Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 029

 

                                           Х.Д-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Б.Дамба, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 183 дугаар шүүгчийн захирамжтай, Х.Д-д холбогдох эрүүгийн 1713000000056 дугаартай хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд аймгийн ерөнхий прокурор Т.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.

 

Шүүгдэгч Х.Д нь 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Х.Е-ийн гэрт очиж, хамт архи ууж, согтуурсан үедээ модон авдарт байсан 740000 төгрөг болон хадгаламжийн 3 дэвтрийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 183 дугаар шүүгчийн захирамжаар шүүгдэгч Х.Д-д холбогдох эрүүгийн 1713000000056 дугаартай хэргийг Баян-Өлгий аймгийн Прокурорын газарт буцаасан байна.

 

Прокурорын эсэргүүцэлд: “Яллагдагч М.Д-д холбогдож буй хэрэг нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд хамаарагдаж байна. ... Хуульд тусгайлан заасан үндэслэлээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ шүүхийн тогтоол нь цагаатгах, эсхүл шийтгэх хэлбэртэй байна гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заажээ. Гэтэл шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6, 33.3 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгосон нь үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан болон энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй бол, энэ хуулийн 33.3 дугаар зүйл бол урьдчилсан хэлэлцүүлгийн үед хэргийг прокурорт буцаах зохицуулалт юм. Шүүгчийн 183 дугаартай захирамж нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийг прокурорт буцаахдаа зөвхөн урьдчилсан хэлэлцүүлгээр буцааж байх гэсэн үзэл баримтлал агуулгыг алдагдуулсан шийдвэр болжээ. Улсын яллагч алдаа гаргасны улмаас хэрэгт цугларсан зарим нотлох баримтууд нотлох чадвараа алдсан бол хэргийг цагаатгах, хариуцлагаас чөлөөлөх талаар яллах дүгнэлтэд дурдсан алдааг эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд зөвтгөх боломжтой, Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь тусгайлсан зохицуулалт бүхий онцлогтой, шүүх шийтгэх, цагаатгах аль нэг шийдвэрийг гаргах байсан, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанаар буцаасан байна. Иймд Х.Д-д холбогдох хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн байх тул Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 183 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Х.Д-д холбогдох эрүүгийн хэрэгт гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3  дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэж, дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг мөн шатны шүүхэд, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатанд буцаав.

1. Анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 182 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 183 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль ёсны зарчмыг хангаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3.-т монгол хэл, бичиг мэдэхгүй шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй гэж заасан байхад анхан шатны шүүх монгол хэл, бичиг мэдэхгүй Х.Д-д холбогдох эрүүгийн хэрэгт яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаах зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа өмгөөлөгч оролцуулаагүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчигдөж, шүүгдэгчийн баталгаатай эдлэх хууль зүйн туслалцаа авах эрх зөрчигджээ. Шүүгдэгч Х.Д нь монгол хэл, бичиг мэдэхгүй нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаас тогтоогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөн зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгчийн хүсэлтээр, эсхүл зөвшөөрснөөр тэрээр хуульд заасны дагуу өмгөөлөгч сонгоогүй бол шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд томилогдсон өмгөөлөгчийг оролцуулна. Иймд анхан шатны шүүх хуульд заасан тохиолдолд шүүгдэгчийн өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч заавал оролцуулах журмыг зөрчсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3.-т зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатанд буцаах үндэслэлтэй.

2. Дээд шатны прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 5/06 дугаартай эсэргүүцэлд “шүүгдэгч Х.Д холбогдсон Эрүүгийн хуулийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх байтал шүүгчийн захирамжаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6, 33.3 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг буруу хэрэглэж,  мөрдөгч, прокурор мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасны улмаас хэрэгт цугларсан зарим нотлох баримтууд нотлох чадвараа алдсан бол мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүх цагаатгах, эсхүл шийтгэх тогтоол гаргаж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх байтал анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг” зөрчсөн гэжээ.

            2.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийг чанд сахина гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчмыг тодорхойлсон. Хэргийг мөрдөн шалгах явцад монгол хэл, бичиг мэдэхгүй яллагдагч Х.Д оролцсон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг, тодруулбал эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах, эд зүйлд үзлэг хийх, мэдүүлгийг газар дээр нь шалгах, эд хөрөнгө битүүмжлэх, эд зүйлд үнэлгээ тогтоолгох, яллагдагчаас мэдүүлэг авах, хэргийн материалтай танилцуулах, хэргийг шүүхэд шилжүүлэх зэрэг ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэг ноцтой зөрчигдсөн нь тогтоогдсон ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Д нь монгол хэл, бичиг мэддэггүй нь анхан шатны шүүх хуралдааны явцад тогтоогдсон ба мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2.-т заасан /гэмт хэргийг хэн үйлдсэн/ нотолбол зохих байдлын хүрээнд мөрдөгч, прокуророос яллагдагчийн монгол хэл, бичиг мэдэх эсэхийг тодруулах шаардлагатай байжээ. Монгол хэл, бичиг мэддэггүй яллагдагчийн оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч заавал оролцуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тусгайлан журамласан нь оролцогчийн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т заасан хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх нөхцөлийг хангах агуулгатай бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны уг журмыг алдагдуулснаар яллагдагчийн дээрх  эрхүүд хангагдсан гэж үзэх боломжгүй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 17.5 дугаар зүйлд зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тусгайлсан журмыг, тухайлбал мөрдөгч хуульд тухайлан заасан тодорхой төрлийн гэмт хэргийн мөрдөн байцаалтыг 14 хоногийн дотор явуулж хэргийг прокурорт шилжүүлэх, прокурор хэргийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор хянаж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэх, шүүх хэргийг хүлээн авснаас хойш 72 цагийн дотор хянан шийдвэрлэх зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны богиносгосон хугацаа зэргийг тогтоожээ. Мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлээд гаргах шүүхийн тогтоол нь цагаатгах, эсхүл шийтгэх хэлбэртэй байна гэж заасан байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд мөрдөгч, прокурорын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль ёсны зарчмыг хангаагүйн улмаас оролцогчийн үндсэн эрх зөрчигдсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гарсан бөгөөд уг зөрчлийг шүүх хуралдаанаас нөхөн гүйцэтгэх боломжгүй тохиолдолд оролцогчийн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т заасан шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхийг хангах үүднээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүхээс шийтгэх, эсхүл цагаатгах тогтоол гаргаж хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан хүний эрхийн зөрчлийг арилгуулах зорилгоор хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэлд заасан үндэслэлээр үгүйсгэх үндэслэлгүй байна.

2.2. Дээд шатны прокурорын эсэргүүцэлд “Улсын яллагч алдаа гаргасны улмаас хэрэгт цугларсан зарим нотлох баримтууд нотлох чадвараа алдсан бол хэргийг цагаатгах, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх ... боломжтой” гэсэн үндэслэл нь хуульд нийцээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан “цагаатгах тогтоол” нь мөн хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангавал зохих бөгөөд үүнээс үзвэл мөрдөгч, прокурорын оролцогчийн эрхийг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйл ажиллагааны улмаас шүүгдэгчийг цагаатгах үндэслэлгүй байна.

Шүүх хуралдаанаас “мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн үндсэн эрх зөрчигдсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гарсан” нь тогтоогдсон тохиолдолд улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн чиг үүргийнхээ хүрээнд мөн хуулийн 34.7 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.2.-т /хэргийг прокурорт буцаах шаардлагатай гэж үзсэн/ зааснаар шүүгдэгчийг яллахаас татгалзах саналаа бичгээр гарах эрхтэйг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүдийг давж заалдах шатны шүүх хүлээж аваагүй учраас эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Х.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь хэрэглэснийг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 183 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатанд буцааж, дээд шатны прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 5/06 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Х.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь хэрэглэсүгэй. 

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД                                                       Б.ДАМБА

                                                                                   

 

Д.МӨНХӨӨ