Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 024

 

С.А-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Б.Дамба, Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолтой, С.А-т холбогдох эрүүгийн 21102298 дугаартай хэргийг хохирогч Г.С-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд орлогч прокурор А.Т, шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч Х.З, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.С, иргэний нэхэмжлэгч Ж.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

 

 

Шүүгдэгч С.А нь 2010 оны 12 дугаар сараас 2011 оны 5 дугаар сарын хооронд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт  түр оршин суух хугацаанд 2010 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хоёр сарын дараа хоёр дахин өсгөж өгнө гэж хуурч хохирогч Г.С-гийн 5800000 төгрөгийг, 2011 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хоёр сарын дараа хоёр дахин өсгөж өгнө гэж хуурч хохирогч М.А-ны 3000000 төгрөгийг,  2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр богино хугацаанд өндөр хүү төлж, өсгөж өгнө гэж хуурч хохирогч Т.С-гийн 5000000 төгрөгийг, 2011 оны 02 дугаар сард хоёр сарын дараа хоёр дахин өсгөж өгнө гэж хуурч хохирогч Т.А-ийн 6300000 төгрөгийг, 2011 оны 3 дугаар сарын 07-ны өдөр богино хугацаанд өндөр хүү төлж, өсгөж өгнө гэж хуурч хохирогч Ө.А-ийн 1750000 төгрөгийг, 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хоёр сарын дараа хоёр дахин өсгөж өгнө гэж хуурч хохирогч Х.А-ийн 3000 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 3717840 төгрөгийг, 2011 оны 3 дугаар сарын 14-ний өдөр богино хугацаанд өндөр хүү төлж, өсгөж өгнө гэж хуурч хохирогч З.А-ийн 2000000 төгрөгийг, 2011 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хямд үнээр хөнгөлөлтийн хуудас худалдан авч, бусдад худалдан дундаас нь их хэмжээний ашиг олно гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож К.М-ийн 3500000 төгрөгийг тус тус залилан авч, уг гэмт хэргийг бусдад нийт 31067840 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулж үйлдэн Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2.-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор:

“1. Шүүгдэгч С.А-ийг бусдыг залилж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-ийг 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-т оногдуулсан хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 230 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-ээс 3500000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.О-д, 1700000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч М.А-д, 3500000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Т.А-д, 360000 /гурван зуун жаран мянга/ төгрөг гаргуулан хохирогч З.А-д, 750000 /долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Ө.А нарт тус тус олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч К.М, Х.А, Г.С нар нь хохирол төлбөр байгаа гэж үзвэл иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар С.А-ийн өмч 75000 төгрөгийн үнэтэй “Скай” маркийн 1 ширхэг гар утсыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны мэдэлд шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг гар баримт, СД дискийг хэргийн хамт хадгалсугай.

9. Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг журамлан шүүгдэгч С.А-т оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.

10. Шүүгдэгч С.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.” гэж шийдвэрлэжээ.

            Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.С-гийн давж заалдах гомдолд: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь хэсгийг эс зөвшөөрч Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 36.8.4-т заасан эрхийнхээ дагуу давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Миний бие хохирогч Г.С2010 оны 12 дугаар сарын 17-нд тухайн үеийн Хадгаламжийн банкнаас өөрийн эзэмшлийн 1 өрөө орон сууцаа барьцаалж, 6 сая төгрөгийн  зээл авсан, зээлийн шимтгэлд 60,000 төгрөг суутгуулсан, үлдсэн мөнгөнөөс 5 сая 800 мянган төгрөгийг С.А, Ж.О хоёрт хүлээлгэж өгсөн. 2011 оны 01 дүгээр сарын 31-нд банкны зээл төлөхөд С.А-ээс 600.000 төгрөг авсан, 2011 оны 4 дүгээр сард 400.000 төгрөг авсан, 2016 оны 9 дүгээр сарын 30-нд мөрдөн байцаагч Ааар дамжуулан 1 сая төгрөг тус тус авсан. Тэгээд миний бие 6.0 сая төгрөгийн  зээлийг 15 сарын хугацаанд 7606869 төгрөг болгож төлсөн. Үүнээс 3800000 төгрөгийг Ж.О төлөлцөж, С.А-ээс 2 сая төгрөг авч, 1806869 төгрөгийн хохиролтой гэж үзэж байна.

Тухайн үед банкны зээл төлөхөд Ж.О нь надаас банкны эргэн төлөлтийн мөнгөний 50 хувийг авч хийж байсан. Тийм учраас би Ж.О-ээс 1900000 төгрөг, С.А-ээс 1806000 төгрөг гаргуулан авах ёстой байсан. Уг хэргийг удаан хугацааны туршид мөрдсөн боловч мөрдөн шалгах ажиллагаа гүйцэд биш, дутуу хийгдсэн, хохирлыг бодит байдлаар тогтоогүй, хэргийг хурдан шуурхай шүүхэд шилжүүлэхээ урьтал болгож, хэт нэг талыг /яллагдагчид ашигтай байдлаар/ барьж шалгасан гэж үзэж байна. Шүүхээс хохирогч миний эрх ашгийг хамгаалаагүй, харин дордуулан, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг сайтар нягтлан үзэж, үнэлэлт дүгнэлт хийгээгүйгээс болж, хохирогч миний эрх зөрчигдөж, улмаар хохирсон хэвээр үлдлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгчээс хуулийн дагуу бүрэн гаргаж өгөөгүйд нь гомдож, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Иймд миний дээрх байдлуудыг харгалзан үзэж Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь хэсгийг эргэн харж, хуулийн дагуу өөрчлөлт оруулж, миний дутуу гаргасан хохирлыг бусад хохирогч нарын нэгэн адилаар ялтан С.А-ээс нөхөн гаргуулж, миний гомдлыг барагдуулж өгнө үү.” гэжээ.

Иргэний нэхэмжлэгч Ж.О-ийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: “Миний бие Ж.О нь С.А-т холбогдох хэрэгт хохирогчоор тогтоогдсон. Би тухайн үед банканд мөнгө төлж байсан баримтаа бүгдийг нь цуглуулж хадгалж байгаад хавтаст хэрэгт өгсөн. Би банканд 324000 төгрөг төлж байгаад сүүлд төлж чадахгүй болохоороо Г.С-д боломжоороо 150.000, 100.000, 50.000 төгрөг гэх мэтээр өгч байсан гарын үсэгтэй баримтыг мөн хавтаст хэрэгт өгсөн. Эдгээрийг бүгдийг нь нийлүүлээд бодоход 3.800.000 төгрөг болсон. Би энэ төлсөн мөнгөө л нэхэмжилсэн. Хуулийн дагуу шалгаж нягтлаад шийдвэр гаргасан байх гэж итгэж байгаа. Иймд зохих хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэж, намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.С-ийн давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр С.А-т холбогдох эрүүгийн 21102298 дугаартай, 9 хавтас хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

            Анхан шатны шүүх шүүгдэгч С.А-ийн үйлдэл гэмт хэрэг мөн эсэх, тухайн гэмт хэрэгт шүүгдэгч гэм буруутай эсэх, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлын хэмжээ зэргийг үндэслэлтэй, зөв дүгнэсэн боловч (1) Эрүүгийн хуулийн хэрэглэвэл зохих зүйл, хэсэг, заалтыг хэрэглээгүй, (2) хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, (3) иргэний нэхэмжлэлийг хуульд зааснаар шийдвэрлээгүй, (4) Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бөгөөд дээрх алдаа зөрчлийг давж заалдах шатны шүүхээс засах боломжтой байх тул дараах үндэслэлээр шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн зарим заалтыг хүчингүй болгож, заримыг нь өөрчилж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.С-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэг. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх:

 

1. Шүүгдэгч С.А нь 2010 оны 12 дугаар сараас 2011 оны 5 дугаар сарын хооронд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт түр оршин суух хугацаанд (1) 2010 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хоёр сарын дараа хоёр дахин өсгөж өгнө гэж хуурч хохирогч Г.С-ийн 5800000 төгрөгийг, (2) 2011 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хоёр сарын дараа хоёр дахин өсгөж өгнө гэж хуурч хохирогч М.А-ы 3000000 төгрөгийг, (3) 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр богино хугацаанд өндөр хүү төлж, өсгөж өгнө гэж хуурч хохирогч Т.С-ийн 5000000 төгрөгийг, (4) 2011 оны 02 дугаар сард хоёр сарын дараа хоёр дахин өсгөж өгнө гэж хуурч хохирогч Т.А-ийн 6300000 төгрөгийг, (5) 2011 оны 3 дугаар сарын 07-ны өдөр богино хугацаанд өндөр хүү төлж, өсгөж өгнө гэж хуурч хохирогч Ө.А-ийн 1750000 төгрөгийг, (6) 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хоёр сарын дараа хоёр дахин өсгөж өгнө гэж хуурч хохирогч Х.А-ийн 3000 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 3717840 төгрөгийг, (7) 2011 оны 3 дугаар сарын 14-ний өдөр богино хугацаанд өндөр хүү төлж, өсгөж өгнө гэж хуурч хохирогч З.А-ийн 2000000 төгрөгийг, (8) 2011 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хямд үнээр хөнгөлөлтийн хуудас худалдан авч, бусдад худалдан дундаас нь их хэмжээний ашиг олно гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож К.М-ийн 3500000 төгрөгийг тус тус залилан авч, уг гэмт хэргийг бусдад нийт 31067840 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулж үйлдсэн нь хохирогч Г.С, М.А, Ө.А, Х.А, Т.С, Т.А, З.А, К.М нарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ж.О-ийн мэдүүлэг, гэрч Х., Т.А, Ш.А, П.Б, Х.Г, Н.Д, Г.Г, Б.С нарын мэдүүлэг, шинжээчийн 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 55, 56 дугаар дүгнэлт, баримт бичгүүд, С.А-ийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэгт ач холбогдолтой, хамааралтай бөгөөд С.А-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4, 13 дахь хэсэгт нийцжээ. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад хэргийн нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдож, нотлогдсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч С.А-ийн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдын мөнгийг залилан авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, “гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” үндэслэлээр 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2.-т зааснаар зүйлчилсэн нь хуульд нийцсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад зааснаар зүйлчлэгдэх асуудлыг прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоолд зөв тодорхойлсон байна.

Гэмт хэрэг үйлдэгдэх үед буюу 2010 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2011 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд мөрдөгдөж байсан Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 350 дугаар тогтоол, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны хурлын 2011 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 01 дүгээр тогтоолд заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг удирдлага болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тодорхойлбол, С.А нь бусдад 31067840 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулжээ. С.А-ийн уг үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4.-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан ба уг хуульд тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах эрүүгийн хариуцлагын хэмжээг эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ.

2015 оны Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаас үзвэл, гэмт хэргийн хохирлыг хэмжээгээр нь “их хэмжээний хохирол”, “үлэмж хэмжээний хохирол”, “бага хэмжээний хохирол” гэж ангилсан бөгөөд үүнийг 2002 оны Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.-т заасан зохицуулалттай харьцуулан үзэж, хохирлын хэмжээг үг зүйн талаас нь дүгнэвэл тухайн тохиолдолд 2002 оны Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.-т заасан онц их хэмжээний хохирлыг 2015 оны Эрүүгийн хуульд заасан их хэмжээний хохирол гэж үзэхээр байна. Гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг удирдлага болгож тогтоосон хохирлын хэмжээг шалгуур болгож С.А-ийн үйлдсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, зүйлчлэх үндэслэлгүй бөгөөд түүний гэмт үйлдэл нь мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2.-т заасан “бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэх гэмт хэргийн шинжийг агуулж байх тул, түүнчлэн уг хуулийн  дээрх зүйл, хэсэг, заалтад хоёр жилээс найман жил хүртэл хорих ял шийтгэхээр зааж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул анхан шатны шүүхээс 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэснийг хуульд нийцсэн гэж үзнэ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх:

 

2. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2.-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй тухай хуульчилж, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2.-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг “... хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж тогтоожээ.

Шүүгдэгч С.А нь 2010 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Г.С-г, 2011 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр М.А-ыг, 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Т.С-г, 2011 оны 02 дугаар сард Т.А-ийг, 2011 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Ө.А-ийг, 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Х.А-ийг, 2011 оны 3 дугаар сарын 14-ний өдөр З.А-ийг, 2011 оны 5 дугаар сарын 16-ны өдөр К.М-г тус тус хуурч, тэдний мөнгийг залилж авсан нь тогтоогдсон бөгөөд С.А-ийн дээрх 8 удаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцож, шүүгдэгчийн хамгийн сүүлийн үйлдлээс буюу 2011 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг тоолоход, таван жил өнгөрсөн байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2.-т заасныг баримтлан, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2.-т заасныг удирдлага болгож М.С-ийн А-т холбогдох эрүүгийн 21102298 дугаартай гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хэрэг прокурорын шатанд хянагдах явцад буюу Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 5/02 дугаар тогтоолоор яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах, мөн өдрийн 37 дугаартай яллах дүгнэлт үйлдэх үед Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2.-т заасан тухайн гэмт хэргийг хөөн хэлэлцэх таван жилийн хугацаа өнгөрсөн байхад, прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2.-т заасныг ноцтой зөрчсөнийг тэмдэглэж байна. Түүнчлэн анхан шатны шүүх хуралдаан болсон 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар С.А-т холбогдох гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад шүүх Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2.-т заасныг хэрэглээгүй, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд чухал ач холбогдолтой нөхцөл байдлын талаар дүгнэлт хийгээгүй орхигдуулж мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн байна.

 

Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-т зааснаар хүчингүй болгож, давж заалдах шатны шүүх С.А-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Гурав. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын талаар:

 

3. Анхан шатны шүүх С.А-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль”-ийг хэрэглэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3.-т зааснаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 9 дэх заалтыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүний ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлж болохоор заасан, гэтэл Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3.-т зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4.-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй талаар хуульчилсан байна.

С.А-ийн үйлдсэн гэмт хэргийг учруулсан хохирлын шинж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй байх зарчмыг үндэслэн 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2.-т зааснаар зүйлчилсэн бөгөөд уг гэмт хэрэг нь хохирлын хэмжээ, нийгэмд аюултай шинжээрээ 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4.-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг  агуулж байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3.-т зааснаар С.А-ийг өршөөлд хамааруулахгүй.

 

4. Анхан шатны шүүх зарим хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хуульд зааснаар шийдвэрлээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5.-д зааснаар  шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.  

 

4.1. Анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 115 дугаар шүүгчийн захирамжаар Ж.О-ийг түүний хүсэлтээр С.А-т холбогдох эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцсэн байна. Иргэний нэхэмжлэгч Ж.О нь шүүгдэгчээс 3800000 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд тэрээр С.А-ийн үйлдсэн бусдыг залилах гэмт хэргийн улмаас хохирогч Г.С-д учирсан 5800000 төгрөгийн хохирлоос 3800000 төгрөгийг банкны зээл төлөх хэлбэрээр Г.С-д төлж барагдуулсан нь хохирогч Г.С-ийн мэдүүлэг, шүүгдэгч С.А-ийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ж.О-ийн мэдүүлэг, банканд мөнгө тушаасан орлогын баримт зэрэг бусад бичиг баримтуудаар тогтоогдсон ба С.А нь шүүхийн шатанд Ж.О-т учирсан 3800000 төгрөгийн хохирлыг төлөхөө илэрхийлж, үүнээс 300000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Иймд С.А-аас 3500000 төгрөг гаргуулж Ж.О-т олгож, иргэний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.-т заасан зохицуулалтад нийцсэн, үндэслэлтэй болжээ.  

           

4.2. С.А-ийн бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээс хохирогч Г.С-д 5800000 төгрөгийн хохирол учирсан нь хохирогч Г.С, иргэний нэхэмжлэгч Ж.О нарын мэдүүлэг, шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдсон байна. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч болон түүний эгч С.С-ээс 2060000 төгрөгийн хохирлыг барагдуулсан нь баримтаар тогтоогдсон ба С.А-ийн төлбөл зохих 3800000 төгрөгийн хохирлыг иргэн Ж.О нь Г.С-д банкны зээл төлөх хэлбэрээр барагдуулсан нь хохирогч Г.С болон иргэний нэхэмжлэгч Ж.О-ийн мэдүүлэг, банканд мөнгө тушаасан орлогын баримтуудаар тус тус тогтоогдсон байна. Иймд хохирогч Г.С-аад учирсан хохирлыг шүүгдэгч болон иргэний нэхэмжлэгч Ж.О нар бүрэн барагдуулсан нь тогтоогдсон тул түүний С.А-ээс банканд төлсөн зээлийн хүүд 1806869 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь хохирогч Г.С-ийн сайн дурын үндсэн дээр банкнаас авсан зээлийн хүүд төлсөн 1806869 төгрөгийг Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-ийн бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцох үндэслэлгүй, Г.С-д учирсан хохирол гэх банкны хүүгийн хэмжээ болон шүүгдэгчийн үйлдэл хооронд шалтгаант холбоогүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Иймээс дээрх үндэслэлээр шүүхийн шийтгэх тогтоолд Г.С-ийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор өөрчлөлт оруулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.С-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

           

4.3. Шүүгдэгч С.А нь хохирогч М.А-д 3000000 төгрөгийн, хохирогч Т.А-д 6300000 төгрөгийн, хохирогч З.А-д 2000000 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон бөгөөд мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шүүгдэгчээс М.А-д 1300000 төгрөг, Т.А-д 1700000 төгрөг, З.А-д 1640000 төгрөгийн хохирлыг тус тус төлсөн нь хохирогч нарын мэдүүлэг болон баримтаар тогтоогджээ.  

 

            Хэргийн 8 дугаар хавтасны 44 дүгээр хуудаст авагдсан баримтаас үзвэл шүүгдэгч С.А нь хохирогч М.А-д учруулсан хохирлоос үлдсэн 1700000 төгрөгийг төлөхийг илэрхийлсэн, 37 дугаар талд авагдсан хохирогч Т.А-ийн үйлдсэн “С.А-ээс авах 5100000 төгрөгөөс  /нийт 6300000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд 1200000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд авсан/ 500000 төгрөг бэлнээр авсан, үлдсэн 3500000 төгрөгийг 1 жилийн дотор төлөхөөр тохиров” гэх баримт зэргээс дүгнэвэл, анхан шатны шүүх шүүгдэгч С.А-ээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1700000 төгрөг гаргуулж хохирогч М.А-нд, 3500000 төгрөг гаргуулж хохирогч Т.А-д тус тус олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

            Хохирогч З.А-ийн хувьд түүнд С.А-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас 2000000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд мөрдөн байцаалтын шатанд уг хохирлоос 1100000 төгрөг, шүүхийн шатанд 540000 төгрөгийг шүүгдэгчээс барагдуулсан тул үлдэх 360000 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч З.А-д олгохоор шийдвэрлэсэн нь нотлох баримтад үндэслэгдсэн, Иргэний хуульд нийцсэн байна.

 

             4.4. С.А-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2.-т заасан гэмт хэргийн улмаас хохирогч Ө.А-т 1750000 төгрөгийн,  К.М-д 3500000 төгрөгийн, Х.А-д 3717840 төгрөгийн, Т.С-д 5000000 төгрөгийн хохирол тус тус учирсан нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмаар цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Хохирогч Ө.А, К.М, Х.А, Т.С нарыг тус тус мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгчээр тогтоосон бөгөөд хохирогч Ө.А-т учирсан хохирлоос мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс 500000 төгрөгийг төлсөн нь баримтаар тогтоогдсон, иргэний нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтэд “...төлбөр тооцоогүй болсон” гэсэн байхад шүүхийн шийтгэх тогтоолоор түүнд 750000 төгрөгийн хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, ойлгомжгүй болжээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт иргэний нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж, мөн зүйлийн 13 дахь хэсэгт нэхэмжлэлээс татгалзах тухай хүсэлтийг шүүх зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө гаргаж болох ба хүсэлтийг шүүх хангана гэж хуульчилжээ. Хэргийн 8 дугаар хавтасны 38 дугаар талд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.А нь “С.А-тэй харилцан тохиролцож, төлбөр тооцоогүй болсон гомдолгүй” гэж, 39 дүгээр талд хохирогч, иргэний нэхэмжлэгч К.М нь “С.А хоорондоо тохиролцож, гомдолгүй болсон” гэж, мөн хавтасны 40 дүгээр талд хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.А нь “С.А-тэй харилцан тохиролцсоны үндсэн дээр төлбөр тооцоогүй болон гомдолгүй болсон” гэж, 41 дүгээр талд хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.С нь “С.А-тэй холбоотой гаргасан өргөдлөө татаж авлаа. Одоо гомдолгүй болсон, хоорондоо тохиролцож шийдсэн” гэж тус тус шүүхэд иргэний нэхэмжлэгчийн хувьд баримт ирүүлснээс үзвэл, иргэний нэхэмжлэгч Ө.А, К.М, Х.А, Т.С нарыг тус эрүүгийн хэрэгт холбогдуулан гаргасан иргэний нэхэмжлэлээ татаж авсан байна гэж дүгнэн, тэдгээрийн иргэний нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

С.А-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад гаргасан хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.А, К.М, Х.А, Т.С нарын иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон тул тэдгээр хохирогчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг тэмдэглэж байна.

 

5. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хуульд заасан зарим асуудлыг бүрэн шийдвэрлээгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчжээ. Тухайлбал, шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэх эсэх асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5.-д зааснаар шийдвэрлэхдээ Баян-Өлгий аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 13 дугаар шүүгчийн захирамжаар шүүгдэгч С.А-т “Монгол Улсын хилээс гарахыг хориглох” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлэн хэрэглэх эсэх, эсхүл хүчингүй болгох асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан байна. Иймд уг үндэслэлээр шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 10 дахь заалтад зохих өөрчлөлтийг орууллаа.

 

Хэргийн 6 дугаар хавтасны 113 дугаар талаас үзвэл, хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах зорилгоор шүүгдэгчийн эзэмшил, өмчлөлийн тодорхой эд хөрөнгийг мөрдөн байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолоор битүүмжилж байжээ. Гэтэл уг тогтоолыг хүчин төгөлдөр хэвээр үлдээх, эсхүл хүчингүй болгох эсэх асуудлыг мөрдөн байцаалтын шатанд прокуророос, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8.-д зааснаар шүүхээс тус тус шийдвэрлээгүй орхигдуулж, хууль зөрчсөн байна. С.А-т холбогдох эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул давж заалдах шатны шүүхийн магадлалаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            С.А-т холбогдох эрүүгийн 21102298 дугаартай, 9 хавтас хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд, түүнийг хуулийн байгууллагаас битүүмжилсэн эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд санаатай үрэгдүүлсэн, бусдад шилжүүлсэн гэх үндэслэлээр 2002 оны Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт зааснаар, хуульд заасан үндэслэл, журмаар эрүүгийн хэрэг үүсгээгүй атлаа мөрдөн байцаагч 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр прокурорт эрүүгийн хэргээс сэжигтэн, яллагдагчид холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан нь ойлгомжгүй, хуульд нийцээгүй ба уг саналыг үндэслэн прокуророос ямар нэгэн шийдвэр гаргаагүйг тэмдэглэж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.5 дахь заалтыг тус тус удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2, 3, 9 дэх заалтыг тус тус хүчингүй болгож, 5 дахь заалтыг:

 

“5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А нь 230 хоног цагдан хоригдсоныг дурдсугай.” гэж, 6 дахь заалтыг:

 

“6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.-т заасныг баримтлан шүүгдэгч С.А-ээс 3500000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ж.О-т, 1700000 төгрөг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч М.А-д, 3500000 төгрөг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.А-д, 360000 төгрөг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч З.А-д тус тус олгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.С-ийн шүүгдэгч С.А-ээс 1806869 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж,  7 дахь заалтыг:

 

“7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 10 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.А, К.М, Х.А, Т.С нарын иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.” гэж, 10 дахь заалтыг:

 

“10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3.-т зааснаар шүүгдэгч С.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр нь хэрэглэсүгэй.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.С-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2.-т заасныг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.А-т холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2.-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 21102298 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, 

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                       С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД                                                       Б.ДАМБА

 

 

                                                                                                Н.МӨНХЖАРГАЛ