Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/01615

 

Х.Ц-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 311 дугаар шийдвэртэй,

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 15 дугаар магадлалтай,

Х.Ц-ын нэхэмжлэлтэй

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Х.Ц-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие 1984 онд 8 дугаар ангиа төгсөж, эцэг эхийн хамт Цалуу багт илгээлтээр гарч, мал маллаж эхэлсэн. Одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох баримт олдохгүй байгаа учир шүүхэд хандах болсон. Өндөрхангай сумын архивын 1974 оноос 1995 он хүртэл хугацааны баримт байхгүй болсон. Иймд Цалуу багт 1984 оны 6 дугаар сараас 1990 он дуустал хугацаанд илгээлтээр мал маллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 311 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Цэрэн овогтой Халиухайгийн Цэрэндуламын 1986 оны 6 дугаар сараас 1989 оны 9 дүгээр сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1984 оны 6 дугаар сараас 1986 оны 5 дугаар сарыг дуустал, 1989 оны 10 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Ц-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 15 дугаар магадлалаар Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 311 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Х.Ц-ын хүсэлтийн зарим хэсгийг хангаж, Цэрэн овогт Халиухайгийн Цэрэндуламыг 1986 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд 4 жил 6 сар 7 хоног Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож, хүсэлтээс 1984 оны 6 дугаар сараас 1986 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Х.Ц-ын давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар гомдол гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, Х.Ц-д буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Х.Ц- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Миний бие 1984 онд 8-р ангиа төгсөөд Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдлийн Цалуу багт илгээлтээр малчин болсон бөгөөд түүнээс хойш өнөөдрийг хүртэл малаа малласаар байгаа, энэ хугацаанд малчнаас өөр ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон. Миний ажиллаж байхад хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр хэрэгт нотлох баримтаар авагдсан ба уг дэвтэрт 1984-1989 оны хооронд бичилт хийгдсэн. тухайн үед нэгдлийн эрх бүхий албан тушаалтнууд бичилт хийсэн ба миний зүгээс нөхөж бичсэн зүйл байхгүй, би өөрөө болон өөр хэн нэгэн хүн уг дэвтрийг засаж, нөхөж бичсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад 1984-1986 оны хоорондох бичилтийг тосон балаар сүүлд нөхөж бичсэн байгаа тул нотлох баримтаар үнэлэхгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Хэдийгээр хөдөлмөрийн дэвтэрт намайг 1986 оноос хойш томилогдсон гэж бичсэн ч би анх 1984 онд 8-р ангиа төгсөөд илгээлтээр малчин болж, ээж, аавын хамт мал маллаж байсан, 1986 оны 6 сараас хойш албан ёсоор бие дааж нэгдлийн саальчин болж байсан учраас хөдөлмөрийн дэвтэрт миний 1986 оны 6 сараас саальчин болсон тэмдэглэгээ хийгдсэн байгааг 2 шатны шүүх анх 1986 оны 6 дугаар сард илгээлтээр малчин болсон мэтээр буруу дүгнэсэнд гомдолтой байна. Мөн надтай хамт ажиллаж байсан Б.Цэнд, Ш.Жавзансэнгэ нараас анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу гэрчийн мэдүүлэг авсан ба гэрчүүд нь намайг 1984-1990 оны хооронд Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдлийн Цалуу багт малчнаар ажиллаж байсныг гэрчилж мэдүүлэг өгсөн, мөн тэдний мэдүүлгийн эх сурвалж болох нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад 2 шатны шүүх гэрч Б.Цэнд, Ш.Жавзансэнгэ нарын мэдүүлгийг Би 1984 оны 6 дугаар сараас Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн ба 1984 оны 12 дугаар сард Монголын хувьсгалт залуучуудын үйлдвэрчний эвлэлд гишүүнээр элсэн орж, тэр үеэс хойш 1986 оны 6 сарыг дуустал тасралтгүй гишүүний татвар төлж байсан. Тухайн үед төр засагт ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүр үйлдвэрчний эвлэлийн гишүүнээр элсэн орж татвар төлдөг байсан. Өөрөөр хэлбэл хэрэгт нотлох баримтаар өгсөн миний 382055 дугаар бүхий Монголын хувьсгалт залуучуудын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх нь миний Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж, цалин хөлс авч байсан, мөн авч байсан цалин хөлснөөсөө төрд татвар төлж байсныг нотлох баримт учраас миний ажиллаж байсан байдлыг тогтооход ач холбогдолтой нотлох баримт юм. Гэтэл уг баримтыг шүүх үнэлээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүйг харуулж байна. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Х.Ц- шүүхэд хандаж, 1984 оны 6 дугаар сараас 1990 оныг дуустал Увс аймгийн Өндөрхангай сумын Цалуу багт малчнаар ажиллаж байсныг тогтоолгох хүсэлт гаргасныг анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхээс нэхэмжлэгч Х.Ц-ын гомдлыг хянаад дараах дүгнэлтийг хийлээ.

Иргэний ажиллаж байсан байдлыг буюу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заажээ.

Нэхэмжлэгч “...1984 оны 6 дугаар сараас эхлэн илгээлтээр гарч малчнаар ажилласан боловч тухайн үед нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр олдохгүй, шинээр авсан хөдөлмөрийн дэвтэрийн бичилт эргэлзээтэй, цалингийн лавлагаа архиваас гарч ирээгүй” гэсэн үндэслэл зааж, бусад нотлох баримтаар ажиллаж байснаа тогтоолгохыг хүсч, хүсэлт гаргасан зорилгоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэж тайлбарлажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д “онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэх хэргийг бусад хууль болон энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон ерөнхий журмын дагуу шийдвэрлэнэ” гэж заасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр тайлбарласан, шүүх хуралдааныг 5 дугаар сарын 02-ны өдөр хийхээр товлосон байх ба нэхэмжлэгч аймгийн төвөөс хол хөдөө байгаа шалтгаанаар өөрийг нь эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасны дагуу шүүх хэргийг хэлэлцэж шийдвэр гаргажээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлэх үүргээ биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгч хөдөлмөрийн дэвтэрийн бичилт бүрэн бус, эргэлзээтэй, цалингийн лавлагаа архиваас гарч ирээгүйн улмаас өөр бусад баримтаар ажиллаж байсныг тогтоолгохыг хүссэн атал шүүх хөдөлмөрийн дэвтэрийн “нөхөн бичилттэй” хэсгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэх дүгнэлт хийсэн, нэхэмжлэгчийг 1984 оны 6 дугаар сараас эхлэн мал малласан тухай гэрч Б.Цэнд, Ш.Жавзансэнгэ нарын мэдүүлэг, мөн 1984 оны 12 дугаар сараас 1989 оны 6 дугаар сар хүртэл хугацаанд монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүний татвар төлсөн баримтыг хэрхэн үгүйсгэсэн нь тодорхойгүй байна.

Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасан ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэх боломжтой.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс гаргасан “эмэгтэйчүүдийн уулзалтад оролцогчдод халуун баяр хүргэе” гэсэн пайзын хажууд эмэгтэйчүүдийн хамт авахуулсан гэрэл зургийн хуулбарыг хэрэгт ач холбогдолгүй гэж үзэхдээ тухайн зураг хэзээ, ямар үйл ажиллагааных болох уг зурагт байгаа хүмүүсийг гэрчээр асуулгах боломж байгаа эсэхийг нэхэмжлэгчээс тодруулах байжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2-т зааснаар “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт гэнэ, бичмэл нотлох баримтыг шүүхээд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно” гэжээ.

Шүүх хэргийн 10-11 дэх талд авагдсан “Талархал”, “Баярын бичиг” гэсэн хуулбар баримтууд нь нэр засвартай гэж үзсэн ба эдгээр баримтын хуулбар эргэлзээтэй бол шүүх эх хувиар шаардах эрхтэй ба энэ ажиллагааг хийгээгүй байна.

Дээр дурдсанаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байх бөгөөд энэ нөхцөлд шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх боломжгүй юм. Дээрх алдааг давж заалдах шатны шүүх илрүүлж засаагүй, хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх үндэслэлгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 311 дугаар шийдвэр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 15 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.      

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ