Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2022/0279

 

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2022/0279

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

 

           Ч.Боын нэхэмжлэлтэй 

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Ч.Б

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Ч.Б

Хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс

Нэхэмжлэлийн шаардлага: Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 044/2013 дугаар актыг илт хууль бус болохыг тогтоож, илт хууль бус актын улмаас учруулсан хохирол 294.512.192 төгрөгийг гаргуулах 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 72 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ч.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, Т.М, Х.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2021/0514/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ч.Бас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисст холбогдуулан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 044/2013 дугаар актыг илт хууль бус болохыг тогтоож, илт хууль бус актын улмаас учруулсан хохирол 294.512.192 төгрөгийг гаргуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 72 дугаар шийдвэрээр: 

“...Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь заалт, Барилгын тухай хуулийн /2008 оны/ 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Ч.Боын гаргасан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 044/2013 дугаар актыг илт хууль бус болохыг тогтоож, илт хууль бус актын улмаас учруулсан хохирол 294.512.192 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Ч.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1...Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийн шийдвэр гаргаж болохгүй, өөрөөр хэлбэл Л.Батбаяр байцаагч дулаан хуваарилах төвийг өөр байрлалд байрлуулах шаардлагыг тавиагүй атал “10 см зузаантай хөөс наасан” гэх түүний дүгнэлт бодит нөхцөл байдалд нийцэхгүй, хуурамч дүгнэлт юм. Үүний улмаас анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг буруу үнэлэх үндэслэл болсон.

Учир нь анхан шатны шүүхийн шүүгчийн хувьд иргэний шүүхэд миний Д.Амарсайхантай эвлэрлийн гэрээ байгуулж эвлэрсэн үйл баримтад буюу нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийсэн байх тул шүүгч хуулийг буруу хэрэглэсэн, өөрт олгогдсон эрх хэмжээг хэтрүүлэн ашигласны улмаас нэхэмжлэгч миний эсрэг шийдвэр гаргасанд гомдолтой байна.

3.2.Түүнчлэн ...04/2013 дугаар барилга, байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актад “зураг төслийн дагуу бүрэн хийгдсэн” хэмээн буруу дүгнэсэн, энэ нь гадна дулаан хангамжийн ГДГ02, ГДГ03, ГДГ04 дүгээр зураг төслийн стандартад огт нийцэхгүй, эдгээр үйл баримтын талаар анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн дүгнэлтийг хийж, улмаар мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д заасныг зөрчин хэрэгт авагдсан баримтууд дундаас ач холбогдолгүй нотлох баримтыг сонгон түүнийгээ буруу үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

Иймд хуульд заасны дагуу захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж өөрт учирсан хохирлоо гаргуулах хүсэлттэй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 72 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.

ХЯНАВАЛ:

“Тэлмүүн лхам констракшн” ХХК-ийн захиалгаар баригдсан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Их тойруу, 30 дугаар орон сууцыг ашиглалтад оруулах улсын комиссын 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 044/2013 тоот актыг илт хууль бус болохыг тогтоож, уг актын улмаас учирсан гэх 294.512.192 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн дээрх шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

            1.Шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, харин ч хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг хууль зүйн үндэслэлтэй, бодит нөхцөл байдалд нийцүүлэн шийдвэрлэжээ.

            Нийт 256 айлын орон сууцыг 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс байнгын ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн маргаан бүхий актыг илт хууль бусад тооцуулах үндэслэлээ нэхэмжлэгч талаас “…зураг төслийн дагуу уг байрны төвлөрсөн дулаан дамжуулах, хуваарилах төвийг 1 дүгээр блок байрны шатны хонгилын баруун талд хийхээр төлөвлөсөн байсныг дур мэдэн өөрчилж, нэхэмжлэгчийн худалдаж авсан 7 тоот орон сууцны доод талд байрлуулснаас шалтгаалан байнгын дүнгэнэсэн дуу чимээ гарч хүн амьдрах боломжгүй байхад хүлээн авсан нь буруу…” гэж тайлбарлах боловч энэ нь актыг бүхэлд нь илт хууль бусад тооцох хуульд заасан үндэслэл болохгүй.

            Цаг хугацааны хувьд одоогоос 9 гаруй жилийн өмнө буюу 2013 онд ашиглалтад орсон тухайн орон сууц 256 айлтай, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 07/110/89 дүгээр дүгнэлтээр дуу шуугианы хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс их буюу 70 дба байгааг тогтоож, улмаар Ч.Бас “Тэлмүүн лхам констракшн” ХХК-д холбогдуулж иргэний журмаар нэхэмжлэл гаргасан, тус компаниас дуу чимээг багасгах талаар зохих арга хэмжээг авч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 3111 дүгээр захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон, түүнчлэн хүн амьдрах боломжгүй буюу зураг төслийн дагуу баригдаагүй барилгыг ашиглалтад хүлээн авсан гэх боловч Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 1951 дүгээр шийдвэрээр Ч.Б, Б.Сүрэн нараас 107.100.912 төгрөг гаргуулж, Голомт банкинд олгохоор, уг төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд дээрх 7 тоот орон сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан зэргээс үзэхэд эдгээр үл баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд шууд хамааралтай, нотолгооны ач холбогдолтой байна.

            Түүнчлэн хариуцагчаас нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан бичгийн тайлбартаа шүүхээр өмнө шийдвэрлэгдсэн маргааны талаар дурдсан байх тул хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн гэж үзэхгүй.

            2.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д зааснаар захиргааны актыг илт хууль бусад тооцох нэг тохиолдолд нь “түүнийг бодит байдалд хэрэгжүүлэх боломжгүй” байх явдал.

            Гэтэл улсын комиссын 2013 оны маргаан бүхий актаар нэхэмжлэгчийн худалдаж авсан 7 тоот төдийгүй нийт 256 айлын орон сууцыг байнгын ашиглалтад хүлээн авснаас хойш иргэд амьдарч байгаа энэ тохиолдолд “актыг хэрэгжүүлэх боломжгүй” гэж дүгнэж болохгүй.

            Харин доголдолтой үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авснаас үүссэн хохирол, үр дагаврыг одоогийн хариуцагчаас бус худалдсан этгээдээс шаардах эрх нэхэмжлэгчид нээлттэй, энэ ч хүрээнд өөрт учирсан гэх 25.6 сая төгрөгийг гаргуулах иргэний хэрэг дээрх байдлаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэгдсэн, “Тэлмүүн лхам констракшн” ХХК-иас узелийн таазанд 10 см-ийн зузаан полистрол болон эсгий хавтан нааж, нэхэмжлэгчийн худалдаж авсан 7 тоотын шаланд дуу тусгаарлагч хийсэн, мөн үзелийн насосыг солих зэргээр дуу чимээг бууруулсантай холбогдуулан нэхэмжлэгч Ч.Б нь иргэний хэрэгт хариуцагчтай эвлэрч, анх шаардаж байсан төлбөрөөс 6.0 сая төгрөг авахаар тохиролцсон байгаагаас үзэхэд улсын комиссын актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд зөрчигдсөн гэж үзэхгүй. 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 72 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.Боын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                        

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                        А.САРАНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН