Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 028

 

    Б.А холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Б.Дамба Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолтой, Б.А холбогдох эрүүгийн 201704000082 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд прокурор  М.Ф, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.

Шүүгдэгч Б.А нь 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 22 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.Ж-ын цээж тус газар өшиглөснөөс ар дагзаараа савж унан толгойны дух болон зулайн ясанд хугарал үүсэж түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэгт холбогдож Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийтгэгдсэн.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолоор:

“1. Шүүгдэгч  Б.А-ыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А-ыг 10.000 “арван мянга” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А оногдуулсан 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 /арван таван мянга/төгрөгийг 1 /нэг/хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ын цагдан хоригдсон 34 хоногийг түүнд оногдуулсан торгох ялд оруулан тооцож 10.000 нэгжээр торгох ялаас 510 нэгжийг хасан тооцож нийт төлөх торгуулийн ялыг 9490 /есөн мянга дөрвөн зуун ер/ нэгж буюу 9.490.000 /есөн сая дөрвөн зуун ерэн мянга/ төгрөгөөр тогтоосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолоор шүүгдэгч Б.А-ын “Камаз 5320” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч А.Ж-ын хар цэнхэр өнгийн куртикийг устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-д даалгасугай.

7. Хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Б.А-ын гадаад паспорт,  эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ,  “Камаз 5320” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.

8. Шүүгдэгч Б.А нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.Ж нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

9. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт прокурорын бичгийн баримтаар гаргаж өгсөн хохирогч А.Ж-ын Улаанбаатар хотод эмчлүүлсэн “А” эмнэлгийн өвчний түүх бүхий 11 хуудас материалыг /Ачтан элит эмнэлгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан/ хэрэгт хадгалсугай.

10. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.” гэж шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд: “Анхан шатны шүүх нь шүүгдэгч Б.А-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 10,000 \”арван мянга”\ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 \арван сая\ төгрөгөөр торгох ял оногдуулахад 2015 оны Эрүүгийн хуулийг дараах байдлаар буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Шүүгдэгч Б.А холбогдох гэмт хэрэг нь 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр үйлдэгдсэн ба энэ нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэг байсан юм. Баян-Өлгий аймгийн прокурорын газраас яллагдагч Б.А өмнө сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан зүйл ангийг хүчингүй болгож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шинээр ял сонсгож яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн билээ. 2017 оны 7 дугаар сарын 01-нээс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн 1.9-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ" гэж заасан юм. Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.А торгуулийн ял оногдуулахад тухайлбал шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн “5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ын цагдан хоригдсон 34 хоногийг түүнд оногдуулсан торгох ялд оруулан тооцож 10,000 нэгжээр торгох ялаас 510 нэгжийг хасан тооцох нийт төлөх торгуулийн ялыг 9490 \есөн мянга дөрвөн зуун ер\ нэгж буюу 9.490,000 \есөн сая дөрвөн зуун ерэн мянга\ төгрөгөөр тогтоосугай...” гэж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгч Б.А нь 2017 оны 5 дугаар сард 34 хоног цагдан хоригдсон. Тухайн үед 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байсан. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3-т “Цагдан хоригдсон этгээдэд торгох буюу албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялыг үндсэн ялын чанартай оногдуулсан бол цагдан хоригдсон хугацааг харгалзан шүүх ялыг хөнгөрүүлэх буюу ял эдэлсэнд тооцож болно. Цагдан хоригдсон этгээдэд торгох ял оногдуулсан бол цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж, торгох ялаас хасаж тооцно” гэж заасан. Ингэхээр шүүгдэгч Б.А оногдуулсан торгох ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар түүний цагдан хоригдсон 34 хоногийг тухайн хүчин төгөлдөр мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 240000 төгрөгөөр бодож 8160000 \найман сая нэг зуун жаран мянга\ төгрөгийг нийт оногдуулсан 10,000,000 \арван сая\ төгрөгөөс хасаж бодит байдалд шүүгдэгч Б.А  1840000 \нэг сая найман зуун дөчин мянган\ төгрөгийн торгуулийн ял оногдуулах ёстой байсан гэж үзэж байна. Одоо 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Уг хуулийг Улсын Их Хурлаас хүчингүй болгоогүй байна. Хууль зүйн шинжлэх ухааны онол, Үндсэн хуулийн үзэл санаа, агуулга, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан ерөнхий зарчмаар шүүгдэгчид аливаа нөхцөлд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх хэрэглэх ёстой. Энэ бол хуулиар зөвшөөрөгдсөн асуудал. Гэтэл шүүгдэгч Б.А  шүүхээс торгуулийн ял оногдуулахад түүний эрх зүйн байдлыг дордуулсан буюу 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэж байгаа нь анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн дүгнэлтэд хүргэж байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 07-ний өдрийн 59 тоот шийтгэх тогтоолын хууль зүйн үндсийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шүүгдэгч Б.А   1840600 төгрөгийн торгуулийн ял оногдуулж өгнө үү.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Б.А нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг, гүүрний амнаас доошоо Хотгор баг руу явах засмал зам дагуу “А” нэртэй хүнсний дэлгүүрийн орчимд 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 22 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.Ж-ын цээжин тус газар өшиглөснөөс хохирогч ар дагзаараа савж унан толгойн дух болон зулайн ясанд хугарал үүсэж, А.Ж-ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлджээ.

            Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.А-ын үйлдсэн гэмт хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон бөгөөд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, түүнчлэн шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлүүд тогтоогдоогүй болно.

            Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.А холбогдох хэргийг хянан шийдвэрлэж, хуулийг буцаан хэрэглэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлаагүй орхигдуулсныг зөвтгөж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх гэдэг нь нэгэнт батлагдсан, хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн тодорхой хэм хэмжээг уг хуулийг хүчин төгөлдөр болохын өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт хэрэглэх үйл ажиллагаа юм. Мөн ялын төрөл, хэмжээг хөнгөрүүлсэн хууль гэдгийг өмнөх хуулиар тодорхой гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээг доош нь татсан, тодорхой гэмт хэрэгт оногдуулахаар заасан тодорхой төрлийн ялыг хөнгөн ялаар сольсон зэрэг тохиолдлуудыг хамааруулахаар байна.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль гэдэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлагыг оногдуулах үндэслэл, нөхцөлийг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувьд эрх зүйн эерэг үр дагавар бий болгож байгаа ойлголт бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт баримтлаагүй боловч анхан шатны шүүх зөв тайлбарлан хэрэглэжээ.

2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, шүүгдэгч Б.А мөн хуулийн тусгай ангид зааснаар торгох ял оногдуулсан байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т заасныг хэрэглэн, шүүгдэгчийн цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж, торгох ялаас хасаж тооцох үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол хуульд нийцээгүй, үндэслэлгүй учир хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан цагдан хоригдсон хоногийг тооцох журам нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсон...” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хууль ёсны зарчимд нийцээгүйг тэмдэглэж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлаагүй орхигдуулсныг өөрчлөх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан,“ гэсэн  нэмэлт оруулж, 5 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт” гэснийг “Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьездийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД                                                       Б.ДАМБА

                                                                                   

 

Д.МӨНХӨӨ