Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 181/2018/00456/И |
Дугаар | 001/ХТ2018/01596 |
Огноо | 2018-11-06 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 001/ХТ2018/01596
Д.Ц-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 1170 дугаар магадлалтай,
Д.Ц-ийн нэхэмжлэлтэй
ХҮИС-д холбогдох,
Ажил эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч-, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч Д.Ц-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие 2006 онд тус сургуулийг Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль байхад нь туслах ажилтнаар ажилд ороод 2010 оноос Монгол Улсын Их сургуулийн Бизнесийн сургуулийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд Монгол Улсын Их сургуулийн захирлын 658 тоот тушаалаар багшаар томилогдон ажилласан. 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 5 жил ажиллаад Мэргэжлийн боловсролын тухай хуулийн дагуу 5 жил тутамд олгогддог мөнгөн тэтгэмжээ авах эрх үүссэн боловч өгөхгүй байсан тул тус дүүргийн шүүхэд хандсан. Ингээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 131 дүгээр Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагыг өөрчлөн байгуулах тухай тогтоолоор Худалдаа Үйлдвэрлэлийн дээд сургуулийг Монгол улсын их сургуулиас тусгаарлан ХҮИС- болгон өөрчлөн зохион байгуулж, 2017-2018 оны хичээлийн жилд үйл ажиллагааг бие даалган ажиллуулахаар шийдвэр гарснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасны дагуу хариуцагчаа сольж "ХҮИС-"-ийг хариуцагчаар татсан. Уг маргаан нь Улсын дээд шүүхээр хянуулахаар гомдол гаргасан байгаа. Гэтэл үүнд ажил олгогч дөнгөж сургууль бие дааж байхад мөнгөний асуудал ярилаа, нэхэмжлэлээ татаж ав гэх мэтээр дарамталж байснаа 9 хүүхэдтэй ангийг минь надад хэлэлгүйгээр тараагаад өнөөдөр ажлаас халж байгаа асуудлыг шүүхээр 5 жилд нэг удаа олгох тусгайлсан хуульд заасан тэтгэмжийн асуудлаа шийдүүллээ гээд халсан гэж үзээд гомдолтой байна. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан бүх хугацааны цалинтай тэнцэх олговорыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Д.Ц- нь 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн ректорын 128 дугаартай тушаалаар сургалтын хэрэглэгдэхүүн, хэвлэх цехэд туслах ажилтнаар орж ажилласан. 2010 оны Засгийн газрын 15 дугаар тогтоолын дагуу Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль Монгол Улсын Их сургуулийн бүрэлдэхүүний Худалдаа Үйлдвэрлэлийн сургууль болох үед 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдөр тухайн бүрэлдэхүүн сургуулийн захирлаар ажиллаж байсан Б.Батсайхан нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 5 дугаар зүйл, Монгол Улсын Их сургуулийн дүрэм, дотоод журмуудыг тус тус зөрчиж 408 тоот тушаал гаргаж Мэргэжлийн сургалт Үйлдвэрлэлийн төвд Д.Ц-ийг багшаар авч ажиллуулсан. Д.Ц- нь хууль бус тушаалаар томилогдон 2010 оноос 2017 онуудад Монгол Улсын Их сургуульд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багшаар ажилласан. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтийг Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.3, Монгол Улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/103 тоот тушаалаар баталсан элсэлтийн хяналтын тоо, мэргэжлийн дагуу зохион байгуулсан боловч суралцагчийн тоо хангалтгүйгээс багш нарын заах хичээлийн ажлын ачаалалгүй болж ирсэн. Элсэлтийн хугацаа дуусахад 55 суралцагч бүртгүүлж 2 мэргэжлийн анги нээсэн. Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5, Төрийн захиргааны төв байгууллага, Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаал 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/198/215, баталсан Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын ажлыг багц цагаар тооцох журам, ХҮИС-ийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багшийн сургалтын ажлын багц цагаар тооцох журмын дагуу багш нарын сургалтын багц цагийн тооцоог гаргахад 3 багшийн ачаалал гарсан учир багш нарын тоог 3-аар цөөрүүлэх шаардлага гарсан. 2 багш нь хууль журмыг ойлгож өөрсдийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. 2017 оны 11 дүгээр сарын 01-нд Д.Ц-т мэдэгдэл өгсөн. Ажлаас чөлөөлөх хуулийн хугацаа болоход Д.Ц- өвчтэй байсан учир бид хүлээж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ажлаас чөлөөлсөн болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2018/00712 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 37 дугаар зүйлийн 37.1.8-д заасныг тус тус баримтлан "ХҮИС-"-ийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай Д.Ц-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 1170 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2018/00712 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Хөдөлмөрийн гэрээ нь иргэний эрх зүйн үүргийн нэг төрөл болохын хувьд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан нийтлэг үндэслэл нь бусад гэрээний нэгэн адил түүнд хамаарах ч хэлцлийн нэг хэлбэр учир хэлцэл хийхэд тавигдах хуульд заасан шаардлагыг хангасан буюу эрх зүйн чадамжтай этгээдүүд гэрээг хуулийн хүрээнд, чөлөөтэй байгуулах, тухайн гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох ёстой байдаг. Уг шаардлагыг хангаагүй хөдөлмөрийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус болох атал Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтаар шүүх уг маргааныг шийдвэрлэхэд яагаад нөлөөлөх ёстой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй нь уг ажлаас халсан тухай тушаал шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй буюу хүчин төгөлдөр бус эсэхэд 2 шатны шүүх дүгнэлт өгсөнгүй. Хөдөлмөрийн тухай хуульд “орон тоо цөөрүүлэх” гэдгийг ажил, албан тушаалын нэг ижил орон тооноос тодорхой тоогоор багасах бөгөөд хөдөлмөрийн гэрээ цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу ажилтанд 30 хоногийн өмнө мэдэгдэл өгөх ёстой байдаг. Гэтэл ажил олгогч нэхэмжлэгчид орон тоо цөөрүүлэх тушаал шийдвэр гараагүй цаг хугацаанд буюу 2017.11.01-ний өдөр хэзээ цуцлах тухай огноо байхгүй тодорхой бус мэдэгдэх хуудас өгсний дараа буюу орон тоо цөөрүүлэх тус сургуулийн удирдах зөвлөлийн тушаал 2017.11.17-ны өдөр гарсан байна. Ажил олгогч 17 хоногийн өмнөх ирээдүйг харсан зүйл болсон байгааг шүүхээс анхаарч үзсэнгүй. Мэдэгдэл өгснөөс хойш бүтэн 2 сар өнгөрсний дараа буюу 2018.01.03-ны өдөр Б/02 тоот тушаалаар ажлаас чөлөөлөхдөө 2018.01.26-ны өдөр ажил хүлээлцүүлэн чөлөөлсөн боловч 2018.01.29-ний өдөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасан хуулийн үндэслэлийг алдагдуулж байна. Яагаад гэвэл мэдэгдэл өгснөөс хойш нийт 2 сар 29 хоногийн дараа ажлаас халж байгаа юм бэ үнэхээр л хүүхэд байхгүй ажиллуулах боломжгүй удирдах зөвлөлийн шийдвэр гарсан л юм бол хуульд заасан хугацааны дотор халах байсан. Тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4.3.7.4-д гэсэн тус байгууллага хуульд заасан хугацааны дотор мэдэгдэл өгөөд ажлаас хална гэж заасан байгааг 2 шатны шүүх зөвхөн хариуцагчийн тайлбарт үндэслээд нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Д.Ц- ХҮИС-д холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хянаж шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй байна.
Д.Ц- ХҮИС-ийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багшаар ажиллаж байгаад тус сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/02 тоот тушаалаар ажлаас халагджээ.
Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан буюу багшийн орон тоо цөөрсөн үндэслэлээр Д.Ц-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд уг тушаалыг гаргахдаа хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэйг заажээ.
Д.Ц- тухайн сургуулийн Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвд багшийн ажил эрхэлж, хөдөлмөрийн зохих нөхцөлд тодорхой ажил үүрэг гүйцэтгэж, цалин авч байсан нь тогтоогдсон тул зохигч нарын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.3, 21.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3-г зөрчихгүй. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй нь талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцааг үгүйсгэх, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй.
Түүнчлэн, ажил олгогчийн тушаал хөдөлмөрийн гэрээний нөхцөл, сахилгын зөрчилтэй бус, харин байгууллагын бүтэц зохион байгуулалттай холбоотой байгаа тул “...хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй...” гэх гомдол нэхэмжлэлийг хангах нөхцөлд хамаарахгүй байна.
Тус сургуулийн бүтцэд хамаарах Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2017-2018 оны хичээлийн жилд суралцагчийн элсэлтийн хяналтын тоог эрх бүхий этгээд буюу Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайд 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/103 тоот тушаалаар 150 суралцагч байхаар баталжээ. Бүртгүүлсэн суралцагч дээрх тоонд хүрээгүй бодит шалтгаанаар Удирдах зөвлөл 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хурлаар 09 тоот тогтоол гаргаж, 6 багшийн орон тоог 3 болгож цөөрүүлж, улмаар багш нарын өмнөх жилийн кредит цагийн үзүүлэлтийг харгалзан Д.Ц-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон ажил олгогчийн шийдвэрийг буруутгах боломжгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдсэн байна.
Тус сургууль Д.Ц-т 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдлийг өгсөн нь Удирдах зөвлөлийн шийдвэр гарахаас өмнө байх хэдий ч ажил олгогч нэхэмжлэгчийг ажлаас халах шийдвэр гаргахдаа “...хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх” Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2018/00712 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 1170 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УНДРАХ
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ