Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 023

 

  Б.И холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Б.Дамба Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолтой, Б.И холбогдох эрүүгийн 201704000130 дугаартай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хяналтын прокурор  Б.Б, шүүгдэгч Б.И, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.А нар оролцов.

 

Шүүгдэгч Б.И нь 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 20 цаг 20 минутын орчимд Шар нуурын хөтлөөс уруудаж аймгийн төв буюу Өлгий сум руу чиглэсэн засмал зам дээр ЗИЛ-130 маркийн ачааны тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож, замын хажуу талд унадаг дугуйгаар зорчиж явсан хохирогч Е.Т-ийн амь насыг хохироосон буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3.-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор:

“1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.И  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 болгон нийцүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Б.И-ыг “Автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Б.И-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд: “Шүүгдэгч Б.И-ын үйлдсэн хэргийн талаар: 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 20 цагийн орчим шүүгдэгч Б.И нь өөрийн эзэмшлийн Зил-130 маркийн ачааны тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож явж байгаад Өлгий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчиж, засмал зам дээр осол гаргаж, унадаг дугуйтай зорчиж явсан Е.Т-ийг дайрч амь насыг бусниулсан гэмт хэргийг үйлдсэн байна. Шүүгдэгч Б.И-ын үйлдсэн хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд хөтөлбөргүй нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож, Б.И нь өөрийн гэм бурууг бүрэн хүлээн зөвшөөрсөн байгаа болно. Б.И холбогдох хэргийг гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 50 дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Гэтэл Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 68 тоот Шийтгэх тогтоолын “Тогтоох нь:” хэсгийн 1 дүгээр заалтаар Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.И 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 болгон өөрчилж шийдвэрлэснийг анхан шатны шүүхээс шүүгдэгчийн эрх зүйг байдлыг дордуулсан хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. Шүүгдэгч Б.И-ын эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэсэн талаар:

1. 2015 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан байдаг.

Гэтэл шүүгдэгч Б.И-ын гэмт хэрэг үйлдэх үед (2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр) мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял дөрвөн жил хүртэл, үндсэн ялын хувьд “торгох” ялтай, хорих ялын дээд хэмжээ “таван” жил хүртэл байгаа бол, 2015 оны Эрүүгийн хуулийн (шинэчилсэн найруулга) 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг 5-8 жилийн хугацаагаар тогтоож, үндсэн ялын төрөл болох “торгох” ял оногдуулахгүй байхаар тогтоож, хорих ялыг 2-оос 8 жил хүртэл тогтоосон нь “нэмэгдэл ялыг” бүхэлдээ хүндрүүлсэн, үндсэн ялын төрлийг (торгох ял хэрэглэх боломжгүй болгож) хүндрүүлсэн, хорих ялын хугацааг (хорих ялын дээд хэмжээ 5 жил байсныг 8 жил болгосон) нэмж хүндрүүлсэн байхад 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсгийг мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан буцаан хэрэглэсэн нь анхан шатны шүүхээс “хуулийг буруу хэрэглэсэн” гэж гомдол гаргаж байна.

2. 2002 оны Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т, 2015 оны Эрүүгийн хуулийн 1.8  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж, мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан. Шүүгдэгч Б.И нь гэмт хэрэг үйлдсэн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байсан тул 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 50 тоот Прокурорын яллах дүгнэлтээр 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийг зөв зүйлчлэн ангилсан гэж үзэж байна.

3. Шүүгдэгч Б.И-ын үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т зааснаар “хүндэвтэр” гэмт хэргийн ангилалд багтаж байгаа бол 2015 оны Эрүүгийн хуулийн 2.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүнд” гэмт хэргийн ангилалд багтах болсон нь “ялыг хүндрүүлсэн, гэмт этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан” хуулийг анхан шатны шүүх хэрэглэснийг давхар нотолж байна. 

4.2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар  зүйлийн 215.3-т зааснаар Б.И оногдуулсан хорих ялыг мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар хорих ялыг “тэнсэх” боломжтой байтал, Анхан шатны шүүхэд 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 68 тоот шийтгэх тогтоолоор “буцаан хэрэглэсэн” байгаа 2015 оны Эрүүгийн хуулийн 7.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “тэнсэх” боломжгүй болсон тул шүүгдэгч Б.И-ын ялыг хүндрүүлсэн, эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж гомдол гаргаж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 68 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.И холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар зүйлчлэн ял оногдуулж, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр “тэнсэж, хянан харгалзаж” өгөхийг хүсэж байна.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.И нь 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 20 цаг 20 минутын орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Шар нуурын хөтлөөс уруудаж аймгийн төв рүү чиглэж орж ирдэг засмал зам буюу “Ж” захын харалдаа ЗИЛ маркийн ачааны тээврийн хэрэгслийг жолоодон согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д зааснаар “согтууруулах ундаа, мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 9.2-д зааснаар “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас засмал замаас ертөнцийн зүгээр баруун хойд зүгт шороон замаар дугуй унаж явсан иргэн Е.Т-ийг мөргөж, амь насыг нь хохироосон, зам тээврийн ослын улмаас гудамжны гэрэлтүүлгийн шонг мөргөж эвдэн “Өлгий сумын хот тохижуулах алба”-д 325000 төгрөгийн хохирол учруулсан, “Баян-Өлгий ШТС”-ийн үнийн самбарыг мөргөж эвдсэний улмаас “Шунхлай трейдинг” ХХК-д 7643000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.

 

Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмаар цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг хангалттай бүрэн тогтоосон ба тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлууд мөрдөн байцаалтын шатанд бүрэн тогтоогджээ.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд “Өлгий сумын хот тохижуулах алба”-ны хохирлыг барагдуулсан болох нь тус байгууллагын тодорхойлолтоор /хх-ийн 204-р хуудас/, “Шунхлай трейд” ХХК-д учирсан хохирлыг барагдуулах хэлцэл хийсэн /хх-ийн 205-р хуудас/, шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч А.А-ийн өгсөн мэдүүлгээр шүүх хуралдаанаар шийдвэрлүүлэх нэхэмжлэл байхгүй, нас барсан Е.Т-ийн эцэг хохирогч М.Е-н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шүүхэд ирүүлсэн хүсэлтээр шүүгдэгч нь хохирогчид 5.000.000 төгрөг өгсөн, хохирогч өөр нэхэмжилсэн зүйлгүй гэжээ.

 

            Анхан шатны шүүхээс шүүгдэгчээс хохирогчид өгсөн мөнгөн төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгаж байгаа хэлбэр бөгөөд харин хүний амь насанд учирсан хохирол бол нөхөж баршгүй үр дагавар учир хохирлыг барагдуулж гэм хорыг арилгасан гэж үзэх боломжгүй. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, нөхцөл байдал, нийгмийн хор аюул, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүх түүнд хуульд заасан эрх хасах нэмэгдэл ялыг хэрэглэн хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

            Харин анхан шатны шүүх Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.И-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3.-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1.-т зааснаар өөрчилж, зүйлчилсэн нь үндэслэлгүй, энэ нь Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, ... буцаан хэрэглэхгүй.” гэж заасныг ноцтой зөрчсөн байна.

 

            2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3.-т заасан гэмт хэргийн шинж нь 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан ба харин 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1.-д “Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн” гэж зааснаас үзвэл, Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан уг гэмт хэргийн “согтуугаар” гэх үйлдлийг хүндрүүлэн зүйлчлэхээр гэмт хэрэгт шинээр тооцжээ. Тиймээс Б.И-ын үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3, эсхүл 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн аль нэгээр зүйлчлэгдэх бөгөөд дээрх хуулийн зохицуулалтыг харьцуулан үзвэл, 2015 оны Эрүүгийн хуулиар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байна.

 

            2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3.-т заасан гэмт хэрэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан бол 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байна. Үүнээс дүгнэвэл, 2002 оны хуулиар тухайн гэмт хэрэг нь торгох ялтай байсан бол 2015 оны тухайн гэмт хэрэгт оногдуулах торгох ялыг хассан, түүнчлэн өмнө нь эрх хасаг нэмэгдэл ял оногдуулдаггүй байсан бол шинэ хуулиар нэг жилээс таван жил хүртэл эрх хасах нэмэгдэл ял хэрэглэхээр заасан, тухайн гэмт хэрэгт оногдуулж болох хамгийн хүнд төрлийн хорих ялын хэмжээ 2015 оны Эрүүгийн хуульд нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар гэж багассан тул, Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэсэн үндэслэлээр Б.И-ын үйлдсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлэх эрхтэй байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн байдал зэргийг харгалзан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж, түүнийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “шүүгдэгчийг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хянан үзвэл, Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2.-т зааснаар уг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол таван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой боловч Б.И-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон байдлыг харгалзаж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2.-т заасан зохицуулалтыг хэрэглэхгүйгээр түүнд оногдуулсан 1 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй боловч түүний шүүгдэгчийг тэнсэн хянан харгалзах талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 1, 2, 3, 4, 7 дахь заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хэсгийн 1.2 дахь заалт, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:

 

“1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.И холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заалт болгон өөрчилж, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэсүгэй.” гэж, 2 дахь заалтыг:

 

“2. Шүүгдэгч Б.И “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж, 3 дахь заалтыг:

 

“3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

 

4 дэх заалтын “1 жил 1 сарын хорих ялыг” гэснийг “1 жилийн хугацаагаар хорих ялыг” гэж,

 

7 дахь заалтын “5 жилийн хугацаагаар” гэснийг “4 жилийн хугацаагаар” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зулхашын “шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглээгүй” гэсэн гомдлыг хангаж, гомдлын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, 

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                       С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД                                                       Б.ДАМБА

 

 

                                                                                                Д.МӨНХӨӨ