Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/01613

 

Г.Г-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/00738 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1368 дугаар магадлалтай,

Г.Г-ын нэхэмжлэлтэй

ОЗ ХХК, С.С, Т.О- нарт холбогдох, 

Орон сууцны шударга өмчлөгч болохыг тогтоолгож, уг байрны өмчлөх эрхийн гэрчилгээг Г.Г-ын нэр дээр гаргуулахыг ОЗ ХХК болон Т.О- нарт даалгах, С.Сгийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хавай таун Туул гол гудамж, 56а байр, 13 тоот хаягт байрлах 3 өрөө байрны өмчлөлийн гэрчилгээ гардаж авсан үйлдэл үндэслэлгүйгээр эд хөрөнгө олж авсан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг,

Зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.К, хариуцагч С.С, түүний өмгөөлөгч Б.Г, хариуцагч Т.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Г-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие 2011 онд орон сууц худалдаж авахаар Т.О-ийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хавай таун 56А-13 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг 82.825.000 төгрөгөөр худалдах, худалдан авах хэлцэл хийгдэж, хэлцэл биелэгдсэн. Хариуцагч Т.О- нь уг орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлж, нэхэмжлэгч хүлээн авч, өнөөдрийг хүртэл тус орон сууцад амьдарч байгаа. Нэхэмжлэгч нь 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдөр уг байрны урьдчилгаа төлбөр болох 26.400.000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөрийг гэрчилгээ гарсны дагуу хийх боловч 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 54.600.000 төгрөг, нийт 77.400.000 төгрөг өгсөн. Хариуцагч Т.О- нь байрны гэрчилгээ гаргах үүргийг хүлээсэн боловч, үүргээ биелүүлээгүй. Гэтэл С.С 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр уг байрыг өөрийн өмчлөл болгон Ү-2206040673 тоот гэрчилгээ авсан байна. С.С өөрийн өмч болгож гэрчилгээ авсан нь бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр авсан. Улмаар 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч Т.О-т холбогдуулж Цагдаагийн газарт өргөдөл гаргасан боловч 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Дүүргийн нэгдүгээр прокурорын газраас Т.О-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохдоо хэд хэдэн үйл баримт тогтоосон. Маргаан бүхий орон сууц нь Т.О-ийнх биш, хариуцагч ОЗ ХХК-ийн өмчлөлийнх байсан. Г.Г-ас шилжүүлсэн 77.400.000 төгрөг нь ОЗ ХХК-ийн дансанд орсон. ОЗ ХХК, Т.О- нь Г.Г-ыг байрны төлбөрийг төлсөн учраас ордер болон гэрчилгээг шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй, хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбар өгсөн. 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр С.С гэдэг хүн уг байрны гэрчилгээг гаргуулан авсан. С.С гэх хүн тус эд хөрөнгийг хэрхэн олж авсан, маргаж байгаа орон сууцыг ОЗ ХХК барьж, ашиглалтад оруулсан. С.С нь ОЗ ХХК-ийн захирал. Тэрээр өөрийн давуу эрхийг ашиглаж, өөрийн нэр дээр гэрчилгээг гарган авсан нь шударга ёсонд нийцэхгүй байна. Иймд С.Сгийн нэр дээр байгаа Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хавай таун 56А-13 тоот 3 өрөө орон сууцын өмчлөлийн гэрчилгээг хүчингүй болгож, С.Сг үндэслэлгүйгээр эд хөрөнгө олж авсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Сгийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Г.Г- гэдэг хүн маргаан бүхий байрыг худалдаж авахаар Т.О-т 77.400.000 төгрөг өгч залилуулсан. Т.О- нь Н.Болормаа гэдэг хүнд залилуулсан. Дунд нь Б.Хосбаяр, И.Эрдэнэчимэг, С.Амарбаяр гэх 5, 6 хүн дамжсан. 2014 оны 01 дүгээр сард эрүүгийн хэрэг үүссэн. Н.Болормаа гэдэг хүн 10 хэдэн хүний байрыг залилсан асуудал цагдаад шалгагдсан. Энэ үед хариуцагч С.С орон сууцаа суллаж өгөөч гэхэд настай хүн байгаа, баяр ёслол болж байна гээд гардаггүй. С.Сгийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гарсан. Нэхэмжлэгч нь орон сууцны мөнгөө ОЗ ХХК болон С.Сд өгөөгүй, Т.О-т өгсөн. Уг байрыг бид албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргахад н.Одмөнх хариуцагчаар оролцон нэхэмжлэлийг авч, албадан чөлөөлүүлэх шүүхийн шийдвэр гарч, дараа нь шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан. ОЗ ХХК-ийн данс руу мөнгө ороогүй. Хэрэгт өгсөн бэлэн мөнгөний орлогын баримтад 5.000.000 төгрөгийг Т.О-, Б.Хосбаяр нийт 19.000.000 төгрөг, Н.Болормаа 5.000.000 төгрөг, Г.Г- 61.000.000 төгрөг биш 15.000.000 төгрөг төлсөн баримт нь худлаа. Г.Г- ОЗ ХХК-тай гэрээ байгуулаагүй. С.С өөрийн өмчлөлийн байрыг зараагүй байхад Т.О- өөрийн байр мэт Г.Г-д зарж, Н.Болормаа гэдэг хүн мөн уг байрыг давхар зарсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлага нь ямар ч үндэслэлгүй гэжээ.

Хариуцагч ОЗ ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Батбуянт-Эх ХХК захиалагчаар, ОЗ ХХК гүйцэтгэгчээр оролцож, барилгыг барьж дуусгасан, 13 тоот нь миний өмчлөлийн байр. Нэхэмжлэл гаргасан Г.Г-ыг би огт хараагүй, мэдэхгүй. Т.О-, Н.Болормаа гэх хүмүүстэй нэг ч удаа уулзаагүй, танихгүй, гэрээ хийж үзээгүй. Н.Болормаа, Т.О- гэх хүмүүсийг хайгаад олдохгүй, сураггүй хүнийг хайна гэдэг хэцүү, аргаа барж, гэрчилгээгээ гаргаж авч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Би сүүлийн 2 жилийн хугацаанд шүүхээр явж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.О-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Миний бие 2011 оны 5 дугаар сард нэхэмжлэгчийн ээж И.Эрдэнэчимэгтэй уулзсан. Тухайн үед Н.Болормаа гэгчийн бусдад хямдхан байр авч өгдөг гэсэн үгэнд итгэж И.Эрдэнэчимэгээс 77.400.000 төгрөг авч Н.Болормаад өгсөн. Н.Болормаа нь И.Эрдэнэчимэгийг байранд оруулсан бөгөөд гэрчилгээг нь гаргаж өгнө гээд алга болсон. Би Г.Г-ас байр өгнө гэж мөнгө аваагүй бөгөөд түүний ээж И.Эрдэнэчимэг нь Н.Болормаагаас байр авсан. Би нэхэмжлэгчийн өмнө байрны гэрчилгээ гаргаж өгөх үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/00738 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 15дугаар хороо, Хавай таун Туул гол гудамж, 56а байр, 13 тоот хаягт байрлах 3 өрөө байрны шударга өмчлөгч Г.Г- болохыг тогтоож, уг байрны өмчлөх эрхийн гэрчилгээг Г.Г-ын нэр дээр гаргуулахыг ОЗ ХХК болон хамтран хариуцагч Т.О- нарт даалгаж С.С Хан-Уул дүүргийн 15-р хороо, Хавай таун Туул гол гудамж, 56а байр, 13 тоот хаягт байрлах 3 өрөө байрны өмчлөлийн гэрчилгээг үндэслэлгүйгээр олж авсан болохыг тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч нараас 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Хан-Уул дүүргийн шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 04688 дугаар шүүгчийн захирамжаар Хан-уул дүүргийн 15-р хороо, Хавай таун Туул гол гудамж, 56а байр, 13 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцнаас Г.Г-ыг гаргах, чөлөөлөх ажиллагааг хийхгүй байхыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэсэн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1368 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/00738 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Г-ыг Хан-Уул дүүргийн 15-р хороо, Хавай таун туул гол гудамж, 56а байр, 13 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцны өмчлөгч болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч ОЗ ХХК, Т.О-т холбогдуулан гаргасан өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Сгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек, өмгөөлөгч О.Отгонбат нар  хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 00738 дугаар шийдвэрийн зарим заалтад өөрчлөлт оруулахдаа шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс гадна хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байгаа бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэх зорилгоор энэхүү гомдлыг гаргаж байна. Маргаан бүхий орон сууцны шударга өмчлөгчөөр тогтоолгох, уг байрны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Г.Г-ын нэр дээр гаргуулахыг ОЗ ХХК болон хамтран хариуцагч Т.О- нарт даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн эзэмшилд орон сууц бодитоор байх ба худалдан авсан барааны үнийг бүрэн гүйцэд төлөх үүргийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хүлээнэ. Худалдан авагч буюу нэхэмжлэгч Г.Г-д, орон сууцны үнийг бүрэн төлсний дараа өмчлөгчөөр тогтоож, холбогдох бичиг баримтыг шилжүүлэхийг даалгах талаар шаардах эрх үүснэ гэж хуулийг буруу тайлбарлаж байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлнө” гэж зааснаас худалдаж авсан барааны үнийг заавал гүйцэд төлнө гэсэн зохицуулалт байна гэж ойлгогдохгүй байна. Нэхэмжлэгч буюу худалдан авагч Г.Г- уг орон сууцыг Т.О-ээс хэлэлцэн тохирсон үнэ болох 77.400.000 төгрөгөөр худалдан авсан, энэ төлбөр ОЗ ХХК-д шилжигдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Хариуцагч Т.О- болон ОЗ ХХК нь орон сууцны төлбөр гүйцэд төлөгдөөгүй талаар болон хэдэн төгрөг дутуу болох, хэдэн төгрөгийг нэхэмжилж байгаа талаар тайлбар болон шаардлага гаргаагүй байхад давж заалдах шатны шүүх дээрх дүгнэлтийг хийж уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруу гэж үзэж байна. Иймд хуулийг буруу тайлбарласан дээрх эрх зүйн дүгнэлтийг зөвтгөж, нэхэмжлэгч буюу тэр үеэс одоо хүртэл орон сууцанд амьдарч байгаа зохигчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр дахин нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэхээр биш нэг мөр энэ шийдвэрээр шийдвэрлэж, /худалдан авагч орон сууцны үнийг бүрэн төлсний дараа өмчлөгчөөр тогтоолгож, холбогдох бичиг баримтыг шилжүүлэхийг даалгах талаар шаардах эрх үүснэ гэж магадлалд дүгнэсэн байдаг/ анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 1-р заалтад анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтыг өөрчилсөн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх нь үйл баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс талуудын хооронд үүссэн эрх зүйн зарим харилцааг зөв тодорхойлоогүй, улмаар хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байх тул магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Учир нь магадлалд “...хариуцагч Т.О- нэхэмжлэгч Г.Г-ын ээж И.Эрдэнэчимэгээс 77.400.000 төгрөгийг авч Н.Болормаад, Н.Болормаа нь цааш “ОЗ” ХХК-д дамжуулан өгсөн нь гэрч С.Амарбаяр, Н.Болормаа нарын мэдүүлгээр нотлогдсон, ...хэдийгээр нэхэмжлэгч Г.Г- нь хариуцагч “ОЗ’’ ХХК болон гэрч Н.Болормаатай гэрээ байгуулаагүй боловч хариуцагч “ОЗ" ХХК орон сууцыг худалдахаар Н.Болормаатай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, Н.Болормаа нь цааш нь нэхэмжлэгчид гэрээг шилжүүлэн гэрээний зүйлийн 77.400.000 төгрөгийг худалдагч талд шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар тэдний хооронд хэлцэл хийгдсэн, талуудын хэн алинд нь үүрэг үүссэн” гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал иргэн С.С нь орон сууц захиалгаар бариулах 06/16 гэрээний дагуу ХУД, 15 хороо, Хавай таун, Туул гол гудамж бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон, иргэн Г.Г-, Т.О-, Н.Болормаа нарын хэнийг нь нэг ч удаа харж байгаагүй, танихгүй. Хүний үл хөдлөх эд хөрөнгийг танихгүй хэн дуртай хүмүүс нь өмчлөгчийн зөвшөөрөлгүй бусдад худалддаг үйлдэл байж болохгүй. Залилан мэхлэх гэмт хэргээр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр таслагдсан, одоо эрүүгийн хэрэг дуусаагүй дараагийн шатны шүүх дээр хянагдаж байгаа гэрч гэх Н.Болормаа, мөн дээрх залилан мэхлэх гэмт хэрэгт хамт шалгагдаж байсан Т.О- нар нь иргэн С.Сгийн өмчийн орон сууцыг өөрийн мэтээр иргэн Г.Г-д худалдсан асуудал яригддаг. Дээрх хүмүүсийн хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй байхад шүүх үүсэн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцэхгүй байна. Иргэн Г.Г- нь орон сууц худалдан авахаар орон сууцны урьдчилгаа мөнгөө Т.О-т, Т.О- нь тэр мөнгийг нь цааш Н.Болормаад өгсөн, мөн Н.Болормаа нь дээрх мөнгийг цааш нь С.Амарбаярт өгсөн гэдэг, цаашлаад н.Хосбаяр, И.Эрдэнэчимэг гэх олон хүмүүс гарч ирдэг. Эцсийн дүндээ иргэн С.С гэх хүнд нэг ч төгрөг очоогүй өгөөгүй байхад шүүх өгсөн мэтээр бичгийн баримтуудыг дүгнэсэн нь үндэслэлгүй буюу өмчлөх эрхийг Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 111 дүгээр зүйлийн 111.1, 112 дугаар зүйлийн 112.1-т заасны дагуу тодорхой зохицуулсан, иргэн Г.Г-ыг С.Сд бус, бусад иргэдэд мөнгөө өгснийг нь орон сууцны төлбөр тооцоо дууссан, төлсөн, орон сууцны өмчлөх эрх үүссэн гэж дүгнэсэн нь буруу юм. С.Сгийн хувийн данс руу дээрх хүмүүсийн алинаас нь ч нэг ч төгрөг ороогүй, хэрэгт гагцхүү С.Сгийн дүү С.Амарбаяр гэх залуу би 44.000.000  төгрөгийг авсан гэсэн СБД-ийн Цагдаагийн хэлтэст өгч байсан мэдүүлэг, мөн С.Сгийн компани руу 20 гаран сая төгрөг л орсон баримт хэрэгт авагдсан хэдий ч шүүх хурал дээрх С.Амарбаярыг гэрчээр асуулгаагүй, түүнчлэн С.С нь би нэг ч төгрөг аваагүй, манай байгууллагад дээрх хүмүүс 20 гаруй сая төгрөг тушааж байгаагүй, бэлэн мөнгөний орлогын баримт дээр миний гарын үсэг байхгүй, биш байна” гэсэн тайлбарыг анхан шатны шүүх дээр өгсөн ч шүүх анхаарч үзээгүй хэргийг шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Г.Г- нь орон сууц авахаар мөнгөө залилуулсан хэмээн СБД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандан гомдол гарган шалгуулж байгаад эрүүгийн хэрэг нь эцэслэн шийдэгдээгүй байхад иргэний шүүх давхар шийдвэрлэж байгаа нь өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Энэ нь шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй. Хэрвээ иргэн Н.Болормаатай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж үзвэл шүүх орон сууцны үнийг яаж тодорхойлж байгаа нь ойлгомжгүй буюу Н.Болормаатай байгуулсан гэрээнд 87 м.кв талбайтай орон сууцыг 1мкв -ийг нь 1.450.000  төгрөг гэхээр нийт үнийн дүн 126.150.000 төгрөг болохоор байхад 77.400.000 төгрөгөөр хүний 126.150.000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг худалдан авсан мэтээр шүүх дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна. Зөрүү 50.000.000 гаруй төгрөгийн зөрүүг яаж тооцож байгаа нь ойлгомжгүй байгаа нь шүүхийн шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул хэргийг анхан шатны шүүх рүү дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Г.Г- нь ОЗ ХХК, Т.О- нарт холбогдуулж Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хавай таун Туул гол гудамж, 56а байр, 13 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцны шударга өмчлөгч болохыг тогтоолгож, уг байрны өмчлөх эрхийн гэрчилгээг Г.Г-ын нэр дээр гаргуулахыг даалгах, С.Сд холбогдуулж Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хавай таун Туул гол гудамж, 56а байр, 13 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг үндэслэлгүйгээр олж авсан болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч Т.О- зөвшөөрч, хариуцагч ОЗ ХХК, С.С нар зөвшөөрөөгүй маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангажээ.

Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа нэхэмжлэгчид өмчлөх эрх хэрхэн үүсэх  үндэслэлийг зөв тодорхойлоогүй, өмчлөгчөөр тогтоох нөхцөл бүрдээгүй байхад өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцны гэрчилгээг Г.Г-ын нэр дээр гаргуулахыг ОЗ ХХК болон Т.О- нарт даалгаж шийдвэрлэсэн нь буруу, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг шаардлага гаргах эрх зүйн үндэслэл гэж үзсэн нь хууль хэрэглээний хувьд оновчтой болоогүй байна.    

Шүүх зохигчийн хооронд ямар нэгэн үүрэг үүсээгүй гэсэн дүгнэлт хийсэн атлаа нэхэмжлэгч Г.Г-ыг Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шударга өмчлөгчөөр тогтоосон нь үндэслэл муутай болжээ.

Нэхэмжлэгч хэдийгээр хариуцагч Т.О-ээс маргааны зүйл болсон орон сууцыг худалдан авч, 77.400.000 төгрөг төлсөн гэх боловч тэдний хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Харин маргааны зүйл болсон орон сууц нь ОЗ ХХК-ийн захиалгаар баригдаж 2011 оны 5 дугаар сард ашиглалтад орсон, тус компани уг орон сууцыг захиалгаар барьж, ажлын хөлсөнд 108.000.000 төгрөг авах гэрээг 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Б.Хосбаяртай, 126.150.000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээг 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Н.Болормаатай тус тус байгуулсан, Н.Болормаа гэрээний зүйл болсон орон сууцыг Т.О-ээр дамжуулж Г.Г-д худалдахаар тохиролцсон гэж үзэх үйл баримт тогтоогджээ.

Т.О- Г.Г-ас орон сууцны үнэд 77.400.000 төгрөг авч, байрны түлхүүрийг хүлээлгэн өгснөөр нэхэмжлэгч 2011 оны 6 сараас одоог хүртэл эзэмшиж байгааг зохигч маргаагүй боловч Т.О- нь орон сууцыг захиран зарцуулах эрхтэй этгээд биш, орон сууцны үнийг Н.Болормаад дамжуулан өгсөн нь нотлогдсон байна.

Н.Болормаа орон сууцны өмчлөх эрх олж авах худалдах-худалдан авах гэрээг ОЗ ХХК-тай байгуулсан хэдий ч тус компанид орон сууцны үнэ бүрэн төлөгдөөгүй, Б.Хосбаяр, Н.Болормаа, Г.Г- нараас нийт 61.700.000 төгрөг төлөгджээ.

Н.Болормаа болон ОЗ ХХК-ийн хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ, уг гэрээний худалдан авагч өөрчлөгдөж Г.Г- болон ОЗ ХХК-ийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх эсэх, гэрээний үнэ хэд болох, төлөгдсөн төлбөрийн хэмжээ, өмчлөгчөөр тогтоох хуульд засан нөхцөл бүрдсэн эсэх талаар шүүх дүгнэлт хийгээгүй, энэ талаар зохигч бүрэн мэтгэлцээгүй байна.

Иймд хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэн зохигчийн гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/00738 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1368 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөг, хариуцагч С.Сгийн төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ