Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 525

 

Куонн У Мүнний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/06734 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Куонн У Мүнний нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Аж констракшн” ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Чинбаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Баярсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Куонн У Мүнн нь '‘Жэй эм технологи’' ХХК-ийн захирал бөгөөд тус компани нь хэдэн жилийн өмнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороололд орон сууцны зориулалттай 67 дугаар байрыг захиалан бариулсан байна. Уг байрны мансардны давхар дахь 17, 18, 19 тоотуудын гипсэн таазыг засварлуулж, төмөр дээврийг шинэчлэн ус хаягч хийлгэхээр Куонн У Мүнн нь “Аж констракшн” ХХК-тай 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр барилга засвар, шинэчлэлтийн ажлын 2014/10 тоот гэрээ байгуулж, уг гэрээний дагуу нийт ажлын хөлсийг 27 000 000 төгрөгөөр тохиролцсоноос маргааш нь урьдчилгаанд 20 000 000 төгрөгийг дансанд нь шилжүүлсэн байна. Засварын ажлыг 2014 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор дуусгахаар гэрээгээр тохиролцсон боловч гүйцэтгэгч компани ажлаа одоог хүртэл хийж гүйцэтгээгүйгээс бороо орох үед байрны дээврээс ус алдаж их хэмжээний хохирол учирч, мансардны давхарт айлууд амьдрах боломжгүй байгаа юм.

Барилга засвар, шинэчлэлтийн ажлын гэрээний 4.3-т: “Гүйцэтгэгч нь барилгын засвар, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгээгүй, захиалагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй ... бол захиалагч энэхүү гэрээг дангаар цуцалж, гүйцэтгээгүй ажлын хөлсийг гүйцэтгэгчээс нэхэмжлэх эрхтэй” гэж заасны дагуу Куонн У Мүнн нь гэрээг цуцалж, урьдчилгаанд өгсөн мөнгөө будаан авч, засварын ажлыг өөр компаниар гүйцэтгүүлэх хүсэлтэй байна. Иймд “Аж констракшн” ХХК-д барилгын засварын ажлын хөлсөнд урьдчилж олгосон 20 000 000 төгрөгийг тус компаниас захиалагч Куонн У Мүнн-д буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч “Аж констракшн” ХХК-иас 20 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Куонн У Мүнн /Kwon oh Moon/-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Аж констракшн” ХХК-иас 257 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Куонн У Мүнн /Kwon oh Moon/-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Чинбаа Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт "... Шүүх хариуцагч Аж констракшн ХХК-ийн захирал Б.Батсуурьт 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж мөн өдөр эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэгтэй танилцуулсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байна..." гэжээ. 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зарлагдсан шүүх хуралдаанд хариуцагч “Аж констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Баяржаргал биечлэн очсон боловч " компанийг төлөөлөх эрхгүй " гэсэн үндэслэлээр түүнийг шүүх хуралд оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагчийн хууль ёсны эрх ашгийг илт хохироосон үндэслэлгүй шийдвэр болно. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлдээ "... хариуцагч "Аж констракшн" ХХК, Ерөнхий захирал Б.Батсуурь, гүйцэтгэх захирал Ч.Баяржаргал ..." гэж хариуцагч нарыг тодорхой дурдсан байдаг бөгөөд маргаан бүхий 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Барилга засвар, шинэчлэлтийн ажлын гэрээнд гүйцэтгэгчийг төлөөлж гүйцэтгэх захирал Ч.Баяржаргал гэж бичигдэн гарын үсэг зурагдсан байдаг. Уг гэрээнд "... Монгол улсын хуулийн этгээд болох хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 9011090048 дугаарт бүртгэгдсэн, 2569922 тоот регистрийн дугаартай "Аж констракшн" ХХК-ийг төлөөлж тус компанийн гүйцэтгэх захирал Ч.Баяржаргал нар дараахь нөхцөлүүдийг хэлэлцэн тохиролцож, харилцан зөвшөөрснөөр байгуулав ..." гэж дурдсан байдаг. Ийм илт баримт байсаар байхад шүүх хэргийн материалд гүйцэтгэх захирал гэдгийг нотлох баримт авагдаагүй гэсэн үндэслэлээр хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй талуудыг мэтгэлцэх боломжоор хангаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн зарчим алдагдсан болно.

Гүйцэтгэх захирал Ч.Баяржаргал нь “Аж констракшн” ХХК-ийн дүрмийг эх хувиар нь шүүх хуралд авч очсон боловч шүүх дүрмийг хүлээж аваагүй, уг дүрмийн 1.3-т компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр Б.Батсуурь, Ч.Баяржаргал нарын нэр бичигдсэн байдаг бөгөөд 5.2.1-т компанийн хувьцааг тэнцүү хувиар эзэмшдэг болох нь харагддаг. Мөн дүрмийн 8.1-т компанийн гүйцэтгэх удирдлага нь компанийн гүйцэтгэх захирал байна гэж заасан. Гэтэл шүүх компанийн дүрмийг хүлээн авч судлаагүй болно. Нэхэмжлэгч нь “Аж констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Баяржаргалыг хариуцагчаар татсан, улмаар хариуцагчаас татгалзаагүй байхад шүүх түүнийг шүүх хуралд оролцуулахгүй байгаа нь хариуцагчийн эрхийг зөрчсөн, эрхээ эдлэх боломжийг нь үндэслэлгүйгээр хязгаарлаж хэргийг илт нэг талд шийдвэрлэсэн болно. Эрх зүйн туслалцаа зайлшгүй авах шаардлагатай, өмгөөлөгч авах тухай “Аж констракшн” ХХК-ийн ерөнхий захирал Б.Батсуурь 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 11/78 дугаар хүсэлтээ шүүхэд ирүүлж, шүүх хуралдааныг хойшлуулж өгөхийг хүссэн. Хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчөөр хангагдах хэргийн оролцогчийн эрхийг шүүх аливаа байдлаар хязгаарлах бус харин ч энэ эрхийг эдлэх бүхий л боломжоор хангах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь шүүхийн гүйцэтгэх гол үүргүүдийн нэг гэж үзнэ Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн, хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд Ч.Баяржаргал хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирал гэж өөрийгөө танилцуулан өмгөөлөгч авах, эрх зүйн туслалцаа авах, улмаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг гаргахын хамт мөн “Аж констракшн” ХХК-ийн ерөнхий захирал Б.Батсуурийн мөн агуулга бүхий хүсэлтийг бичгээр гаргасан байна.

            Хэргийн 6-10 дугаар талд авагдсан барилга засвар, ашиглалтын гэрээнд хариуцагч “Аж констракшн” ХХК-ийн ерөнхий захирал Б.Батсуурь болон гүйцэтгэх захирал Ч.Баяржаргал нарын гарын үсэг зурсан байгааг шүүх анхаараагүйн зэрэгцээ хариуцагч талыг төлөөлөн ирсэн этгээдийн эрх зүйн байдал эргэлзээтэй байгаа тохиолдолд шүүх уг эргэлзээг арилгах ажиллагаа хийлгүй шүүх хуралдааныг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хариуцагч талыг шүүх хуралдаанд оролцох эрхээр хангаагүй байна. Энэ зөрчил нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан үндэслэлд хамаарах тул шийдвэр хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй.

 

            Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч авах хүсэлтийг хүлээн аваагүй гэсэн хариуцагч талын давж заалдах гомдол нь үндэслэлгүй гэж үзнэ.

 

Учир нь анхан шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчид нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гардуулан өгч тайлбар гаргах хугацааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар 14 хоногоор тогтоожээ. Хариуцагч нь хуульд заасан хугацаанд тайлбар гаргаагүй, нэхэмжлэлийг гардан авснаас хойш шүүх хуралдаан хүртэлх 60 хоногийн хугацаанд өмгөөлөгч авах боломжгүй байсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/06734 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар харуицагч “Аж констракшн” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогчид магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                         ШҮҮГЧИД                                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА