Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 022

 

А, Б, О, С, Х нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Б.Дамба, Н.М нарын бүрэлдэхүүнтэй, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 116 дугаар шүүгчийн захирамжтай, А, Б, О, С, Х нарт холбогдох, 201504000274 дугаартай эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 01 дугаартай эсэргүүцлийг үндэслэн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Мын илтгэснээр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.А, прокурор Б.Б нар оролцов.   

 

 

1. Шүүгдэгч О нь Б, А, Х, С нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө хилийн 44.2 дугаар тэмдэгтийн чиглэлээр буюу боомт бус газраар экологи-эдийн засгийн үнэлгээгээр 128,000,000 төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг идлэг шонхор шувууг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан буюу Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 35 дугаар зүйлийн 35.2, 36 дугаар зүйлийн 36.3.-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3.-т заасан гэмт хэрэгт,

            2. шүүгдэгч Украйн Улсын иргэн Б нь А, О, Х, С нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө хилийн 44.2 дугаар тэмдэгтийн чиглэлээр буюу боомт бус газраар, экологи-эдийн засгийн үнэлгээгээр 128,000,000 төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг идлэг шонхор шувууг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан буюу Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3.-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3.-т заасан гэмт хэрэгт,

 

3. шүүгдэгч А нь С, Х, О, Б нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө хилийн 44.2 дугаар тэмдэгтийн чиглэлээр буюу боомт бус газраар экологи-эдийн засгийн үнэлгээгээр 128,000,000 төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг идлэг шонхор шувууг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан буюу Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3.-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3.-т заасан гэмт хэрэгт,

түүнчлэн шүүгдэгч А нь С, Х нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 8 ширхэг идлэг шонхор шувууг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх зорилгоор 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө хилийн 44.2 дугаар тэмдэгтийн чиглэлээр хууль бусаар Монгол Улсын хил нэвтрэхийг завдсан буюу Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 35 дугаар зүйлийн 35.2, 36 дугаар зүйлийн 36.3.-т зааснаар мөн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2.-т заасан гэмт хэрэгт,

 

4. шүүгдэгч С нь Х, А, О, Б нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө хилийн 44.2 дугаар тэмдэгтийн чиглэлээр буюу боомт бус газраар, экологи-эдийн засгийн үнэлгээгээр 128,000,000 төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг идлэг шонхор шувууг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан буюу Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3.-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3.-т заасан гэмт хэрэгт,

түүнчлэн шүүгдэгч С нь, Х, А нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 8 ширхэг идлэг шонхор шувууг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх зорилгоор 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө хилийн 44.2 дугаар тэмдэгтийн чиглэлээр хууль бусаар Монгол Улсын хил нэвтрэхийг завдсан буюу Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3.-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2.-т заасан гэмт хэрэгт,

 

5. шүүгдэгч Х нь С, Х, А, О, Б нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө хилийн 44.2 дугаар тэмдэгтийн чиглэлээр буюу боомт бус газраар, экологи-эдийн засгийн үнэлгээгээр 128,000,000 төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг идлэг шонхор шувууг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан буюу Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3.-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3.-т заасан гэмт хэрэгт,

түүнчлэн шүүгдэгч Х нь С, А нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 8 ширхэг идлэг шонхор шувууг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх зорилгоор 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө хилийн 44.2 дугаар тэмдэгтийн чиглэлээр хууль бусаар Монгол Улсын хил нэвтрэхийг завдсан буюу Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3.-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2.-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 116 дугаар шүүгчийн захирамжаар:  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1-д зааснаар Нийслэлийн Прокурорын газраас хуучин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А, Х, С, мөн хуучин хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О, Б нарт холбогдох 201504000274 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Нийслэлийн Прокурорын газарт буцаахаар шийдвэрлэжээ.

 

Дээд шатны прокурорын эсэргүүцэлд: “1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 12 дугаар тогтоолд заасан ажиллагаанууд бүрэн хийгдээгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримт, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээс үзэхэд уг гэмт хэргийн зохион байгуулагч хэн болохыг тогтоох. Өөрөөр хэлбэл уг гэмт хэрэгт гадаад улсын иргэн И, түүний эцэг К нар нь оролцоотой эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай байна... гэжээ.

 

А нарт холбогдох 201504000274 дугаартай хэргийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 12 дугаар тогтоолоор хэргийг прокурорт буцаасныг Нийслэлийн прокурорын газраас хүлээн авч, шүүхийн тогтоолд заасан ажиллагааг бүрэн хийж гүйцэтгүүлэн, 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн байхад анхан шатны шүүх А, О, С, Х, Украйн улсын иргэн Б нарт холбогдох хэргийг удаа дараа үндэслэлгүй заалт бичиж хэргийг шийдэхгүй буцааж байгаа нь ойлгомжгүй байна.

 

Мөрдөн байцаалтын явцад Сири улсын гаралтай, Оросын Холбооны улсын иргэн И гэгч нь урьд Монгол улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу идлэг шонхор шувууг соёлын зориулалтаар барьж байсан бөгөөд тэрээр 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Алтанбулаг авто замын боомтоор Монгол улсын хилээр гадагш гарсан болох нь Хил хамгаалах ерөнхий газрын албан бичиг, хилийн лавлагаагаар тогтоогдсон.

 

Шүүгдэгч О нь И гэгчийн талаар “...И шувуугаа олчхоод чамтай холбогдъё гээд хэсэг хугацааны дараа надтай холбогдсон. Дараа нь мөнгө шилжүүлсэн. Миний нэр дээр 5000 ам.доллар, дүүгийн нэр дээр 3000 ам.доллар шилжүүлсэн...” гэж мэдүүлсэн боловч түүний нэр дээр И гэгчээс мөнгө шилжүүлсэн талаар баримт байхгүй. Харин О-ын нэр дээр Арабын Эмират улсаас Г гэгч хүнээс 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 5000 ам.доллар, дүү Т-ийн нь нэр дээр мөн Оросын холбооны улсаас К.Е.В гэх хүнээс 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 3000 ам.долларыг Голомт банкны “western union” валютын гүйлгээгээр шилжүүлсэн байдаг. Мөрдөн байцаалтаар тэрээр өөрийн болон дүү Т-ийн нэр дээр шилжин ирсэн нийт 8000 ам.долларыг хүлээн авсан болох нь тогтоогдсон. Тэрээр Украйн улсын иргэн Б-ын зааж зөвлөснөөр 16 тооны идлэг шонхор шувууг бусдаас хүлээн авсныг Улаанбаатар хот дахь өөрийн болон дүү Т-ийн гэрт байрлуулж, улмаар 8 идлэг шонхор шувууг нь боомт бус газраар улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх талаар Б болон А нартай ярилцан тохирч, 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 8 ширхэг идлэг шонхор шувууг 8000 ам.долларын хамтаар А-д өгсөн.

 

А нь дээрх 8 тооны идлэг шонхор шувууг Улаанбаатар хотоос тээвэрлэн Баян-Өлгий аймагт очиж, улмаар 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө тус нутгийн иргэд болох Х, С нарын хамтаар Хил хамгаалах Ерөнхий газрын Хилийн 0285 дугаар ангийн Хилийн 3 дугаар заставын хариуцсан хэсэг болох Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт байрлах хилийн 44.2 дугаар тэмдэгтийн чиглэлээр буюу боомт бус газраар улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан. Яллагдагч нар нь гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн үйлдэл буюу эс үйлдэхүйг бүрэн хийсэн боловч тэдгээрийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас тухайн гэмт хэрэг туйлдаа хүрээгүй болох нь гэрч, сэжигтэн яллагдагч нарын мөрдөн байцаалтын явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон болно.

 

Гадаад улсаас Т, О нарын нэр дээр “Арабын Эмират улсаас буюу Г гэгч хүнээс 8.000 ам.доллар шилжиж ирсэн” талаар баримт хэрэгт авагдсан байхад, дээрх мөнгийг И, түүний эцэг К нар нь улсын хилээр 8 тооны идлэг шонхор шувууг хууль бусаар хил нэвтрүүлэх зорилгоор шилжүүлсэн гэж мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэгт хөтлөгдөн И, түүний эцэг гэх К нарыг уг гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон, захиалсан гэж үзэх үндэслэлгүй юм.

О нь мөрдөн байцаалтын явцад мэдүүлснээ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ үгүйсгэж байгаа боловч тэрээр “...И нь тухайн үед хэчнээн тооны шонхор шувууг хэдийд, хаанаас авах талаар хэлж байсан, И эдгээр шувуунуудыг аваад хадгалж бай, шувуудыг байлгаж тэжээж байсан мөнгө хөлсийг өгнө гэж байсан. Анх тохиролцохдоо хилээр гаргаж өгөх талаар ярилцсан боловч харин ямар хилээр хэзээ, хаагуур гаргаж, ямар газарт уулзаж шувуугаа өгөх талаар ярилцаж, тохиролцсон зүйл байхгүй, И, О 2-ын энэ яриаг Б орчуулга хийж өгдөг байсан...” талаар мэдүүлсэн мэдүүлгээ үгүйсгээгүй.

О болон Б, А нарын мэдүүлгүүдээс үзэхэд И гэгч нь О-д “идлэг шонхор шувууг Монгол улсын хилээр нэвтрүүлэх зорилгоор 8.000 ам.доллар шилжүүлсэн гэх боловч, харин тэрээр тухайн шонхор шувууг хэзээ, ямар хилээр, хаагуур гаргах талаар зааж зөвлөөгүй байна. Өөрөөр хэлбэл И түүний эцэг К нар нь 8 ширхэг идлэг шонхор шувууг 2015 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө боомт бус газраар буюу Хил хамгаалах Ерөнхий газрын Хилийн 0285 дугаар ангийн Хилийн 3 дугаар заставын хариуцсан хэсэг болох Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт байрлах хилийн 44.2 дугаар тэмдэгтийн чиглэлээр буюу боомт бус газраар, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх талаар Монгол улсын иргэн О, А, Х, С, Украйн улсын иргэн  Б нарт зааж зөвлөн, үүрэг чиглэл өгөөгүй тул И түүний эцэг К нарыг тухайн гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон гэж үзэх үндэслэлгүй, иймд тэдгээрийг дээрх гэмт хэрэгт холбогдуулан шалгах шаардлагагүй гэж үзэж байна.

 

2. Украйн улсын иргэн Б нь уг гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон эсэхийг нарийвчлан шалгаж тогтоох шаардлагатай байна гэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Украйн улсын иргэн Б нь 80785508 дугаарын утсаар О-тай холбогдож “идлэг шонхор шувууг хэзээ хаанаас, ямар хүнээс хэрхэн яаж авах талаар заавар чиглэлийг өгч, уг хэргийг зохион байгуулж байсан” талаар О мэдүүлдэг. 88888888 гэсэн дугаарыг Баянгол дүүргийн 01 дүгээр хороо, 01-01 тоот хаягт бүртгэлтэй Я гэгч эзэмшдэг талаар лавлагаа гарсан боловч мөрдөн байцаалтаар уг орон сууцыг Украйн улсын иргэн Б нь өөрийн хамтран амьдрагч Ю-ын хамтаар түрээслэн амьдарч байсан болох нь З /тус байрны эзэн/-ийн мэдүүлгээр нотлогдсон. Түүнчлэн дээрх утасны дугаарыг Украйн улсын иргэн Б ашигладаг талаар түүнтэй 2009 оноос хойш хамтран ажиллаж байгаа гэрч ОХУ-ын иргэн А.К нь нотолж мэдүүлсэн болно. 

Прокуророос Украйн улсын иргэн Б-ыг “А, О, Х, С нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хил хамгаалах Ерөнхий газрын Хилийн 0285 дугаар ангийн Хилийн 3 дугаар заставын хариуцсан хэсэг болох Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт байрлах хилийн 44.2 дугаар тэмдэгтийн чиглэлээр буюу боомт бус газраар Засгийн газрын 2013 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Гадаадад гаргахыг хориглох тухай” 15 дугаар тогтоолоор “Идлэг шонхрыг ашиг олох зорилгоор гадаад оронд гаргахыг 5 жилийн хугацаагаар хориглосон”, мөн 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоолоор экологи эдийн засгийн үнэлгээг 16 сая төгрөгөөр тогтоосон, нийт 128.000.000 төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг идлэг шонхор шувууг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг зохион байгуулсан” гэж үзэн, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Хэрэв анхан шатны шүүх түүнийг дээрх гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон нь хангалттай нотлогдож тогтоогдоогүй гэж үзэж байгаа бол хуульд заагдсан бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шийдвэрлэх боломжтой тул шүүгчийн захирамжийн 2 дахь заалтыг хүлээн авах үндэслэлгүй юм.

 

3. Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх үйлдэлд шүүгдэгч Б, О нарын оролцоо, холбогдол байгааг тогтоох шаардлагатай байна гэжээ.

Б, О нарыг Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдээгүй бөгөөд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг баримтлан тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах боломжтой гэж үзэж байна.

 

4. Эцэст нь дурдахад Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 116 дугаар захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дэх заалтыг хангаагүй, хуулийг ноцтой зөрчжээ. Тухайлбал, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг аль талын ямар хүсэлтээр, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар явуулсан эсэх, шүүгдэгч нарын зүгээс хэлэлцүүлэгт оролцсон эсэх нь тодорхойгүй, энэ талаар тусгагдаагүй, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх ажиллагаа хийгдсэн хэрэгт шууд гэм буруу, ял хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэх ёстой байхад хэргийн бодит байдалд нийцээгүй захирамж гаргасан гэж үзэж байна.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт ямар, ямар хүмүүс оролцож юу хэлж, ямар ажиллагаа хийлгэхээр гомдол, хүсэлт гаргасан зэргийг тодруулахаар тухайн шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбарыг Баян-Өлгий аймгийн прокурорын газраас анхан шатны шүүх хуралд томилолтоор оролцсон прокуророор дамжуулан авч танилцах гэсэн хэдий ч шүүгч нь амарсан, тэмдэглэлийн хуулбарыг өгөх боломжгүй гэх зэргээр танилцах боломжоор хангаагүй болно.

Иймд дээрх шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагын дагуу анхан шатны шүүхээр гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын асуудлыг хэлэлцүүлэхээр мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд томилогдсон прокурорыг оролцуулах хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гаргаж байна.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүх дээд шатны прокурорын эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэж, дараах үндэслэлээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 116 дугаар “Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/, 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулиуд 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөхөөс өмнө анхан шатны шүүхээс А нарт холбогдох, 201504000274 дугаартай эрүүгийн хэрэгт 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 97 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх, тэдгээрт яллах дүгнэлтийн хувийг гардуулан шүүх хуралдааны товыг тогтоох, оролцогчийн хүсэлтээр 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааныг шүүхийн тогтоолоор 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хойшлуулах зэргээр 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байжээ.

 

Харин 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ дагаж мөрдөгдсөнтэй холбогдуулан анхан шатны шүүхээс мөн хуульд нийцүүлэн шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгч А, Б нарын өмгөөлөгч Я.Сьездийн “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах”, “мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх” зэрэг хүсэлтийн дагуу 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр шүүгдэгч нарын өмгөөлөгч болон прокурорыг оролцуулан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, мөн хэсгийн 6.15 дахь заалт, 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2.-т нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх ... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмын агуулгыг тогтоосон, мөн хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтлахаар заасан учраас анхан шатны шүүхийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан дээрх ажиллагааг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-т зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдлыг нотлох бөгөөд анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 116 дугаар шүүгчийн захирамжийн Тодорхойлох хэсэгт заасан гурван үндэслэл бүхий мөрдөн шалгах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцаасан үндэслэлүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2.-т нийцжээ.

 

2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 47 дугаартай прокурорын яллах дүгнэлтээс үзвэл, (1) шүүгдэгч О-г эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдэхээр бусадтай урьдчилан үгсэж тохиролцон, захиалсан, завдсан гэж,  (2) шүүгдэгч Б-г эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдэхээр бусадтай урьдчилан үгсэж тохиролцон, зохион байгуулсан, завдсан гэж, (3) шүүгдэгч А-г эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдэхээр бусадтай урьдчилан үгсэж тохиролцон, гардан үйлдсэн, завдсан гэж, мөн шүүгдэгч А-г хууль бусаар Монгол Улсын хил нэвтрэх гэмт хэргийг үйлдэхээр бусадтай урьдчилан үгсэж тохиролцон, захиалсан, завдсан гэж, (4) шүүгдэгч С-ийг эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдэхээр бусадтай урьдчилан үгсэж тохиролцон, гардан үйлдсэн, завдсан гэж, мөн шүүгдэгч С-ийг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрэх гэмт хэргийг үлдэхээр бусадтай урьдчилан үгсэж тохиролцон, гардан үйлдсэн, завдсан гэж,  (5) шүүгдэгч Х-г эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэргийг бусадтай урьдчилан үгсэж тохиролцон, гардан үйлдсэн, завдсан гэж, мөн шүүгдэгч Хыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрэх гэмт хэргийг бусадтай урьдчилан үгсэж тохиролцон, гардан үйлдсэн, завдсан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

 

Үүнээс дүгнэхэд, прокурорын яллах дүгнэлтэд (1) 2002 оны Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.3.-т заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч нарын хувьд О-г захиалагч,  Б-г зохион байгуулагч, А, С, Х нарыг гардан гүйцэтгэгч гэж, (2) 2002 оны Эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2.-т заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч нарын хувьд шүүгдэгч А-г захиалагч, шүүгдэгч С, Х нарыг гардан гүйцэтгэгч гэж үзэн яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгч тус бүрийн гэмт хэрэгт хамтран оролцсон байдлыг холбогдсон хэрэг тус бүрээр нь үндэслэлтэй, нарийвчлан, ялгамжтай тогтоогоогүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-т заасан нотолбол зохих байдал /Эрүүгийн хуульд заасан бусад байдал/ бүрэн тогтоогдоогүй байна. Тухайлбал, эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэгт холбогдсон  шүүгдэгч О, Б нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2.-т заасан хууль бусаар Монгол Улсын хил нэвтрэх гэмт хэрэгт хамран оролцсон эсэхийг мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх замаар шалгах шаардлагатай гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хуульд нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иймээс дээд шатны прокурорын эсэргүүцлийн дагуу, хэрэгт цугларсан баримтын хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Дээд шатны прокурорын 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр эсэргүүцпийг хэрэгсэхгүй болгож, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 116 дугаар “Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Хэрэг прокурорт очтол шүүгдэгч Б-д урьд авсан хязгаарлалт тогтоох тухай, шүүгдэгч А, О, С, Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                       С.ӨМИРБЕК

 

 

                                    ШҮҮГЧИД                                                      Б.ДАМБА

 

 

                                                                                                            Н.М