Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 026

 

 

Х.Б-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолтой, Х.Б-д холбогдох эрүүгийн 1713000090014 дугаартай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд прокурор  Х.Ө, шүүгдэгч Х.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А, иргэний нэхэмжлэгч С.Г, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.А нар оролцов.

 

Шүүгдэгч Х.Б нь 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр С.Г-ын орон байрт нэвтэрч, “Леново” маркийн зөөврийн компьютер, эмэгтэй хүний мөнгөн унждаг 1 ширхэг хос ээмэг, 2 ширхэг мөнгөн зүүлт зэрэг эд зүйлийг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолоор:

“1. Шүүгдэгч Х.Б-ыг “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд, хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Х.Б-ыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.1 дүгээр зүйлийн 4, 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ын биечлэн эдлэх хорих ялыг 9 сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах болон оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн 1 жилийн хугацаанд хүлээлгэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 192.1-д зааснаар шүүгдэгч Х.Б-д оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад даалгасугай.” гэж шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Ял шийтгүүлэх үед С.Б нь насанд хүрсэн хэдий ч гэмт хэрэг үйлдэх үед насанд хүрээгүй байсан бөгөөд хүүхдийн сониуч зандаа хөтлөгдөн гэмт хэрэг үйлдсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед 14 насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж, эсхүл ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж болно” гэж тус тус хуульчилсан байхад шүүх нь С.Б-ын эрх зүйн байдлыг дордуулсан хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Х.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ 17 настай байсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэргийнхээ талаар мөрдөн байцаалтын шатнаас эхлэн үнэн зөвөөр тууштай мэдүүлсээр ирсэн бөгөөд гэмт хэрэг үйлдсэндээ чин сэтгэлээсээ гэмшиж, хохирлыг бүрэн барагдуулсан иймээс дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг анхаарч үзнэ үү. Х.Б нь урьд өмнө ямар нэг хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, төлөв томоотой хүүхэд байсан гэдэг нь түүний зан байдлыг тодорхойлсон хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдож байгаа бөгөөд 17 настай байх үедээ гэмт хэрэг үйлдсэн нь хүүхдийн сэтгэхүйтэй байгаагаас шалтгаалан гэмт хэрэг үйлдэх үед өөрийн хүсэл зоригийг хэрэгжүүлэхдээ шунахайн сэдэлтээр бус аливаа юманд шохоорхон, сониуч зандаа хөтлөгдөн энэхүү үйлдлээ гэмт хэрэг гэж ухаараагүй байдлаас болж ийнхүү гэмт хэрэг үйлдсэн байгаа нь тодорхой байна. Энэ нь түүний мөрдөн байцаалтын шатнаас эхлэн өгсөн мэдүүлэг болон хохирогчийн мэдүүлгээр бүрэн нотлогдож байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 80 дугаар бүхий шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж Х.Б-д оногдуулсан хорих ялыг хүчингүй болгож, түүнд зөвхөн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн сурч байгаа сургууль, тодорхой хамт олон, эцэг, эх асран хамгаалагчид нь хүмүүжүүлэх үүргийг даалгаж өгнө үү.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Х.Б нь 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 8 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 4 дүгээр баг Согог гэх газар байрлалтай иргэн М.Б өвлийн сууцанд цоожийг нь эвдэн хууль бусаар нэвтэрч, “Леново” маркийн зөөврийн компьютер, эмэгтэй хүний мөнгөн ээмэг, 2 ширхэг мөнгөн зүүлт зэрэг эд зүйлсийг хулгайлж, хохирогч С.Г-д 880000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ.

            Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Д.А нарын гомдлыг үндэслэн, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар хэргийн  нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон байна. Шүүгдэгч Х.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч С.Г-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч С.Б, Ш.А, Т.Х, насанд хүрээгүй гэрч А.Е-д нарын мэдүүлгүүд, шүүгдэгч Х.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл болон хэрэгт авагдсан хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан нотлох баримтуудаар хангалттай нотлогджээ. 

Шүүгдэгч Х.Б-ын үйлдсэн гэмт  хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.  Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүнд хуульд зааснаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар шийтгэж, түүнд оногдуулсан хорих ялыг хуульд зааснаар хоёр дахин багасгасан нь үндэстэй болжээ.

Харин шүүх түүнд үндсэн ялыг эдэлж дуусмагц хуульд заасны дагуу зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах болон оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх зэрэг үүргийг тодорхой хугацаагаар хүлээлгэхдээ ямар үндэслэл, шалтгаанаар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон ямар нөхцөл байдлыг үндэслэж уг хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэсэн талаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дүгнээгүй байна.

Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр хуульд тусгайлан зохицуулсан ба анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуульд заасан албадлагын арга хэмжээ, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг ялгаж тодорхойлохгүйгээр шүүгдэгчид сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял эдэлж дууссаны дараа сургалтад хамрагдах, оршин суух, суралцах газар, хаягаа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж буй байгууллагад мэдэгдэх зэргээр тодорхой үүрэг хүлээлгэсэн нь үндэслэлгүй, хуульд нийцээгүй байна.

Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмаар цугларсан нотлох баримтуудаас үзвэл, шүүгдэгч Х.Б нь гэм буруугаа ухамсарлаагүй, тохирлыг нөхөн төлөөгүй, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд суралцаагүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийг тус тус буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 5, 6 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлээ.

Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “хүнд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд ял оногдуулахгүйгээр энэ бүлэгт заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг дангаар хэрэглэж болохгүй.” гэж заасан тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн “арван найман насанд хүрээгүй хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж болно, Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн сурч байгаа сургууль, тодорхой хамт олон, эцэг, эхэд хүмүүжүүлэх үүргийг даалгаж өгнө үү.” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

            Анхан шатны шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт бүрэн тусгаагүй, хуульд заасан тухайн гэмт хэргийн томьёоллыг оновчтой хэрэглээгүй тул шүүхийн шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт орууллаа.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэх эрхтэй байх тул өсвөр насны хүүхэд /гэмт хэрэг үйлдэх үедээ/ Х.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн байдал зэрэг нөхцөл байдлуудыг, түүнчлэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо барагдуулсан зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж, анхан шатны шүүхээс түүнд 1 жил 6 сарын хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулсныг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Х.Быг 1 /нэг/ жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар шийтгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэж, энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт орууллаа.

Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, түүний сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хэсгийн 1.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:

 

“1. Шүүгдэгч Х.Б-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.” гэж, 2 дахь заалтыг: 

                                   

“2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Х.Б-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар шийтгэсүгэй.” гэж, 3 дахь заалтыг:

 

“3. Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж, түүний сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 5, 6 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Аийг давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ын цагдан хоригдсон 49 /дөчин ес/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулж тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, 

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                       С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД                                                       Н.МӨНХЖАРГАЛ

 

                                                                                   

Д.МӨНХӨӨ