Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 025

 

С.М-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолтой, С.М-д холбогдох эрүүгийн 1713000000013 дугаартай хэргийг шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд прокурор  Х.Өрен, шүүгдэгч С.М, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ак нар оролцов.

 

Шүүгдэгч С.М нь 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн өрөөнд Б.О-тэй маргалдан, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолоор:

“1. Шүүгдэгч С.М-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-г 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.” гэж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгчийн давж заалдах гомдлын агуулга: “Шүүгдэгч С.М миний бие анх удаа гэмт хэрэг үйлдэж хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж, хохирогчтой эвлэрч, хуулийн дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэх талаар хүсэлт гарган шүүхээр шийдвэрлүүлсэн. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл зөвхөн хорих ялаар шийтгэгдсэн этгээдэд хэрэглэгдэх бус гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан үзэж ялаас чөлөөлж болохоор хуульчилсан байгаа. Иймд "Ялаас чөлөөлөх” гэдэг үгийн өмнө хорих ялаас гэж тусгайлан заагаагүй бөгөөд зөвхөн “ялаас чөлөөлнө” гэж заасан тул бүх төрлийн ялаас чөлөөлнө гэж ойлгож байна. Улсын яллагч болон өмгөөлөгч нар өөрсдийн яллах дүгнэлт, саналуудаа намайг ялаас чөлөөлөх саналтай хүргүүлсэн боловч шүүхээс ялаас чөлөөлөх нөхцөл бололцоо байсаар байтал эрх зүйн байдлыг дордуулж торгох ял оногдуулсанд гомдолтой байна. Шүүхийн шийдвэр гарснаас хойш шүүгдэгч С.М намайг ажлаас чөлөөлсөн ба өрхийн орлогогүй болсон тул шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг төлөх чадваргүй болсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн зарчмыг баримтлан Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолоор надад оногдуулсан торгуулийн ялыг өөрчилж "ялаас чөлөөлж” өгнө үү.” гэжээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.М нь 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 8 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн албан өрөөнд Б.О-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, баруун гараараа Б.О-ийн зүүн талын хөхний тус газар 2 удаа цохиж, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлджээ.

            Давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.М-ийн гомдлын дагуу тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн тогтоосон бөгөөд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл тогтоогдоогүй, түүнчлэн анхан шатны шүүхийн тогтоолд заасан хууль зүйн дүгнэлт нь хэргийн жинхэнэ  байдалтай нийцсэн ба Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч С.М гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.О, гэрч Г.Д, Ч.Г нарын мэдүүлэг, 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн 283 дугаар “Б.О-ийн биед чээжний зүүн хөхний дээд хэсэгт хөх ягаан өнгийн цус хуралттай, хавантай, зүүн талын шилбэний урд гадаргууг хамарсан бүхэлдээ хөх ягаан өнгийн туяатай цус хуралттай зөөлөн эдийн бэртэл гэмтэл тогтоогдлоо, хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл байна” гэсэн дүгнэлт, шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогджээ.

            Шүүгдэгч С.М нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл нь зөвхөн хорих ялаар шийтгэгдсэн этгээдэд хэрэглэгдэх бус гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан ялаас чөлөөлж болохоор хуульчилсан. Иймд ялаас чөлөөлөх гэсэн үгийн өмнө хорих ялаас гэж тусгайлан заагаагүй бөгөөд зөвхөн ялаас чөлөөлнө гэж заасан тул бүх төрлийн ялаас чөлөөлнө гэж ойлгож байна” гэжээ. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд шүүгдэгчийг хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх агуулга хуульчлагдаагүй, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэсэн заалт нь зөвхөн хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт хорих ялаас чөлөөлөх, хөнгөрүүлэх тохиолдолд хэрэглэхээр байна.    

Анхан шатны шүүх шүүгдэгч С.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийг хохирол гомдолгүй болгосон зэрэг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгаа, ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг харгалзан үзжээ. Мөн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, хуульд зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч  С.Мгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД                                                       Н.МӨНХЖАРГАЛ

 

 

                                                                                                Д.МӨНХӨӨ