Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2018/01433

 

 

 

 

 

 

 

 

 

 

К.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2018/01451 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч К.С,

Хариуцагч “Н” ХХК-д холбогдох,

18 317 038 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч К.С, өмгөөлөгч Э.Билэгсайхан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Н” ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх А2/17 тоот гэрээ байгуулсны дагуу миний зүгээс орон сууцны төлбөрийг хугацаанд нь 100 хувь төлж барагдуулсан. Гүйцэтгэгч талаас санал болгож байсан барилга ашиглалтанд хүлээлгэж өгөх хугацаа (2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр)-г миний зүгээс хөнгөлөлт үзүүлж 2 сарын хугацаатай сунгаж гэрээ байгуулсан ба энэ хугацаанаас 60 хоног хэтэрсэн тохиолдолд алданги тооцохоор гэрээний 3.3-т заасан.

 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр орон сууцыг ашиглалтанд хүлээн аваагүй бөгөөд энэ гэрээний 1.5-т заасны дагуу салшгүй нэг хэсэг болох барилгын зураг төсөлд заасан ажлуудыг чанаргүй, хагас дутуу хийсэн ба хэрэглэгчийг татаж хуурсан смарт буюу ухаалаг техник төхөөрөмж болон мэдээлэх домофоны сүлжээ өнөөдрийг хүртэл ашиглалтанд ороогүй байна. Миний зүгээс үүссэн нөхцөл байдлын талаар асуудлыг эвийн журмаар шийдэх олон төрлийн гарцын санал бичгээр удаа дараа гаргасны эцэст, “Нандин эрхэм” ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 244 тоот албан бичгээр 8 395 855 төгрөгийг тооцож өгнө гэж зөвшөөрсөн хэдий ч 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр миний эхнэр А.Сауле хариуцагч “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Өлзий-Оршихтой биечлэн уулзаж 8 395 855 төгрөгийг авах хүсэлт гаргахад өгөхгүй гэсэн хариу өгсөн.

Иймд Орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А2/17 тоот гэрээний гүйцэтгэлийг дүгнэсэн дүнгийн дагуу алдангийн хамт 17 264 063 төгрөг, өмгөөллийн хөлс 500 000 төгрөг нийт 17 764 063 төгрөг болон Төрийн банктай 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 165 дугаартай Орон сууцны зээлийн гэрээг байгуулсан зээлийн гэрээний хүүг нэхэмжлэл гаргаснаас хойшх хугацаагаар буюу 2018 оны 01, 02 дугаар саруудад төлсөн зээлийн хүүний зөрүү 552 975.63 төгрөгийг нэмж нийт 18 317 038 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Н” ХХК, тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Эрдэнэ-Очир шүүхэд гаргасан тайлбартаа: К.С-тай 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээ байгуулан “Н” ХХК-ийн Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороонд байрлах Санто смарт апартмент хотхоны 3 блок орон сууцны хотхоны А2 блок 11 давхрын 79,7 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьж байгуулахаар гэрээ байгуулсан.

К.С-ын барилгыг хугацаандаа ашиглалтанд ороогүй тохиолдолд банкны зээлийн болон ипотекийн зээлийн хүүгийн зөрүүг олгож өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авч түүний нэхэмжилсэн банкны хүү болон ипотекийн хүүгийн зөрүүнд 2 542 682.96 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө.

Тус орон сууцны хотхоны А2 блокыг 2016 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтанд оруулахаар төлөвлөж байсан бөгөөд 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Төрийн өмчит Төрийн банкны хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж буй Сангийн яамны бүтэц бүхэлдээ өөрчлөгдөж улмаар Төрийн банкнаас зээл олгох үйл ажиллагааг түр зогсоох тухай Сангийн сайдын 2016 оны 7 дугаар сарын 04-ний 07-01/4470 тоот шийдвэр гарсанаар хэвийн олгогдож байсан зээл зогсож Төрийн банк манай компанитай байгуулсан гэрээний нийт санхүүжилтийн 80 хувийг олгогдоогүйн улмаас Нандин смарт таун хотхоны санхүүжилтийн асуудалд хүндрэл үүсгэн барилгын ажил удаашрах нөхцөл байдалд хүрсэн. Гэрээний дагуу барилгын ажил хүндэтгэн үзэх шалтгаанаар хойшлогдох тохиолдолд захиалагч талд урьдчилан мэдэгдэх ба захиалагч тал уг хугацааг хүндэтгэн хүлээн зөвшөөрөхөөр тохиролцсон. Үүний дагуу дээрх нөхцөлийн талаар 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 117 тоот албан бичгээр захиалагч К.С-д мэдэгдсэн. Дээрх албан бичгийг хүлээж авсны дараа К.С энэ тухай хариу гомдол санал тавиагүй. Харин 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн албан бичгээр барилгын дотоод заслын ажлын талаар гомдол санал тавьсан бөгөөд дээрх гомдлын дагуу заслын ажлыг хийж гүйцэтгэсэн. Барилгыг 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсний дараа 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр алданги болон зээлийн хүүгийн зөрүүгийн талаар гомдол гаргасан бөгөөд энэ асуудлаар 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 247 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн. Талууд алдангийн асуудлаар 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр уулзалт хийж банкны хүүгийн зөрүү 2 814 895 төгрөгийг олгох, гэрээний алдангийг 2017 оны 7 дугаар сарын 01-нээс 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл тооцож 6 120 960 төгрөг, нийт 8 935 855 төгрөг олгохоор тохиролцсон бөгөөд энэ тухай К.С өөрийн гараар хүсэлт бичиж өгсөн бөгөөд дээрх төлбөрт өөрийн орон сууцны В1 давхарт байрлах авто зогсоолын үнээс суутгуулан тооцуулах, улмаар гаражын үнийг нэг жилийн өмнөх буюу 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээ А2/17 тоот гэрээ байгуулах үеийн үнэ болох 25 000 000 төгрөгөөр тооцон авах, үлдэх төлбөрийг сар бүрт 500 000 болон 1 000 000 төгрөгөөр цувуулан төлөх хүсэлт гаргасан. Дээрх хүсэлтийг компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулахад авто зогсоолын төлбөрийг тухайн үеийн борлуулалтын ханшаас бууруулах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан тул зээлийн хүүгийн зөрүү болон хугацаа хэтэрсний алдангид нийт 8,935,855 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа бөгөөд авто зогсоолын үнийг буруулах боломжгүй тухай 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 244 тоот албан бичгээр мэдэгдсэн. Нийт нэхэмжлэлийн шаардлагаас 8 935 855 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүгийн зөрүү 821 916 төгрөг, хугацаа хэтэрсний алдангид 7 778 720 төгрөг, өмгөөлөх үйлчилгээний хөлс 500 000 төгрөг, нийт 9 100 636 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Гүйцэтгэгч барилгыг 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Улсын комисст байнгын ашиглалтанд оруулсан бөгөөд захиалагч К.Сд 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээлгэн өгсөн. Иймд зээлийн хүүгийн зөрүү зөвхөн барилгыг ашиглалтанд ороогүй хугацаанд үйлчлэх тул нэмэгдүүлсэн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэмэгдүүлсэн шаадлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 17 817 038 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 500 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 331 365 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 247 035 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны А2/17 тоот гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэг нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцээгүй байх ба уг заалт нь ийнхүү хууль зөрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар 56.1.1-т заасны дагуу хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх заалт юм. Гэтэл анхан шатны шүүхийн зүгээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс бус гэрээнд заасан нийт үнийн дүнгээс алданги тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нөгөөтэйгүүр талуудын хооронд байгуулагдсан 2016 оны А2/17 тоот гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсгийг хүчин төгөлдөр гэж үзэх тохиолдолд хариуцагч байгууллага болох “Н” ХХК-ийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцох ёстой атал анхан шатны шүүх дээрх байдлаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчээс төлсөн нийт үнийн дүнгээс алданги тооцсон нь үндэслэлгүй байна.

Мөн анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “гэрээний 3.2-т гүйцэтгэгч нь захиалсан орон сууцыг гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл үүсээгүй нөхцөлд 2016 оны 4 дүгээр улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй гэсэн нь Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн байна. 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 201/105 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр Баянзүрх дүүргийн 26-р хороо, “ЦМС” ХХК, “Н” ХХК-ийн захиалгатай 55 машины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй, 168 айлын орон сууцны барилгыг улсын комисс хүлээн авч захиалагч буюу нэхэмжлэгч К.С 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр захиалсан орон сууцаа хүлээн авчээ” хэмээн дурдсан атлаа алдангийг 2017 оны 3 дугаар сарын 02-оос 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл тооцож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн дүгнэлт хийжээ.

Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны А2/17 тоот гэрээтэй холбоотой үүссэн асуудлаар талууд удаа дараа харилцан санал солилцож байсан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Төлбөр тооцоо хийж дуусгах тухай” хүсэлт гаргасны дагуу банкны хүүгийн зөрүү 2 814 895 төгрөг, алдангийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөр тооцож 6 120 960 төгрөг, нийт 8 935 960 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон. Нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 3 дугаар сарын 02-оос 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны алдангийг тооцохгүй, харин 2017 оны 7 дугаар сарын 01-ээс 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны алдангид 6 120 960 төгрөг байхаар харилцан тохиролцсон ба ийнхүү тохиролцсон болох нь 2017 оны 10 дугаар 20-ны өдрийн “төлбөр тооцоо хийж дуусгах тухай” нэхэмжлэгчийн гаргасан саналаар тогтоогдох юм. Гэвч анхан шатны шүүх дээрх баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нотлох баримтаар үнэлээгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан ба улмаар тус шүүх шүүхийн нутаг дэвсгэрийн харьяалал зөрчиж хэргийг хянан шийдвэрлэсэн. Учир нь “Н” ХХК нь Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн мянга, Нандин бизнес төвийн 7 давхарт үйл ажиллагаа явуулдаг болох нь талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А2/17 тоот гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон компанийн дүрэм, хуулийн этгээдийн албан бланк зэргээр нотлогдож байна. Гэтэл анхан шатны шүүх уг маргааныг шийдвэрлэхдээ хэргийн материалд авагдсан хэргийн харьяалалтай холбоотой дээрх баримтуудад огт дүгнэлт хийгээгүй байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн нутаг дэвсгэрийн харьяаллын талаар тодруулах ажиллагаа хийлгүйгээр харьяалал зөрчиж маргааныг шийдвэрлэсэн байна. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч К.С нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулж банкны зээлийн хүүгийн зөрүүнд 3 917 358,63 төгрөг, алдангид 13 899 680 төгрөг, өмгөөллийн хөлсөнд 500 000 төгрөг, нийт 18 317 038 төгрөгийн шаардлага гаргасны банкны зээлийн хүүгийн зөрүүд 2 814 895 төгрөг, алдангид 6 120 960 төгрөг, нийт 8 935 855 төгрөгийг төлнө гэж хариуцагч зөвшөөрсөн, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

“Н” ХХК нь К.С-тай 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр “Орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх” А2/17 дугаартай гэрээг байгуулж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Санто смарт апартмент хотхоны А2 блок, 11 давхрын 79,7 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, автомашины гаражийн барилгын ажлыг өөрийн материалаар гүйцэтгэх, захиалагч тал 127 520 000 төгрөгийн төлбөр төлөх үүрэг хүлээсэн ба талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг үүссэн, зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, харин үүрэг гүйцэтгэгч гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйтэй холбоотой алданги, хохирлын хэмжээн дээр маргасан байна.

Нэхэмжлэгч К.С орон сууцны үнэд 127 520 000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр төлж дуусган гэрээний үүргээ биелүүлсэн, харин барилгыг 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авсан байх тул ажил гүйцэтгэгч нь орон сууцыг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр багтаан хүлээлгэн өгөх гэрээний үүргээ биелүүлээгүй, Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-т заасныг зөрчжээ. Талууд гэрээний 3.2-т “барилга ашиглалтад орох хугацаа гэдгийг улсын комисс барилгыг ашиглалтад хүлээн авах актад гарын үсэг зурахыг хэлнэ” гэж харилцан тохиролцож тодорхойлсон тул ажил гүйцэтгэгчийг 2017 оны 9 дүгээр сарын 05-нд гэрээний үүргээ биелүүлсэнд тооцох бөгөөд алдангийг 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хүртэл тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

Гэрээний 3.3 дахь заалтаар талууд ашиглалтад орох хугацаанаас 60 хоног өнгөрсөн тохиолдолд захиалагч талд төлсөн үнийн дүнгээс хоног тутам 0,05 хувийн алданги тооцож төлүүлэхээр харилцан тохиролцсоныг үндэслэн 2017 оны 3 дугаар сарын 02-ноос 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх 183 хоногт нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй, 127 520 000 төгрөгөөс 0,05 хувиар тооцоход нэг өдрийн алданги 63 760 төгрөг, үүнийг 183 хоногт үржүүлэхэд 11 668 080 төгрөгийн алдангийг хариуцагч төлөх үндэслэлтэй, шүүх алданги гаргуулахдаа Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна. Харин барилгыг захиалагчид хүлээлгэн өгсөн хугацааг улсын комисс хүлээн авснаар тооцох гэрээний тохиролцоог анхаараагүй нь алдаатай болжээ.

Түүнчлэн талууд гэрээний 3.4 дэх заалтаар барилга ашиглалтад орох хугацаанаас хэтэрсэн буюу 2017 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш захиалагч талд банкны зээлийн хүүгийн зөрүүг төлөх үүргийг ажил гүйцэтгэгч хүлээсэн тул 2017 оны 01 дүгээр сарын 01-ээс барилгыг улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авсан 2017 оны 9 дүгээр сарын 5 хүртэлх хугацааны зээлийн хүүгийн зөрүүг нэхэмжлэгч шаардах эрхтэй. Нэхэмжлэгчийн хүүгийн зөрүүг сар бүрээр тодорхойлсон хэмжээгээр 2017 оны 1 дүгээр сарын 1-ээс 2017 оны 8 дугаар сарыг дуустал тооцвол нийт 2 260 126 төгрөг байна. Гэвч хариуцагч тал шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа зээлийн хүүгийн зөрүүд 2 814 895 төгрөгийг төлөхийг зөвшөөрчээ. Иймд хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэлийн энэ хэсгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Хариуцагч тал барилгыг байнгын ашиглалтад хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн байхад захиалагч тал банкны ердийн нөхцөлөөр авсан зээлээ 8 хувийн ипотекийн зээлд шилжүүлээгүй байгаад хариуцагчийг буруутгах үндэслэлгүй тул хүүгийн зөрүү тооцох хугацааг 2017 оны 9 дүгээр сарын 5-наар хязгаарлах үндэслэлтэй.

Мөн өмгөөллийн хөлсөнд 500 000 төгрөг төлснийг хариуцагчийн хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй байх ба уг шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгохдоо хууль баримтлаагүйг зөвтгөх шаардлагатай. 

Хариуцагч тал нэхэмжлэгч К.С-ын нэхэмжлэлийг гардан авч, хариу тайлбар гарган, нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн, анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх хугацаанд харьяаллын талаар маргаагүй, анхан шатны шүүхэд хэлэлцэгдээгүй, мэтгэлцээгүй уг асуудлаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт нийцэхгүй тул энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 219.1 дэх хэсгийг нэмж баримталсан болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг “14 482 975 төгрөгийн хэмжээнд хангаж, үлдэх 3 834 063 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, мөн хариуцагчаас гаргуулах улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг өөрчилсөн өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2018/01451 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “232.6” гэсний дараа “219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэг” гэж нэмж, “17 817 038 /арван долоон сая найман зуун арван долоон мянга гучин найм/ төгрөгийг” гэснийг “14 482 975 /арван дөрвөн мянган дөрвөн зуун наян хоёр есөн зуун далан тав/ төгрөгийг” гэж, “үлдэх 500 000 төгрөгийн” гэснийг “үлдэх 3 834 063 төгрөгийн” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “247 035 төгрөгийг” гэснийг “230 364 төгрөгийг” гэж тус тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 040 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                               А.МӨНХЗУЛ

 

А.ОТГОНЦЭЦЭГ