээд тодорхой зохицуулчихсан байдаг. Гэтэл У-А ХХК-ий тухайд кадастрын хэмжилт хийлгэсэн зүйл огт байхгүй тул эрх ашиг хөндөгдсөн асуудал огт байхгүй. 2003 оны А/01 дугаартай захирамж нь тус сумын Засаг даргын Тамгын газарт хадгалагдаж байгаа У-А ХХК-ий газар эзэмшигч аж ахуйн нэгжийн хувийн хэрэгт байдаггүй. Гэтэл тухайн захирамжийг үндэслээд гэрчилгээ олгосон байгаа учраас уг гэрчилгээний үндэслэл болгосон 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/01 дугаартай захирамжийг хүчингүй болгосон. Хэдийгээр уг захирамж манай дээр байхгүй боловч уг захирамж газар эзэмших гэрчилгээн дээр бичигдэж, эрх олгогдсон байдаг. У-А ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргасан учир өөрөө нотлох баримтаа бүрдүүлээд Ш сумын Засаг даргын 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/01 дугаартай захирамжийг гаргаж ирнэ гэдэг утгаар газар эзэмших гэрчилгээн дээр бичигдсэн захирамжийг хүчингүй болгосон. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь захиргааны акт гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй гэж тайлбарлаж байна. Гэтэл мэдэгдэл хүргүүлээд У-А ХХК-иас мэдэгдлийн хариу ирүүлснийг нотлох баримтаар өгсөн гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Говь-Алтай аймгийн Ш сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Бэлчээр, газар тариалан, хадлангийн чиглэлээр авах арга хэмжээний тухай 02 дугаар тогтоол гаргаж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх заалтыг үндэслэн тогтоолын 1 дэх хэсэгт Хадлангийн зориулалтаар эзэмшүүлж байгаа нийт 1800 га талбайн 900 га газрыг хадлангийн зориулалтаар, Баруун, Зүүн салаа, Шар харганы өвөлжөө, Тохой нуураас урагш 900 га газрыг бэлчээрийн зориулалтаар тус тус ашиглахаар тогтоож, 2 дах хэсэгт Хадлангийн талбайг ашиглуулах асуудлыг жил бүр Б багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэн, ашиглагчтай байгуулсан гэрээг тухай бүр нь дүгнэж, хэрэгжилтийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд тайлагнаж, ажиллахыг сумын Засаг дарга /М.Т/, газрын даамал /Б.Г/ нарт үүрэг болгосон байна.
Энэ тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Ш сумын Засаг дарга 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр А/53 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 53 дугаар зүйлийн 53.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар тогтоолыг тус тус үндэслэн захирамжийн 1-т Хадлангийн талбайг иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн сумын Засаг даргын 2003 оны А/01 дүгээр захирамж, 2011 оны А/52 дугаар захирамжийн 1 дэх хэсэг, 2012 оны А/32 дугаар захирамжийн 4, 5 дахь хэсэг, 2013 оны А/79 дүгээр захирамж, 2016 оны А/59 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгосон байна.
У-А ХХК-ий тухайд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар тогтоолын 1 дэх заалт, сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр А/53 дугаар захирамжийн 1 дэх хэсгийн У-А ХХК-д холбогдох хэсэг буюу Засаг даргын 2003 оны А/01 дүгээр захирамж гэсэн хэсгийг илт хууль бус захиргааны актад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтад У-А ХХК-ий 2003 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 0007061 дугаартай Ш сумын Засаг даргын 2003 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаар шийдвэрийг үндэслэн 800 /м2, га/ газрыг 40 жилийн хугацаатай хадлангийн зориулалтаар эзэмшүүлэхээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон мөн 2003 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж гэрээний 2.1-т Газар эзэмшигчид олгосон газрын нийт хэмжээ 800.0 га /хх-84 хуудас/ гэсэн байгаагаас үзэхэд 800 га газрыг хадлангийн зориулалтаар эзэмшүүлэхээр гэрээ байгуулж гэрчилгээ олгосон байна.
Маргааны гол нөхцөл нь нэхэмжлэгчийн тухайд 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Ш сумын Засаг даргын 01 дүгээр шийдвэрээр хадлангийн зориулалтаар газар эзэмшиж ирсэн байхад Ш сумын Засаг дарга А/53 дугаар захирамжаар Засаг даргын 2003 оны А/01 дүгээр захирамжийг хүчингүй болгосон нь У-А ХХК-ий эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хариуцагчийн тухайд Ш сумын Засаг даргын 2003 оны 01 дугаар захирамж байхгүй, 05 дугаар сарын 05-нд 01 дугаартай захирамж гарах боломжгүй, 2003 оны А/01 дүгээр захирамжийг хүчингүй болгохдоо У-А ХХК-ий газар эзэмших эрхийн гэрчилгээнд бичигдсэн 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01 тоот шийдвэр гэж бичигдсэнийг үндэслэн хүчингүй болгосон гэсэн тайлбарыг гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримт цуглуулах явцад Ш сумын Засаг даргын Тамгын газрын архивт үзлэг хийхэд 2003 оны захирамжууд аймгийн архивт шилжсэн, аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны 73 тоот албан бичигт ...Ш сумын Засаг даргын 2003 оны захирамжийг шүүж үзэхэд 01 сарын 20-нд ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх тухай 03 дугаар захирамж гарч, 2003 оны 01, 02 дугаар захирамж шилжиж ирээгүй..., аймгийн архивын тасгаас ирүүлсэн Ш сумын Засаг даргын 2003 оны 05 дугаар сарын 01-ний Комисс байгуулах тухай 24, 2003 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2003 оны тариалалт явуулах талбайг эзэмшүүлэх тухай 25 дугаар захирамж, 2003 оны А/01 дугаар захирамжийг хэргийн оролцогчид шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй байгаа зэргээс Ш сумын Засаг даргын 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаартай (А/01) захирамж буюу шийдвэр байхгүй байгаа нь тогтоогдож байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно гэж зааснаар сумын Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө буюу сумын Засаг дарга хүчингүй болгох, өөрчлөх эрхтэй хэдий ч огт байхгүй 2003 оны А/01 гэх 2003 оны 05 дугаар сарын 05-ний өдрийн 01 дүгээр захирамжийг хүчингүй болгосноор түүнийг бодит нөхцөл байдалд хэрэгжүүлэх буюу биелүүлэх боломжгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-т түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй захиргааны актыг илт хууль бус болохоор заасан байх тул Ш сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр А/53 дугаар захирамжийн 1 дэх хэсгийн У-А ХХК-д холбогдох хэсэг буюу Засаг даргын 2003 оны А/01 дүгээр захирамжийг хүчингүй болгосныг илт хууль бусад тооцож, хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Ш сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 05 дугаар сарын 02-ны 02 дугаар тогтоолын 1 дэх заалтаар хадлангийн зориулалтаар эзэмшүүлж байгаа нийт 1800 га талбайн 900 га газрыг хадлангийн зориулалтаар, 900 га газрыг бэлчээрийн зориулалтаар ашиглахаар тогтоосон байгаа боловч У-А ХХК-ий хадлангийн зориулалтаар эзэмшиж байгаа 800 га газрын аль хэсгийг бэлчээрийн зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэсэн байдал нь тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл У-А ХХК 2003 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 0007061 дугаартай 800 га газрыг 40 жилийн хугацаатай хадлангийн зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ байгаа боловч Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т кадастр гэж газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хил зааг, талбай, эзлэхүүн, тоо хэмжээ, төлөв байдлыг тогтоох, чанарын болон эдийн засгийн үнэлгээ хийх, төлбөр ногдуулах үндэслэлийг бий болгох, тэдгээрийн эзэмшил, ашиглалт, өмчлөлийн эрхийг баталгаажуулах цогц үйл ажиллагааг хэлнэ гэж зааснаар тухайн хадлангийн талбайн кадастрын зураг байхгүй байгаагаас шалтгаалан тухайн хадлангийн талбайн талбайн тойм зураг, байршил, хил заагийг тодорхойлох боломжгүй, хэргийн оролцогч нараас шүүхэд гаргасан тайлбартаа уг хадлангийн талбайд тогтоосон кадастрын зураг хийлгээгүй, уламжлал болгож хадаж ирсэн газрууд байдаг гэсэн тайлбараас үзэхэд Ш сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 02 дугаар тогтоолын 1 дэх заалт У-А ХХК-ий эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн Ш сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 02 дугаар тогтоолын 1 дэх заалт Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан захиргааны акт илт хууль бус болох шинжийг агуулахгүй байгааг дурдах нь зүйтэй байна.
Ш сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2018 оны 05 дугаар сарын 02-ны 02 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т зааснаар дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн сумын нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын талаарх асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэсэн байх тул Ш сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 05 дугаар сарын 02-ны 02 дугаар тогтоолын 1 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах эрхтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2018 оны 05 дугаар сарын 02-ны 02 дугаар тогтоолын 1, 2 дахь заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 1 дэх заалтыг илт хууль бус актад тооцуулан хүчингүй болгуулахаар өөрчилсөн байна. Харин шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсаныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах болон, хуулийн 66.3-т Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана гэж заасны дагуу Ш сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 08 дугаар тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг батлах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 29 дүгээр зүйлийн 29.3 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч УА ХХК-ий нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ш сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр А/53 дугаар захирамжийн 1 дэх заалтын УА ХХК-нд холбогдох Засаг даргын 2003 оны А/01 дүгээр захирамж гэсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, үлдэх Ш сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар тогтоолын 1 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дах хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 08 дугаар тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсаныг баталсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч УА ХХК-ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Ш сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 17550 төгрөг, Ш сумын Засаг даргын Тамгын газраас 17550 төгрөгийг тус тус гаргуулж гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛБАДРАХ