Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2018/00738

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 27 өдөр

   Дугаар 183/ШШ2018/00738

Улаанбаатар хот

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                           

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

 Нэхэмжлэгч: Баянүрх дүүргийн, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 54 дүгээр байрны 27 тоотод оршин суух, Сэвхээтэн овогт Гантөмөрийн Гантулга /РД:ЦБ75072611/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 60 дугаар байрны 4 тоотод оршин суух,  Галсанбазар овогт Сэрээнэндоржийн Сэрээнэн /РД:ЧН74061812/,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 5 дугаар хороолол, өөрийн байр, О.З ХХК, захирал С.С,

 

Хамтран хариуцагч: Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 2 дугаар байрны 44 тоотод оршин суух, Хишигтэн шоовой овогт Тогоохүүгийн Оюунчимэг /РД:ЦЗ57021604/ нарт холбогдох

 

Орон сууцны шударга өмчлөгч болохыг тогтоолгож, уг байрны өмчлөх эрхийн гэрчилгээг Г.Г-ын нэр дээр гаргуулахыг О.З ХХК болон хамтран хариуцагч Т.О нарт даалгах, С.Сгийн Хан-Уул дүүргийн 15-р хороо, Хавай таун Туул гол гудамж, 56а байр, 13 тоот хаягт байрлах 3 өрөө байрны өмчлөлийн гэрчилгээ гардаж авсан үйлдэл үндэслэлгүйгээр эд хөрөнгө олж авсан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Отгонбат, хариуцагч О.З ХХК-ийн төлөөлөгч С.С, хариуцагч С.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат, хариуцагч Т.Оийн өмгөөлөгч Г.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие ээж Ишхандын Эрдэнэчимэг, эхнэр хүүхэдтэйгээ хамт амьдардаг болно. Ингээд 2011 онд орон сууцны хэрэгцээ гарч Т.Отэй танилцсан. Т.О нь надад олон шинэ байр бий,  худалдах гэж байгаа гэхэд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах Хавай таун 56А-13  дугаар байр байна, таалагдвал хямдхан өгнө гэсний дагуу 2011 оны 6 дугаар сард ээж И.Эрдэнэчимэгийн хамт очиж үзэхэд байр таалагдаж, Т.О 82.500.000 төгрөгөөр худалдаж авах санал болгосноор байр худалдаж авахаар тохиролцсон.  Т.О олон байр байгаа, энэ байрыг жолоочийн нэр дээр бичүүлсэн, 3 хоногийн дотор нэрийг нь шилжүүлж өмчлөх эрхийн шилжүүлж өгнө гээд 5 ширхэг түлхүүр өгсөн. Бид ордер бэлэн бол мөнгө бэлэн гээд 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдөр уг байранд орсон, 2016 оны 06 дугаарр сарын 10-ны өдөр байрны ордерт нэр шилжүүлнэ гээд 2% цээж зураг, иргэний үнэмлэхийн хуулбар авч явсан. Үүний дараа 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Т.О нь хүү Б.Батхишигт яаралтай мөнгө шилжүүлэх хэрэгтэй, Дарханы шохойны үнэнд 26.400.000 төгрөг шилжүүлж өгөөч гэхэд 2011 оны 06-р сарын 16-ны өдөр мөнгийг шилжүүлсэн. Хэд хоног Т.О холбоогүй байгаад 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдөр манайд ирээд Дамбын Хишигээ гэдэг хүн дарамтлаад байна, нэг байраа буцааж байна, ордер удахгүй гарна, бараг бэлэн болсон гээд 51.000.000 сая төгрөгийг бэлнээр авсан. Т.От байрны үлдэгдэл төлбөрийг гэрчилгээ гарсаны дараа өгөхөөр тохиролцсон боловч олон зүйл тоочиж, байрны мөнгөнд 77.400.000 төгрөг өгсөн болно. Уг байрны гэрчилгээг Т.О гаргаж өгөөгүй, холбоо барихгүй алга болж, би өнөөдрийг хүртэл уг байранд амьдарч байгаа шударга өмчлөгч гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно гэж тус тус зохицуулсан байна.

 

Мөн С.Сгийн өмчлөлийн тухайд миний бие Хан-Уул дүүргийн 15-р хороо, Хавай таун, Туул гол гудамж 56а байр, 13 тоот хаягт байрлах 2 өрөө байрыг анх Т.Оээс 2011 оны 06-р сарын 08-ны өдөр худалдаж авснаас хойш өнөөдрийг хүртэл уг байранд амьдарсан. Гэтэл С.С 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр уг байрыг өөрийнхөө өмчлөл болгон Ү-2206040673 тоот гэрчилгээ авсан байна. Бид байранд амьдарч байх хугацаанд нэг ч хүн ирж байрыг үзээгүй байтал С.С өөрийн өмч болгож гэрчилгээ авсан нь бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр авсан. Байр анхнаасаа С.Сгийн өмчлөлийн байр биш. Энэ хүн надаас ямар нэгэн гэрээ хэлцэл эсхүл өөр бусад үйлдлээр аваагүй, танихгүй. С.С 2015 оны 05 дугаар сараас хойш тус байрыг миний байр гэж байрны гэрчилгээг үзүүлж, байрнаас гарах тухай хэлсэн. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт хөрөнгө олж авсан этгээд /С.С/ болон үүрэг гүйцэтгэгч /Г.Г/ нарын хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт  зааснаар Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс... шаардах эрхтэй гэж хуульчилсан. Нэхэмжлэгчийн хүсэлтээр тогтоогдсон үйл баримтын хүрээнд хариуцагч С.С, Т.О нарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 15-р хороо, Хавай таун Туул гол гудамж, 56а байр, 13 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцны шударга өмчлөгч болохыг тогтоолгож, уг байрны ордер болон өмчлөх эрхийн гэрчилгээг Г.Г-ын нэр дээр гаргуулахыг О.З ХХК болон хамтран хариуцагч Т.О нарт даалгах, С.Сгийн тус дүүргийн 15-р хороо, Хавай таун Туул гол гудамж, 56а байр, 13 тоот хаягт байрлах 3 өрөө байрны өмчлөлийн гэрчилгээг үндэслэлгүйгээр эд хөрөнгө олж авсан болохыг тогтоолгож өгнө үү гэжээ.

               Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Г.Г 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтад үндэслэж, 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг дэмжиж оролцож байна. Нэхэмжлэгч Г.Г-ыг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хавай таун 56А-13 тоотод байрлах 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, 2-рт уг байрны ордер болон гэрчилгээг Г.Г-ын нэр дээр шилжүүлэхийг хариуцагч О.З ХХК болон хамтран хариуцагч Т.О нарт даалгах, 3-рт С.Сг Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Хавай таун 56-13 тоот, 3 өрөө орон сууцны өмчлөлийн гэрчилгээг гардаж авсан өдрийн бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан мөн болохыг тогтоолгох гэсэн  нэхэмжлэлийн 3 шаардлага гаргасан. Нэхэмжлэгч Г.Г нь 2011 онд орон сууц худалдаж авахаар Т.Оийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хавай таун 56А-13 тоотод байрлах 3 өрөө орон сууц худалдаж авах саналын дагуу уг орон сууцыг үзэж, худалдаж авах санал гаргаснаар хариуцагч Т.О болон нэхэмжлэгч Г.Г нарын хооронд орон сууц худалдах худалдан авах хэлцэл хийгдэж, хэлцэл биелэгдсэн. Хариуцагч Т.О нь уг орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлж, нэхэмжлэгч хүлээн авч, өнөөдрийг хүртэл тус орон сууцад амьдарч байгаа нь хэлцэл бодитой биелэгдсэн. Уг орон сууцыг 82.825.000 төгрөгөөр худалдаж авахаар харилцсан тохиролцож, 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр уг байрны урьдчилгаа төлбөр болох 26.400.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Үлдэгдэл төлбөрийг гэрчилгээ гарсны дагуу хийгдэх тохиролцоо байсан. Т.Оийн хүсэлтийн дагуу дахин 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 54.600.000 шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс нийт 77.400.000 төгрөгийг хариуцагч Т.От өгсөн, байрны гэрчилгээ гаргах үүргийг хүлээсэн боловч, үүргээ биелүүлээгүй тул цагдаагийн газарт 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч Т.От холбогдуулж, өргөдөл гаргаж, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, ажиллагаа явагдсан. Эрүүгийн хэрэг шалгагдсаны дараа 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр дүүргийн нэгдүгээр прокурорын газраас Т.От холбогдсон эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохдоо хэд хэдэн үйл баримт тогтоосон. 1-рт нь энэ маргаан бүхий орон сууц нь Т.Оийнх биш байна, хариуцагч О.З ХХК-ийн өмчлөлийнх юм байна, 2-рт Г.Гас шилжүүлсэн 77.400.000 төгрөг нь О.З ХХК-ийн дансанд орсон, 3-рт нь О.З ХХК, Т.О нар эрүүгийн хэрэг шалгагдаж байх явцад нэгэнт Г.Г нь байрны төлбөрийг төлсөн учраас энэ байрны ордер болон гэрчилгээг шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй, хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбар өгч хэргийг хэрэгсэхгүй болгосон. Бид О.З ХХК болон Т.О нарт хандсан, байрны ордер манайд шилжүүлж өг гээд хэргийг хэрэгсэхгүй болгохоос 2 сарын өмнө буюу 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр С.С гэдэг хүн уг байрны гэрчилгээг гаргуулан авсан байсан. Ингээд бид аргаа барж, 2016 оны 09 дүгээр сард нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл бид уг 3 өрөө орон сууцыг Т.Оээр дамжуулж, орон сууцны өмчлөгч О.З ХХК-иас худалдаж авсан. Энэ нь Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө шилжүүлж байгааг өмчлөгч болж байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар авсанд тооцно гэсэн хуулийн зохицуулалт байдаг. Иймд нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцэж байгаа учраас тус 3 өрөө орон сууцыг шударга өмчлөгч Г.Г мөн гэдгийг шүүхээр тогтоолгох хүсэлттэй байна. С.С гэх хүнийг үндэслэлгүйгээр эд хөрөнгө олж авсан гэдгийг тогтоолгоё гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ хүн тус эд хөрөнгийг хэрхэн олж авсан, маргаж байгаа орон сууцыг О.З ХХК нь барьж, ашиглалтад оруулсан байр. С.С гэдэг хүн нь өөрөө О.З ХХК-ийн захирал. Тэгэхээр бусдын эд хөрөнгийн үндэслэлгүйгээр олж авах Иргэний хуулийн зохицуулалт нь тухайн өмчлөгч нарын хооронд харилцаа үүсээгүй, энэ хүн 04 дүгээр сарын 30-ны өдөр байрны гэрчилгээг гаргаж авахаас өмнө уг байрны өмчлөгч Г.Г аль хэдийнээ болсон байсан. Нэхэмжлэгч 2011 онд байранд орж, амьдарч, байрны төлбөрт 77.400.000 төгрөгийг орон сууцыг барьж, ашиглалтад оруулсан компанийн дансанд тушаасан, компани нь хүлээн зөвшөөрч байх хооронд С.С гэх хүн өөрийн давуу эрхийг ашиглаж, өөрийн нэр дээр гэрчилгээг гарган авсан нь шударга ёсонд нийцэхгүй байна. Ийм учраас С.Сгийн нэр дээр байгаа Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хавай таун 56А-13 тоот 3 өрөө орон сууцын өмчлөлийн гэрчилгээг хүчингүй болгож, С.С гэдэг хүнийг үндэслэлгүйгээр эд хөрөнгө олж авсан болохыг тогтоож өгнө үү гэв.

 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Отгонбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

 

            Хариуцагч С.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат, О.З ХХК-ийн төлөөлөгч С.С нар энэ байрыг хэнд ч худалдаж, ямар ч гэрээ хийж байгаагүй, тийм гэрээ байвал уг байрыг ав гэж ярьж байсан. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Болормаатай холбоотой хэргийн 2 дугаар хавтасны 14, 17, 19 дүгээр хуудсанд авагдсан баримтаар уг байр 2011 оны 05 дугаар сард ашиглалтад орсон,  2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 108.750.000 төгрөгөөр С.С О.З ХХК-ийн нэрээр өөрөө захирлын гарын үсэг зурж, Б.Хосбаяр гэдэг хүнд худалдсан байдаг. Хавтаст хэргийн 14 дүгээр хуудсанд 2011 оны 12 дугаар сарын 25-ны өдөр худалдах худалдан авах гэрээг О.З ХХК, Н.Болормаа нарын хооронд байгуулагдсан байдаг. Ингээд хавтаст хэргийн 19 дүгээр хуудаст О.З ХХК, Н.Болормаа гэх миний үйлчлүүлэгч Г.Г-ын төлсөн мөнгө Т.Оээр дамжиж, Н.Болормаа нь О.З ХХК-д тушаасан баримт хэрэгт авагдсан. Тэгэхээр С.С гэдэг хүн огт мөнгө төлөөгүй, энэ байрыг зарах нь битгий хэл худалдах худалдан авах гэрээ хийгээгүй гэж үндэслэлгүй тайлбар өгч, худлаа ярьж байна. Эхний шаардлагын хүрээнд С.С энэ байрыг 2015 оны 04 дүгээр сард өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн байдаг. Үүнийг эрүүгийн журмаар шалгуулахад С.Сгийн дүү С.Амарбаяр гэдэг хүн О.З ХХК-ийн захирал гэж цагдаагийн газарт мэдүүлэг өгөхдөө бид зарсан юм, Г.Г өмчлөгч нь мөн, мөнгийг нь авсан, үлдэгдэл мөнгийг төлж, байрны гэрчилгээг авахад нь татгалзах зүйлгүй гэсэн албан бичиг хавтаст хэргийн 18 дугаар талд байдаг. Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болж, иргэний журмаар хэргийг шийдвэрлүүлэх нөхцөл байдал үүссэн. С.С гэдэг хүн 7 жил уг байрны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаагүй байхад эрүүгийн журмаар явж, хэрэг бүдгэрхээр гэнэт өөрийн нэр дээр гэрчилгээг авчихсан. Энэ барилгыг О.З ХХК улсын комисст хүлээлгэн өгч, захиалагчаар  ажилласнаа хүлээн зөвшөөрдөг. Гэтэл С.С улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахдаа О.З ХХК-иас худалдаж авах гэрээ биш, өөр компанийн улсын бүртгэлийн баримт бичиг бүрдүүлж, худалдаж авсан гэдэг тайлбар гаргадаг. Тэр компани нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд Хавай таун хотхоныг бариагүй, Батбуян эх ХХК-иас авсан гэж мэдүүлдэг. Гэтэл Архивын Ерөнхий газраас авсан лавлагаа, О.З ХХК-ийн тайлбар, холбогдох баримтууд бүгд нотолдог. Эдгээр үйл баримтуудаас миний үйлчлүүлэгч шударга ёсны дагуу гэрээний төлбөрийг зохих ёсоор 77.400.000 төгрөгийг төлсөн байна, 108.750.000 төгрөгөөр тохирсон гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэх зарчим үйлчилнэ. Илтэд худал тайлбар өгч байгааг гайхаж байна. Бид анхнаасаа О.З ХХК-ийн хөрөнгө гэдгийг огт мэдээгүй. Н.Болормаа худалдаж байгаа юм байна, 2011 онд худалдах худалдан авах гэрээ хийхээс өмнө байрандаа ор гэсэн, мөнгөө төлөхөөс өмнө орчих, мөнгөө цувуулаад төлчих гэхээр нь байрандаа амьдарч өнөөдрийг хүртэл байрны зардлыг төлж, СӨХ-дөө бүртгүүлээд явж байна. Гэтэл мөнгөө өгч байтал, гэрчилгээ гаргаж өгнө, арай болоогүй гэж байсан. Хэлцэл хийгдсэн, хүчин төгөлдөр болсон, итгэлцэл явагдаж байсан. Үүнийг гуравдагч этгээд буюу анхлан худалдагч О.З ХХК нь хүлээн зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл худалдах худалдан авах гэрээ хийгдсэн. Н.Болормаа болон Т.О, Г.Г нарын хооронд хийгдсэн гэрээний эрх зүйн харилцааг хүлээн зөвшөөрсөн учраас үүнд маргаангүй гэж үзэж байна. 2-р шаардлагын хувьд О.З ХХК үүнийг захиалан бариулсан, гэрчилгээг О.З ХХК, мөн Т.О нарт эрхийн гэрчилгээг Г.Г-ын нэр дээр гаргуулах шаардлага гаргаж байна. 3-рт С.С гэдэг хүн байрны мөнгө төлөөгүй, О.З ХХК-д биш, Батбуянт эх ХХК-иас уг байрыг худалдаж авсан гэдэг улсын бүртгэлийн баримтууд нь бусад Архивын ерөнхий газрын болон талуудын тайлбар, хариуцагч Т.Оийн тайлбараар бүрэн нотлогддог. Нийтдээ 7 жилийн хугацаанд үнэхээр өөрийнх өмчлөлийн байр байсан юм бол шаардахгүй, өнөөдрийг хүртэл явсан гэдэг. Энэ нь худалдах худалдан авах гэрээ хийгдсэн, Г.Г нь уг байранд оршин сууж байгааг хүлээн зөвшөөрч байгаа гэдгийг шүүх онцгой анхаарч үзнэ үү. С.С Г.Г-ыг Герман руу бизнесийн ажлаар явж, ирэхийн хооронд өөрийн хүргэн ах н.Одмөнхийг байхад байрнаас албадан чөлөөлүүлэх шаардлага гарган, анхан шатны шүүхээр шийдэгдсэн байсан. Уг шүүхийн шийдвэр нь өнөөдрийн байдлаар Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар байрнаас албадан чөлөөлүүлэх нь өмчлөх эрхийн бусдын хууль бус эзэмшлээс өөрийн эзэмшлээ албадан чөлөөлүүлэхийг шаардсан байна. Өнөөдөр бид өмчлөлийн маргаан шийдэж байгаа. Тэгэхээр эдгээр үйл баримтыг шүүх онцгойлон анхаарч, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв. 

 

Хариуцагч С.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Г.Г гэдэг хүн маргаан бүхий байрыг худалдаж авахаар Т.От 77.400.000 төгрөг өгч залилуулсан. Т.О нь Н.Болормаа гэдэг хүнд залилуулсан. Дунд нь Б.Хосбаяр, И.Эрдэнэчимэг, С.Амарбаяр гэх 5, 6 хүн дамжсан. 2014 оны 01 дүгээр сард эрүүгийн хэрэг үүссэн. Н.Болормаа гэдэг хүн 10 хэдэн хүний байрыг залилсан асуудал цагдаад шалгагддаг. Энэ үед хариуцагч С.С орон сууцаа суллаж өгөөч гэхэд настай хүн байгаа, баяр ёслол болж байна гээд гардаггүй. С.Сгийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гарсан. Мөн энэ хэрэг шүүхэд байгаа, Т.Оийн үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгосон болохоос хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоогүй тул эрүүгийн хэрэг эцэслэн шийдээгүй. С.С гэдэг хүнд мөнгөө өгч, алдсан бол өнөөдөр О.З ХХК-ийг хариуцагчаар татах байсан. О.З ХХК, С.Сд холбогдуулан шүүхэд хандаагүй цагдаад хандсан ба мөнгөө О.З ХХК болон С.Сд өгөөгүй, Т.От өгсөн. Уг байрыг бид албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргахад н.Одмөнх хариуцагчаар оролцон нэхэмжлэлийг авч, албадан чөлөөлүүлэх шүүхийн шийдвэр гарч, дараа нь давж заалдах шатны магадлал гарсан. Уг магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Г.Г гэдэг хүн шүүхэд шударга өмчлөгчийг тогтоолгоно гэж залилуулсан асуудлаа иргэний журмаар нэхэмжлэл гаргасан шалтгаан нь хугацаа авах санаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэн байхад би байранд очиход хүн байгаа мөртлөө хаалгаа тайлдаггүй, шүүхэд нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг үүссэн тогтоолыг шийдвэр гүйцэтгэлд өгч, хэргийг түдгэлзүүлсэн байна. Байранд удаан амьдрахын тулд ийм зүйл хийж, дунд нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. О.З ХХК-ийн данс руу мөнгө ороогүй. Хэрэгт өгсөн бэлэн мөнгөний орлогын баримтад 5.000.000 төгрөгийг Т.О, Б.Хосбаяр нийт 19.000.000 төгрөг, Н.Болормаа 5.000.000 төгрөг, Г.Г 61.000.000 төгрөг биш 15.000.000 төгрөг төлсөн байдаг. Эдгээр баримт нь худлаа баримт байгаа. Энэ мөнгийг О.З ХХК-ийн захирал С.С гэдэг хүн аваагүй, зурсан гарын үсэг биш. С.Амарбаяр гэх хүн цагдаад мэдүүлэг өгсөн ба О.З ХХК болон С.С гэдэг хүн С.Амарбаяр гэх хүнээс мөнгө аваагүй, дансаар ч аваагүй. Г.Г О.З ХХК-тай гэрээ байгуулаагүй, Н.Болормаа гэх хүн гэрээ байгуулахад О.З ХХК, С.С гэрээ байгуулаагүй, мэдүүлэгт Б.Хосбаяр гэрээг авчирч, гарын үсэг зуруулсан гэдэг. С.С өөрийн өмчлөлийн байрыг зараагүй байхад Т.О өөрийн байр мэт Г.Гд зарж, Н.Болормаа гэдэг хүн мөн уг байрыг давхар зарсан байдаг. Хүний өмчлөлийн байрыг дур мэдэн зарж болохгүй. Энэ бүгдийг мэдэж байсан болохоор шууд цагдаад хандсан. Өнөөдөр Т.От гэрчилгээ байхгүй, зөвхөн С.Сд байдаг. О.З ХХК-д 15.000.000 төгрөг төлсөн баримт байгаа гэдгийг шүүх анхаарч үзэх хэрэгтэй. Гарын үсэг нь С.Сгийн гарын үсэг биш. Эцэст нь хэлэхэд 1 дүгээр хавтаст хэргийн 241 дүгээр талд гэрээг О.З ХХК-тай хийгээгүй, Б.Хосбаяр гэрээг авчирч, гарын үсэг зуруулсан. С.С гэдэг хүн Т.О, Н.Болормаа гэх хүмүүсийг нэг ч удаа хараагүй, танихгүй. Нэхэмжлэлийн шаардлага нь ямар ч үндэслэлгүй гэв.

 

            Хариуцагч О.З ХХК-ийн төлөөлөгч С.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиалагч болон гүйцэтгэгч нь хэн бэ, залилан хийсэн гэсэн ярьсан зүйлийг би хэлсэн. Батбуянт эх ХХК нь захиалагч нь, О.З ХХК нь гүйцэтгэгчээр оролцож, барилгыг барьж дуусгасан, 13 тоот нь миний өмчлөлийн байр. Нэхэмжлэл гаргасан Г.Г гэдэг хүнийг би огт хараагүй, танихгүй, мэдэхгүй. Т.О, Н.Болормаа гэх хүмүүсийг нэг ч удаа уулзаж үзээгүй, танихгүй, нэг удаа гэрээ хийж үзээгүй. Н.Болормаа, Т.О гэх хүмүүсийг хайгаад олдохгүй, сураггүй хүнийг хайна гэдэг хэцүү, аргаа барж, гэрчилгээгээ гаргаж авч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Би сүүлийн 2 жилийн хугацаанд шүүхээр явж байна. Нэхэмжлэгч талын хүсэлтээр хурал хойшлуулдаг гэв.

 

Хариуцагч Т.Оийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг 2014 онд үүссэн, энэ хэрэгт би Т.Оийн өмгөөлөгчөөр оролцож, 01 дүгээр сард Н.Болормааг хариуцагчаар татаж, Баянзүрх дүүргийн анхан шатны шүүх хурал болж, 03 дугаар сарын 23-ны өдөр тогтоол гардуулсан.Энэ байрны борлуулалтыг С.Сгийн дүү С.Амарбаяр хариуцаж байсан. Г.Г-ын ээж И.Эрдэнэчимэг гэх хүн Т.От мөнгөө өгснийг Н.Болормаад өгч, Н.Болормаа нь О.З ХХК-д дамжуулж өгсөн. Н.Болормаа нь И.Эрдэнэчимэгийн захиалгаар Т.Оээр дамжуулж гэрээ хийсэн. Тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан н.Амарбаяртай гэрээ хийж, н.Амарбаяр төлнө гэсэн. Эрүүгийн хэрэг үүсэхэд Т.О 77.400.000 төгрөг авсан асуудал яригдахад Н.Болормаа гэдэг хүнд өгсөн гэдэг. Н.Болормааг нь шалгахад би О.З ХХК-д өгсөн гээд О.З ХХК-ийн эрх бүхий этгээдийг дуудаж, гэрчийн мэдүүлэг авахад энэ байранд             И.Эрдэнэчимэг гэх хүнийг оруулсан, мөнгө авсан байгаа, үлдэгдэл мөнгөө өгвөл гэрчилгээг нь гаргаж өгнө гэдэг. Прокуророос Т.О холбоогүй гэж энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгосон. С.С надад тийм дүү байхгүй гэдэг, мөнгийг өгсөн талаарх үйл явдлыг цагдаагийн байгууллага тогтоосон, үнийн зөрүүг төлвөл энэ хэрэг дуусах юм. Т.О байрны гэрчилгээ гаргаж өгөх эрх бүхий этгээд биш, одоогийн байдлаар эзэмшээгүй байна. Н.Болормаа гэрчийн мэдүүлэг өгсөн. Эрүүгийн хэрэгт цагдаагийн байгууллага шалгасан зүйлийг нэхэмжлэгч талаас сая гаргаж өгсөн. Шүүгчид өөрийнхөө итгэл үнэмшлээр үзлэг хийе гэвэл Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 13 хавтаст хэрэг байгаа. Т.О 2014 оноос хойш бие нь муудсан. Дунд нь өндөр настай нэхэмжлэгчийн ээж нь нас барсан, С.Сгийн байранд гэнэт ороод 7 жил амьдарч байгаа мэт ярьж байна, тийм зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэв.

          

           Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч С.С, Т.О нарт холбогдуулан  Хан-Уул дүүргийн 15-р хороо, Хавай таун туул гол гудамж, 56а байр, 13 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцны шударга өмчлөгч болохыг тогтоолгож, уг байрны өмчлөх эрхийн гэрчилгээг Г.Г-ын нэр дээр гаргуулахыг О.З ХХК болон хамтран хариуцагч Т.О нарт даалгах, С.Сгийн Хан-Уул дүүргийн 15-р хороо, Хавай таун Туул гол гудамж, 56а байр, 13 тоот хаягт байрлах 3 өрөө байрны өмчлөлийн гэрчилгээ гардаж авсан үйлдэл үндэслэлгүйгээр эд хөрөнгө олж авсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд  гаргаж, 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, хариуцагч  С.С, О.З ХХК, захирал С.С, хамтран хариуцагч Т.О нарт холбогдуулан  Хан-Уул дүүргийн 15-р хороо, Хавай таун туул гол гудамж, 56а байр, 13 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцны шударга өмчлөгч болохыг тогтоолгож, уг байрны ордер болон өмчлөх эрхийн гэрчилгээг Г.Г-ын нэр дээр гаргуулахыг О.З ХХК болон хамтран хариуцагч Т.О нарт даалгах, С.Сгийн тус дүүргийн 15-р хороо, Хавай таун туул гол гудамж, 56а байр, 13 тоот хаягт байрлах 3 өрөө байрны өмчлөлийн гэрчилгээ гардаж авсан үйлдэл үндэслэлгүйгээр эд хөрөнгө олж авсан болохыг тогтоолгох шаардлагыг гаргажээ.

Хариуцагч О.З ХХК-ийн төлөөлөгч С.С, хариуцагч С.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат нар гэрээг О.З ХХК-тай хийгээгүй, Г.Г бусдад мөнгөө өгч залилуулсан, уг хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тул иргэний журмаар шийдвэрлэхгүй, С.Сд уг байрны гэрчилгээ 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гарсан гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж, хариуцагч Т.Оийн өмгөөлөгч Г.Г-ын ээж И.Эрдэнэчимэг гэх хүн Т.От байрны 77.400.000 төгрөг өгснийг Н.Болормаад өгч, Н.Болормаа нь О.З ХХК-д өгч баталгаа гаргасан гэж тайлбарласан.

Хариуцагч Т.О нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хавай таун 56А-13  дугаар байрыг таалагдвал хямдхан өгнө гэж хэлсний дагуу 2011 оны 6 дугаар сард Г.Г-ын ээж И.Эрдэнэчимэгтэй үзэхэд байрны үнийг 82.500.000 төгрөгөөр тохиролцож, гэрээ хийе гэхэд Т.О надад олон шинэ байр байгаа, энэ байр жолоочийн нэр дээр байдаг, эхлээд гэрчилгээг гаргаж, дараа нь гэрээ хийе гээд маргаан бүхий байрны 5ш түлхүүрийг өгсөн болох нь нэхэмжлэгч Г.Г, хариуцагч Т.О нарын тайлбарууд, Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 103 дугаар тогтоол зэрэг баримтуудаар, улмаар 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдөр  26.400.000 төгрөг, 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 51.000.000 төгрөг, байрны үнэнд нийт 77.400.000 төгрөгийг  Т.О өгсөн, нэхэмжлэгч Г.Г-ын ээж И.Эрдэнэчимэг, хариуцагч Т.О нар 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр  харилцан тохиролцож, бичгээр хийсэн хэлцлийг нотариатч баталсан, ХААН банкны орлогын мэдүүлэг, Т.О,  Н.Болормаа нарын мөнгө хүлээлцсэн баримт зэргээр нотлогдох ба хариуцагч О.З ХХК, уг компанийг төлөөлж захирал С.С нь Б.Хосбаяртай 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээг, С.С, Н.Болормаа нар нь 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдөр  орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулсан байна.

 

Нэхэмжлэгчид хариуцагч Т.О уг байрны гэрчилгээ гаргаад гэрээ хийнэ гэж байрны 5ш түлхүүр өгөөд гэрчилгээг удахгүй гаргана гэхэд нь бичиг баримтаа, зургийн хамт өгч явуулаад холбогдохгүй удахаар цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж, түүнд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан.

 

Мөн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, Дүүргийн нэгдүгээр прокурорын  2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 114 дүгээр хэргийг хэрэгсэхгүй болгох прокурорын тогтоол, О.З ХХК-ийн дүрэм, гэрчийн мэдүүлгүүд, ОӨУБЕГ-ын лавлагаа зэрэг нотлох баримтуудаас үзэхэд яллагдагч Т.От холбогдох хэргийг бусдыг залилах субьектив санаа зорилгогүй, хохирлоо төлсөн, иргэний хэргийн шинжтэй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож, маргаан бүхий байрны үнийг О.З ХХК-д Н.Болормаа төлсөн ба захиалагч О.З ХХК, С.С /РД:ЧЙ74061812/ уг О.З ХХК-ийн үүсгэн байгуулагч болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн тухай мэдээллээр нотлогдоно.

 

Хэрэгт авагдсан төлбөрийн нэхэмжлэх, кассын орлогын ордер, зохигчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбарууд зэрэг баримтуудаар Г.Г нь ХУД 15-р хороо, Туул гол гудамж, 56а байр, 13 тоот байрны нэхэмжлэгч Дэнж хотхон, Богд Хан уул СӨХ-ны болон цахилгааны төлбөрийг 2011 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн төлсөн болох нь тогтоогдож байна.

 

Мөн нэхэмжлэгч болон хариуцагч Т.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг С.С гаргаж, Улаанбаатар хотын банкны 10.440 төгрөг тушаасан баримт, орон сууц бүртгүүлэх тухай өргөдөл, Батбуянт-эх ХХК-ийн тодорхойлолт, орон сууц захиалгаар бариулах гэрээ, орон сууцны үнэ 104.400.000 төгрөг гэх гэрээний хавсралтууд, С.Сгийн Улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн гэрч С.Амарбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт  ...уг барилгыг О.З ХХК захиалгаар бариулж, байр 2011 онд ашиглалтад орсон, 87 м.кв, нийт үнэ 108.750.000 төгрөг, С.Хосбаяр авахаар гэрээ хийсэн, сүүлд Н.Болормаатай дахин гэрээ хийсэн, Т.Отэй гэрээ хийгээгүй, байрны гэрчилгээ гараагүй, худалдаж авсан хүний нэр дээр гаргаж өгөхөд бэлэн, энэ байранд И.Эрдэнэчимэгийн хүүхдүүд амьдардаг...,  Т.Оийн мөрдөн байцаалтад өгсөн тайлбарт:  Хавай тауны 56а-13 тоотыг Эрдэнэчимэг гэх хүн авсан, одоо хүртэл тэндээ байгаа, 77.400.000 төгрөг төлсөн, Н.Болормаа гэрээ хийсэн..., И.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн 2011 оны 06 дугаар сард Т.Отэй танилцаж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хавай таун 56А-13 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг үзэхэд таалагдаж, м.кв-ыг 1250.000 төгрөг гээд 5ш түлхүүр өгсөн.Надаас 26 сая төгрөг хүү Батхишигийн шохойны үнэ Дархан руу яаралтай шилжүүл гэхээр шилжүүлж, 2011 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байраа тохижуулж байхад жолоочтойгоо ирээд ордер гарна, та 51 сая өгөөч гээд бэлнээр авсан боловч ордер гаргаж өгөөгүй.Энэ байрны менежер Амраа гэж хүн ирж дарамталдаг. Миний бие өвчтэй, Герман руу эмчилгээнд удахгүй явна, энэ хэрэгт бэр А.Ариунаа оролцоно гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагч Т.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр асуусан гэрч Нүрзээгийн Болормаагийн ... С.Сг сайн мэдэхгүй, О.З ХХК-ийн захирал гэдгийг Н.Хосбаяр гэдэг хүнээр дамжуулж мэдсэн. Г.Г гэдэг хүнээс ирсэн мөнгийг О.З ХХК-д өгсөн, гэрээг надтай байгуулсан, 82.000.000 төгрөгийг өгсөн баримт О.З ХХК-д байгаа, энэ мөнгө Г.Г-ын авсан байрны мөнгө, С.Сгийн дүү залуу “таны бүх баримт байгаа, гол нь нэмэлт төлбөрийг Т.О төлөх үү чи төлөх үү гэж”  надтай ирж уулзсан. Т.О 76.000.000 төгрөг өгсөн, гэрээний талууд хэрэгт байхгүй тул эрүүгийн хэрэгт хамааралгүй,  99110573 дугаараас 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр “  тэр байр 108 сая төгрөг гаруй, 82 сая төгрөг өгсөн, 32.600 өгөөд тохирч байгаа“ гэсэн нь байрны талаар мессеж  бичсэн мөн... гэх  мэдүүлэг зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт  бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж заасан.

 

Зохигчийн хооронд ямар нэгэн үүрэг үүсээгүй  байх тул Хан-Уул дүүргийн 15-р хороо, Хавай таун Туул гол гудамж, 56а байр, 13 тоот хаягт байрлах 3 өрөө байрны шударга өмчлөгч Г.Г болохыг тогтоож, уг байрны өмчлөх эрхийн гэрчилгээг Г.Г-ын нэр дээр гаргуулахыг О.З ХХК болон хамтран хариуцагч Т.О нарт даалгаж, С.С Хан-Уул дүүргийн 15-р хороо, Хавай таун Туул гол гудамж, 56а байр, 13 тоот хаягт байрлах 3 өрөө байрны өмчлөлийн гэрчилгээг үндэслэлгүйгээр олж авсан болохыг тогтоох нь зүйтэй гэж үзнэ.

 

Хариуцагч О.З ХХК-ийн төлөөлөгч С.С, хариуцагч С.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар татгалзал, тайлбар, түүнийг нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, ОӨУБГ-ын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн Батбуянт-эх ХХК-ийн тодорхойлолт, барилгын гүйцэтгэгч Батбуянт-эх ХХК, захиалагч С.С нарын орон сууц захиалгаар бариулах гэрээний он засвартай, зөрүүтэй  байна.

 

Нэгдүгээр хавтаст хэргийн хх-36, 51-56, 124-т авагдсан орон сууц захиалан бариулах гэрээ зэрэг баримт нь хуулбар, уншигдахгүй, хх-172-177-д авагдсан баримтууд хэрэгт хамааралгүй, Hawai town, 56а гэсэн хх-45-48-д авагдсан гэрэл зургууд нотлох баримтын шаардлага хангаагүй тул үнэлээгүй болно.

 

Тус шүүхийн  2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 04688 дугаар шүүгчийн захирамжаар Хан-Уул дүүргийн 15-р хороо, Хавай таун туул гол гудамж, 56а байр, 13 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцнаас Г.Г-ыг гаргах, чөлөөлөх ажиллагааг хийхгүй байхыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118  дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 15-р хороо, Хавай таун Туул гол гудамж, 56а байр, 13 тоот хаягт байрлах 3 өрөө байрны шударга өмчлөгч Г.Г болохыг тогтоож, уг байрны өмчлөх эрхийн гэрчилгээг Г.Г-ын нэр дээр гаргуулахыг О.З ХХК болон хамтран хариуцагч Т.О нарт даалгаж, С.С Хан-Уул дүүргийн 15-р хороо, Хавай таун Туул гол гудамж, 56а байр, 13 тоот хаягт байрлах 3 өрөө байрны өмчлөлийн гэрчилгээг үндэслэлгүйгээр олж авсан болохыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч нараас 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 3.Хан-Уул дүүргийн шүүхийн  2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 04688 дугаар шүүгчийн захирамжаар Хан-Уул дүүргийн 15-р хороо, Хавай таун туул гол гудамж, 56а байр, 13 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцнаас Г.Г-ыг гаргах, чөлөөлөх ажиллагааг хийхгүй байхыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэсэн болохыг дурдсугай.

  4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Л.НАРАНГЭРЭЛ