Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/01635

 

К.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2018/01451 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1433 дугаар магадлалтай,

К.С-ын нэхэмжлэлтэй

НЭ ХХК-д холбогдох,

18.317.038 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч К.С-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч К.С-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие НЭ ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх А2/17 тоот гэрээ байгуулсны дагуу миний зүгээс орон сууцны төлбөрийг хугацаанд нь 100 хувь төлж барагдуулсан. Гүйцэтгэгч талаас санал болгож байсан барилга ашиглалтанд хүлээлгэж өгөх хугацааг миний зүгээс хөнгөлөлт үзүүлж 2 сарын хугацаатай сунгаж гэрээ байгуулсан ба энэ хугацаанаас 60 хоног хэтэрсэн тохиолдолд алданги тооцохоор гэрээний 3.3-т заасан. 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр орон сууцыг ашиглалтанд хүлээн аваагүй бөгөөд энэ гэрээний 1.5-т заасны дагуу салшгүй нэг хэсэг болох барилгын зураг төсөлд заасан ажлуудыг чанаргүй, хагас дутуу хийсэн ба хэрэглэгчийг татаж хуурсан смарт буюу ухаалаг техник төхөөрөмж болон мэдээлэх домофоны сүлжээ өнөөдрийг хүртэл ашиглалтанд ороогүй байна. Миний зүгээс үүссэн нөхцөл байдлын талаар асуудлыг эвийн журмаар шийдэх олон төрлийн гарцын санал бичгээр удаа дараа гаргасны эцэст, НЭ ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 244 тоот албан бичгээр 8.395.855 төгрөгийг тооцож өгнө гэж зөвшөөрсөн хэдий ч 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр миний эхнэр А.Сауле хариуцагч НЭ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Өлзий-Оршихтой биечлэн уулзаж 8.395.855 төгрөгийг авах хүсэлт гаргахад өгөхгүй гэсэн хариу өгсөн. Иймд орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А2/17 тоот гэрээний гүйцэтгэлийг дүгнэсэн дүнгийн дагуу алдангийн хамт 17.264.063 төгрөг, өмгөөллийн хөлс 500.000 төгрөг нийт 17.764.063 төгрөг болон Төрийн банктай 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 165 дугаартай орон сууцны зээлийн гэрээг байгуулсан зээлийн гэрээний хүүг нэхэмжлэл гаргаснаас хойшхи хугацаагаар буюу 2018 оны 01, 02 дугаар саруудад төлсөн зээлийн хүүний зөрүү 552.975.63 төгрөгийг нэмж нийт 18.317.038 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч НЭ ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: К.С-тай 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороонд байрлах Санто смарт апартмент хотхоны 3 блок орон сууцны хотхоны А2 блок 11 давхрын 79,7 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьж байгуулахаар гэрээ байгуулсан. К.С-ын барилгыг хугацаандаа ашиглалтанд ороогүй тохиолдолд банкны зээлийн болон ипотекийн зээлийн хүүгийн зөрүүг олгож өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авч түүний нэхэмжилсэн банкны хүү болон ипотекийн хүүгийн зөрүүнд 2.542.682.96 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Тус орон сууцны хотхоны А2 блокыг 2016 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтанд оруулахаар төлөвлөж байсан бөгөөд 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Төрийн өмчит Төрийн банкны хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж буй Сангийн яамны бүтэц бүхэлдээ өөрчлөгдөж улмаар Төрийн банкнаас зээл олгох үйл ажиллагааг түр зогсоох тухай Сангийн сайдын 2016 оны 7 дугаар сарын 04-ний 07-01/4470 тоот шийдвэр гарсанаар хэвийн олгогдож байсан зээл зогсож Төрийн банк манай компанитай байгуулсан гэрээний нийт санхүүжилтийн 80 хувийг олгогдоогүйн улмаас Нандин смарт таун хотхоны санхүүжилтийн асуудалд хүндрэл үүсгэн барилгын ажил удаашрах нөхцөл байдалд хүрсэн. Гэрээний дагуу барилгын ажил хүндэтгэн үзэх шалтгаанаар хойшлогдох тохиолдолд захиалагч талд урьдчилан мэдэгдэх ба захиалагч тал уг хугацааг хүндэтгэн хүлээн зөвшөөрөхөөр тохиролцсон. Үүний дагуу дээрх нөхцөлийн талаар 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 117 тоот албан бичгээр захиалагч К.С-д мэдэгдсэн. Дээрх албан бичгийг хүлээж авсны дараа К.С- энэ тухай хариу гомдол санал тавиагүй. Харин 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн албан бичгээр барилгын дотоод заслын ажлын талаар гомдол санал тавьсан бөгөөд дээрх гомдлын дагуу заслын ажлыг хийж гүйцэтгэсэн. Барилгыг 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсний дараа 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр алданги болон зээлийн хүүгийн зөрүүгийн талаар гомдол гаргасан бөгөөд энэ асуудлаар 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 247 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн. Талууд алдангийн асуудлаар 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр уулзалт хийж банкны хүүгийн зөрүү 2.814.895 төгрөгийг олгох, гэрээний алдангийг 2017 оны 7 дугаар сарын 01-нээс 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл тооцож 6.120.960 төгрөг, нийт 8.935.855 төгрөг олгохоор тохиролцсон бөгөөд энэ тухай К.С- өөрийн гараар хүсэлт бичиж өгсөн бөгөөд дээрх төлбөрт өөрийн орон сууцны В1 давхарт байрлах авто зогсоолын үнээс суутгуулан тооцуулах, улмаар гаражийн үнийг нэг жилийн өмнөх буюу 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээ А2/17 тоот гэрээ байгуулах үеийн үнэ болох 25.000.000 төгрөгөөр тооцон авах, үлдэх төлбөрийг сар бүрт 500.000 болон 1.000.000 төгрөгөөр цувуулан төлөх хүсэлт гаргасан. Дээрх хүсэлтийг компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулахад авто зогсоолын төлбөрийг тухайн үеийн борлуулалтын ханшаас бууруулах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан тул зээлийн хүүгийн зөрүү болон хугацаа хэтэрсний алдангид нийт 8.935.855 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа бөгөөд авто зогсоолын үнийг буруулах боломжгүй тухай 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 244 тоот албан бичгээр мэдэгдсэн. Нийт нэхэмжлэлийн шаардлагаас 8.935.855 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүгийн зөрүү 821.916 төгрөг, хугацаа хэтэрсний алдангид 7.778.720 төгрөг, өмгөөлөх үйлчилгээний хөлс 500.000 төгрөг, нийт 9.100.636 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гүйцэтгэгч барилгыг 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Улсын комисст байнгын ашиглалтанд оруулсан бөгөөд захиалагч К.С-д 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээлгэн өгсөн. Иймд зээлийн хүүгийн зөрүү зөвхөн барилгыг ашиглалтанд ороогүй хугацаанд үйлчлэх тул нэмэгдүүлсэн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2018/01451 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 17.817.038 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 500.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 331.365 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 247.035 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1433 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2018/01451 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 232.6 гэсний дараа 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэг гэж нэмж, 17.817.038 төгрөгийг гэснийг 14.482.975 төгрөгийг гэж, үлдэх 500.000 төгрөгийн гэснийг үлдэх 3.834.063 төгрөгийн гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын 247.035 төгрөгийг гэснийг 230.364 төгрөгийг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247.040 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч К.С- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Миний бие хариуцагч НЭ ХХК-тай 2016 оны 5 сарын 23-ны өдөр байгуулсан орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээний 3.3-т “Гүйцэтгэгч тал барилга ашиглалтанд орох хугацаанаас 60 хоног хэтэрсэн тохиолдолд захиалагч талд төлсөн дүнгээс өдрийн 0.05 хувийн алданги төлөх үүрэгтэй” гэж заасан. Миний зүгээс гэрээнд заасан төлбөр төлөх хуваарийн дагуу 2016 оны 5 сарын 26-ны өдөр 72.520.000, 2016 оны 6 сарын 26-ны өдөр 55.000.000 төгрөг, нийт 127.520.000 төгрөгийг төлж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн. Хариуцагч компанийн зүгээс гэрээний дагуу 127.520.000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг барьж, гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн боловч дээрх үүргээ зөрчиж, орон сууцыг буюу бүрэн ашиглалтанд ороогүй орон сууцыг 2017 оны 10 сарын 06-ны өдөр хүлээлгэн өгсөн. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2-т гүйцэтгэгч нь захиалсан орон сууцыг гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл үүсээгүй нөхцөлд 2016 оны 4-р улиралд багтаан захиалагчид хулээлгэн өгөх үүрэгтэй. 3.3-т гүйцэтгэгч тал барилга ашиглалтанд орох хугацаанаас 60 хоног хэтэрсэн тохиолдолд захиалагч талд төлсөн үнийн дүнгээс өдрийн 0.05 хувийн алданги төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан болно. Дээрх гэрээний заалтуудаас үзвэл гүйцэтгэгч буюу хариуцагч НЭ ХХК-ийн зүгээс барилгыг 2016 оны 4 улирал 12 сарын 31-ний дотор захиалагчид хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн. Харин уг заалтын ард буюу хаалтанд “Барилга ашиглалтад орох хугацаа” гэдгийг улсын комисст хүлээлгэн өгснийг ойлгохоор заасан нь тодорхойлсон заалт бөгөөд гэрээний 3.3-т заасан алдангийг тооцож эхлэх хугацааг тодруулсан зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл гүйцэтгэгчийн зүгээс барилгыг 2016 оны 12 сарын 31-ний өдөрт багтаан ашиглалтанд оруулаагүй 60 хоног хэтэрсэн тохиолдолд алданги тооцож эхлэхээр заасан зохицуулалт болно. Гэтэл давж заалдах шатны шүүхээс барилга ашиглалтанд орох хугацаа буюу барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх болон орон сууцыг гэрээний дагуу захиалагчид хүлээлгэн өгөх хугацаа гэх хоёр өөр үйл ажиллагааг талууд нэг байдлаар зохицуулсан мэтээр гэрээний заалтыг буруу тайлбарлаж, гэрээний дагуу алданги тооцох хугацааг 2017 оны 9 сарын 05-ны өдөр хүртэл буюу 183 хоногоор тооцож нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг буюу 9 сарын 05-ны өдрөөс орон сууцыг хүлээлгэн өгсөн хугацаа болох 2017 оны 10 сарын 06-ны өдөр хүртэлх 2.231.600 төгрөгийг алдангийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Гэрээний 3.4-т “гүйцэтгэгч тал барилга хугацаанаас хэтэрсэн буюу 2017 оны 01 сарын 01-ний өдрөөс захиалагч талд банкны зээлийн хүүгийн зөрүү төлөх үүрэгтэй.” гэж заасан байна. Давж заалдах шатны шүүх мөн л дээрх талуудын хооронд байгуулсан гэрээний заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, зээлийн хүүгийн зөрүү 2017 оны 9 сарын 06-ны өдөр хүртэл нэхэмжлэх эрхтэй гэж дүгнээд, хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр буюу 2.814.895 төгрөгөөр тооцож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аль нэг талын зүгээс гаргасан нотлох баримт, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар зэргээс үзвэл гэрээний 3.4 дэх заалт нь гүйцэтгэгч компани нь барилгыг ашиглалтанд оруулснаас хойш орон сууцыг 8 хувийн итпотекийн зээлд хамруулах үүргийг хүлээсэн болох нь тодорхой байна. Тухайлбал, хариуцагч НЭ ХХК-ийн зүгээс 2017 оны 11 сарын 01-ний өдөр ирүүлсэн албан бичигтээ 11 сар хүртэл тооцсон хүүгийн зөрүүг нь төлөхийг зөвшөөрсөн байх бөгөөд анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбар, давж заалдах гомдол зэргээс үзвэл талуудын хооронд байгуулсан гэрээний 3.4 буюу хүүгийн зөрүү төлөх гүйцэтгэгчийн үүрэг нь барилга ашиглалтанд оруулснаар зогсох бус, орон сууцыг ипотекийн зээлд хамруулах хүртэлх үргэлжлэхээр тохиролцсоныг илтгэж байна. Хариуцагчийн хувьд, өнөөдрийг хүртэл дээрх ипотекийн зээлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байгаа бөгөөд миний хувьд жилийн 14.4 хувиар зээл төлсөөр байгаа хэдий ч анхан шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2018 оны 02 дугаар сар хүртэл хүүгийн зөрүү нэхэмжилсэн бөгөөд анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын хооронд байгуулсан гэрээ, шүүхэд бичгээр болон амаар гаргасан тайлбар зэргийг зөв дүгнэж шийдвэрлэсэн. Уг маргааны хувьд гүйцэтгэгчийн зүгээс орон сууцыг 2017 оны 9 сарын 05-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн боловч гэрээний үндсэн үүрэг буюу салшгүй хэсэг болох орон сууц хүлээлцэх актыг үйлдэж, орон сууцыг 2017 оны 10 сарын 06-ны өдөр хүлээлгэн өгсөн болно. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн зүгээс 2017 оны 10 сарын 06 өдөр хүртэл үүргээ зөрчсөн байх тул тухайн өдөр хүртэл алданги тооцох үндэслэлтэй юм. Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт цугласан нотлох баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын тайлбар, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Өлзий-Орших хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлээгүй тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тодорхойлохоор хуульчилсан. Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны А2/17 тоот гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэг нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцээгүй байх ба уг заалт нь ийнхүү хууль зөрчсөн тул Иргэний хуулийн 56.1.1 дэх хэсэгт заасны дагуу хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх заалт юм. Гэтэл давж заалдах шатны шүүхийн зүгээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.3 дахь хэсэг нь Иргэний хуулийн 232.6-д нийцсэн хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Нөгөөтэйгүүр талуудын хооронд байгуулагдсан 2016 оны А2/17 тоот гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсгийг хүчин төгөлдөр гэж үзэх тохиолдолд хариуцагч байгууллага болох НЭ ХХК-ийн гүйцэтгээгүй үүргийг тодорхойлж, уг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцох ёстой атал анхан шатны шүүх дээрх байдлаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчээс төлсөн нийт үнийн дүнгээс алданги тооцсон нь үндэслэлгүй. Тухайлбал, НЭ ХХК нь нэхэмжлэгчээс ирүүлсэн хүсэлтийг үндэслэн 2017 оны 3 сарын 22-ны өдөр №117 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоотыг нэхэмжлэгчид хүргүүлж байсан бөгөөд 2017 оны 3 сарын 22-ны өдрийн байдлаар нэхэмжлэгчийн захиалсан орон сууц нь 90 хувийн гүйцэтгэлтэй байсан болно. Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны А2/17 тоот гэрээтэй холбоотой үүссэн асуудлаар талууд удаа дараа харилцан санал солилцож байсан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 10 сарын 20-ны өдөр төлбөр тооцоо хийж дуусгах тухай хүсэлтийг гаргасан бөгөөд тус хүсэлтэд дараах байдлаар дурьдсан байдаг. Үүнд банкны хүүгийн зөрүү 2.814.895 төгрөг, алдангийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөр тооцож /96 хоног/ 6.120.960 төгрөгөөр тус тус тооцож, нийт 8.935.855 төгрөг болж байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчээс гаргасан дээрх саналыг хүлээн авч, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр №244 тоот албан тоотоор хариу өгсөн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс гаргасан 8.935.855 төгрөг гаргуулах тухай саналыг хариуцагчийн зүгээс Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 196 дугаар зүйл 196.1.4-т тус тус заасны дагуу хүлээн авч зөвшөөрсөн бегөөд ийнхүү дээрх саналыг хүлээн авснаар талууд төлбөр тооцооны хэмжээг харилцан тохиролцож баталгаажуулсан юм. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн зүгээс өөрийн гаргасан 2017 оны10 сарын 20-ны өдрийн төлбөр тооцоо хийж дуусгах тухай санал болон хариуцагчаас хүргүүлсэн 2017 оны 11 сарын 01-ний өдрийн №244 тоот хариу хүргүүлэх тухай албан тоотыг хүлээн авч, харилцан тохиролцсон байна. Гэвч алдангийг 2017 оны 7 сарын 01-ний өдрөөс эхлэн тооцох талаар талууд харилцан тохиролцсон бөгөөд уг тохиролцоо хүчин төгөлдөр байтал давж заалдах шатны шүүх дээрх баримтыг үнэлэлгүйгээр алдангийг 2017 оны 3 сарын 02-ны өдрөөс тооцсон нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь хариуцагч НЭ ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан бөгөөд улмаар шүүхийн нутаг дэвсгэрийн харьяалал зөрчиж анхан шатны журмаар уг хэргийг хянан шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг зөрчсөн бөгөөд хариуцагч НЭ ХХК нь Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, дэнжийн мянга, Нандин бизнес төвийн 7 давхарт үйл ажиллагаагаа явуулдаг болох нь талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 5 сарын 23-ны өдрийн А2/17 тоот гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон компанийн дүрэм, хуулийн этгээдийн албан бланк зэргээр нотлогдох юм. Гэтэл давж заалдах шатны шүүхийн хариуцагч тал К.С-ын нэхэмжлэлийг гардан авч, хариу тайлбар гарган, нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн, анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх хугацаанд харьяаллын талаар маргаагүй, анхан шатны шүүхэд хэлэлцэгдээгүй, мэтгэлцээгүй уг асуудлаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт нийцэхгүй гэсэн нь үндэслэлгүй. Анхан шатны журмаар маргааныг хянан шийдвэрлэхэд харьяалал зөрчсөн эсэхийг тодруулах үүргийг хариуцагч, түүний төлөөлөгч болон өмгөөлөгчид олгоогүй ба гагцхүү шүүхэд олгосон. Өөрөөр хэлбэл хариуцагч харьяаллын асуудлаар маргах эсэхээс үл хамаарч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-т заасны дагуу харьяаллын маргаан мөн эсэхийг шапгах үүрэгтэй ба энэхүү үүргээ хуульд заасны дагуу хэрэгжүүлсэн эсэхийг давж заалдах шатны шүүх хянах үүрэгтэй. Хариуцагчийн төлөөлөгч харьяаллын асуудлаар маргаж тайлбар гаргасан эсэхээс үл хамаарч, давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн эсэхийг хянах ёстой. Мөн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх алдааг залруулаагүйн улмаас хариуцагч байгууллагын иргэний маргааныг аль ч дүүргийн шүүх хянан хэлэлцэх хууль зөрчсөн нөхцөлийг бүрдүүлээд байна. Дээрх үндэслэлүүдээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

К.С-, НЭ ХХК-д холбогдуулан орон сууцны зээлийн хүүгийн зөрүү 3.917.358 төгрөг, алдангид 13.899.680 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг, нийт 18.317.038 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 17.817.038 төгрөг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлээс 14.482.975 төгрөг гаргуулж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулжээ.

Магадлалд заасан  дүгнэлт хууль болон зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний зохицуулалтад нийцээгүй байх тул энэ талаархи нэхэмжлэгчийн гомдлыг хангах  нь зүйтэй байна. Хариуцагчийн “...алдангийн заалт хуульд нийцээгүй, алданги тооцох хугацааг шүүх буруу тодорхойлсон, шүүхийн харъяалал зөрчсөн” тухай гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн  дүгнэв.

Зохигчийн хооронд орон сууц захиалан бариулах гэрээ 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр бичгийн хэлбэрээр байгуулагджээ.

Уг гэрээгээр НЭ ХХК нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Санто смарт апартмент хотхоны А-2 блок, 11 давхрын 79.7 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, автомашины гаражийн барилгын ажлыг өөрийн материалаар гүйцэтгэх, захиалагч буюу К.С- ажлын үр дүнг хүлээн авч, 127.520.000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээснээс үзвэл талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, энэ талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч ажлын хөлсийг 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр төлж дуусган гэрээний үүргээ биелүүлсэн, ажил гүйцэтгэгч 2016 оны 4 дүгээр улиралд багтаан орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн, барилгыг улсын комисс 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авсан, захиалагчид ажлын үр дүнг мөн оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.

Давж заалдах шатны шүүх алданги, хүүгийн зөрүү тооцох эцсийн хугацааг 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөр хязгаарлаж гэрээний 3.2, 3.3-т заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ. Иймд магадлалыг хүчингүй болгов.

1. Гэрээний 3.3-т гүйцэтгэгч тал барилга ашиглалтад орох хугацаанаас 60 хоног хэтэрсэн тохиолдолд төлсөн дүнгээс өдрийн 0.05 хувийн алданги төлөх үүрэгтэйг заажээ.

Анхан шатны шүүх алдангийг 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс орон сууцыг хүлээн авсан 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөр тооцсон нэхэмжлэгчийн тооцооллыг үндэслэлтэй гэж үзсэнийг давж заалдах шүүх барилгыг ашиглалтад оруулж улсын комисс хүлээн авсан 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөр алдангийг тооцсон нь учир дутагдалтай байна.

Гэрээний 3.2-т “Гүйцэтгэгч нь захиалсан орон сууцыг гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл үүсээгүй тохиолдолд 2016 оны 4-р улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй. /Барилга ашиглалтад орох хугацаа гэдгийг улсын комисс барилга дээр ажиллаж барилга ашиглалтад хүлээн авах акт дээр гарын үсэг зурахыг хэлнэ/” гэсэн нь гүйцэтгэгчийн ажлын үр дүнг хүлээлгэн өгөх хугацааг зааж, энэ үүргээ биелүүлээгүй 60 хоногоос дээш хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги нэхэмжлэх эрх үүсэхийг гэрээний   3.3-т заасныг давж заалдах шатны шүүх анхаараагүй, алданги тоолох эцсийн хугацааг улсын комисс барилгыг ашиглалтад хүлээн авсан өдөр гэх агуулгаар гэрээний заалтыг тайлбарласан нь үндэслэлгүй болжээ. Гэрээний 3.3-т ийм утга илэрхийлэгдээгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйл болох 79.7 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, автомашины гараж нь барилгын ажлын үр дүн байна.

Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д ажил гүйцэтгэгч захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүрэгтэйг, мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүрэгтэйг тус тус заажээ.

Барилгын тухай хуульд зааснаар шинээр баригдсан барилгыг улсын комисс бүхэлд нь хүлээн авсан тохиолдолд тухайн барилгыг цаашид ашиглах нөхцөл болно. Харин  улсын комисс барилгыг хүлээн авсан нь тухайн орон сууц тус бүрийн захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд байгуулагдсан гэрээний үүргийг тодорхойлох үндэслэл болохгүй.

2. Гэрээний 3.4-т хугацаа хэтэрсэн тохиолдолд 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гүйцэтгэгч, захиалагчийн банкнаас авсан орон сууцны зээлийн хүү болон ипотекийн 8 хувийн  хүүгийн зөрүүг төлөхөөр талууд тохиролцжээ.

Нэхэмжлэгч нь Төрийн банк ХХК-с 55.000.000 төгрөгийг орон сууцны зориулалтаар жилийн 14.4 хувийн хүүтэй зээлж, ажлын хөлсөнд төлсөн ба уг зээлийг хөнгөлөлттэй буюу ипотекийн жилийн 8 хувийн зээлд хамруулах нөхцлийг бүрдүүлэх гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс хүүгийн зөрүүд 3.917.038 төгрөг нэхэмжилсэн байна. Нэхэмжлэгч хугацааг 2017 оны 01 дүгээр 01-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сар хүртэл тодорхойлсон, анхан шатны шүүх энэ шаардлагыг хангасан нь хэргийн баримтад үндэслэгджээ.

Давж заалдах шатны шүүх хүүгийн зөрүүг 2017 оны 9 дүгээр сарын 05-ний өдөр хүртэл тооцож, улмаар хариуцагчийн хүлээн зөвшөөрснөөр 2.814.895 төгрөгийн хэмжээнд хангасан буруу байна. Тус шүүх мөн хүүгийн зөрүүг тооцох сүүлийн хугацааг 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөр тооцсон нь үндэслэлгүй болжээ.

3. Өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон, энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй байна.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын тухайд:

Гэрээний  3.3 дахь заалт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т нийцээгүй тул мөн хуулийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэсэн нь үндэслэлгүй, хариуцагч НЭ ХХК-ийн гүйцэтгээгүй үүрэг нь 127.520.000 төгрөгийн үнэ бүхий ажлын үр дүн учир уг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд гэрээнд заасан хэмжээгээр алданги тооцсон нь хуульд харшлахгүй.

Үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэх үндэслэл тогтоогдоогүй тул алдангийг багасгах боломжгүй юм.

Шүүх маргааныг шийдвэрлэхээс өмнө талууд алданги, хүүгийн зөрүүд тодорхой мөнгө төлөх саналыг гаргаж байсан боловч анхан шатны шүүх хуралдаанд энэ талаар харилцан тохиролцоогүй тул хариуцагчийн саналын хэмжээнд мөнгө гаргуулах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг буюу шүүхийн харъяаллыг зөрчөөгүй гэж үзнэ. Учир нь анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх хугацаанд зохигч шүүхийн харьяаллын талаар маргаагүй, хэргийг өөр шүүхэд шилжүүлэх хүсэлтийг хариуцагч талаас гаргаагүй, энэ асуудал хэлэлцэгдээгүй, талууд мэтгэлцээгүй байна.

Дээр дурдсанаар хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:  

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1433 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2018/01451 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч 247.040 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 76.295 төгрөг шүүгчийн захирамжаар буцаан олгсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ