Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2022/0157

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х овгийн Д.Б, 

Нэхэмжлэгч: Ч овгийн Г.Б,

Нэхэмжлэгч: Х овгийн Т. А,

Нэхэмжлэгч: Х овгийн Р.Б,

Хариуцагч: СХДЗД,

Гуравдагч этгээд: З овгийн Н.Э,

Маргааны төрөл: Газар,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, Р.Б, Т.А, Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г , гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Г , гэрч Б.Б , Г.А , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Энар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

1.1. СХДЗД-ын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/1 тоот Газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэх тухай захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Т гэх газарт аж ахуйн зориулалтаар 4996 мкв газар эзэмших эрхийг Н.Т оос Н.Эод шилжүүлснийг баталгаажуулсан/Хавтаст хэргийн 93-95 дахь талд/.

1.2. Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 07/3 тоот албан бичгээр нэхэмжлэгч Т.Ад ...Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4-т зааснаар гомдлоо шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү гэж мэдэгджээ.

1.3. Д.Б, Р.Б, Т.А, Г.Б нараас СХДЗДд холбогдуулан 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр СХДЗД-ын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/1 тоот захирамжийн Н.Эод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг анх гаргасан.

 

Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Монгол Улсын иргэн болох Д.Б, Р.Б, Т.А, Г.Б нар нь Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Т сургуулийн 1 дүгээр гудамж анх хоосон газар байхад нь 2016, 2017 онуудад бууж, тус тусын хашаагаа хатгаж, тухайн газар дээрээ гэрээ барих нь барьж, үл хөдлөх хөрөнгө болох байшингаа барьж, 5-6 жилийн хугацаанд амьдарч байна. Үл хөдлөх хөрөнгөтэй иргэн болох Д.Б нь 2018 онд байшингийнхаа суурийг ухаж байхад ч саад учруулаагүй, 2019 онд байшингаа барьж байхад ч зогсоогоогүй. 2018-2019 онд өөрийн амьдарч байгаа газартаа 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр БА ХХК-иар өөрийн хойд эцэг Д.Д гийн нэр дээр кадастрын зураг хийлгэж, газраа эзэмшихээр Сонгинохайрхан дүүргийн газрын албанд хүсэлтээ өгөх гэхэд хүлээн авахаас удаа дараа татгалзсан. Бидний хашаа хатгаж, байшин барьж амьдарч буй газарт 6 айл хашаа хатган гэрээ бариад олон жил амьдарч байна. Олон жил амьдарч байгаа учраас 2 дугаар хорооноос хаягжилт хүртэл өгч байсан. Сонгинохайрхан дүүргийн Газрын алба бидний газар эзэмших өргөдөл хүлээж аваагүй байгаа мөртлөө Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчиж Н.Э гэдэг хүнд 4 айлын газрыг 2020 оны 06 дугаар сард газар олгожээ. Бид Н.Э гэдэг хүний газар хүссэн өргөдөл бусад баримттай танилцах гэхэд биднийг танилцах эрхгүй гэсэн. Иймд СХДЗД-ын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/1 тоот захирамжийн Н.Эод холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2.2. Нэхэмжлэгч Р.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нар тахилтын нутаг дэвсгэр дээр амьдарч байсан. Миний эргэн тойрны хүмүүс ..энд газар байгаа, 2, 3 жил огт ашиглагдаагүй байна гэсэн. Мөн хойд айлын настай хүн та бүхэн өргөдлөө өгөөд явахад асуудалгүй гэсэн. Тус газар дээр буусны дараагаар Б.Б гэдэг залуу дээр өргөдлөө өгөхөд хүлээж авдаггүй байсан. Энэ газраа амьдрахын тулд судалгаа хийнэ гэсэн. Нэхэмжлэл дээрээ газрын албаны гаргасан алдаа болоод хүмүүсийн алдааны талаар бичсэн. Газрын албанд гомдолтой байна, шударга бусаар ажилласан. Газрын төлбөр төлөөгүй олон сая төгрөг байсан. Ийм байхад яагаад нэр шилжүүлж байгаа вэ? гэдэг зүйл байна. Иргэн хүнийхээ хувьд хардах үндэслэл байсан. Газрын алба нь танил талтай хүмүүст ажилладаг. Ядарсан иргэдэд сайн газар байхгүй байна. Тэгээд л бид нар ингээд явж байна гэв.

2.3. Нэхэмжлэгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2016 онд буухад хашаа тэмдэглэгээ байгаагүй. Эзэнтэй байсан бол хашаа байх байсан гэж бодож байна. Зөвхөн хойд тал хашаатай байсан. Эзэнтэй байсан бол тэмдэглэгээтэй байх байсан гэв.

2.4. Нэхэмжлэгч Т.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оноос эхлээд өдийг хүртэл амьдарч байна. Ямар нэгэн хашаа шон байхгүй газар буусан. Бууж байх хугацаанд Н.Э гэдэг хүн манайхыг шатаах гэж байсан. Гэр лүү гал гаргасан. Тэгээд онцгой байдлын хэлтэс рүү явсан. Зарах буюу газрын бизнестэй хүмүүс байгаа. Бид нар өрх толгойлсон нөхөргүй хүмүүс байдаг. Н.Э гэдэг хүн бол би танилтай та нар намайг барахгүй гэдэг гэв.

 

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагч СХДЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Б нар нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т "Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан заалтыг зөрчсөн үйлдэл болохоос тэдний эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Учир нь тус газрыг 2008 онд СХДЗД-ын 4 дугаар шийдвэрээр иргэн Лхамын Л нь Түлээ нүүрсний захын зориулалтаар 10000 мкв газрыг 15 жилийн хугацаатай Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу хүсэлт гаргаж газар эзэмших эрх авсан байна. Иргэн Лхамын Л нь 2011 онд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу хүсэлт гаргаж 10000мкв газрынхаа 5000 мкв газрыг иргэн Норовын Т д СХДЗД-ын 2011 оны 215 дугаар захирамжаар шилжүүлсэн байна.

Иргэн Н.Эод дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 5 дугаар шийдвэрээр Н.Т оос 50.000.000 төгрөг гаргуулж Н.Эод олгохоор шийдвэрлэж, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 6 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эрх шилжүүлэх тухай албан бичгийн дагуу 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/1 дугаар захирамжаар Н.Эод газар эзэмших эрх олгосон тул нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Дөрөв. Гуравдагч этгээдийн тайлбар.

4.1. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрын энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.3-д нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, 27.4-д хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4.2. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна. Эдгээр хүмүүс бол газрыг хоосон байсан гэдэг. Бодит байдал дээр хашаа байсан. Н.Эын зүгээс газраа чөлөөлж өгнө үү гэж өөрийн биеэр очиж байсан. Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны улсын байцаагч нар газар чөлөөлөх албан шаардлага өгч байсан. Амаараа мөн адил хэлж байсан. Энэ газар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаад Н.Э гэдэг хүнд шилжиж ирсэн асуудал байгаа. Энэ талаар нотлох баримтаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч нарын тайлбараар өөрсдөө хууль бусаар тус газарт буусан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан. Үүнийг зөрчиж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага болж байгаа СХДЗД-ын захирамж бол нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

СХДЗДд холбогдуулан 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр СХДЗД-ын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/1 тоот захирамжийн Н.Эод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ,

- Нэхэмжлэгч нар нь 2-3 жил хоосон байсан газарт 2016 оноос хойш амьдарсан ба 2018 оноос эхлэн хашаа хатгаж, байшин барьсан,

- 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Д.Б нь хойд эцэг Д.Эын нэр дээр БА ХХК-иар газрын кадастрын зураг хийлгэж, газар эзэмшихээр Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд удаа дараа хүсэлт өгч байсан боловч хүсэлтийг хүлээн аваагүй, татгалзсан атлаа шударга бусаар Н.Эод эзэмшүүлсэн,

- Газрын төлбөр огт төлөөгүй байхад цуцлаагүй нь хууль бус гэх агуулгаар тайлбарлан маргасан.

 

1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана, 38.4-д Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно гэж заасан ба маргаан бүхий А/1 дугаар шийдвэр нь хуулийн энэхүү зохицуулалтад нийцсэн шийдвэр болжээ. Тодруулбал,

1.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд хүргүүлсэн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1/7 тоот албан бичигт ...Н.Т ын эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын аманд байрлах 8 нэгж талбар бүхий 4996 мкв газрыг Н.Эын нэр дээр шилжүүлж хариу мэдэгдэнэ үү гэснээ үзвэл, уг газрыг өмнө нь эзэмшиж байсан Н.Т нь газар эзэмших эрхийг Н.Эод шилжүүлэхийг зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

1.2 Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.3-т газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлтэд албан татвар, хураамж төлсөн тухай баримт-ыг хавсаргахаар заасан, маргаан бүхий газар эзэмших эрхийг шилжүүлж буй Н.Т нь газрын төлбөр төлж байсан үйл баримт тогтоогдоогүй боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2/9 тоот албан бичигт ...төлбөр төлөгч Н.Т ын эзэмшлийн дээрх газрын төлбөрийг холбогдох төлбөр, торгуулиас чөлөөлж, төлбөр авагч Н.Эын нэр дээр шилжүүлнэ үү гэснээс үзвэл, Н.Э нь эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаагаа тус тус илэрхийлсэн байх тул нэхэмжлэгч талын ...газрын төлбөр ерөөсөө төлж байгаагүй байхад газар эзэмших эрхийг цуцлаагүй гэсэн тайлбараар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэлээ.

1.3. Түүнчлэн гуравдагч этгээд Н.Эоос дээр газрын эзэмших эрхийг шилжүүлэн авах тухай хүсэлтээ 2018 оны 03 дугаар сарын 14 болон 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан нь газар баталгаажилтын хувийн хэрэгт авагдсан байгаагаас үзвэл, хариуцагчаас маргаан бүхий актаар газар эзэмших эрхийг шилжүүлж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах үйл баримт тогтоогдов.

2.1.Маргаан бүхий газрыг СХДЗД-ын 2008 оны 4 тоот захирамжаар Л.Л ид нэгж талбарын 10 дугаартай 10000 мкв газрыг 15 жилийн хугацаатайгаар Түлээ нүүрсний захын зориулалтаар анх эзэмшүүлсэн,

2.2. Л.Л нь Н.Т той 2011 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж 500мкв газрыг эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлт гаргасан байх ба тус дүүргийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 12 тоот захирамжаар Н.Т д нэгж талбарын 55/13 дугаартай 5000 мкв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн,

2.3. Маргаан бүхий СХДЗД-ын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/1 дугаар захирамжаар тус дүүргийн Засаг даргын 2011 оны 215 дугаар захирамжийг хүчингүй болгож, Н.Эод Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4996 мкв газрыг эзэмшүүлж, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан,

2.4. Нэхэмжлэгч нарын оршин сууж буй, хүсэлт гаргасан гэх газар нь гуравдагч этгээд Н.Эын эзэмшилд олгогдсон газартай давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн лавлагаа болон шүүхээс хийсэн газрын үзлэгээр тус тус тогтоогдов.

 

3. Харин нэхэмжлэгч нэр бүхий иргэдээс маргаан бүхий газарт эзэмшил үүсэхээс өмнө төдийгүй уг газрын эзэмших эрхийг Н.Эод шилжүүлэх шийдвэр гаргахаас өмнө тухайн газарт газар эзэмших тухай хүсэлтээ Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан журмын дагуу, батлагдсан загварын дагуу гаргаж байсан үйл баримт тогтоогдсонгүй. Тодруулбал,

3.1. Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17/14 тоот албан бичгээр ... Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Тахилтын аманд байрлах 8 тоот нэгж талбарт иргэн Д.Б, Р.Б, Т.А, Г.Б нар өргөдөл, хүсэлт гаргаж байгаагүй байна гэсэн байна/167 дахь талд/,

3.2. Гэрч Г.А гаас ... нэхэмжлэгч иргэд нь ажил хийж байхад ирж байсан, Н.Эын газар дээр боломжгүй гээд хэлээд явж байсан гэж, гэрч Б.Б оос ... 2017-2018 онд тус дүүргийн угтах үйлчилгээнд ажиллаж байсан, ... оныг нь сайн санахгүй байна, н.Э гэдэг хүнтэй цуг очоод байгаа айлуудад загнуулаад хөөгдөөд явж байсан, ... өргөдөл хүсэлтээ бичгээр өгөөгүй, амаар хэлж байсан байх, ... газар чөлөөлөх мэдэгдэл өгөх зорилгоор н.Этой хамт очиж байсан... гэж мэдүүлсэн,

3.3. Нэхэмжлэгч нараас маргаан бүхий газарт 2016 оноос оршин сууж байгаа тухайдаа маргаагүй, үүнээс өмнөх цаг хугацаанд хүсэлт гаргаж байсан талаарх нотлох баримтын эх сурвалж зааж маргаагүй.

 

4. Хуулийн зохицуулалтууд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй дээрх үйл баримтуудыг нэгтгэн үзвэл, хариуцагч СХДЗД нь маргаан бүхий А/1 дугаар захирамжаар тус дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4996 мкв газрыг Н.Эод эзэмшүүлж шийдвэрлэсний улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.

Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан ба мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж зохицуулснаас үзвэл, газар эзэмшүүлэх эрх олгох харилцаа нь иргэн, хуулийн этгээдийн бусдын эзэмшил ашиглалтад олгогдоогүй газарт гаргасан хүсэлтэд үндэслэж үүсэхээр байх тул маргаан бүхий газарт газар эзэмших тухай хүсэлтээ хуульд заасан журмын дагуу гаргаж байгаагүй, хуульд заасныг зөрчиж бусдын эзэмшилд олгогдсон газарт суурьшсан нэхэмжлэгч иргэдийн хувьд СХДЗД-ын 2020 оны А/1 дугаар захирамжийн улмаас зөрчигдсөн хууль ёсны эрх, ашиг сонирхол байхгүй гэж үзнэ.

 

5. Нэхэмжлэгч нэр бүхий иргэдээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон гэрчүүдийн мэдүүлгээс үзвэл, Д.Б, Р.Б, Т.А, Г.Б нар нь маргаан бүхий газарт 2016 оноос хойш оршин сууж, газрыг эзэмших талаарх хүсэл зоригоо илэрхийлж байсныг үгүйсгэхээргүй байх боловч уг газар нь 2008 оноос Л.Л ийн, 2011 оноос Н.Т ын эзэмшилд олгогдсон байсан байх тул нэхэмжлэгч талын ... бид хоосон газарт анх очиж суурьшсан... гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй, энэ үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох нь хууль зүйн үндэслэл үгүй байна.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий газар нь газар дээрээ хоосон хэдий ч бусдын эзэмшилд олгогдсон эрх бүхий этгээдийн шийдвэртэй байсан байх тул нэхэмжлэгч нарыг тухайн газрыг түрүүлж ашиглаж эхэлсэн гэж үзэхгүй.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, дүүргийн Засаг даргын 2020 оны А/1 дугаар захирамжаар иргэн Н.Т ын газар эзэмших эрхийг Н.Эод шилжүүлж шийдвэрлэсний улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй, мөн маргаан бүхий актыг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул СХДЗД-ын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/1 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 38 дугаар зүйлийн 38.1, 38.4-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б, Г.Б, Р.Б, Т.А нараас СХДЗДд холбогдуулан гаргасан СХДЗД-ын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/1 дугаар захирамжийн Н.Эод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ