Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2017/01296

 

 

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2017/01296

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: 0000000 тоотод оршин суух, БНСУ-ын иргэн Кий /гадаад паспортын дугаар М000000000000, ххххххххххх/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: ххххххххххххххххххх А ХХК-д /РД: 00000000/ холбогдох

20.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Чинбаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өнөржаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч БНСУ-ыг иргэн К /К/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

БНСУ-ыг иргэн К нь ЖХХК-ийн захирал бөгөөд тус компани нь хэдэн жилийн өмнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороололд орон сууцны зориулалттай, 67 дугаар байрыг захиалан бариулсан.

Уг байрны мансардны давхар дахь 17, 18, 19 тоотуудын гипсэн таазыг засварлуулж, төмөр дээврийг шинэчлэн ус хаягч хийлгэхээр К нь А ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдөр барилга засвар, шинэчлэлтийн ажлын 2014/10 тоот гэрээ байгуулж, уг гэрээний дагуу нийт ажлын хөлсийг 27.000.000 төгрөгөөр тохиролцон маргааш нь урьдчилгаа 20.000.000 төгрөгийг тус компанийн дансанд шилжүүлсэн.

Засварын ажлыг 2014 оны 6 дугаар сарын 15-ны дотор дуусгахаар тохиролцсон боловч гүйцэтгэгч компани ажлаа хийж гүйцэтгээгүйгээс бороо орох үед байрны дээврээс ус алдаж их хэмжээний хохирол учирч, мансардны давхарт айлууд амьдрах боломжгүй болсон.

Барилга, засвар шинэчлэлтийн ажлын гэрээний 3.4-т Гүйцэтгэгч нь барилгын засвар, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгээгүй, захиалагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй ... бол захиалагч энэхүү гэрээг дангаар цуцалж, гүйцэтгээгүй ажлын хөлсийг гүйцэтгэгчээс нэхэмжлэх эрхтэй гэж заасны дагуу К нь гэрээний дагуу урьдчилгаанд өгсөн мөнгөө авах шаардлагыг гаргасан. Засварын ажлыг өөр компаниар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлсэн.

Иймд А ХХК-д барилгын засварын ажлын хөлсөнд урьдчилж олгосон 20.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Чинбаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А ХХК нь БНСУ-ын иргэн Ктэй 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр барилга засвар, шинэчлэлтийн ажлын гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 67 дугаар байрны 17, 18, 19 дүгээр байрны гипсэн таазыг засварлах, хуучин дээврийн төмөр хуулах, шинээр төмөр дээвэр хийх, дээврийн ус хаягч хийх ажлыг 27.000.000 төгрөгөөр хийхээр харилцан тохиролцож ажлаа эхлүүлсэн.

Тус байрны мансардны хэсгийн дулаалгыг барилгын норм дүрэмд заасны дагуу хийгээгүй байсан. Модон рам дээр шууд төмөр дээвэр хийснээс хүйтний улиралд төмөр дээвэр модон хучилт хоёрын завсар цан цохиж ус доошоо гоожсоноос болж гипсэн тааз хуурч унасан, хаалга гажсан, паркетан шал овойж хөндийрсөн байсан.

Мансардны төмөр хучилт цоороогүй, бороо цасны ус гоождоггүй тул манай компанийн захирал захиалагч Ктэй амаар тохиролцоод хуучин дээврийн төмөр хуулах, шинээр төмөр дээвэр хийх ажлуудыг хийхгүйгээр дээврийн дулаалгыг барилгын норм дүрмийн дагуу хийж, ОСП хавтангаар хийсэн дүүжин таазыг задалж буулгах, ялзарсан дам модон нуруунуудыг шинэчлэн солих, гипсэн тааз угсрах, замаскан тэгшилгээ таазанд хийх, бүх ханын цаасыг хуулж, заслын ажлыг хийх, хаалгануудыг солихоор тохирсон.

Энэ тохиролцоог бид бичгээр байгуулаагүй бөгөөд амаар тохиролцсон ба ажлаа хийж дуусгаад захиалагч Кд байрны түлхүүрүүдийг хүлээлгэн өгч хийсэн ажлаа нэг бүрчлэн тайлбарлаж өгсөн.

Манай компанийн хийсэн бүх ажил буюу дээврийн дулаалга, ОСП хавтангаар хийсэн дүүжин таазыг задалж буулгах, ялзарсан дам модон нуруунуудыг шинэчлэн солих, гипсэн тааз угсрах, замаскан тэгшилгээ таазанд хийх, бүх ханын цаасыг хуулж, заслын ажлыг хийх, хаалгануудыг солих зэрэг ажлын төсөвт өртөг нь 12.986.288 төгрөг болсон юм.

Бид нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 20.000.000 төгрөгөөс хийсэн ажлын өртөг 12.986.288 төгрөгийг хасаад 7.013.700 төгрөгийг өгөхөд татгалзах зүйлгүй гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн К /гадаад паспортын дугаар М000000000, К/ нь хариуцагч А ХХК-д холбогдуулан 20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн К нь хариуцагч А ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр барилга засвар, шинэчлэлтийн ажлын гэрээ байгуулсан ба уг гэрээгээр хариуцагч буюу гүйцэтгэгч А ХХК нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байрлах, 17, 18, 19 дүгээр байрны гипсэн таазыг засварлах, хуучин дээврийн төмөр хуулах, шинээр төмөр дээвэр хийх, дээврийн ус хаягч хийх зэрэг ажлуудыг 2014 оны 6 дугаар сарын 15-ны дотор хийж гүйцэтгэхээр, захиалагч буюу нэхэмжлэгч К нь 27.000.000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн нь зохигчдын тайлбар болон талуудын хооронд байгуулагдсан гэрээний хуулбараар тогтоогдлоо.

/ХХ-ийн 6-10 дугаар тал/

 

Дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн дээрхи гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

 

Гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу захиалагч буюу нэхэмжлэгч К нь гүйцэтгэгч буюу хариуцагч А ХХК-д 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гэрээгээр тохирсон ажлын хөлсний урьдчилгаа төлбөрт 20.000.000 төгрөгийг төлсөн нь талуудын тайлбар, мөнгө шилжүүлсэн тухай баримт, Ч.О0 гэрчийн мэдүүүлэг зэрэг баримтаар тогтоогдсон бөгөөд зохигч энэ талаар маргахгүй байна.

/ХХ-ийн 11 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч К нь хариуцагч А ХХК гэрээ ёсоор хийх ажлаа хийгээгүй тул гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 20.000.000 төгрөгийг нэхэмжилнэ гэж,

хариуцагч А ХХК нь гэрээнд бичгээр өөрчлөлт оруулаагүй, амаар тохиролцсон ажлаа гүйцэтгэсэн, 12.86.288 төгрөгийн зардал гарсан, үлдэх 7.013.700 төгрөгийг төлнө тус тус тайлбарлаж байна.

 

Хариуцагч А ХХК нь нэхэмжлэгч Ктэй ярилцан гэрээгээр тохирсон дээврийн төмөр хуулах, шинээр төмөр дээвэр хийх ажлыг гүйцэтгэхгүйгээр дээврийн дулаалга хийх, дүүжин таазыг задалж буулгах, дам модон нурууг солих, гипсэн тааз угсрах, таазанд тэгшилгээ хийх, ханын цаасыг хуулж заслын ажлыг хийх, хаалга солихоор амаар тохирсоны дагуу уг ажилд 12.986.288 төгрөгийн зардал гаргасан гэжээ.

Хариуцагч буюу гүйцэтгэгч нь амаар тохирсоны дагуу дээрх ажилд 12.986.288 төгрөгийн зардал гаргасан хэмээн ажлын төсөвт өртгийн товчоо гэх баримт ирүүлсэн боловч энэ нь хийсэн ажилд гарсан зардлын талаарх тооцоо бус хийх ажилд зарцуулах зардлын тооцоолол байна.

/ХХ-ийн 105-111 дүгээр тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан тайлбараа өөрөө баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч А ХХК нь дээврийн дулаалга хийх, дүүжин таазыг задалж буулгах, дам модон нурууг солих, гипсэн тааз угсрах, таазанд тэгшилгээ хийх, ханын цаасыг хуулж заслын ажлыг хийх, хаалга солих зэрэг ажыг гүйцэтгэсэн, тодорхой зардал гаргасан гэх боловч энэ нь баримтаар нотлогдохгүй байгаагаас гадна хариуцагч нь нэхэмжлэгч талд хийсэн ажлаа тайлбарлан хүлээлгэн өгсөн гэх боловч үүнтэй холбоотой баримтаа ирүүлээгүй

Гэрч Т.Баярсайхан нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг заагаагүй учраас түүний мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй.

 

Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн К нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байрлах, 17, 18, 19 дүгээр байрны гипсэн таазыг засварлах, хуучин дээврийн төмөр хуулах, шинээр төмөр дээвэр хийх, дээврийн ус хаягч хийх, дээврийн дулаалга хийх, дотор заслын ажлуудыг бусадтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсны үндсэн дээр бусдаар гүйцэтгүүлсэн нь хэргийн 75-85, 90-91 дүгээр талд авагдсан гэрээнүүдээр тогтоогдлоо.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ,

мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасан бөгөөд хариуцагч А ХХК нь ажлын үр дүнг нэхэмжлэгч Кд хүлээлгэн өгөөгүй, өгөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь түүнд хүлээлгэн өгсөн гэрээний урьдчилгаа төлбөр 20.000.000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна.

 

Иймд хариуцагч А ХХК-иас 20.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Кд /К/ олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Зохигч талуудаас ирүүлсэн барилгын засварын ажилтай холбоотой гэх фото зураг нь цаг хугацааны хувьд хэдий үед авагдсан болох нь тодорхойгүй тул нотлох баримтаар үнэлээгүйг дурьдлаа.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч А ХХК-иас 20.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Кд /К/ олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Кий улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас 257.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Кд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН