Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2018/0566

 

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2018/0566

Улаанбаатар хот

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 28 дугаар байрны 60 тоотод оршин суух, 1964 онд төрсөн, 53 настай, эмэгтэй, Х овогт Чы Ө/рд:ШБ64082908/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3 тоот хаягт байрлах Нт холбогдох

Нын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 3/25056 тоот “үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах” тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нын тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч, Г.Гнь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Дугаар 3/25056 тоот тогтоол үйлдэн нэхэмжлэгч Ч.Ө миний төлбөрт хураагдсан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 39 дүгээр байр, 3 тоот орон сууцыг 51 640 000 төгрөгөөр үнэлэн дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол үйлджээ. Гэтэл Наас дээрх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа Ч.Ө надаас дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал аваагүй, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 77.1 дэх заалтыг /...дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал үүрэг гүйцэтгэгч тогтоох.../ зөрчиж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, тараагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө”-д заасан ажиллагааг хийгээгүй, дур мэдэн хөндлөнгийн байгууллагаар үнэлгээ тогтоолгож, тэр ч бүү хэл хөндлөнгийн байгууллагаар тогтоолгосон үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг хүртэл төлбөр төлөгчид танилцуулаагүй, нэхэмжлэгч миний төлбөрт хураагдсан эд хөрөнгийг гэнэт дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол гаргаж, дуудлага худалдааны үйл ажиллагаа зохион байгуулж байгаа нь төлбөр төлөгчийн өмчлөх эрхэд ноцтой халдаж байгаа хэрэг юм. Төлбөрт хураагдсан уг орон сууцыг  анх 2011 онд орон сууц хямд байх үед би 75 000 000 төгрөгөөр худалдан авч  байсан. Одоо зах зээлд орон сууцны үнэ, ханш өндөр байгаа, нөгөө талаараа орон сууцны байршил, ашиглалтад орсон хугацаа зэргийг харгалзан миний орон сууц өнөөдөр зах зээлд 80 000 000 төгрөгийн үнэ хүрч байгаа. Гэтэл Наас миний орон сууцыг хаана, ямар байгууллагаар ийм хямд үнээр, бүр миний төлөх төлбөрт хүрэлцэхгүй үнээр үнэлж байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иймд Нийслэлййн шийдвэр гүйцэтгэх албаны, тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Гантуяагийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 3/25056 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах” тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2017/00748 тоот захирамжаар Ё.Өээс 40 201 265 төгрөгийг гаргуулж “НБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 17290753 тоот тогтоолоор үүсгэж, 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 39 дүгээр байрны 3 тоот орон сууцыг 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 17290753/02 тоот тогтоолоор битүүмжилж, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн17290753/04 тоот тогтоолоор хураасан. Талуудаас 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Иргэний хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаар тогтоолоор шинжээч томилж, зах зээлийн үнийг тогтоолгосон. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 3/25056 дугаар мэдэгдэл нь дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол биш бөгөөд шинжэээчийн тогтоосон зах зээлийн үнийг талуудад мэдэгдсэн мэдэгдэл болно. Нэхэмжлэгч Ч.Өийн нэхэмжлэлд дурдсанаар 2017 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 3/25056 тоот мэдэгдлийг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсан гэдэг нь үндэслэлгүй бөгөөд мэдэгдлийг 2017 оны 10 сарын 11-ний өдөр хүлээн авч, шинжээчийн тогтоосон үнэлгээг хүлээн зөвшөөрч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу өөрийн хөрөнгийг 1 сарын хугацаанд худалдан борлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар талууд эд хөрөнгийн үнэлгээний талаар гомдлоо  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэсэн заалтын дагуу гомдол гаргах хугацаа өнгөрсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэгч Ч.Өийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Ө нь хариуцагч Нт холбогдуулан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 3/25056 тоот үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар шаардаж, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон болон шүүх нэхэмжлэлийн шаардлага болон талуудын тайлбараас нэхэмжлэгч Ч.Өийг хөрөнгийн үнэлгээтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж дүгнэв.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар талууд эд хөрөнгийн үнэлгээний талаар гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэсэн заалтын дагуу гомдол гаргах хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэж маргаж байна.

 

           Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.   

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мөн хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар хуульчилсан бөгөөд уг хугацааг алдсан явдал нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болдог.

 

Хэргийн баримтаас үзэхэд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2017/00748 дугаар шүүгчийн захирамжаар НБ ХХК-ийн нэхэмжлэлтэй зээлийн болон барьцааны гэрээний үүрэгт 48 915 941 төгрөг гаргуулах тухай Ч.Өт холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч тал 8 915 941 төгрөгөөс татгалзаж, үлдэх 40 000 000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хооронд хариуцагч тал төлөхөөр, төлөөгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 39 дүгээр байрны 3 тоот хаягт байрлах Ү-2206001700 тоот улсын бүртгэлийн дугаартай барьцаа хөрөнгө болон бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Улмаар шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 7367 дугаар захирамж гарган шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, гүйцэтгэх хуудас олгогдон, 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсчээ.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Нын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 260 тоот Шинжээч томилох тухай тогтоолоор нэхэмжлэгчийн өмчлөлийн  Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 39 дүгээр байрны 3 тоот хаягт байрлах эд хөрөнгөд үнэлгээ тогтоохоор Баян модот ХХК-ийг томилж, тус компанийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 17/0113 тоот дүгнэлтээр тус орон сууцны зах зээлийн үнийг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 51 640 000 төгрөгөөр тогтоосон байна.

 

Н 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 3/25056 тоот мэдэгдлээр нэхэмжлэгч Ч.Өт “...Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 51 640 000 төгрөгийн 70 хувиар тооцож, 36 148 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болохыг мэдэгджээ.

 

Түүнчлэн дээрх мэдэгдлийг Хан-Уул дүүргийн 139 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 16 цагт нэхэмжлэгч Ч.Өт хүлээлгэн өгч, мөн оны 10 дугаар сарын 12-ны өдөр Ч.Ө нь өөрийн өмчлөлийн орон сууцыг өөрийн хүсэлтээр худалдан борлуулахад 1 сарын хугацаа шаардлагатай байгаа талаарх хүсэлтээ Нт бичгээр гаргасан байна. /хх52, 53/

 

Түүний хүсэлтийг тус газар хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 17290753/06 тоот “...хүсэлтийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулахыг мэдэгдье. Хэрвээ тогтоосон хугацаанд худалдан борлуулаагүй тохиолдолд хуульд заасан журмын дагуу албадан дуудлага худалдаанд оруулахыг мэдэгдье” гэсэн агуулга бүхий мэдэгдэл гаргаж, уг мэдэгдлийг нэхэмжлэгчийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 28 дугаар байрны 60 тоот хаягаар Ч.Өийн эгч Ч.Оюунд гардуулж өгсөн гэх тэмдэглэл хавтаст хэрэгт авагджээ. /хх56/

 

Дээрх баримтуудаар нэхэмжлэгчийн “...2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 3/25056 тоот мэдэгдэлд нэхэмжлэгчээр гарын үсэг зуруулаад, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэсэн он, сар тавьсан байсан. Үүнийг зөвшөөрөхгүй, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр уг мэдэгдлийг хүлээж авч, 10 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэх тайлбар үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ч.Ө нь эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой мэдэгдлийг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авсан болох нь хэргийн баримтаар тогтоогдож байх бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гомдол гаргаж, хуулиар тогтоосон 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Эрдэнэцэцэг нь энэ өдрийн шүүх хуралдааны товыг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мэдэж, гарын үсэг зурсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул хариуцагчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н-т холбогдох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 39 дүгээр байрны 3 тоот хаягт орон сууцны үнэлгээтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Ч.Ө-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ