Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2022/0295

 

 

 

 

 

 

 

 

  “Б м” ХХК-ийн нэхэмжлэлтэй 

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг дарга Б.Т

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “Б м” ХХК

Хариуцагч Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчны менежментийн төлөвлөгөө баталж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 5 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц

Хариуцагч Б.Т

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Б-А, Б.Л

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 124/2021/0027/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Б м” ХХК-иас Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргад холбогдуулан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө баталж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах”-аар маргасан байна.

2.Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 5 дугаар шийдвэрээр: 

“...Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.6, 38.2, 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б м” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж “Б м” ХХК-ийн эзэмшлийн XV-018440 дугаар тусгай зөвшөөрлийн 2021-2022 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, “Б м” ХХК-ийн эзэмшлийн XV-018440 дугаар тусгай зөвшөөрлийн 2021-2022 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Цагаанхайрхан сумын Засаг даргад даалгаж” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Б.Т дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1...“Б м” ХХК-ийн ирүүлсэн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө нь эрх зүйн баримт бичгийн стандарт шаардлага хангаагүй, уг төлөвлөгөөг батлахад шаардагдах албан хүсэлт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, газрын төлбөр тооцоо хийсэн баримт зэрэг нотлох баримт ирүүлээгүйг харалзан үзээгүй байна.

3.2.Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 5 дугаар сарын 14-ний 8/2056 дугаар лавлагаагаар уг хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалтай байна. Мөн тус хайгуулын талбай нь Хунт багийн өвөр хэсгийн 21 өрхийн 21 өвөлжөө хаваржааны 28.000 га бэлчээрийг хамарсан байгалийн үзэсгэлэнт түүхэн, өв соёлын газруудтай.

3.3.Гэрч Загиржавын өгсөн мэдүүлгийг үндэслэлгүй гэж үзэж байна. Харин гэрч Ц.Бгийн мэдүүлгийг харгалзан үзээгүй нь учир дутагдалтай болжээ, учир нь сүүлийн 6 жил нэхэмжлэгч компани ямар ч ажил хийгээгүй, сум, орон нутгийн удирдлагуудтай уулзаагүй, төлөвлөгөөг боловсруулахдаа санал аваагүй, газрын төлбөр тооцоо хийгдээгүй зэрэг нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан сум дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

3.4.“Б м” ХХК-ийн захирал Э-О нь багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг хуурамчаар үйлдэж ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан, өөрөөр хэлбэл 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 6 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэсэн байдаг. Түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрөл нь мөн шаардлага хангахгүй, аймгийн эрх бүхий төрийн албан тушаалтнуудаар яриулж, дарамтлуулж баталгаажуулах гэсэн оролдлогуудыг шүүх огт харгалзаж үзэхгүйгээр хэт нэг талыг баримтлан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 5 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4.Нэхэмжлэгчээс гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.

ХЯНАВАЛ:

Хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг дутуу цуглуулсан байх тул дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

1.Цаг хугацааны хувьд нэхэмжлэгчээс хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хуульд заасан хугацаанд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар сумын Засаг даргад хүргүүлсэн нь тогтоогдсон ч зөвхөн энэхүү үйл баримт нь хэргийг нэг мөр бүрэн гүйцэд шийдвэрлэхэд хангалтгүй.

Учир нь “…2015 оноос хойш байгаль орчны менежментийн төлөвлөгөөг орон нутгийн байгаль орчны хяналтын албанд хүргүүлээгүй, сүүлийн 6 жил ямар ч ажил хийгээгүй, газрын төлбөр тооцоо хийдэггүй…” гэх давж заалдах гомдлын үндэслэлтэй холбоотойгоор Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан үүргээ “Б м” ХХК хэрхэн биелүүлж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд дээрх хуулийн 38.1.5-д зааснаар өнгөрсөн хугацаанд хайгуулын ажлын явцад үүссэн байгаль орчны сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний жилийн тайланд тусгах бөгөөд уг тайланг байгаль орчны хяналтын алба болон сумын Засаг даргад хүргүүлж байсан эсэх, 38.1.8-д зааснаар байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгон сумын Засаг даргын нээсэн тусгай дансанд байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг шилжүүлж байсан эсэх талаарх баримтуудыг цуглуулах нь зүйтэй.

2.Хэрэгт Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн “Хамгаалалтын бүс тогтоох тухай” 9/01 дугаар тогтоол, уг тогтоолын 1, 2 дугаар хавсралт 163 хуудас баримт авагдсанаас бус ач холбогдол бүхий бусад баримт байхгүй байгаа энэ тохиолдолд давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт өгөх боломжгүй.

3.Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Сумын Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж заасан нь хариуцагчид тухайн төлөвлөгөөг заавал батлах үүргийг хүлээлгэсэн зохицуулалт огт биш.

Шууд батлах бус харин “хянан батлах” эрх хэмжээг хариуцагчид хуулиар олгосон тул гомдолд дурдсан дээрх нөхцөл байдлыг тодруулан шалгах нь шүүхийн үүрэг болно.

Мөн хуулийн 38.3-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг бүрэн биелүүлээгүй бол сумын Засаг дарга энэ хуулийн 38.1.8-д заасан хөрөнгөөр байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгүүлэх бөгөөд нэмж шаардагдах хөрөнгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл маргах журмаар гаргуулна” гэж зааснаас үзэхэд Засаг даргыг байгаль орчны менежментийн төлөвлөгөөг зөвхөн батлах үүрэгтэй гэж тайлбарлаж болохгүй. Өөрөөр хэлбэл хуульд заасан үндэслэлээр батлахаас татгалзах ч эрхтэй.

4.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нэг үндэслэлээ анхнаасаа “…2015 оноос хойш байгаль орчны менежментийн төлөвлөгөөг орон нутгийн байгаль орчны хяналтын албанд хүргүүлээгүй…” гэж тайлбарлаж байсан, шийдвэрийн Үндэслэх хэсгийн 10-т энэ талаар тодорхой тусгасан атлаа 14-т “…уг үүргээ биелүүлэхтэй нь холбоогүй шалтгаанаар төлөвлөгөө батлахаас татгалзсан нь хуульд нийцээгүй байна…” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Тухайлбал дээрх үндэслэл нь яагаад төлөвлөгөөг хянан батлахтай хамааралгүй болох талаар тодорхой дүгнээгүйгээс гадна дурдсан оноос хойш үнэхээр л байгаль орчны менежментийн төлөвлөгөөг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлж байсан эсэх, ийм үүргийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуулиар хүлээлгэсэн эсэхэд огт дүгнэлт хийсэнгүй.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 5 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                        

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                        Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН