Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2022/0226

 

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2022/0226

 

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

               Б.Тгийн нэхэмжлэлтэй 

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М-Ө

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Т

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын Б.Тд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 14 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М-Ө,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2021/0241/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Тгаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын Б.Тд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр: 

“...Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг баримтлан Б.Тгаас Байгаль орчин, аялал жуучлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын Б.Тд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М-Ө дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг”, 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж тус тус заасан хуулийн агуулга, дараалалтай холбож тайлбарлан хэрэглээгүй гэж үзэж байна.

3.2.Ашиглах эрх олгогдсон байгаа гэдэг нь бодитоор шууд газрыг ашиглаж ашигтай чанарыг нь хэрэглэсэн гэж ойлгох нь маш өрөөсгөл зүйл гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ энэхүү ялгааг ойлгоогүй байна. Учир нь шүүх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д холбогдуулан дүгнэлт хийхдээ нэхэмжлэгчийн газрыг “ашиглах газрынхаа орц, гарцыг нээлгүүлэхээр хандаж байсан, өөр аж ахуй нэгжид орц, гарцыг нь хааж ашиглах эрх олгосон болох нь ....тогтоогдож байна...” гэх дүгнэлтээс нэхэмжлэгч газраа бодитоор ашиглах боломж бүрдээгүй байсныг тогтоож өгсөн атлаа үүний эсрэг дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна.

3.3.Нэхэмжлэгчийн хувьд хуулийн дагуу эрх бүхий байгууллагатай байгуулсан гэрээнд заасан нөхцөлөөр газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглээгүй, хэрэглэх, ашиглах боломжийг олгоогүй байхад нь шударга бусаар төлбөр төлөөгүй гэх үндэслэлийг оруулж хүчингүй болгох шийдвэр гаргасныг хуульд нийцсэн гэж шүүхээс захиргааны байгууллагын үйл ажиллагааг дэмжих нь буруу, орц, гарцыг нээж, гэрчилгээг хугацаанд нь олгоогүй атлаа бүх хугацааг хамааруулан төлбөр нэхэмжилж байгаа нь хуульд нийцсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон.

3.4.Газраа бодитоор ашиглуулаагүй /зөвхөн ашиглах эрхийн нэр дурдагдсан/ атлаа ашигласан мэтээр төлбөр нэхэмжлэх нь шударга бус бөгөөд шүүхээс бодит нөхцөл байдлыг тодруулах замаар хуульд заасан нотлох баримт цуглуулах үүргээ гүйцэтгээгүй, иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Шүүхийн шийдвэрт маргаан бүхий тушаалын 1 үндэслэл болох нэхэмжлэгчээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэл нотлогдохгүй, үүнийг хариуцагчаас хангалттай тогтоогоогүй гэж дүгнэснийг хариуцагч талаас эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй тул энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Харин 2 дахь үндэслэл болох газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүйтэй холбогдуулан шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Тухайн газрыг ашиглах хүсэл сонирхол байгаа тохиолдолд хуульд заасны дагуу газрын төлбөрийг төлөх нь нэхэмжлэгчийн үүрэг бөгөөд энэхүү үүргийг өөр нөхцөл байдалтай холбогдуулан биелүүлэхгүй байх боломжгүй. Өөрөөр хэлбэл зөвхөн хуульд заасан үндэслэлээр л газрын төлбөрөөс чөлөөлөгдөх, хөнгөлөгдөхөөс бус орц, гарцыг хааж бусдад газар ашиглуулсан эсэх нь газрын төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Энэ талаар хэрэгт авагдсан Б.Тгийн нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 599 дүгээр магадлалд тодорхой дүгнэсэн байна.

Бодит байдалд нэхэмжлэгч Б.Тд сайдын 2017 оны А/263 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газарт 1.7 га газар ашиглуулахаар шийдвэрлэж, 0160833 тоот газар ашиглах гэрчилгээ олгогдсоноос хойш газар ашиглах тухай гурвалсан гэрээ 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан, уг гэрээнд газрын төлбөрийн хэмжээ, төлбөр хийх хугацааг заасан тул газрын төлбөрийг хуулийн дагуу төлөх үүрэг нэхэмжлэгчид үүссэн гэж үзнэ.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2017-2019 оны газрын төлбөрт 58.878.620 төгрөг нэхэмжилснийг хуульд нийцсэн талаар дээрх магадлалд дүгнэсэн байх боловч үүнээс хойш маргаан бүхий тушаал гарах хүртэлх хугацаанд газрын төлбөр мөн л төлөөгүй байна.

Иймд газрын төлбөр төлөхтэй, мөн газрын төлбөр нэхэмжилсэнтэй холбоотой маргааныг өмнө нь эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэртэй энэ тохиолдолд “төлбөр төлөөгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хүчингүй болгох боломжгүй.

Газрын төлбөр төлөх, орц гарцыг нээлгэх асуудлыг шийдвэрлүүлэх нь хууль зүйн хувьд өөр үр дагавар бүхий тусдаа харилцаа бөгөөд магадгүй орц, гарц нээлгүүлэх асуудлыг хариуцагчаас шийдвэрлээгүй нь нэхэмжлэгчийн хувьд төлбөр төлөхгүй байх үндэслэл болохгүй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М-Өгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                        

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                        Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН