Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/01614

 

С.Е-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2018/00112 дугаар шийдвэртэй,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 212/МА2018/00064 дугаар магадлалтай,

С.Е-ийн нэхэмжлэлтэй

Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуульд холбогдох, 

Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 80 дугаартай тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн дунд ангийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч С.Нургаып, А.Базар, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч С.Е-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие анх Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн ажилд томилох тухай 63 дугаар тушаалаар сургуулийн дунд ангийн сургалтын менежерийн ажилд томилогдсон. Тухайн албан тушаалыг хашиж байхдаа эрхэлсэн ажилдаа эзний ёсоор хандаж ардын хүүхдүүдэд чанартай боловсрол олгох, өв тэгш хүмүүжил өгөх үйлст ухамсарт амьдралаа зориулж ирсэн. Гэтэл тус сургуулийн захирлаар Х.Хайрат томилогдсон цагаас хойш намайг удаа дараа дуудаж ажлаа өгчих, би тантай хамтарч ажиллаж чадахгүй” гэж ажлын байранд дарамт үзүүлж ирсэн. Эцэст нь өөрийн санасандаа хүрч 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр намайг тус сургуулийн дунд ангийн сургалтын менежерийн үүрэгт ажлаас хууль бусаар чөлөөлсөн. Ажил олгогч намайг ажлаас чөлөөлсөн тушаалд “...15.742.964 төгрөгийн хохирол учруулсан, дунд ангийн багш нарт хяналт тавиагүйгээс болж багш нар журналыг зөв хөтлөөгүй, 10 дугаар ангийн сурагчдын хувийн хэргийг дутуу бүрдүүлсэн, сургалтын чанарыг ахиулах талаар хүлээсэн үүргээ зохих журмаар биелүүлээгүй болох нь Баян-Өлгий аймгийн Боловсрол соёл, урлагийн газрын Мэргэжил арга зүйн нэгжийн дарга А.Еркегүл, статистик мэдээ хариуцсан мэргэжилтэн Ш.Сайрангүл, мэргэжилтэн Р.Серикбол, У.Ботагөз нарын 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтээр тогтоогдсон тул..." гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тухай дурджээ. С.Е- би дунд ангийн сургалтын менежерийн ажилтай, сургуульд санхүүгийн бичиг баримтад гарын үсэг зурдаггүй, мөнгө төгрөгтэй харьцахгүй учраас 15.742.964 төгрөгийн хохирол учруулсан гэдэг нь огт үндэслэлгүй гэж үзэж байна. Дунд ангийн багш нар журналаа өөрсдөө хөтөлдөг ба Байгалийн ухааны заах аргын нэгдэлд харьяалагдах багш нарын журналд тухай бүрд хяналт тавьж ажиллаж, илэрсэн зөрчил дутагдлыг цаг тухайд нь арилгах талаар чармайлт гарган ажиллаж байсан, 10 дугаар ангийн хувийн хэргүүд бүрэн байгаа ба энэ талаар ямар нэгэн зөрчил дутагдал гараагүй. Ажил олгогчийн тушаалд дурдсан зөрчил дутагдал гэдэг нь намайг өөр ажилд шилжүүлэхийн тулд захирал Х.Хайрат нь тус аймгийн Боловсрол соёл, урлагийн газартай хуйвалдаж зохион байгуулсан хийсвэр, нэг талыг барьсан дүгнэлт гэж үзэж байна. Иймд тус сургуулийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай 80 тоот тушаалыг хүчингүй болгон, С.Е- намайг тус сургуулийн дунд ангийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн томилж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч С.Е- нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан учраас түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажил мэргэжлийн дагуу өөр ажилд томилсон. Ингэхдээ түүний тус сургуульд олон жил ажилласан ахмад багш гэдгийг хүндэтгээд цалин хөлсийг нь хасаагүй гэдгийг дурдах нь зүйтэй. Улс орон даяар боловсролын түвшингээр жил болгон адаг сүүлд нь ордог манай аймгийн хувьд ажлаа хийж чаддаггүй, удаа дараа зөрчил гаргадаг сургуулийн менежерүүдийг солих шаардлага гарсан. Сүүлийн нэг жилийн дотор С.Е- нь хэд хэдэн зөрчил гаргаж сахилгын арга хэмжээ хүлээж байсан ба сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дахин зөрчил гаргасан тул түүнийг цаашид менежерээр ажиллуулах боломжгүйд хүрсэн. Тухайлбал, Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас зохион явуулсан багш нарын мэдлэгийн түвшин тогтоох шалгалтын үеэр шалгалтын материалыг задруулж багшийн ёс зүй, Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн тул Захирлын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 69 дүгээр тушаалаар сануулах шийтгэл ногдуулсан. Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын мэргэжил арга зүйн нэгжийн дарга А.Еркегүл, ахлах мэргэжилтэн Р.Серикбол, статистик мэдээ хариуцсан мэргэжилтэн Ш.Сайрангүл, мэргэжилтэн У.Ботакөз нарын бүрэлдэхүүнтэй манай сургуульд аттестатчиллын шалгалт хийх ажлын хэсэг 2017 оны 5 дугаар сарын 16-18-ны үед хийсэн шалгалтаар ажилтан С.Е- нь сургалтын менежерээр ажиллах хугацаандаа хариуцаж байсан сургуулийн статистик мэдээг 16-33 хүүхдээр дутуу өгсөн тул сургуулийн төсөв 15-20 сая төгрөгөөр дутуу төлөвлөснийг илрүүлсэн байна. Тус шалгалтаар С.Е- нь дунд ангийн багш нарын журнал хөтлөлтийг хянан шалгах, дутуу зүйлүүдийг нөхөж бичүүлэх талаар сануулах үүргээ хэрэгжүүлээгүйгээс болж багшийн журналд нэгж хичээлийн чадварыг бичээгүй, маш их засвартай, харандаагаар хөтөлсөн, илүү тэмдэглэл хийсэн, хуудас алгассан, хуудсыг нэгтгэж үдсэн гэх мэт зөрчлүүдийг илрүүлсэн байна. Мөн нэхэмжлэгч С.Е- нь дунд ангийн сурагчдын хувийн хэргийн бүрдүүлэлтэд хяналт тавиагүйгээс болж холбогдох тодорхойлолтуудыг аваагүй, сурагчийн зураггүй, 1 дүгээр ангид сурсан дүн нь тавигдаагүй, албан бичиг хөтлөлтийн журмыг зөрчиж хар өнгийн балаар гарын үсэг зурж баталгаажуулалт хийсэн, хувийн мэдээлэл бичигдээгүй, эцэг, эхэд нь танилцуулж гарын үсэг зуруулаагүй гэх мэт зөрчлүүдийг гаргасан. Боловсрол, соёл, урлагийн газрын ажлын хэсгийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гэсэн огноотой шалгалтын дүгнэлтийг 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч уг дүгнэлтийн 4 дүгээр зүйлд заасны дагуу сургалтын менежер С.Е-эд сахилгын шийтгэл ногдуулсан. Ажилтан С.Е-ийн гаргасан зөрчлүүдэд 6 сарын хугацаа өнгөрөөгүй байсан бөгөөд тус зөрчлүүдийг тогтоосон дүгнэлт гарсны дараа нэг сарын дотор арга хэмжээ авсан тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаанд хариуцлага хүлээлгэсэн болно. Нэхэмжлэгч С.Е-ийн зөрчлүүд нь нотлогдон тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн сахилгын шийтгэл хүлээлгэсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2018/00112 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай 80 дугаартай тушаалыг хүчингүй болгож, С.Е-ийг тус сургуулийн дунд ангийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 212/МА2018/00064 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2018/00112 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч Х.Хайрат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй. Нэхэмжлэгч С.Е- нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан учраас түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажил мэргэжлийн дагуу өөр ажилд томилсон. С.Е- нь сүүлийн нэг жилийн дотор хэд хэдэн зөрчил гаргаж сахилгын арга хэмжээ хүлээж байсан ба сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дахин зөрчил гаргасан тул түүнийг цаашид менежерээр ажиллуулах боломжгүйд хүрсэн. Нэхэмжпэгч С.Е- нь дараах зөрчлүүдийг гаргасан юм. Үүнд Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас зохион явуулсан “багш нарын мэдлэгийг түвшин тогтоох” шалгалтын үеэр шалгалтын материалыг задруулж багшийн ёс зүй, Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн тул Захирлын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 69 дүгээр тушаалаар “Сануулах” шийтгэл ногдуулсан. Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын мэргэжил арга зүйн хэлтсийн дарга А.Еркегүл, ахлах мэргэжилтэн Р.Серикбол, статистик мэдээ хариуцсан мэргэжилтэн Ш.Сайрангүл, мэргэжилтэн У.Ботакөз нарын бүрэлдэхүүнтэй манай сургуульд атестатчлалын шалгалт хийх ажлын хэсэг 2017 оны 5 дугаар сарын 16-18-ны үед хийсэн шалгалтаар ажилтан С.Е- нь сургалтын менежерээр ажиллах хугацаандаа хариуцаж байсан сургуулийн статистик мэдээг 16-33 хүүхдээр дутуу өгсөн тул сургуулийн төсөв 15-20 сая төгрөгөөр дутуу төлөвлөснийг илрүүлсэн байна. Энэхүү зөрчилд Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын 2018 оны 8 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд тавигдсан актын дагуу арга хэмжээ авсан ба хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байсан. Тус шалгалтаар С.Е- нь дунд ангийн багш нарын журнал хөтлөлтийг хянан шалгах, дутуу зүйлүүдийг нөхөж бичүүлэх талаар сануулах үүргээ хэрэгжүүлээгүйгээс болж багшийн журналд нэгж хичээлийн чадварыг бичээгүй, маш их засвартай, харандаагаар хөтөлсөн, илүү тэмдэглэл хийсэн, хуудас алгассан, хуудсыг нэгтгэж үдсэн гэх мэт зөрчлүүдийг илрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл сургалтын менежер Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нотлох баримтаар тогтоогдсон, түүний энэхүү зөрчилд сахилгын хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байхад шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж буруу дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх журмыг ноцтой зөрчиж, нотлох баримтыг зөвхөн нэг талын эрх ашгийн үүднээс үнэлж, хэргийг үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн. Мөн нэхэмжлэгч С.Е- нь дунд ангийн сурагчдын хувийн хэргийн бүрдүүлэлтэд хяналт тавиагүйгээс болж холбогдох тодорхойлолтуудыг аваагүй, сурагчдын зураггүй, 1 дүгээр ангид сурсан дүн нь тавигдаагүй, албан бичиг хөтлөлтийн журмыг зөрчиж хар өнгийн балаар гарын үсэг зурж баталгаажуулалт хийсэн, хувийн мэдээлэл бичигдээгүй, эцэг, эхтэй нь танилцуулж гарын үсэг зуруулаагүй гэх мэт зөрчлүүдийг гаргасан. Тус сургуулийн бага ангийн багш М.Роза нь тус сургуулийн захиргаанд нэхэмжлэгч С.Е-ийн талаар гомдлоор сурагчийн хувийн хэргийг олгож өгөхгүйгээр гэрээгээр хүлээсэн сургалтын менежерийн үүргийг зөрчсөн болох нь давхар тогтоогдож байсан боловч анхан шатны шүүх энэхүү нотлох баримтуудыг ямар ч үндэслэлгүйгээр үнэлээгүй, давж заалдах шатны шүүх нь энэ талаар залруулга хийгээгүй явдал нь шударга бус байна.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч болох захирал Х.Хайрат миний бие ар гэрийн гачигдлаас болж анхан шатны шүүх хуралдааныг хэд хэдэн удаа хойшлуулж байсан ба энэ хугацаандаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг эдэлж чадаагүй байсан. Анхан шатны шүүх хуралдаан болох өдөрт нь өөрөө биечлэн очиж, ар гэрийн гачигдлаас болж хавтаст хэрэгтэй танилцаж чадаагүй, хариуцагчийн шүүх хуралдааны үеэр гаргаж өгч байгаа нотлох баримтууд болон хэрэгт цугларсан нотлох баримтуудтай танилцах, нэмж нотлох баримт гаргаж өгөх үүднээс "нотлох баримттай холбогдуулан нэг удаа хойшлуулж өгнө үү" гэсэн хүсэлтээ тавьж байсан юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т заасны дагуу "Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах" гэсний дагуу хүсэлт гаргаж байсан боловч анхан шатны шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэн, хүсэлтийг шийдвэрлэх захирамжид гомдол гаргах эрхгүй болгож, шүүх хуралдааныг шууд үргэлжлүүлсэн. Ингэхдээ анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-ийг ноцтой зөрчиж хүсэлт гаргагч миний гомдол гаргах эрхийг боогдуулсан юм. Боловсрол, соёл, урлагийн газрын ажлын хэсгийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гэсэн огноотой шалгалтын дүгнэлтийг 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч уг дүгнэлтийн 4 дүгээр зүйлд заасны дагуу, мөн хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зөрчилд сургалтын менежер С.Е-эд сахилгын шийтгэл ногдуулсан. Ажилтан С.Е-ийн гаргасан зөрчлүүдэд 6 сарын хугацаа өнгөрөөгүй байсан бөгөөд тус зөрчлүүдийг тогтоосон дүгнэлт гарсны дараа нэг сарын дотор арга хэмжээ авсан тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаанд хариуцлага хүлээлгэсэн болно. Хуульд зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж хуульчилсан. Гэвч анхан шатны шүүх тус хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч талын гаргаж өгсөн нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт бичээгүй, дурдаагүй, бусад нотлох баримтуудтай тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, дүгнээгүй байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

С.Е- нь Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 80 дугаартай тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн дунд ангийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасныг, хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 80 тоот тушаалаар С.Е-ийг дунд ангийн сургалтын менежерийн үүрэгт ажлаас халахдаа “сахилгын зөрчил давтан  гаргасан” гэх боловч энэ үндэслэл тогтоогдоогүйг хоёр шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн дүгнэжээ.

2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 68 тушаалаар С.Е-эд сахилгын сануулах шийтгэл ногдуулсан талаар зохигч маргаагүй байна.

Харин дээрх шийтгэл хүлээсний дараа С.Е- “...сургуульд 15.742.964 төгрөгийн хохирол учруулсан, дунд ангийн багш нарт хяналт тавиагүйгээс болж багш нар журналыг зөв хөтлөөгүй, 10 дугаар ангийн сурагчдын хувийн хэргийг дутуу бүрдүүлсэн, сургалтын чанарыг ахиулах талаар хүлээсэн үүргээ зохих журмаар биелүүлээгүй” гэх зөрчлийг гаргасан нь хэргийн баримтаар нотлогдоогүй байна.

Багш нар шинэ хичээлийн жил эхэлснээс хойш 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор ангийн сурагчдын тоог мэдээллийн санд оруулах, үүнийг С.Е- нь хянаж баталгаажуулах үүрэгтэй ба 2016-2017 оны хичээлийн жилд суралцагчийн тоо нийт 1233-р бүртгэгдсэнийг аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын 2017 оны 5 дугаар сарын 16-18 ны өдрүүдэд хийсэн шалгалтаар 1249 байсныг тогтоожээ.

16 суралцагч бүртгэгдээгүй нь мэдээ гаргах үеийн С.Е-ийн ажлын хариуцлагатай холбоотой эсхүл мэдээ гарсны дараа суралцагч шинээр шилжин ирснээс шалтгаалсан аль нь болох нь тогтоогдоогүй тул С.Е-ийн гэм буруугаас сургуульд хуваарилагдах зардал дутуу олгогдсон, өөрөөр хэлбэл, 15.742.964 төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлгүй.

Дунд ангийн багш нарт хяналт тавиагүйгээс болж багш нар журналыг зөв хөтлөөгүй зөрчлийг шалгалтаар тогтоосон гэх боловч энэ нь зөвхөн дунд ангийн сургалтын менежертэй холбоотой зөрчил бус байна. 10 дугаар ангийн сурагчдын хувийн хэргийг дутуу бүрдүүлсэн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, тухайн сургуулийн сургалтын чанар ахиагүйд зөвхөн дунд ангийн сургалтын менежерийг буруутгаж нэхэмжлэгчийг ажлаас халах үндэслэл болгосон нь хуульд нийцээгүй байна.

Түүнчлэн хариуцагч нь С.Е-ийн 2016 онд гаргасан гэх үйлдлийг 2017 оны 5 дугаар сарын шалгалтаар тогтоож, энэ тухай актыг 2017 оны 8 дугаар сард сургуульд ирүүлснийг хүлээн авч, үүнээс хойш нэг сарын хугацаанд сахилгын шийтгэл ногдуулсан  гэж тайлбарласан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасантай нийцээгүй байна.

Дээр дурдсанаар “нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” тухай хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн аравдугаар бүлэгт анхан шатны шүүх хуралдаан явуулах дэгийг зааж, хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ” гэжээ.

Анхан шатны шүүхэд хэргийг хэлэлцэж шийдвэр гаргасан 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээс үзвэл, шүүх хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт гаргах эсэхийг зохигчоос тодруулахад хэн аль нь нэмэлт нотлох баримт гаргасныг шүүгч эсрэг талуудад танилцуулж шүүх хуралдааныг үргэлжлүүлжээ. Улмаар хэргийг хэлэлцэж талуудын тайлбар, нэмэлт тайлбарыг сонсох үед хариуцагчийн төлөөлөгч нэмж нотлох баримт гаргаж өгөх хүсэлт гаргасныг шүүх хүлээн аваагүйг хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзсэн нь үндэслэлгүй. Зохигч хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө шинээр нотлох баримт гаргах, нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой хүсэлт гаргах эрхтэй, шүүх, хэргийг хэлэлцэхдээ шүүх хуралдааныг хуульд заасан дэгийн дагуу явуулах үүрэгтэй. /хх-69-70, 76-р тал/

Нөгөө талаар анхан шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдаан 1 удаа, хариуцагчийн хүсэлтээр 6 удаа хойшлогдсон, уг хугацаанд хариуцагч хэргийн баримттай танилцах, нэмж нотлох баримт гаргах хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх бүрэн бололцоотой байсан тул шүүх хариуцагчийн эрхийг шүүх хязгаарлаагүй гэж үзнэ.

Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2018/00112 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 212/МА2018/00064 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ