Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/01637

 

Ч.Ө-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/0566 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1276 дугаар магадлалтай,

Ч.Ө-ийн нэхэмжлэлтэй

НШШГГ-т холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 3/25056 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ч.Ө-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: НШШГГ-ын тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч Г.Гантуяа нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 3/25056 тоот тогтоолоор төлбөрт хураагдсан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 39 дүгээр байр, 3 тоот орон сууцыг 51.640.000 төгрөгөөр үнэлэн дуудлага худалдаанд оруулах тогтоол үйлджээ. Гэтэл НШШГГ-аас дээрх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа надаас үнийн санал аваагүй, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх заалтыг зөрчиж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан ажиллагааг хийгээгүй, дур мэдэн хөндлөнгийн байгууллагаар үнэлгээ тогтоолгож, уг үнийн саналыг танилцуулалгүй, эд хөрөнгийг гэнэт дуудлага худалдаанд оруулах тогтоол гаргаж, дуудлага худалдааны үйл ажиллагаа зохион байгуулж төлбөр төлөгчийн өмчлөх эрхэд ноцтой халдсан. Төлбөрт хураагдсан уг орон сууцыг би 2011 онд орон сууц хямд байхад 75.000.000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд уг орон сууц өнөөдөр зах зээлд 80.000.000 төгрөгийн үнэ хүрнэ. Гэтэл орон сууцыг ийм хямд үнээр үнэлүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 3/25056 тоот үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч НШШГГ-ын шүүхэд гаргасан тайлбарт: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2017/00748 дугаар захирамжаар Ч.Ө-ээс 40.201.265 төгрөгийг гаргуулж НБМ финанс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 17290753 тоот тогтоолоор үүсгэж, 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 39 дүгээр байрны 3 тоот орон сууцыг 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 17290753/02 тоот тогтоолоор битүүмжилж, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 17290753/04 тоот тогтоолоор хураасан. Талуудаас 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Иргэний хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаар тогтоолоор шинжээч томилж, зах зээлийн үнийг тогтоолгосон. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 3/25056 дугаар мэдэгдэл нь дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол биш бөгөөд шинжээчийн тогтоосон зах зээлийн үнийг талуудад мэдэгдсэн. 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 3/25056 тоот мэдэгдлийг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсан гэдэг нь үндэслэлгүй бөгөөд мэдэгдлийг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шинжээчийн тогтоосон үнэлгээг хүлээн зөвшөөрч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зуйлд заасны дагуу өөрийн хөрөнгийг 1 сарын хугацаанд худалдан борлуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар талууд эд хөрөнгийн үнэлгээний талаар гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах заалтын дагуу гомдол гаргах хугацаа өнгөрсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/0566 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч НШШГГ-т холбогдох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 39 дүгээр байрны 3 тоот хаягт орон сууцны үнэлгээтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Ч.Ө-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1276 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/00566 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, талуудын хоорондын маргааныг буруу дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй болно. Магадлалд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мөн зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах ёстой. Нэхэмжлэгч Ч.Ө- нь мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш 15 хоногийн дараа буюу 10 дугаар сарын 26-ны өдөр гомдлоо гаргаж дээрх хуулиар тогтоосон хугацааг зөрчсөн гэж дүгнэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан 7 хоногийн дотор шүүхэд хандах хугацааг зөрчсөн гэж дүгнэжээ. НШШГГ-ын тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч, Ц.Гантуяа нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 3/25056 тоот тогтоол үйлдэн тогтоолд ...нэхэмжлэгч Ч.Ө-ийн төлбөрт хураагдсан Хан-Уул дүүргийн 1-р хороо, 19 дүгээр хороолол, 39-р байрны 3 тоот орон сууцыг 51.640.000 төгрөгөөр үнэлсний 70 хувиар тооцон анхны дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол үйлдэж, уг тогтоолыг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдсэн. Уг баримт нь хэрэгт авагдсан бөгөөд талууд энэ тухай маргаж, НШШГГ-аас нэхэмжлэгчид дуудлага худалдааг мэдэгдсэн мэдэгдэлд зурагдсан гарын үсэг, он сар дээр талууд маргаж, нэхэмжлэгч хэд хэдэн удаа шинжээч томилж уг асуудлыг тодруулахыг хүссэн боловч шүүх шаардлагагүй, уг гарын үсгийг нэхэмжлэгчийн гарын үсэг мөн гэж үзэн хэргийг эцэслэн шийдвэрлэхээс өмнө нотлох баримтыг үнэлж аль хэдийн шийдвэрээ гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Шүүхийн шийдвэрийн үндэслэлийг харахад эрх нь зөрчигдсөн этгээд шүүхэд хандах хугацааг хэтрүүлсэн нь эрхийг сэргээх боломжгүй мэтээр дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаагүй магадлал нь хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй. Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хуулийн хугацаанд гаргаагүй гэж дүгнэсэн бол нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох биш хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хууль буруу хэрэглэсэн гэж үзнэ. Иймд шийдвэр, магадлалийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ч.Ө- нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч  зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон,  давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүх  хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэлийн талаар хэрэглэвэл зохих Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Хоёр шатны шүүх Ч.Ө-ийг үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2017/00748 дугаар захирамжаар Ч.Ө- 40.000.000 төгрөгийг НБМ финанс ББСБ-д төлөх үүргийг хүлээж, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийн  үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Дээрх захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба явуулж, барьцаа хөрөнгийг битүүмжлэн хурааж, улмаар дуудлага худалдаа явуулах тогтоол гаргаж, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагаа хийсэн байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар дуудлага худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоож болдог ба тэд тохиролцож чадаагүйгээс шийдвэр гүйцэтгэх байгууллага мэргэжлийн үнэлгээчнийг шинжээчээр томилж, үнэлгээ тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцжээ.

Үнэлгээний талаарх мэдэгдлийг НШШГГ- төлбөр төлөгч Ч.Ө-т 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гардуулсан нь хэргийн 51-54-р талд авагдсан баримтаар тогтоогдсон, нэхэмжлэгч гомдлоо өөрт мэдэгдснээс 7 хоногийн дотор шүүхэд гаргах хугацааг хэтрүүлсэн, энэ талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасныг зөрчөөгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/0566 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1276 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.           

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ