| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Өлзийжаргал |
| Хэргийн индекс | 128/2017/0940/З |
| Дугаар | 284 |
| Огноо | 2018-05-09 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 284
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Б ” ХХК-ий нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “БОАЖС” холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Б ” ХХК нь БОАЖС ын 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн А/158 дугаар тушаалын “Э ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, буцаан өгсөн 0.274 га газрын ашиглах эрхийг 3 га газар дээр нэмж, кадастрын солбицолд өөрчлөлт оруулах замаар эрхийг сэргээхийг БОАЖС ад даалгах”
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ц , Ц.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, гуравдагч этгээд “Э ” ХХК-ийн төлөөлөгч Д.Н , гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.С шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Б ” ХХК-ийн захирал Д.Ц, өмгөөлөгч П.Ц , Ц.Б нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б ” ХХК нь БОАЖС ын 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн А/158 дугаар тушаалын “Э ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, буцаан өгсөн 0.274 га газрын ашиглах эрхийг 3 га газар дээр нэмж, кадастрын солбицолд өөрчлөлт оруулах замаар эрхийг сэргээхийг БОАЖС ад даалгах тухай
Нэхэмжлэгч “Б ” ХХК нь БОАЖС ын 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 160 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын “Хүүшийн аманд” 3 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхтэй болсон юм.
Тус компани нь Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 672 дугаар гэрчилгээ, Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон манай компанийн хооронд байгуулсан 2010 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” гурван талт гэрээний дагуу газрын төлбөр одоогийн байдлаар нийт 236,948,400 сая төгрөг төлсөн.
Бид дээрхи газраа өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа бөгөөд төрийн байгууллагаас шалгаалан олон жил хүлээлтийн байдалд байна.
Тухайлбал өнгөрсөн жилүүдэд Яармаг-Нисэх чиглэлийн шинэ авт зам барих, шинэ яармаг хорооллын ерөнхий төлөвлөлт хийх, мөн Эрчим хүчний яамны захиалгаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх 20км урттай ЦДАШ, 2 дэд станцын трассын ажил гүйцэтгэх, яармаг хорооллын төлөвлөлт хийх зэрэг шалтгаануудыг зааж, манай барилга байгууламжийн зураг төслийг баталж өгхйгүй хүлээлгэсээр байсан болно.
Манай компани өнгөрсөн хугацаанд Газрын тухай хууль болон гурвалсан гэрээний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж газрын төлбөрөө цаг тухайд нь төлж, Богдхан уулын дархан цаазат газарт тайлангаа гаргасаар ирсэн.
Арга буюу бид удаа дараа гомдол хүсэлт гаргасны дагуу дээрх байршилд газар ашиглах эрхээ арайхийн сунгуулж, үйл ажиллагаагаа эхлэх болсон. Гэтэл манай газраас Яармагийн зам руу нэвтэрч орох хэсгийг “Э ” ХХК-нд БОАЖС ын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/158 тоот тушаалаар 0.274 га газрыг шинээр олгосноос бид цаашид үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүйд хүрээд байна.
2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, газар ашиглах гурвалсан гэрээний хэрэгжилтийг дүгнэх үед хамгаалалтын захиргаанаас урьд нь манай компанид ашиглуулахаар олгосон газраас автозамын трассаар чөлөөлөгдсөн 2740 квм газрыг “Э ” ХХК-нд олгосоныг мэдсэн.
Манай компанийн ашиглах эрх бүхий газрын эргэн тойрны газрууд бүхэлдээ өөр компаниудад олгогдсон ба “Э ” ХХК-нд олгосон 0.274 га газар нь анх 2008 онд манай компанид олгож байсан газар бөгөөд, 2012 онд Нисэх –Яармагийн шинэ зам барих явцад замын трасс, шинэ Яармагийн инженерийн төв шугам сүлжээ явна гэж манй компанийн газраас хэсэгчлэн чөлөөлүүлж авсан атлаа уг чөлөөлүүлсэн газрыг “Э ” ХХК-нд олгож манай орц, гарцыг хаасан юм.
Байгаль орчин аялал жуулчлалын сайдын уг хууль бус үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан шударга ёс, хууль дээдлэх зарчмыг зөрчиж, нэхэжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөж, бидний барьж байгуулах олон тэрбум төгрөгиийн хөрөнгө оруулалтаар бий болгох аялал жуулчлалын зориулалт бүхий барилга байгууламжийн инженерийн шугам сүлжээг татан оруулах боломжгүй болгож үзэгдэх орчинг хаах, улмаар төв зам руу орох, гарах гарцыг бүхэлд нь хааж газраа ашиглаж чадахгүй болоод байна.
Хариуцагч төрийн захиргааны байгууллагын албан тушаалтнууд “Нисэх яармагийн шинэ зам явна” газрынхаа урд хэсгээс тодорхой хэмжээний газрыг хасаж буцааж өгөх хэрэгтэй, хүсэлтээ гарга” гэсэн шаардлага тавьж байсан тул төрийн албан хаагчдын үгэнд итгэж, тухайн газрыг чөлөөлж, газрынхаа байрлал, хилийн зааг /захын цэгүүдийн солбицол/-ийг өөрчлүүлсэн юм.
Гэтэл манай компанийн ашиглах эрхтэй газрын хэсэг болох замын хажуу талын хамгийн ашигтай байрлалын манайхаас хасаж авсан 0.274 га газрыг “Э ” ХХК-д олгож, манай компанийг ямар ч орц гарцгүй болгосноос гадна хууран мэхэлж хүсэлт гаргуулж хилийн заагийг өөрчлүүлсэн хариуцагч захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд аж ахуйн нэгж байгууллагад ийнхуу шударга бус ялгавартай хандаж байгаад гомдолтой байх тул зөрчигдсөн ашиг сонирхолоо хамгаалуулахаар арга буюу шүүхэд хандаж дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг ярьдаг ч энэ асуудлыг өмнө нь шийдвэрлэсэн. 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгчээс хариуцагч байгууллагын дарга н.Батсансарт албан бичиг хүргүүлсэн нь үнэн. Энэ бичигт газрыг “Э ” ХХК-д олгуулах нөхцөлийг бүрдүүлсэн байна гэсэн болохоос биш олгосон байна гэсэн үг, өгүүлбэр бичээгүй. Энэ албан бичгийн хариуг яамны зүгээс албан ёсоор өгөх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй бөгөөд хуульд заасан 30 хоногийн хугацаа дууссан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хүүшийн амны газрыг хойш нь сунгаж авсан гэж хэлж байна. Нэхэмжлэгчийн хувьд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсанд 1 га газар эзэмшиж байсан. Тус газрыг эзэмшиж байх явцад хуучин сайд байсан н.Оюунхорол тухайн газарт амьдарч байгаа уугуул иргэдийн газартай эзэмшил газар чинь давхцаж байгаа тул тодорхой хэмжээний газрыг чөлөөлж өг гэсэн. Түүний дагуу эзэмшил газраасаа буюу “Соёмбо” хотхоны газраас 0.2 га газрыг чөлөөлж өгсөн. Тодруулбал Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 5 дугаар хэсэг Туулийн нэгдүгээр гудамжны 11-19, 19б гээд нийт 9 айлын газартай давхцалтай байсан хэсгийг чөлөөлж өгсөн. Мөн Яармаг-Нисэхийн шинэ замын трассд орсон гээд 0.3 га газар, 110 киловаттын дэд станц баригдах гэж байгаа гэсэн шалтгаанаар 0.2 га газрыг чөлөөлж өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс шаардлагын дагуу чөлөөлж өг гэсэн бүх газруудыг чөлөөлж өгсөн. Хүүшийн амны газар хойшоо сунах боломжтой байгаа тул Соёмбын амны чөлөөлж өгсөн 0.2 га газрыг Хүүшийн амны газар руу хойш нь сунгаж авъя гэсэн хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийн дагуу солбицолд өөрчлөлт орсон. Хүүшийн амны газраас чөлөөлж өгсөн 0.2 га газраа албан ёсоор сунгаж аваагүй, Соёмбын газрыг авсан. Хариуцагчийн зүгээс 3 га газар нь 3 га хэвээрээ байгаа болохоор эрх ашиг нь хөндөгдөөгүй гэсэн тайлбар хэлж байна. 2008 оноос хойш 2015 оныг хүртэл ашиглаад, газрын төлбөрөө төлөөд явж байхад нь улсын чанартай зам явах гэж газрыг чөлөөлүүлж авчихаад, буцаагаад өөр хүнд эзэмшүүлж байгаа нь Газрын тухай хуульд заасан зарчмыг зөрчсөн болохоор манай эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэж байна. Хуулийн дагуу байгуулсан гэрээнийхээ дагуу ашигтай байрлалыг нь ашиглах ёстой байтал тэр хэсгийг нь чөлөөлүүлж авчихаад буцаагаад өөр хүнд эзэмшүүлж байгаа нь шударга бус байна. Өнөөдрийн байдлаар ямар ч орц, гарц байхгүй. Газар руугаа орох ямар ч боломжгүй гэдэг нь Кадастрын зураг болон маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр тогтоогдож байгаа. Энэ нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь хэсэгт заасныг зөрчиж байна.
Тухайн газарт шинээр газар эзэмшүүлэх гэж байгаа бол өмнө нь ашиглаж байсан, газрын төлбөрийг нь төлсөн ашиглагчид мэдэгдэх боломж байсан. Тэр үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй нь Захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа.
Иймд “Б ” ХХК нь БОАЖС ын 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн А/158 дугаар тушаалын “Э ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, буцаан өгсөн 0.274 га газрын ашиглах эрхийг 3 га газар дээр нэмж, кадастрын солбицолд өөрчлөлт оруулах замаар эрхийг сэргээхийг БОАЖС ад даалгах” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргахаар заасан байдаг. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлд захиргааны актыг мэдсэнэс хойш эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэж үзвэл 30 хоногий дотор гомдлыг хянан шийдвэрлэх захирагааны байгууллагад гаргана гэж заажээ.
Харин “Б ” ХХК нь 2017 оны 09 дүгээр сары 14-ний өдрийн “Гомдол гаргах нь” 09/06 дугаартай албан бичгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын даргад Ч.Б-т ирүүлсэн бөгөөд гомдолд “2017 оны 07 дугаар сард “Э ” ХХК-нд газар олгуулах нөхцлийг бүрдүүлсэн гэж асуудлыг хөндсөн байдаг.
Үүнээс үзвэл “БОАЖС 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/158 тоот тушаалыг 09 дүгээр сард болон түүнээс өмнө мэдсэн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч нь 10 дугаар сард багтаж шүүхэд хандах ёстой байсан учраас уг нэхэмжлэлийг гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
2. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 9-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд тодорхой зориулалтаар ашиглаж болох газар, түүний хэмжээ, ашиглах журам, уг газарт байлгаж болох малын төрөл тоог тогтоох...” гэж, 36 дугаар зүйлд газар ашиглуулах шийдвэр гаргах эрхийг тус яаманд олгосон байдаг бөгөөд энэ эрхийн хүрээд салбарын сайд шийдвэр гаргаж байгаа болно.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “ Э ” ХХК-нд 0.274га газрыг олгосноор манай компани ямар ч орц, гарцгүй болсон гэж үзэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд талууд тохиролцон орц, гарцаа гаргах нөхцөл боломж чөлөөтэй байгаа бөгөөд одоогоор тухай газар ямар нэг обьект баригдаагүй байгаа учраас уг асуудал үндэслэлгүй юм.
Шүүх бол маргаан бүхий эрх зүйн актыг хуулийн хүрээнд хянадаг болохоос биш газар олгохыг даалгаж, сэргээдэг газар биш. 2015 онд бүтээн байгуулалтын ажил дуусч маргаан бүхий газарт газар олгоход ямар ч саадгүй болсон учраас өөрийн эрх хэмжээний хүрээд шийдвэр гаргаж, гуравдагч этгээдэд газар олгосон. Ингэхдээ компанид мэдэгдэх шаардлага байхгүй. Учир нь нэхэмжлэгч компанитай тохиролцож, албан шаардлага хүргүүлээд үүнийг “Б ” ХХК нь хүлээн зөвшөөрч Кадастрын зургандаа өөрчлөлт оруулж, орных нь газрыг авсан. Кадастрын солбицолд өөрчлөлт оруулахдаа улсын чанартай ажил дууссаны дараа буцааж газрыг өгнө гэсэн зүйл байгаагүй. Захиргааны байгууллагын шийдвэрээр орц, гарц таглагдана гэсэн ойлголт байхгүй. Маргаан бүхий газарт орц, гарц хаагдсан зүйл байхгүй.
Иймд шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, нэхэмжлэгчийн ямар эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа нь тодорхойгүй энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэд нь хүчингүй болгож өгнө үү. Гэжээ
Гуравдагч этгээд “Э ” ХХК-ийн захирал Д.Н , өмгөөлөгч С.С нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ 1. Хэргийн материалыг судлан үзвэл, нэхэмжлэгч нь өөрийн мэдлийн газраас татгалзах хүсэлт гарган нөхөн олговорын журмаар татгалзсан хэмжээгээр газраа тэлсэн байна. Ингэснээр манай компанид олгогдсон 0.274 га газар төрийн мэдэлд шилжсэн ба Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/158 тоот тушаалаар давхцалгүй газрыг олгосон байна. Хэрэв хариуцагч газрыг олгохдоо “Б ” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад байгаа газартай давхцуулан олгосон бол нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөр байжээ. Харин урьд нь манай мэдэлд байсан гэсэн үндэслэлээр өөртөө эрх үүсгэж, төрийн эрх бүхий байгууллагын эрх хэмжээг үгүйсгэж байгаа нь хуульд үл нийцсэн шаардлага болжээ. Нэгэнт төрийн өмчлөлийн давхцалгүй газрыг өөрийн гэж үзэх /нэхэмжлэгчийн зүгээс/ хууль зүйн үндэслэл байхгүй тул нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол хөндөгдөхгүй байна.
2. Нэхэмжлэгч нь 2017 оны 09 дүгээр сард Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд хандаж байжээ. Энэхүү гомдолд дурдагдсанаас үзвэл, нэхэмжлэгч нь 2017 оны 07 дугаар сард газар олгосон шийдвэр гаргасныг мэдсэн нь тодорхой байгаа. Эндээс үзвэл, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу 30 хоногийн дотор нэхэмжлэгч тал нь 2017 оны 08 дугаар сард багтаан Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд гомдол гаргах ёстой байжээ. Гэтэл төрийн эрх бүхий байгууллагаас шийдвэр гарсаныг мэдсээр байж хугацаа алдан 9 сард өргөдөл гаргаснаар хуулинд заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааа хэтрүүлсэн байна.
3. Газар олгосноор нэхэмжлэгч талын бодож төлөвлөж байсан гарц, шугам сүлжээг хаасан гэж дурджээ. Энэ нь иргэний хуулийн 4 дүгээр дэ бүлэгт заагдсан Хөрийн эрхийн харилцаагаар зохицуулагдах харилцаа байна. Нэхэмжлэлд дурдсанаар “Б ” ХХК нь одоог хүртэл газар дээр баригдах аялал жуулчлалын зураг төслөө батлуулаагүй гэжээ. Зураг төсөл хэрхэн батлагдах нь тодорхойгүй байхад гарц хаасан гэж үзэх нь ойлгомжгүй байна. Нөгөө талаас энэ төрлийн харилцаатай холбоотой маргаан нь хөршийн харилцаа тул Иргэний журмаар шийдвэрлэгдэх иргэний хэргийн харьяалалын маргаан болж байна.
Нэхэжмлэл гаргахаас өмнөх үйл баримтуудыг нягтлан үзэж, нэхэмжлэлд дурдагдсан болон дурдагдаагүй нөхцөл байдлуудыг судалбал захиргааны хэрэг үүсгэх үндэсгүй байсан нөхцөл байдал үүсч байна.
Манай компани давхцалгүй газрыг хууль ёсны дагуу авсан тул “2017.06.07-ны өдрийн А/158 тоот тушаалын хууль бус “ Э ” ХХК-нд холбогдох заалтыг хүчингүй болгох” болон 0.274га газрыг анхны ашиглагч болох “Б ” ХХК-нд олгож өгөх шийдвэр гаргахыг даалгах” шаарлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. БОАЖС ын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/158 тоот тушаалын “Э ” ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болгуулж, 672 тоот гэрчилгээгээр олгогдсон анхны байрлалд буцаж очих гэсэн нэхэмжлэлийн шаардлагууд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс өмнө энэ газрыг олгосон байна гэдгийг мэдсэн байсан. Хөөн хэлэлцэх хугацааны талаар аль аль шатанд яригдах учраас давхар хэлэх ёстой. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох гэсэн зохицуулалт байна. Мөн нэхэмжлэл гэж юуг хэлдэг тухай мөн хуулийн 52 дугаар зүйлд тодорхой зааж өгсөн байна. Хэрэг үүссэнээс хойш өнөөдрийг хүртэл Захиргааны байгууллага ямар буруутай үйлдэл хийж, гуравдагч этгээдэд газар ашиглах эрх олгосон, нэхэмжлэлийн үндэслэл зэрэг нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс манай орц, гарцыг хааж нийтийн ашиг сонирхолыг зөрчиж байна гэсэн тайлбар хийдэг. Захиргааны байгууллага хууль бус ямар үйлдэл хийгээд, тэр үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн ямар эрх ашиг хөндөгдөөд байгаа нь тодорхойгүй байна. Мөн нэхэмжлэгчийн зүгээс даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106. 3.4 дэх хэсэгт захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж заасан байна. Хүүшийн амны газрын солбилцлыг өөрчилсөнтэй холбоотой асуудал 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хүсэлтээр 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр солбилцол өөрчлөгдсөн. 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хүсэлт нь хавтаст хэргийн 152-р хуудаст байгаа бөгөөд “Соёмбо” хотхоны газрын хасагдсан хэсгийг Хүүшийн аманд нэмж олгож өгнө үү гэсэн утгатай хүсэлт байсан. Энэ хүсэлт нь Байгаль орчны яаманд байгаа хүсэлтээс утга агуулгын хувьд огт өөр хүсэлт байсан учраас үзлэг хийлгэсэн. Үзлэгээр 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хүсэлт ямар утга агуулгатай байсан нь тодорхой болсон. Зайсангийн ам болон Хүүшийн аманд байсан газрын солбилцол өөрчлөгдсөн. Гэхдээ маргаан бүхий газрыг нөхөж Хүүшийн аманд олгосон гэсэн нь нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтээр нотлогддог. Тус хүсэлтэд “Соёмбо” хотхоны хасагдсан хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Хүүшийн амнаас хасагдсан хэсгийг хойш нь болгоод өгөөч гэсэн байсан. 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр солбилцол өөрчлөгдсөнөөс хойш өмнөх газрыг буцаан олгож өгнө үү, сэргээгээд өгөөч гэсэн хүсэлтийг огт гаргаж байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Б ” ХХК нь БОАЖС ын 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн А/158 дугаар тушаалын “Э ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, буцаан өгсөн 0.274 га газрын ашиглах эрхийг 3 га газар дээр нэмж, кадастрын солбицолд өөрчлөлт оруулах замаар эрхийг сэргээхийг БОАЖС ад даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.[1]
Нэхэмжлэгч “Б ” ХХК-д Байгаль орчны сайдын 2008 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 160 дугаар тушаалаар[2] Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүс, Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт Хүүшийн ам нэртэй газарт 3 газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэжээ.
Улмаар Байгаль орчны яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 3 га газрын солбицол бүхий 672 тоот газар ашиглах гэрчилгээг олгож,[3] газар ашиглах тухай гэрээг[4] байгуулжээ.
Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 8/2789 тоот албан бичгээр[5] “... улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсээр дайран өнгөрч буй 20 км ЦДАШ, 2 дэд станцын угсралтын ажлыг... Эрчим хүчний барилга трест хийж гүйцэтгэж байна. Иймд трасс дайран өнгөрч буй газрыг чөлөөлж, бүтээн байгуулалтын ажлыг саадгүй гүйцэтгүүлэхийг мэдэгдэж байна.” , мөн 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 8/3042 дугаар албан бичгээр[6] “... та бүхнийг Улаанбаатар хотын цахилгааны эх үүсвэрийг хангахад чухал шаардлагатай бүтээн байгуулалтын ажлыг саадгүй явуулахыг хүсье.” гэсэн шаардлагын дагуу “Б ” ХХК хүсэлт өгч, 3 га талбайн солбицолдоо өөрчлөлт оруулжээ[7].
Үүний дараа БОАЖС ын 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн А/158 дугаар тушаалаар[8] “Э ” ХХК-д өмнө нь “Б ” ХХК-ийн эзэмшиж байсан трасс дайран өнгөрөх газар гэсэн үндэслэлээр яамнаас чөлөөлүүлж авсан Хүүшийн аман дахь 0.274 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэж, 0170910 тоот гэрчилгээ[9] олгон гэрээ байгуулжээ.[10]
Нэхэмжлэгч “Б ” ХХК нь “Э ” ХХК-д ашиглуулсан газар нь өмнө нь манай компанийн ашиглаж байсан газар бөгөөд төрөөс шаардсаны дагуу буцаан олгосон байтал өөр компанид эзэмшүүлсэн нь хууль зөрчсөн, манай газрын орц, гарцыг хаасан тул уг газрыг бидэнд буцаан ашиглуулахаар шийдвэрлэж өгнө үү гэж шүүхэд ханджээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн үзвэл дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
“Б ” ХХК нь трасс дайран өнгөрөх 0.2 га газрыг чөлөөлсөн байх бөгөөд уг чөлөөлсөн газраа тухайн ашиглаж байгаа газрынхаа арын хэсэг буюу уул талдаа нэмж ашиглахаар кадастрын солбицолцоо өөрчлөлт оруулсан нь хэрэгт авагдсан гэрчилгээний хавсралт, гэрээ[11] болон Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн зургаар[12] тогтоогдож байна.
Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас арын хэсэгт сунгаж авсан газар нь “Б ” ХХК-д ХААИС-ийн баруун талд Байгаль орчны яамнаас 1/31 тоот гэрчилгээгээр олгосон 1 га газраас уугуул иргэдийн газартай давхцсан гэж хассан 0.2 га газар буюу 1919 м2 газрыг нөхөж, Хүүшийн аманд олгосон гэж тайлбарлаж байна.
Энэ нь “Б ” ХХК-иас тухайн үед яаманд гаргаж өгсөн хүсэлт гэж шүүхэд гаргаж өгсөн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 580/67 дугаар албан бичигт[13] “Манай компанид тухайн үеийн БОЯ-наас олгосон №1/31 тоот гэрчилгээтэй ХААИС-ийн баруун талын 1.0 га газар нь ХУД-ийн 11-р хорооны 5-р хэсэгт оршин суугч Зайсангийн уугуул иргэдийн хашаа, байшингийн газартай давхцаж олгогдсон тул одоо баригдсан байгаа “Соёмбо” хотхоны хашааны хэмжээгээр газрын хэмжээг багасгаж 0.8 га буюу 8081м2 болгон өөрчилж өгнө үү. Мөн дээрхи 1.0 га газраас хасагдсан зөрүү болох 0.2 га буюу 1919 м2 газрыг манай компанид олгосон Хүүшийн аман дахь 3.0 га газар дээр нөхөн олгоно уу” гэж бичсэнээр нотлогддог гэжээ.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана.” гэж заасан байх бөгөөд дээрх хуулийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 0.2 га газрыг нэмж эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэр байхгүй байна. Сайдын тушаал гараагүй гэдгийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч үгүйсгээгүй бөгөөд сайдтай уулзаж, собицолдоо өөрчлөлт оруулсан гэсэн тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргаж байна.
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч нараас ийнхүү тайлбарлаж байгаа боловч энэ нь шүүхээс “Б ” ХХК-ийн хувийн хэргийн матеиалд үзлэг хийж авсан 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 580/67 дугаар албан бичгээр үгүйсгэгдэж байна.
Уг албан бичигт[14] “Манай компанид тухайн үеийн БОЯ-наас олгосон №1/31 тоот гэрчилгээтэй ХААИС-ийн баруун талын 1.0 га газар нь ХУД-ийн 11-р хорооны 5-р хэсэгт оршин суугч Зайсангийн уугуул иргэдийн хашаа, байшингийн газартай давхцаж олгогдсон тул одоо баригдсан байгаа “Соёмбо” хотхоны хашааны хэмжээгээр газрын хэмжээг багасгаж 0.8 га буюу 8081м2 болгон өөрчилж өгнө үү. Мөн манай компанийн 672 тоот гэрчилгээтэй Хүүшийн амны 3.0 га газраас Нисэх-Яармагийн чиглэлийн шинэ замын трассд 0.5 га, 110кВ-ын агаарын шугамын хамгаалалтын зурваст 0.2 га газар тус тус хасагдаж байгаа тул энэ хэмжээний газрыг нөхөн олгож, газрын цэгийг шинэчилж өгнө үү” гэсэн хүсэлт гаргаж байжээ.
Өөрөөр хэлбэл ХААИС-ийн баруун талд байрлалтай газраас хасагдсан 0.2 га газар нь Хүүшийн аман дахь газарт нэмж олгогдоогүй, кадастрын солбицолд орсон өөрчлөлт нь трасс бүхий газар болон агаарын шугамын хамгаалалтын зурвас бүхий газар гэж чөлөөлсөн газрыг нөхөж олгосон өөрчлөлт байна.
“Б ” ХХК-иас тухайн үед яаманд гаргаж өгсөн хүсэлт гэж тус компаниас шүүхэд гаргаж өгсөн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 580/67 дугаар албан бичиг нь яамны хувийн хэрэгт байгаа албан бичгээс зөрүүтэй, утга агуулгын хувьд өөр байдлаар бичиж шүүхэд нотлох баримтаар өгчээ.
Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэж үзэхэд “Б ” ХХК нь трасс бүхий газраа арын хэсэгтээ нөхөн авч, 3 га газрын хэмжээндээ хүргэж авсан, ХААИС-ийн хажууд байрлах газарт дутсан газрыг уг газарт нөхөж авсан гэдэг нь нотлогдохгүй байна.
Иймд “Э ” ХХК-д БОАЖС ын 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн А/158 дугаар тушаалаар 0.2 га газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгож, “Б ” ХХК-д Байгаль орчны сайдын 2008 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 160 дугаар тушаалаар ашиглуулсан газар дээр нэмж газар ашиглуулахыг даалгах, тодруулбал хуулиар төрийн захиргааны байгууллагад олгосон эрх хэмжээнд нь шүүхээс халдах эрх зүйн үндэслэл байхгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдээс гаргасан “нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэсэн үндэслэлийн талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШЗ2018/2321 дугаар захирамжаар шийдвэрлэжээ[15].
Хэрэгт авагдсан кадастрын зураг болон үзлэг хийсэн баримтуудаас үзвэл нэхэмжлэгчийн орц, гарцыг хаасан гэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд БОАЖС ын 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн А/158 дугаар тушаал нь Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2. “Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана.”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1. “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно.” 36 дугаар зүйлийн 1 “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана.” гэсэн хуулийн заалтыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг маргааныг шийдвэрлэсэн болохыг энд дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 106.5 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ
[1] 2-р хавтаст хэргийн 22-р хуудас, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар
[2] 1-р хавтаст хэргийн 178-179-р хуудас
[3] 1-р хавтаст хэргийн 187-189-р хуудас
[4] 1-р хавтаст хэргийн 182-185-р хуудас, 190-193-р хуудас
[5] 1-р хавтаст хэргийн 7-р хуудас
[6] 1-р хавтаст хэргийн 8-р хуудас
[7] 1-р хавтаст хэргийн 12-р хуудасны ар тал
[8] 1-р хавтаст хэргийн 72-73-р хуудас
[9] 1-р хавтаст хэргийн 86-87-р хуудас
[10] 1-р хавтаст хэргийн 76-79-р хуудас
[11] 1-р хавтаст хэргийн 194-200-р хуудас
[12] 1-р хавтаст хэргийн 123-124-р хуудас
[13] 1-р хавтаст хэргийн 116-р хуудас
[14] 1-р хавтаст хэргийн 237-р хуудас
[15] 2-р хавтаст хэргийн 32-35-р хуудас