Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 831

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: А.Дүүрэнбилэг,

Шүүгдэгч: Ц.Л-, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Ц.Л-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005016731248 дугаартай хэргийг 2020 оны 9 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц.Л-, ...... тоот регистртэй,

Шүүгдэгч Ц.Л- нь 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр байрны зогсоолд байрлуулсан хохирогч Б.Э-ын эзэмшлийн ...улсын дугаартай Тоёото Пробокс маркийн тээврийн хэрэгсэлд нэвтэрч 18-105 дурантай Никон Д90 маркийн зургийн аппарат хулгайлж түүнд 700.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Л- шүүх хуралдаанд: “...Тухайн өдөр би тэр байрны гадаа хүн хүргэж өгөөд, тэнд байсан гараашуудын ард очиж бие засаад буцаад машиндаа суух гэж байхад хажууд байсан машины цонх нь онгорхой байсан. Би дотор тийш нь харахад саарал ууттай зүйл байсан. Би зургийн аппарат гэж бодоогүй. Тэгээд гараа оруулаад авах гэтэл гар хүрэхгүй байхаар нь хаалганы цоожийг нь онгойлгоод хойд хаалгаар нь ороод уг саарал ууттай зүйлийг аваад явсан. Би уг нь эд зүйлийг нь буцаан өгөх гэсэн боловч хулгай хийсэндээ санаа зовоод тэр чигтээ гүйрийж байвал гайгүй өнгөрөх байх гэж энэ асуудалд хүргэсэн. Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна. Хохирлыг нөхөн төлсөн” гэв.

Хохирогч Б.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 12 цагийн үед өөрийн гэр болох Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр байрны арын машины зогсоол дээр өөрийн эзэмшлийн ...улсын дугаартай Пробокс автомашинаа байрлуулан тавьсан байсан. Тухайн үед машинд Никон Д90 маркийн 18х105 дурантай зургийн аппаратаа машины урд суудлын голын хайрцаг завсарт тавьсан байсан. Тухайн үед машиныхаа урд талын цонхыг өөрийн хайхрамжгүй зангаасаа болоод онгорхой орхиод мартаад гэр рүүгээ орсон байсан. Өдрийн 13 цагийн үед хорооны цагдаа Эрдэнэхүү залгаж таны машины цонх онгорхой байна, та гарч ирээд машиныхаа цонхоо хаагаад, машинаа шалга гэж хэлэхээр нь гараад машинаа үзтэл цонхоо хаахаа мартсан, зургийн аппарат маань байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 7-8/,

Гэрч Э.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...манай машины хажуу талд цагаан Пробокс маркийн машин байсан ба жолоочийн эсрэг талын цонх онгорхой байхаар нь жолооч нь ойрхон байгаа юм байлгүй гээд тоогоогүй, утсаар яриад байж байсан. Тэгтэл 50-60 орчим насны бор царайтай, буурал үстэй, ногоон эрээн алаг хамгаалалтын хувцас өмссөн хар өнгийн түрүүтэй гутал өмссөн хүн уг машины хажууд ирээд зогсохоор нь байрны хамгаалагч юм байна гэж бодсон. Тэгтэл онгорхой цонхоор гараа оруулаад хаалгыг онгойлгоод машины арын суудал руу ороод суусан, 1 секунд л болсон байх, машинаас гарч ирэхдээ жижиг саарал цүнх бариад машинаас буусан ба арынх нь мөнгөлөг өнгийн ...улсын дугаартай Приүс-20 машинд суугаад машинаа бариад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 11/,

Гэрч Д.Я-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “…би Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр байрны 2-р орц, 7 давхар 64 тоотод оршин суудаг иргэн байгаа юм. 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ойролцоогоор өдрийн 12-13 цагийн орчим өөрийн гэрийнхээ тагтны цонхон дээр машинаа харах гээд зогссон. Тухайн үед би байрныхаа хойд талын өндөр хүчдэлийн трансформаторын хажууд машинаа байрлуулж тавьсан ба 50-60 орчим насны бор царайтай, ногоон эрээн дисант хувцастай хүн миний машины цонхоор өнгийж хараад трансформаторын ард бие засах шиг болсон. Ингээд манай байрны гадна зогсоол дээр хүрч ирээд цагаан өнгийн машины хажууд зогсоод цонхоор нь гараа хийгээд байх шиг байсан. Төд удалгүй машины арын суудал руу орж суухдаа саарал өнгийн даавуун боодолтой зүйлийг авч буугаад хажууд нь байсан саарал өнгийн машинд суугаад хөдлөөд явсан...”  гэсэн мэдүүлэг /хх-н 12-13/,

Гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд: “...гэрч Э.Ц- нь дугаар 1 буюу ...-г хараад энэ хүн мөн байна би урдаас нь болон хажуу талаас нь харсан маш сайн санаж байна, би хараад л шууд танина, биеийн төрх, нас, хүйс зэргийг хараад шууд таньж байна” гэжээ /хх-н 37-38/,

 Хохирогчийн өргөдөл /хх-н 4/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 20-21/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 25-32/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Ц.Л- нь 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр байрны зогсоолд байрлуулсан хохирогч Б.Э-ын эзэмшлийн ...улсын дугаартай Тоёото Пробокс маркийн тээврийн хэрэгсэлд нэвтэрч 18-105 дурантай Никон Д90 маркийн зургийн аппарат хулгайлж түүнд 700.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Э-ын “...13 цагийн үед хорооны цагдаа Эрдэнэхүү залгаж таны машины цонх онгорхой байна, та гарч ирээд машиныхаа цонхоо хаагаад, машинаа шалга гэж хэлэхээр нь гараад машинаа үзтэл цонхоо хаахаа мартсан, зургийн аппарат маань байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 7-8/, гэрч Э.Ц-ийн “...Тэгтэл 50-60 орчим насны бор царайтай, буурал үстэй, ногоон эрээн алаг хамгаалалтын хувцас өмссөн хар өнгийн түрүүтэй гутал өмссөн хүн уг машины хажууд ирээд зогсохоор нь байрны хамгаалагч юм байна гэж бодсон. Тэгтэл онгорхой цонхоор гараа оруулаад хаалгыг онгойлгоод машины  арын суудал руу ороод суусан, 1 секунд л болсон байх. Машинаас гарч ирэхдээ жижиг саарал цүнх бариад машинаас буусан ба арынх нь мөнгөлөг өнгийн ...улсын дугаартай Приүс-20 машинд суугаад машинаа бариад яваад өгсөн..” гэсэн мэдүүлэг /хх-н 11/, гэрч Д.Я-гийн “…Ингээд манай байрны гадна зогсоол дээр хүрч ирээд цагаан өнгийн машины хажууд зогсоод цонхоор нь гараа хийгээд байх шиг байсан. Төд удалгүй машины арын суудал руу орж суухдаа саарал өнгийн даавуун боодолтой зүйлийг авч буугаад хажууд нь байсан саарал өнгийн машинд суугаад хөдлөөд явсан...”  гэсэн мэдүүлэг /хх-н 12-13/, гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “шүүгдэгч нь агуулах сав, орон байранд нэвтрээгүй, автомашиныг агуулах саванд нэвтэрсэн гэж үзэхгүй, мөн машины цонх онгорхой байсан тул гараа оруулж авсан, ямар нэгэн байдлаар бусдын агуулах сав, орон байранд нэвтрээгүй тул зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг хүлээж авах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дугаар зүйлийн 2.1-т “...энэ гэмт хэргийг ... орон байр, .... агуулахад нэвтэрч” гэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг хуульчилжээ. “Агуулах сав” гэдэг нь эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, пин, амбаар, илүү гэр, гэрийн болон тээврийн чингэлэг, бүх төрлийн агуулах, зоорь, авто мухлаг, хөргөх ба эд бараа зөөх төхөөрөмжтэй автомашин, граж, албан тасалгаа, үйлдвэрлэлийн эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байр, түүнчлэн хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабин, багаж, онгоц, галт тэрэг, далайн хөлгийн ачаа хадгалах сав зэргийг хамааруулан ойлгох хууль зүйн ойлголт юм.

Тээврийн хэрэгсэл нь зөвхөн унаж явахад зориулагдсан эд хөрөнгө биш бөгөөд өөрийн эд зүйлээ хадгалах, хамгаалахад мөн зориулагдсан агуулах гэж үзэх үндэслэлтэй болно.

Шүүгдэгч Ц.Л- нь хохирогчийн автомашины цонх онгорхой байсан хэдий ч бусдын өмчлөлийн эд зүйлээ хадгалж үлдээсэн тээврийн хэрэгсэлд нэвтрэх эрхгүй бөгөөд түүний энэ үйлдлийг агуулах буюу бусдын тээврийн хэрэгсэлд нэвтэрч эд зүйлсийг хулгайлсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Лхагвын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Л- нь хохирогч Б.Э-ын авто машины цонх онгорхой байхад нь хаалгыг нь нээж арын хаалгаар нь нэвтрэн орж, улмаар автомашин дотор байсан 18-105 дурантай Никон Д-90 маркийн зургийн аппартыг хулгайлан 700.000 төгрөгийн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч нь зургийн аппаратаа буцаан авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт шүүхэд бичгээр ирүүлсэн тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Ц.Лбуруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 02 жил хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр ялын доод хэмжээний хоёрын нэгээс багагүй ял оногдуулах...” гэж заажээ.

Шүүх шүүгдэгч Ц.Лгэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч, гомдол саналгүй, хохирогчийн хохирлыг барагдуулсан, гэм буруугийн талаар маргаагүй, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л-д шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ц.Л“хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад  нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Л01 жил хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ц.Л-д  оногдуулсан 01 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Л-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ОТГОНБАЯР