Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2022/0308

 


Д.Б, Г.Б, Т.А, Р.Б нарын
нэхэмжлэлтэй, захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Д.Б, Г.Б, Т.А, Р.Б,
Нэхэмжлэлийн шаардлага: “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/278 дугаар захирамжийн Н.Э-холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай”,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 157 дугаар,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: 
Нэхэмжлэгч Д.Б Т.А, Р.Б,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г,
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Г, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул,
Хэргийн индекс: 128/2021/0830/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Б Г.Б Т.А Р.Б нар нь СХД-ийн ЗД-холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/278 дугаар захирамжийн Н.Э-холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна. 
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 157 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 38 дугаар зүйлийн 38.1, 38.4-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б Г.Б,, Р.Б,, Т.А нараас СХД-ийн ЗД-холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/278 дугаар захирамжийн Н.Э-холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Н.Э-д эзэмшүүлэхээр өгсөн газар нь түүний салсан эхнэр Н.Т-ын нэр дээр 2011 онд шилжсэн байдаг бөгөөд уг газар дээр 2015 оноос одоог хүртэл ямарч үйл ажиллагаа явуулж, зориулалтын дагуу ашиглаж байгаагүй. Сонгино хайрхан дүүргийн Засаг дарга болон Газар зохион байгуулалтын албаны зүгээс бүрдүүлж өгсөн материалдаа газрын төлбөрөө төлөөгүй байсныг тусгаж, тодорхой гаргаж ирүүлээгүй. Газар зохион байгуулалтын албаны байцаагч нар албан тушаалаа урвуулан ашиглаж Н.Э болон К.Г нарт шилжүүлсэн гэж үзэхээр байна. 
3.2. Бид Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1, 2-т заасны дагуу 2017 оноос эхлэн удаа дараа очиж байсан боловч бидний өргөдөл, материалыг хүлээн авч байгаагүй учраас тус анхан шатны шүүхийн шийдвэрийн 3.1-т байгаа байдал үүссэнд гомдолтой байна. 
3.3. Сонгино хайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны байцаагч нар нь Н.Т-ын нэр дээрхи газрыг компаний газар гэсэн хэрнээ зүүн захаас нь айлуудад олгосон.    Бидний өргөдлийг авахгүй байсан нь хуулийг мэдэхгүй байгаа ард иргэд биднийг зориуд хохироосон шударга биш үйлдэл гэж үзэж гомдолтой байна. Учир нь анхан шатны шүүхийн шийдвэрийн 3.3-т бас илрэн гарч байна.
3.4. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан байхад ард иргэд биднийг тус газар дээр амьдарч маргасаар байхад 2020 оны 07 дугаар сарын 01-нд маргааныг авч хэлэлцэхгүйгээр эзэмших эрхийн гэрчилгээ гаргасанд нь иргэд бид гомдол гаргах үндэслэлтэй гэж үзэж байна. 
3.5. Өнөөдрийн байдлаар тус газар дээр 8х8 хэмжээтэй, сүүлийн үеийн шинэ материалаар барьсан, 50 сая төгрөгөөр үнэлэгдсэн хувийн орон сууц 2018 онд баригдсан байгаа тул харзан үзэж туслана уу. Иймд гомдлыг минь хянан үзэж Сонгино хайрхан дүүргийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/278 дугаартай захирамжийг хүчингүй болгож, асуудлыг нягтлан шалгаж бидний талд шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангасангүй. Үүнд: 
2.1. Нэхэмжлэгч нараас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/278 дугаар захирамжийн Н.Э-холбогдох хэсгийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, анхан шатны шүүх уг шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн байна. 
2.2. Маргаан бүхий дээрх захирамжид хамаарах газрын эзэмших эрхийн үүссэн нөхцөл байдлыг авч үзвэл анх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 332 тоот захирамжаар Л.Л-д нэгж талбарын 18626310577943 дугаартай 10.000 мкв газрыг 15 жилийн хугацаатайгаар түлээ нүүрсний захын зориулалтаар эзэмшүүлэх шийдвэрлэж, улмаар Л.Л нь Н.Т-той 2011 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулан 5000 мкв газрыг эзэмших эрхийг шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлт гаргаж тус дүүргийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А215 тоот захирамжаар Н.Т-д нэгж талбарын 55/5955 дугаартай 5000 мкв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, үүний дараа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/278 дугаар захирамжаар тус дүүргийн Засаг даргын 2011 оны 215 дугаар захирамжийг хүчингүй болгож, Н.Э-Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4996 мкв газрыг эзэмшүүлж, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд үүнтэй хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар маргаагүй. 
2.3. Анхан шатны шүүх “... Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаас үзвэл, газар эзэмшүүлэх эрх олгох харилцаа нь иргэн, хуулийн этгээдийн бусдын эзэмшил ашиглалтад олгогдоогүй газарт гаргасан хүсэлтэд үндэслэж үүсэхээр байх тул нэхэмжлэгч нар маргаан бүхий газарт газар эзэмших тухай хүсэлтээ хуульд заасан журмын дагуу гаргаж байгаагүй, … дүүргийн Засаг даргын 2020 оны А/278 дугаар захирамжаар иргэн Н.Т-ынгазар эзэмших эрхийг Н.Э-шилжүүлж шийдвэрлэсний улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй, мөн маргаан бүхий актыг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна ...” гэх зэрэг дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. 
2.4. Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “... Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилт сургуулийн 1 дүгээр гудамж анх хоосон газар байхад нь 2016, 2017 онуудад бууж, тус тусын хашаагаа хатгаж, тухайн газар дээрээ гэрээ барих нь барьж, үл хөдлөх хөрөнгө болох байшингаа барьж, 5-6 жилийн хугацаанд амьдарч байна. Д.Б нь 2018 онд байшингийнхаа суурийг ухаж байхад ч саад учруулаагүй, 2019 онд байшингаа барьж байхад ч зогсоогоогүй. 2018-2019 онд өөрийн амьдарч байгаа газартаа 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “Бурзайх арвай” ХХК-иар өөрийн хойд эцэг Д.Эрдэмбилэгийн нэр дээр кадастрын зураг хийлгэж, газраа эзэмшихээр Сонгинохайрхан дүүргийн газрын албанд хүсэлтээ өгөх гэхэд хүлээн авахаас удаа дараа татгалзсан ... Сонгинохайрхан дүүргийн Газрын алба бидний газар эзэмших өргөдөл хүлээж аваагүй байгаа мөртлөө Н.Э-4 айлын газрыг 2020 оны 06 дугаар сард газар олгожээ. Н.Э гэдэг хүний газар хүссэн өргөдөл бусад баримттай танилцах гэхэд биднийг танилцах эрхгүй гэсэн ... иймээс захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй” гэж, нэхэмжлэлийг эс зөвшөөрч хариуцагчаас “...Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан заалтыг зөрчсөн үйлдэл болохоос тэдний эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Тус газрыг 2008 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 332 дугаар шийдвэрээр иргэн Л.Л нь Түлээ нүүрсний захын зориулалтаар 10000 мкв газрыг 15 жилийн хугацаатай Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу хүсэлт гаргаж газар эзэмших эрх авсан байна. 2011 онд хүсэлт гаргаж 10000 мкв газрынхаа 5000 мкв газрыг иргэн Н.Т Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 215 дугаар захирамжаар шилжүүлсэн … Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эрх шилжүүлэх тухай албан бичгийн дагуу 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/278 дугаар захирамжаар Намсрайн Энхболдод газар эзэмших эрх олгосон тул нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна ... ” гэж, гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас “ ... эдгээр хүмүүс газрыг хоосон байсан гэдэг, бодит байдал дээр хашаа байсан. Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны улсын байцаагч нар газар чөлөөлөх албан шаардлага өгч, амаараа мөн адил хэлж байсан. Энэ газар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаад Н.Э-шилжиж ирсэн ... нэхэмжлэгч нарын тайлбараар өөрсдөө хууль бусаар тус газарт буусан гэдгээ хүлээн зөвшөөрч байна … нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тус тус тайлбарлан маргажээ. 
2.5. Нэхэмжлэгч нар нь Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилт сургуулийн 1 дүгээр гудамжинд байрлах маргаан бүхий газрыг эзэмшихээр хүсэлт гаргасан гэж маргаж байгаа хэдий ч дээрх хуульд заасан шаардлага хангасан хэлбэрээр газар эзэмших хүсэлт гаргасан үйл баримт тогтоогдоогүй, нэхэмжлэгч нар хуульд заасан журмын дагуу газрыг зориулалт, хугацаа, болзолтойгоор зөвхөн хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр газар эзэмших хуулиар тогтоосон журмыг зөрчиж, бусдын газар дээр зөвшөөрөлгүйгээр хашаа хатгаж, байшин барьж амьдарч байсан нь тогтоогдсон, үүнтэй нэхэмжлэгч нар маргаагүй байх тул анхан шатны шүүх “Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17/181 тоот албан бичиг болон гэрч Г.Ариунзаяа, Б.Бямбацогт нарын мэдүүлгийг үндэслэн маргаан бүхий газарт газар эзэмших тухай хүсэлтээ хуульд заасан журмын дагуу гаргаж байгаагүй, хуульд заасныг зөрчиж бусдын эзэмшилд олгогдсон газарт суурьшсан ... ” гэж дүгнэснийг буруу гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь, 
2.6. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, 32.2.1-т “овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар”, 32.2.2-т “эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг”, 32.2.3-т “газар эзэмших зориулалт, хугацаа”, 32.5-д “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна”, 32.5-д “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна” гэж тус тус зааснаас үзвэл иргэн, хуулийн этгээд нь газар эзэмших хүсэлтээ дээрх хуульд заасан шаардлага хангасан хэлбэрээр өөрийн харьяа нутаг дэвсгэрийн Засаг даргад гаргах үүрэгтэй, харин тухайн газар эзэмших тухай хүсэлт түүнд хавсаргасан баримт бичгийг газрын даамал, газрын алба нягтлан хянаад хэрэв шаардлага хангаагүй бол тэр талаарх үндэслэлийг буюу газар эзэмшүүлэх боломжгүй гэж үзсэн үндэслэлээ тайлбарласан мэдэгдлийг хүсэлт гаргагчид өгч өргөдөл хүсэлтийн бүртгэлээс хасах үүрэгтэй байх бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшихээр хуульчилсан байна. 
2.7. Харин дээрх хуульд заасан бүрдэл хангаж газар эзэмших талаар гаргасан иргэн, хуулийн этгээд, байгууллагын хүсэлтийг хүлээн аваад газар эзэмшүүлэх, эсхүл эзэмшүүлэх боломжгүй талаар гаргасан Засаг дарга, газрын албаны тухайн холбогдох шийдвэрийн улмаас аливаа иргэн, хуулийн этгээд өөрийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдсөн, хөндөгдөж болзошгүй гэж үзсэн тохиолдолд холбогдох хууль, журамд заасны дагуу дараагийн шатны эрх бүхий төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдол, нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх боломжтой. 
2.8. Нэхэмжлэгч нар “... оршин сууж байгаа газраа эзэмшихээр удаа дараа хүсэлт гаргасан боловч хүлээж авахаас татгалздаг байсан” гэж маргасан боловч энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, тухайн эрх бүхий төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнаас газар эзэмших талаарх хүсэлтэд нь хэрхэн татгалзаж байсан талаарх холбогдох баримтыг шүүхэд гаргаагүй байна. Зүй нь, нэхэмжлэгч нар тухайн үед төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд газар эзэмших талаар хүсэлт гаргахад татгалзсан, эсхүл шийдвэрлэхгүй эс үйлдэхгүй гаргасан бол тэрхүү татгалзал, эс үйлдэхүйтэй нь холбогдуулан дээд шатны байгууллага, албан тушаалтанд, улмаар шүүхэд гомдол нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байжээ. 
2.9. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан. 
2.10. Хэрэгт цугларсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1/209 дүгээр албан бичиг, түүний хавсралт, нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хавсарган өгсөн google earth /2018.04.02/-ийн зургууд, “Бурзайх арвай” ХХК-ийн үйлдсэн кадастрын зураг, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд оршин суух нэр бүхий 6 иргэнтэй Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны орлогч дарга Б.Загдсамбартай уулзсан уулзалтын (“...Н.Энь ...хашаагаа бариагүйн улмаас тус айлууд зөвшөөрөлгүй бууж гудамж гаргасан байна ... Гэрэлчимэг, Майцэцэг гэдэг 2 айл ... зургаар харахад ямар нэгэн байдлаар Энхболдын газартай давхцаагүй байна ...Үндсэн давхцаж байгаа 4 айлуудын хувьд ... өөр газар шийдээд байршил шилжүүлэн захирамж гаргах боломж байна” гэж тэмдэглэгдсэн) тэмдэглэл зэрэг баримтаас үзвэл нэхэмжлэгч нарын амьдарч буй газар нь гуравдагч этгээд Н.Э-ын эзэмшлийн 4996 м.кв газартай хэсэгчлэн давхцалтай болох нь тогтоогдсон, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байна. 
2.11. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “гуравдагч этгээд болон нэхэмжлэгч нарын газар давхцалтай эсэхийг дахин тодруулах шаардлагатай” гэх тайлбарыг гаргасан бөгөөд маргаж буй газар нь гуравдагч этгээдийн газартай давхцалтай болох нь дээрх байдлаар хангалттай тогтоогдож байх тул энэ талаар шүүх дахин тодруулах ажиллагаа зайлшгүй хийх шаардлагатай гэж үзэх үндэслэлгүй буюу газрын давхцлыг дахин тогтоох нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц, хэргийг хянан шийдвэрлэхэд  нотолгооны ач холбогдолтой гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул уг гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ. 
2.12. Түүнчлэн нэхэмжлэгч нар бусдын эзэмшил газарт эрх бүхий байгууллага, албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр амьдарч байсан болох нь тогтоогдсон байх тул тэдгээрийн “хоосон газарт анх суурьшиж, удаан хугацаанд амьдарч байхад хэн нэгнээс газар чөлөөлөх талаар шаардлага тавиагүй, ... гуравдагч этгээд нь маргаан бүхий уг газар дээр 2015 оноос одоог хүртэл ямарч үйл ажиллагаа явуулж байгаагүй зориулалтын дагуу ашиглаж байгаагүй” гэх нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр гуравдагч этгээдийн 4996 м.кв газар эзэмших эрхийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэл, гомдлыг шүүх хүлээн авах  хууль зүйн үндэслэлгүй.  
2.13. Өөрөөр хэлбэл, нэгэнт эрх бүхий этгээд төрийн захиргааны албан тушаалтан болох Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 332 тоот захирамжаар Л.Лхагвадоржид нэгж 10.000 мкв газрыг 15 жилийн хугацаатайгаар түлээ нүүрсний захын зориулалтаар эзэмшүүлж, Л.Л нь Н.Т-той 2011 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулснаар дүүргийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/215 тоот захирамжаар Н.Т-д 5000 мкв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, үүний дараа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/278 дугаар захирамжаар Н.Э Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4996 мкв газрыг эзэмшүүлсэн шийдвэрүүд хүчин төгөлдөр үйлчилж байх бөгөөд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд Н.Э тус дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт 4996 мкв газрыг эзэмшүүлсэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/278 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлгүй юм.
2.14. Харин хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд оршин суух нэр бүхий 6 иргэнтэй Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны орлогч дарга Б.Загдсамбартай уулзалт хийсэн тухай тэмдэглэлд “  ... Үндсэн давхцаж байгаа 4 айлуудын хувьд ... өөр газар шийдээд байршил шилжүүлэн захирамж гаргах боломж байна  ...  ” гэж тэмдэглэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч нараас газар эзэмших асуудлаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүсэлт, санал гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй, тэдний энэ талаарх эрхээ эдлэхэд, мөн төрийн захиргааны эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлэх эсэх талаар шийдвэр гаргах хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг тус тус дурдах нь зүйтэй байна. 
Иймд шүүх бүрэллдэхүүн дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шийдвэрлэв. 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон 
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 157 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
   

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

             ШҮҮГЧ                                                                Н.ДОЛГОРСҮРЭН
 
ШҮҮГЧ                                                                      Н.ХОНИНХҮҮ