Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 212/МА2018/00064

 

С.Е-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй, тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2018/00112 дугаар шийдвэртэй, С.Е-ийн нэхэмжлэлтэй,  Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.      

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгч С.Е, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагчийн төлөөлөгч Х.Х, хариуцагчийн өмгөөлөгч А.Серикжан, С.Нургайып нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын бүрэн дунд  сургуулийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 80 дугаартай тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн дунд ангийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох” тухай.

 

Нэхэмжлэлд: “С.Е би анх Ерөнхий боловсролын бүрэн дунд  сургуулийн захирлын 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн “Ажилд томилох тухай” 63 дугаар тушаалаар сургуулийн дунд ангийн сургалтын менежерийн ажилд томилогдсон. С.Е би тухайн албан тушаалыг хашиж байхдаа эрхэлсэн ажилдаа эзний ёсоор хандаж ардын хүүхдүүдэд чанартай боловсрол олгох, өв тэгш хүмүүжил өгөх үйлст ухамсарт амьдралаа зориулж ирсэн. Гэтэл тус сургуулийн захирлаар Х.Х томилогдсон цагаас хойш намайг  удаа дараа дуудаж “Та ажлаа өгчих, би тантай хамтарч ажиллаж чадахгүй" гэж ажлын байранд дарамт үзүүлж ирсэн. Эцэст нь өөрийн санасандаа хүрч 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр намайг тус сургуулийн дунд ангийн сургалтын менежерийн үүрэгт ажлаас хууль бусаар чөлөөлсөн. С.Е би одоо багшийн ажлыг хийж байна. Ажил олгогч намайг ажлаас чөлөөлсөн тушаалд "..15.742.964 \арван таван сая долоон зуун дөчин хоёр мянга есөн зуун жаран дөрвөн\ төгрөгийн хохирол учруулсан, дунд ангийн багш нарт хяналт тавиагүйгээс болж багш нар журналыг зөв хөтлөөгүй, 10 дугаар ангийн сурагчдын хувийн хэргийг дутуу бүрдүүлсэн, сургалтын чанарыг ахиулах талаар хүлээсэн үүргээ зохих журмаар биелүүлээгүй болох нь Баян-Өлгий аймгийн Боловсрол соёл, урлагийн газрын Мэргэжил арга зүйн нэгжийн дарга А.Е, статистик мэдээ хариуцсан мэргэжилтэн Ш.С, мэргэжилтэн Р.С, У.Б нарын 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтээр тогтоогдсон тул..." гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тухай дурджээ.

С.Е би дунд ангийн сургалтын менежерийн ажилтай, сургуульд санхүүгийн бичиг баримтад гарын үсэг зурдаггүй, мөнгө төгрөгтэй харьцахгүй учраас 16.742.964 төгрөгийн хохирол учруулсан гэдэг нь огт үндэслэлгүй гэж үзэж байна. С.Е тус сургуулиас нэг ч төгрөг хувьдаа завшиж байгаагүй, тийм боломж ч байхгүй. Дунд ангийн багш нар журналаа өөрсдөө хөтөлдөг ба Байгалийн ухааны заах аргын нэгдэлд харьяалагдах багш нарын журналд тухай бүрд хяналт тавьж ажиллаж, илэрсэн зөрчил дутагдлыг цаг тухайд нь арилгах талаар чармайлт гарган ажиллаж байсан, 10 дугаар ангийн хувийн хэргүүд бүрэн байгаа ба энэ талаар ямар нэгэн зөрчил дутагдал гараагүй. Ажил олгогчийн тушаалд дурдсан зөрчил дутагдал гэдэг нь намайг өөр ажилд шилжүүлэхийн тулд захирал Х.Х  нь тус аймгийн Боловсрол соёл, урлагийн газартай хуйвалдаж зохион байгуулсан хийсвэр, нэг талыг барьсан дүгнэлт гэж үзэж байна. Иймд тус сургуулийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай" 80 тоот тушаалыг хүчингүй болгон, С.Е намайг тус сургуулийн дунд ангийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн томилж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Нэхэмжлэгч С.Е нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан учраас түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажил мэргэжлийн дагуу өөр ажилд томилсон. Ингэхдээ түүний тус сургуульд олон жил ажилласан ахмад багш гэдгийг хүндэтгээд цалин хөлсийг нь хасаагүй гэдгийг дурдах нь зүйтэй байна. Улс орон даяар боловсролын төвшингээр жил болгон адаг сүүлд нь ордог манай аймгийн хувьд ажлаа хийж чаддаггүй, удаа дараа зөрчил гаргадаг сургуулийн менежерүүдийг солих шаардлага гарсан. Сүүлийн нэг жилийн дотор С.Е нь хэд хэдэн зөрчил гаргаж сахилгын арга хэмжээ хүлээж байсан ба сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дахин зөрчил гаргасан тул түүнийг цаашид менежерээр ажиллуулах боломжгүйд хүрсэн. Тухайлбал,

1. Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас зохион явуулсан “Багш нарын мэдлэгийн түвшин тогтоох” шалгалтын үеэр шалгалтын материалыг задруулж багшийн ёс зүй, Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн тул Захирлын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 69 дүгээр тушаалаар “Сануулах” шийтгэл ногдуулсан.

2. Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын мэргэжил арга зүйн нэгжийн дарга А.Е, ахлах мэргэжилтэн Р.С, статистик мэдээ хариуцсан мэргэжилтэн Ш.С, мэргэжилтэн У.Б нарын бүрэлдэхүүнтэй манай сургуульд аттестатчиллын шалгалт хийх ажлын хэсэг 2017 оны 5 дугаар сарын 16-18-ны үед хийсэн шалгалтаар ажилтан С.Е нь сургалтын менежерээр ажиллах хугацаандаа хариуцаж байсан сургуулийн статистик мэдээг 16-33 хүүхдээр дутуу өгсөн тул сургуулийн төсөв 15-20 сая төгрөгөөр дутуу төлөвлөснийг илрүүлсэн байна.

3. Тус шалгалтаар С.Е нь дунд ангийн багш нарын журнал хөтлөлтийг хянан шалгах, дутуу зүйлүүдийг нөхөж бичүүлэх талаар сануулах үүргээ хэрэгжүүлээгүйгээс болж багшийн журналд нэгж хичээлийн чадварыг бичээгүй, маш их засвартай, харандаагаар хөтөлсөн, илүү тэмдэглэл хийсэн, хуудас алгассан, хуудсыг нэгтгэж үдсэн гэх мэт зөрчлүүдийг илрүүлсэн байна.

4. Мөн нэхэмжлэгч С.Е нь дунд ангийн сурагчдын хувийн хэргийн бүрдүүлэлтэд хяналт тавиагүйгээс болж холбогдох тодорхойлолтуудыг аваагүй /эрүүл мэндийн, амжилтын/, сурагчийн зураггүй, 1 дүгээр ангид сурсан дүн нь тавигдаагүй, албан бичиг хөтлөлтийн журмыг зөрчиж хар өнгийн балаар гарын үсэг зурж баталгаажуулалт хийсэн, хувийн мэдээлэл бичигдээгүй, эцэг, эхэд нь танилцуулж гарын үсэг зуруулаагүй гэх мэт зөрчлүүдийг гаргасан.

Боловсрол, соёл, урлагийн газрын ажлын хэсгийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гэсэн огноотой шалгалтын дүгнэлтийг 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч уг дүгнэлтийн 4 дүгээр зүйлд заасны дагуу сургалтын менежер С.Е-д сахилгын шийтгэл ногдуулсан. Ажилтан С.Е-ийн гаргасан зөрчлүүдэд 6 сарын хугацаа өнгөрөөгүй байсан бөгөөд тус зөрчлүүдийг тогтоосон дүгнэлт гарсны дараа нэг сарын дотор арга хэмжээ авсан тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаанд хариуцлага хүлээлгэсэн болно. Нэхэмжлэгч С.Е-ийн зөрчлүүд нь нотлогдон тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн сахилгын шийтгэл хүлээлгэсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2018/00112 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын бүрэн дунд  сургуулийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай 80 дугаартай тушаалыг хүчингүй болгож, С.Е-ийг тус сургуулийн дунд ангийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2018/00112 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч С.Е нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан учраас түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажил мэргэжлийн дагуу өөр ажилд томилсон. Ингэхдээ түүний тус сургуульд олон жил ажилласан ахмад багш гэдгийг хүндэтгээд цалин хөлсийг нь хасаагүй гэдгийг дурдах нь зүйтэй байна. Сүүлийн нэг жилийн дотор С.Е нь хэд хэдэн зөрчил гаргаж сахилгын арга хэмжээ хүлээж байсан ба сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дахин зөрчил гаргасан тул түүнийг цаашид менежерээр ажиллуулах боломжгүйд хүрсэн. Нэхэмжлэгч С.Е нь дараах зөрчлүүдийг гаргасан.

1. Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас зохион явуулсан "Багш нарын мэдлэгийн түвшин тогтоох” шалгалтын үеэр шалгалтын материалыг задруулж багшийн ёс зүй, Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн тул Захирлын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 69 дүгээр тушаалаар “Сануулах” шийтгэл ногдуулсан. 

2. Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын мэргэжил арга зүйн хэлтсийн дарга А.Е, ахлах мэргэжилтэн Р.С, статистик мэдээ хариуцсан мэргэжилтэн Ш.С, мэргэжилтэн У.Б нарын бүрэлдэхүүнтэй манай сургуульд аттестатчиллын шалгалт хийх ажлын хэсэг 2017 оны 5 дугаар сарын 16-18-ны үед хийсэн шалгалтаар ажилтан С.Е нь сургалтын менежерээр ажиллах хугацаандаа хариуцаж байсан сургуулийн статистик мэдээг 16-33 хүүхдээр дутуу өгсөн тул сургуулийн төсөв 15-20 сая төгрөгөөр дутуу төлөвлөснийг илрүүлсэн байна.

3. Тус шалгалтаар С.Е нь дунд ангийн багш нарын журнал хөтлөлтийг хянан шалгах, дутуу зүйлүүдийг нөхөж бичүүлэх талаар сануулах үүргээ хэрэгжүүлээгүйгээс болж багшийн журналд нэгж хичээлийн чадварыг бичээгүй, маш их засвартай, харандаагаар хөтөлсөн, илүү тэмдэглэл хийсэн, хуудас алгассан, хуудсыг нэгтгэж үдсэн гэх мэт зөрчлүүдийг илрүүлсэн.

4. Мөн нэхэмжлэгч С.Е нь дунд ангийн сурагчдын хувийн хэргийн бүрдүүлэлтэд хяналт тавиагүйгээс болж холбогдох тодорхойлолтуудыг аваагүй /эрүүл мэндийн, амжилтын/, сурагчийн зураггүй, 1 дүгээр ангид сурсан дүн нь тавигдаагүй, албан бичиг хөтлөлтийн журмыг зөрчиж хар өнгийн балаар гарын үсэг зурж баталгаажуулалт хийсэн, хувийн мэдээлэл бичигдээгүй, эцэг, эхэд нь танилцуулж гарын үсэг зуруулаагүй гэх мэт зөрчлүүдийг гаргасан. /Сурагчийн хувийн хэрэг болон ангийн журнал зэрэг нотлох баримтаа шүүхэд гаргаж өгсөн, нотлох баримтыг шинжлэн судлуулсан болно/ Боловсрол, соёл, урлагийн газрын ажлын хэсгийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гэсэн огноотой шалгалтын дүгнэлтийг 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч уг дүгнэлтийн 4 дүгээр зүйлд заасны дагуу сургалтын менежер С.Е-д сахилгын шийтгэл ногдуулсан. Ажилтан С.Е-ийн гаргасан зөрчлүүдэд 6 сарын хугацаа өнгөрөөгүй байсан бөгөөд тус зөрчлүүдийг тогтоосон дүгнэлт гарсны дараа нэг сарын дотор арга хэмжээ авсан тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаанд хариуцлага хүлээлгэсэн болно.

Хуульд зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж хуульчилсан. Гэвч анхан шатны шүүх тус хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч талын гаргаж өгсөн нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт бичээгүй, дурдаагүй, бусад нотлох баримтуудтай тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй дүгнээгүй байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд Баян-Өлгий аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2018/00112 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэгдсэн, тэдгээрийг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

            Ажил олгогч Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын бүрэн дунд  сургуулийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 80 дугаар “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 23 дугаар зүйлийн 23.1, 37 дугаар зүйлийн 37.18, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн дотоод журмын 5.1.3, хөдөлмөрийн гэрээний 2 дугаар хэсгийн 2 “г”-д заасныг тус тус үндэслэн, ажилтан хөдөлмөрийн гэрээ, сургуулийн дотоод журмыг зөрчсөнөөс сургуульд 15742964 төгрөгийн хохирол учруулсан, багш нарын үйл ажиллагаанд хяналт тавих үүргээ биелүүлээгүйгээс багш журналыг зөв хөтлөөгүй, 10 дугаар ангийн сурагчдын хувийн хэргийг дутуу бүрдүүлсэн, сургалтын чанарыг ахиулах үүргээ биелүүлээгүй буюу ажилтан С.Е-ийг хөдөлмөрийн сахилын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр тус сургуулийн дунд ангийн сургалтын менежерийн ажлаас чөлөөлжээ.

 

            Ажилтан С.Е нь урьд өмнө буюу 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасны улмаас ажил олгогчийн шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1.-т зааснаар сануулах сахилгын шийтгэлтэй болох нь баримтаар тогтоогддог боловч түүний гаргасан гэх ажил олгогчийн шийдвэрт тэмдэглэсэн ажилтны буруугаас сургуульд 15742964 төгрөгийн хохирол учирсан, багш нарын үйл ажиллагаанд хяналт тавих үүргээ биелүүлээгүй, 10 дугаар ангийн сурагчдын хувийн хэргийг дутуу бүрдүүлсэн, сургалтын чанарыг ахиулах үүргээ биелүүлээгүй зэрэг зөрчлүүд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд ажил олгогч ажилтныг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзсэн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар шүүхэд нотлоогүй байна.

 

            Иймээс хариуцагчийн хэрэгт цугларсан нотлох баримтыг анхан шатны шүүх хуульд заасан журмаар үнэлээгүй талаар давж заалдах гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2018/00112 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

 

                                                                                                            С.ӨМИРБЕК