Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 658

 

 

 

 

 

 

  2020        08          11                                   2020/ШЦТ/658

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч С.Солонго,

  шүүгдэгч Д.Н /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Н-д холбогдох эрүүгийн 2011 01150 0758 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх дүү нарын хамт, Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасганы 8 дугаар байрны 87 тоотод оршин суудаг /иргэний үнэмлэхний хаяг: Завхан Улиастай, 4-р баг, Богдын гол мсүт урд хэсэг, 1-10 тоот/, улсаас авсан гавъяа шагналгүй,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 450 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Д.Н / /.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Д.Н нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасганы 1 дүгээр гудамжны 7 тоотод байрлах “Ачлал” хүнсний дэлгүүр дотор насанд хүрээгүй О.Эрхэмбаярын нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь “...2 нүдний зовхинд цус хуралт, хацарт хаван, хүзүүнд зулгаралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөр байгаа. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Насанд хүрээгүй хохирогч О.Эрхэмбаярын “...2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр би өмнө нь цуг ажиллаж байсан Ариухай, Заяа, Бөмбүүлэй нартай 14 цагийн үед Гандангийн буудал дээр уулзаад Ариухай Бөмбүүлэй нарын амьдардаг нийтийн байр луу очсон. Тэр өдөр Ариухайгийн төрсөн өдөр байсан тул бид нар хоол хийж идээд, хөзөр тоглоод, яриад сууж байтал Бөмбүүлэй 2 ширхэг том 2.5 литрийн пиво авчирсан. Түүнийг нь бид 4 хувааж уусан. Улмаар би тамхи авах гээд тэдний гэрээс гараад ойролцоох дэлгүүр буюу Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Ачлал” хүнсний дэлгүүр лүү ороход шилэн лангууны хажууд газар 1 эрэгтэй хүн хамраас нь цус гарсан бололтой сууж байсан ба түүний хажууд хамт явж байгаа бололтой 2 эмэгтэй хүн зогсож байсан. Тэд нар бүгдээрээ согтуу байх шиг байсан. Би худалдагч бололтой 1 залуу эмэгтэйд хандаж 1 тамхи, 2 сироп авъя гэж хэлсэн чинь тухайн дэлгүүрийн эзэн бололтой 1 үл таних залуу гартаа утсаа барчихаад “та нар ер нь яах гээд байгаа юм бэ” гэж хэлэхэд би “би зүгээр танай дэлгүүрээр үйлчлүүлэх гэж байна шдээ” гэж хэлсэн чинь миний нүүр лүү гараараа 3 удаа дараалаад цохисон чинь миний нүүр хэсэгт чинэрч өвдөөд байсан. Тэгээд би гараад зугатаачихсан. Улмаар би Бөмбүүлэйгийн гэрт очиход тэд нар надаас “нүүр чинь яасан юм бэ” гэж асуухад нь би толинд өөрийгөө харчихаад буцаад тухайн дэлгүүр лүү явсан. Учир нь намайг анх дэлгүүр лүү орох үед дэлгүүрийн худалдагч бололтой залуу эмэгтэй гар утсаараа цагдаа дуудаж байсныг санаад буцаж очсон. Тэгээд би дэлгүүрийн гадаа ирэхэд гадаа нь цагдаа нар ирчихсэн байсан бөгөөд би болсон явдлыг ярихад цагдаа намайг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор эрүүлжүүлэх байр луу аваад явсан. Би цагдаа нарт учир байдлаа хэлдээд ойлгохгүй болохоор нь өөрийн ээж Ц.Отгонжаргал руу утсаар залгаж “ээж ээ би хүнд зодуулчихаад байхад цагдаа нар намайг бариад аваад явчихлаа" гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч М.Гэрэлсайханы “...үйлчлүүлэгч нарт үйлчлээд сууж байтал халамцуу 17-20 орчим насны 4-5 эрэгтэй хүмүүс орж ирээд худалдан авалт хийгээд улмаар хоорондоо маргалдаад ноцолдоод байхаар нь би болиоч, дэлгүүрээс гараач гээд байхад намайг огт тоохгүй байхаар нь утсаараа Д.Н ахыг дуудсан. Тухайн үед Д.Н ах 2 давхарт гэртээ амарч байсан. Тэгээд Д.Н ах дэлгүүрт орж ирээд нөгөө залуучуудыг хөөгөөд гаргасан. Удалгүй өндөр туранхай 17-18 орчим насны халамцуу залуу орж ирээд юм авах гэсэн юм дансаа өгчих гээд зогсож байтал Д.Н ах тэр залууг дэлгүүр дотор хоорондоо ноцолдоод зодолдоод байсан залуучуудтай хамт явж байна, ноцолдож, зодолдох вий гэж бодоод Д.Н ах тэр залуугийн цээж рүү гар гэж хэлээд түлхэх шиг болсон. ...нөгөө залуу хойшоо гэдэргээ газар унасан чинь найз нь орж ирээд аваад гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

Гэрч Д.Давхарбаярын “...манай дэлгүүрт хүүхдүүд орж ирээд хоорондоо ноцолдоод зодолдоод байхаар нь манай хүү дэлгүүр лүү доош буугаад тэд нарыг дэлгүүрээс гаргасан гэсэн. Гэтэл нэг залуу орж ирээд юм авах гэтэл Д.Н та нар яах гэж ингэж хэл ам хийлгээд байдаг юм бэ зайлцгаа гэж хэлээд нүүрэн тус газарт нь цохисон гэсэн. Маргааш нь тэр хүү манай дэлгүүрт орж ирэхэд нэг нүдний доод зовхинд хөхөрсөн харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугар сарын 20- ны өдрийн 5934 дугаартай “...О.Эрхэмбаярын биед 2 нүдний зовхинд цус хуралт, хацарт хаван, хүзүүнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 40/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 33/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 34/, дансны хуулга /хх35-36/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн тогтоол /хх 65/, шүүгдэгч, хохирогч нарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 60-61/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Н нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасганы 1 дүгээр гудамжны 7 тоотод байрлах “Ачлал” хүнсний дэлгүүр дотор насанд хүрээгүй О.Эрхэмбаярын нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь “...2 нүдний зовхинд цус хуралт, хацарт хаван, хүзүүнд зулгаралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн насанд хүрээгүй хохирогч О.Эрхэмбаярын “...2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр би өмнө нь цуг ажиллаж байсан Ариухай, Заяа, Бөмбүүлэй нартай 14 цагийн үед Гандангийн буудал дээр уулзаад Ариухай Бөмбүүлэй нарын амьдардаг нийтийн байр луу очсон. Тэр өдөр Ариухайгийн төрсөн өдөр байсан тул бид нар хоол хийж идээд, хөзөр тоглоод, яриад сууж байтал Бөмбүүлэй 2 ширхэг том 2.5 литрийн пиво авчирсан. Түүнийг нь бид 4 хувааж уусан. Улмаар би тамхи авах гээд тэдний гэрээс гараад ойролцоох дэлгүүр буюу Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Ачлал” хүнсний дэлгүүр лүү ороход шилэн лангууны хажууд газар 1 эрэгтэй хүн хамраас нь цус гарсан бололтой сууж байсан ба түүний хажууд хамт явж байгаа бололтой 2 эмэгтэй хүн зогсож байсан. Тэд нар бүгдээрээ согтуу байх шиг байсан. Би худалдагч бололтой 1 залуу эмэгтэйд хандаж 1 тамхи, 2 сироп авъя гэж хэлсэн чинь тухайн дэлгүүрийн эзэн бололтой 1 үл таних залуу гартаа утсаа барчихаад “та нар ер нь яах гээд байгаа юм бэ” гэж хэлэхэд би “би зүгээр танай дэлгүүрээр үйлчлүүлэх гэж байна шдээ” гэж хэлсэн чинь миний нүүр лүү гараараа 3 удаа дараалаад цохисон чинь миний нүүр хэсэгт чинэрч өвдөөд байсан. Тэгээд би гараад зугатаачихсан. Улмаар би Бөмбүүлэйгийн гэрт очиход тэд нар надаас “нүүр чинь яасан юм бэ” гэж асуухад нь би толинд өөрийгөө харчихаад буцаад тухайн дэлгүүр лүү явсан. Учир нь намайг анх дэлгүүр лүү орох үед дэлгүүрийн худалдагч бололтой залуу эмэгтэй гар утсаараа цагдаа дуудаж байсныг санаад буцаж очсон. Тэгээд би дэлгүүрийн гадаа ирэхэд гадаа нь цагдаа нар ирчихсэн байсан бөгөөд би болсон явдлыг ярихад цагдаа намайг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор эрүүлжүүлэх байр луу аваад явсан. Би цагдаа нарт учир байдлаа хэлдээд ойлгохгүй болохоор нь өөрийн ээж Ц.Отгонжаргал руу утсаар залгаж “ээж ээ би хүнд зодуулчихаад байхад цагдаа нар намайг бариад аваад явчихлаа" гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч М.Гэрэлсайханы “...үйлчлүүлэгч нарт үйлчлээд сууж байтал халамцуу 17-20 орчим насны 4-5 эрэгтэй хүмүүс орж ирээд худалдан авалт хийгээд улмаар хоорондоо маргалдаад ноцолдоод байхаар нь би болиоч, дэлгүүрээс гараач гээд байхад намайг огт тоохгүй байхаар нь утсаараа Д.Н ахыг дуудсан. Тухайн үед Д.Н ах 2 давхарт гэртээ амарч байсан. Тэгээд Д.Н ах дэлгүүрт орж ирээд нөгөө залуучуудыг хөөгөөд гаргасан. Удалгүй өндөр туранхай 17-18 орчим насны халамцуу залуу орж ирээд юм авах гэсэн юм дансаа өгчих гээд зогсож байтал Д.Н ах тэр залууг дэлгүүр дотор хоорондоо ноцолдоод зодолдоод байсан залуучуудтай хамт явж байна, ноцолдож, зодолдох вий гэж бодоод Д.Н ах тэр залуугийн цээж рүү гар гэж хэлээд түлхэх шиг болсон. ...нөгөө залуу хойшоо гэдэргээ газар унасан чинь найз нь орж ирээд аваад гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/, гэрч Д.Давхарбаярын “...манай дэлгүүрт хүүхдүүд орж ирээд хоорондоо ноцолдоод зодолдоод байхаар нь манай хүү дэлгүүр лүү доош буугаад тэд нарыг дэлгүүрээс гаргасан гэсэн. Гэтэл нэг залуу орж ирээд юм авах гэтэл Д.Н та нар яах гэж ингэж хэл ам хийлгээд байдаг юм бэ зайлцгаа гэж хэлээд нүүрэн тус газарт нь цохисон гэсэн. Маргааш нь тэр хүү манай дэлгүүрт орж ирэхэд нэг нүдний доод зовхинд хөхөрсөн харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугар сарын 20- ны өдрийн 5934 дугаартай “...О.Эрхэмбаярын биед 2 нүдний зовхинд цус хуралт, хацарт хаван, хүзүүнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Отгонжаргал нь “...Гомдол сана, нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Д.Н-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч Д.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-ийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Д.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.РЕНЧЕНХОРОЛ