Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 101/2014/02638/И |
Дугаар | 001/ХТ2018/01656 |
Огноо | 2018-11-20 |
Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 001/ХТ2018/01656
М.Ц-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Л.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1345 дугаар магадлалтай,
М.Ц-гийн нэхэмжлэлтэй
ХБ ХХК дахь б.э.х.а-, Г.Ц-, Б.У-, САК ХХК-д тус тус холбогдох,
Хадгаламж банкны тусгай активын хэлтсийн 10590000001 тоот дансанд 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тушаагдсан 46 800 000 төгрөг нь М.Ц-гийн хөрөнгө болохыг тогтоолгох,
Хадгаламж банк, “Цэцэндүнгээ” ХХК-ийн хооронд 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 4-4/555 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах,
“Цэцэндүнгээ” ХХК ба “САК ” ХХК-ийн хооронд 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах,
“САК ” ХХК ба Б.У-ын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах,
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Эмээлт/18400/ 83 тоот хаягт байршилтай, 948 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчийн өмчлөх эрхийг улсын бүртгэлийн Ү-2201014010 дугаарт бүртгэж, “Цэцэндүнгээ” ХХК-д 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр олгосон 000342923 дугаартай, 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр “САК ” ХХК-д олгосон 000342939 дугаартай, 2016 оны 09 дугаар сарын 23-ны өдөр Б.У-т олгосон 000503567 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон бүртгэлийн үйл ажиллагааг хүчингүй болгуулах,
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Эмээлт /18400/ 83 тоот хаягт байршилтай 948 м.кв талбайтай, 8 агуулахын өмчлөгч нь М.Ц- болохыг тогтоолгох, уг объектын өмчлөх эрхийг бүртгүүлэх, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг М.Ц-гийн нэр дээр бичиж олгохыг Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай иргэний хэргийг
Хариуцагч Г.Ц-, түүний өмгөөлөгч Д.Данзандорж, хариуцагч САК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баярмаа, өмгөөлөгч Б.Мөнхбат нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранбулаг, өмгөөлөгч Ж.Энхчулуун, хариуцагч Хадгаламж банк дахь эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр, хариуцагч Г.Ц-, түүний өмгөөлөгч Д.Данзандорж, хариуцагч САК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баярмаа, өмгөөлөгч Б.Мөнхбат, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч М.Ц-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие 1995 оноос түүхий эд худалдан авч бэлтгэн нийлүүлэх бизнесийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2000 онд бизнесийн үйл ажиллагаагаа тэлж, 5 ажилтантай болсон. Түүний нэг нь Д.Нэргүй юм. 2010 оны эхээр Улаанбаатар хотод түүхий эд хадгалах газар, агуулахтай болох зорилгоор ажилтан Д.Нэргүйгээр дамжуулан, Цэцэндүнгээ ХХК-ийн захирал Г.Ц-, Тэсийн хурд ХХК-ийн захирал П.Эрдэнэбат Э.Анхбаяр, Э.Энхбаяр нартай уулзахад газартай холбоотой эзэмшүүлэх гэрээ болон газрын гэрчилгээг үзүүлсэн. Тэгээд би тэдэнд уг газрын үнэ болох 13.000.000 төгрөг өгч, 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр уг газрын эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулж авсан. Уг гэрээг П.Эрдэнэбат авч яваад Д.Нэргүй нь миний нэр дээр шилжүүлж өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл шилжүүлж өгөөгүй. Гэтэл уг объект Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1022 дугаар шийдвэрийн дагуу Хадгаламж банкны зээлийн төлбөрт хураагдаж, 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдөр улсын бүртгэлийн Ү-2201014010 дугаар гэрчилгээ гарснаар Хадгаламж банкны нэр дээр түүний өмчлөлд шилжсэн хөрөнгө болохыг олж мэдсэн. Д.Нэргүй Банк зээлийн эдийн засагчтай уулзаад 46.800.000 төгрөгийг банкны дансанд хийчихвэл нэр дээр шилжүүлнэ гэж байна гээд надаас 2010 оны 12 дугаар сарын 17-нь өдөр дансаар 46.800.000 төгрөгийн үйлчилгээний хураамж гээд нэмж 550.000 төгрөгийг шилжүүлж аваад, тушаасан баримтаа надад өгсөн. Ингээд Хадгаламж банк Цэцэндүнгээ ХХК-тай 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 4-4/555 дугаар үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх тухай гэрээг байгуулан, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Цэцэндүнгээ ХХК-д шилжүүлсэн байсан. Г.Ц- нь объект, газрын гэрчилгээг удахгүй өгнө гээд 5000 м.кв талбайтай хашаа, газрыг надад хүлээлгэж өгсөн. Энэ өдрөөс хойш уг объект, газрыг би эзэмшин үйл ажиллагаагаа явуулж байсан, иргэн, хуулийн этгээд эзэмшил болон өмчлөлийн асуудлаар маргаан гаргаагүй. Гэтэл сүүлдээ уг объектыг Г.Ц-гийн нөхөр буюу Тэсийн хурд ХХК-ийн захирал П.Эрдэнэбат 2005 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хуурамч баримт бүрдүүлэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг давхардуулан гаргуулж, Магнай петролиум ХХК-ийн барьцаанд тавьсан асуудлаар залилангийн гэмт хэрэг үйлдэн шалгуулж байгаа тул уг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ шилжихгүй байгаа талаар олж мэдсэн. Би Д.Нэргүйд шүүхэд төлөөлөх бүрэн эрхийг 3 жилийн хугацаагаар олгосон итгэмжлэлийг би түүнд хийж олгосон боловч итгэмжлэлийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргалгүй орхигдуулж, харин өөрөө уг объектыг авахыг санаархан 2013 онд Иргэний болон Захиргааны хэргийн шүүхүүдэд нэхэмжлэл гаргаж өгсөн байдаг. Цэцэндүнгээ ХХК нь өнөөдрийг хүртэл миний нэр дээр шилжүүлж өгөхгүй байсаар улмаар цааш нь 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр САК ХХК-д шилжүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан өгсөн байдаг. Энэ бүх хууль бус ажиллагаа нь Хадгаламж банк анх Д.Нэргүйгээр дамжуулан зээлийн өр төлбөрт хураагдсан өөрийн өмчлөлийн объектоо надад худалдаж, төлбөрийн 46.800.000 төгрөгийг өөрийн дансандаа хүлээн авсан. САК ХХК нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг иргэн Б.У-т худалдан борлуулж, өмчлөх эрхийн гэрчилгээг түүний нэр дээр шилжүүлэн гаргасан болох нь тогтоогдсон тул мөн түүнд олгосон өмчлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болгох шаардлагатай. Миний өмчлөх эрхийг санаатайгаар зөрчиж, хууль бус гэрээ хэлцлүүдийг хоорондоо хуйвалдах аргаар зориуд байгуулж, хууль бус аргаар хөрөнгөжсөн хариуцагч нарыг энэхүү хэрэгт татан оролцуулах нь зүйтэй гэж үзээд хариуцагчаар “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч, САК ХХК, Г.Ц-, Б.У- нарыг татсан, Цэцэндүнгээ ХХК нь Наран Ойл ХХК болж нэрээ өөрчилсөн, хувьцаа авахаас өмнөх хариуцлагыг Г.Ц- хариуцна гэсэн байх тул Г.Ц-г хариуцагчаар татсан, Цэцэндүнгээ ХХК хариуцагч биш. Мөн Д.Нэргүйд холбогдуулан гаргасан шаардлага байхгүй. Иймд Хадгаламж банк, Цэцэндүнгээ ХХК-ийн хооронд 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 4-4/555 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний журмыг зөрчсөн тул хүчин төгөлдөр бусд тооцуулах, “Цэцэндүнгээ” ХХК ба “САК “ХХК-ийн хооронд 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, “САК ” ХХК ба Б.У-ын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах. 2, 3-т заасан гэрээнүүд хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн гэрээ тул хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Эмээлт/18400/ 83 тоот хаягт байршилтай, 948 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчийн өмчлөх эрхийг улсын бүртгэлийн Ү-2201014010 дугаарт бүртгэж, “Цэцэндүнгээ” ХХК-д 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр олгосон 000342923 дугаартай, 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр “САК ” ХХК-д олгосон 000342939 дугаартай, 2016 оны 09 дугаар сарын 23-ны өдөр Б.У-т олгосон 000503567 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон бүртгэлийн үйл ажиллагааг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Эмээлт /18400/ 83 тоот хаягт байршилтай 948 м.кв талбайтай, 8 агуулах бүхий өмчлөгч нь М.Ц- болохыг тогтоож, уг объектын өмчлөх эрхийг бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг М.Ц-гийн нэр дээр бичиж олгохыг Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай шаардлага гаргаж байна. Хадгаламж банкны тусгай активын хэлтсийн 10590000001 тоот дансанд 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тушаагдсан 46.800.000 төгрөг нэхэмжлэгч М.Ц-гийн хөрөнгө мөн болохыг тогтоолгох шаардлага гаргасан боловч энэ мөнгө нь миний мөнгө болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдож байгаа тул шүүхээр шийдвэрлүүлэхгүй, татгалзаж байна гэжээ.
Хариуцагч ХБ ХХК дахь б.э.х.а-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Цэцэндүнгээ ХХК нь Хадгаламж банктай 2004 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 189 дугаартай зээлийн гэрээг байгуулж 70.000.000 төгрөгийг зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 189 дугаартай барьцааны гэрээг байгуулж өөрийн өмчлөлийн Ү-2201014010 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, эмээлт захад байрлах 948 м.кв талбайтай 1 давхар обьектыг бусад барьцааны зүйлийн хамтаар барьцаалуулсан. Зээлдэгчээс зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Хадгаламж банкнаас шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Чингэлтэй дүүргийн шүүхээс 2005 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1022 дугаартай шийдвэр гарч Цэцэндүнгээ ХХК-с 87.545.346 төгрөгийг гаргуулан Хадгаламж банкинд олгуулах, зээлийн барьцаанд барьцааны гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгө байгааг дурдсан. Хариуцагчаас шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул гүйцэтгэх хуудас бичигдэж, улмаар Хадгаламж банкны өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэж улсын бүртгэлийн газраас 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хадгаламж банкны өмчлөлд шилжүүлэн бүртгэж өмчлөх эрхийн Ү-2201014010 дугаартай гэрчилгээг олгосон. 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдөр иргэн Д.Нэргүй нь дээрх обьектыг худалдан авахаар Цэцэндүнгээ ХХК-ийн төлбөрт 46.800.000 төгрөгийг төлсөн. Хадгаламж банкны хуучин гүйцэтгэх удирдлагаас уг барилгыг эхлээд Цэцэндүнгээ ХХК-ийн нэр дээр шилжүүлээд дараа нь Д.Нэргүйн нэр шилжүүлэхээр тохиролцож 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 4-4/555 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээг Хадгаламж банк, Цэцэндүнгээ ХХК-ийн хооронд байгуулж зохих материалыг Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн байдаг. Улсын бүртгэлийн байгууллагаас 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэрээнд дурдсан обьектын өмчлөх эрхийг Цэцэндүнгээ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгэж энэ тухай улсын бүртгэлд бүртгэсэн боловч тухайн обьект дээр “Тэсийн хурд” ХХК нь өмчлөх эрхийн гэрчилгээг давхардуулан гаргасан, хууль хяналтын байгууллагаас асуудлыг эцэслэн шалгаж дуусаагүй байна гэх шалтгаанаар өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг түдгэлзүүлсэн байдаг. Нэхэмжлэгч М.Ц-гийн тухайд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Эмээлт захад байрлах үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах талаар хүсэлтийг Хадгаламж банкинд гаргаж байгаагүй, Хадгаламж банкны зүгээс түүнтэй аливаа байдлаар эрх зүйн харилцаанд оролцоогүй, Хадгаламж банк тус хөрөнгийг М.Ц-гийн өмчлөх эрхэд шилжүүлэх үүрэг хүлээгээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Ц-гийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Хадгаламж банкнаас 70 сая төгрөгийг зээлж авч, агуулах, 2 өрөө орон сууцаа барьцаанд тавьсан. Зээлээ төлж чадахгүй болсон тул 20 сая төгрөгөө бэлнээр төлж, 2 өрөө байраа зээлийн төлбөрт өгч, 46.800.000 төгрөг төлөөгүй байсан. Банк бидэнтэй уулзаад агуулахыг зарахаар тохиолцож зар тавьсан. Улмаар 130 сая төгрөгөөр Д.Нэргүйд худалдахаар тохирсон. Үүний дагуу Д.Нэргүй 46.800.000 төгрөгийг банкинд төлсөн. Үлдэгдэл мөнгийг цувуулж 13 сая гаруй төгрөг төлсөн. М.Ц- наймаа хийж байхад огт орж ирээгүй. Д.Нэргүй, М.Ц- хоёр хөрөнгийн маргаантай байсан бөгөөд тэдний маргааныг шийдвэрлэхийг хүлээх боломжгүй байсан тул Д.Нэргүйд мөнгийг нь буцааж өгөөд үл хөдлөх хөрөнгөө худалдахаа больсон. Үүний дараа би “САК ” ХХК-д худалдсан. Энэ компанид газар Магнай трейд компанийн барьцаанд байгаа, мөнгийг төлөх юм бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгнө гэж хэлсэн. О.Баярмаа “Магнай трейд” компанийн мөнгийг төлсөн. Бид хууль зөрчиж, үл хөдлөх хөрөнгөө худалдсан зүйл байхгүй гэжээ.
Хариуцагч “САК ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: Манай компани Эмээлтэд байрлах 5000 м.кв талбайтай аж ахуйн зориулалттай газрын эзэмших эрхийг шилжүүлэн авах, мөн тус газарт байрлах агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар Цэцэндүнгээ ХХК, Тэсийн хурд ХХК-иудтай ярьж, үл хөдлөх эд хөрөнгийн үнийн урьдчилгаа 50.000.000 төгрөгийг энэхүү хэлцэл хийсэн өдөр Цэцэндүнгээ ХХК-д шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл төлбөрийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх манай компанид бүртгэгдэж, гэрчилгээ олгогдсон өдөр өгөхөөр болсон. Харин Магнай трейд ХХК-иас эзэмших эрхийг шилжүүлэн авахаар гэрээ байгуулж, Тэсийн хурд ХХК-ийн төлөх 80.000.000 төгрөгийн өрөнд 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 16-55 УНЕ улсын дугаартай автомашиныг Магнай трейд ХХК-д шилжүүлэн өгч төлбөрийг барагдуулсан. Үүний дараа буюу 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн өмч газрын харилцааны газартай газрын төлбөрийн талаар тооцоо нийлж, 2011 оноос 2014 оныг хүртэл хугацааны төлөгдөөгүй төлбөрийг төлж 620140391 тоот газар эзэмших, ашиглах гэрээг дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт үйлдсэн ба Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, Эмээлтэд байрлах 5000 м.кв газрыг манай компани хууль ёсоор эзэмших болсон. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад М.Ц- нь өөрөө болон өөрийн ажилтан гэх Д.Нэргүйгээр дамжуулан дээрх газар болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авах талаар тухайн газрын хууль ёсны эзэмшигч, барилгын хууль ёсны өмчлөгчтэй хуулийн дагуу байгуулсан нэг ч гэрээ хэлцэл авагдаагүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй, баримт нотолгоогүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.У-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: Б.У- нь “САК ” ХХК-иас 8 агуулах бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 5000 м.кв эзэмшлийн газрын хамт 200.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулж, нотариатаар батлуулсан. Б.У-ын төлбөрийг бүрэн барагдуулж, зохих журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Улсын бүртгэлийн байгууллага, Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд үл хөдлөх эд хөрөнгө, газрыг шилжүүлэн авах тухай хүсэлт гаргаж байх үед дээрх хөрөнгө, газар нь өмчлөлийн маргаантай, худалдан борлуулахыг хориглосон түдгэлзүүлсэн гэх талаар огтхон ч яригдаагүй, зохих журмын дагуу бүртгэж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн 000503567 дугаар гэрчилгээг олгож, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/421 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг Б.У-т шилжүүлэн олгосон юм. Иймд Б.У-т холбогдуулан гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/00512 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ХБ ХХК дахь б.э.х.а-, Г.Ц-, “САК ” ХХК, Б.У- нарт холбогдох Хадгаламж банк, “Цэцэндүнгээ” ХХК-ийн хооронд 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 4-4/555 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, “Цэцэндүнгээ” ХХК ба “САК ” ХХК-ийн хооронд 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, “САК ” ХХК ба Б.У-ын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Эмээлт /18400/ 83 тоот хаягт байршилтай 948 м.кв талбайтай, 8 агуулах бүхий өмчлөгч нь М.Ц- болохыг тогтоож, уг объектын өмчлөх эрхийг бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг М.Ц-гийн нэр дээр бичиж олгохыг Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай нэхэмжлэгч М.Ц-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Хадгаламж банк-ны тусгай активын хэлтсийн 10590000001 тоот дансанд 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тушаагдсан 46.800.000 төгрөг нь нэхэмжлэгч М.Ц-гийн хөрөнгө мөн болохыг тогтоолгох шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан, М.Ц-д холбогдох Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Эмээлт/18400/ 83 тоот хаягт байршилтай, 948 м.кв талбайтай, агуулахыг М.Ц-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, түрээслэгч нартай хууль бусаар түрээсийн гэрээ байгуулан авсан төлбөр 18.900.000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ “Цэцэндүнгээ” ХХК татгалзсаныг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Эмээлт/18400/ 83 тоот хаягт байршилтай, 948 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчийн өмчлөх эрхийг улсын бүртгэлийн Ү-2201014010 дугаарт бүртгэж, “Цэцэндүнгээ” ХХК-д 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр олгосон 000342923 дугаартай, “САК ” ХХК-д 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр олгосон 000342939 дугаартай, Б.У-т 2016 оны 9 дугаар сарын 23-ны өдөр олгосон 000503567 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон бүртгэлийн үйл ажиллагааг хүчингүй болгуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар М.Ц-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.699.250 төгрөгийг, “Цэцэндүнгээ” ХХК-иас төлсөн 253.000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1.948.700 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч М.Ц-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1345 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/00512 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгч М.Ц-, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранбулаг нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.032.350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч САК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, өмгөөлөгч Б.М нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаан дээр Д.Нэргүй, Наран ойл ХХК-ийг хариуцагчаар оролцуулахаас татгалзсныг анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь буруу гэсэн дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн хэрэгт хариуцагчаар оролцож байсан иргэн Д.Нэргүй, Наран ойл ХХК зэргийг хариуцагчаар оролцуулахаас өөрөө татгалзсан бөгөөд түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан хууль зүйн туслалцаа үзүүлж байгаагийн хувьд өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийнхээ татгалзлын хууль зүйн үндэслэлийг л шүүх хуралдаанд танилцуулсан. Гэтэл давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримт нотолгоог гүйцэд судлалгүйгээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг нэхэмжлэгчийн өмнөөс хариуцагчийг тодорхойлсон мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл эдгээр иргэн, хуулийн этгээдийг хариуцагчаар оролцуулахаас татгалзсан үйлдэл нэхэмжлэгчийн өөрийн хүсэл зоригоор хийгдсэн. Нэхэмжлэгч М.Ц- нь хариуцагчаар оролцож байсан иргэн Д.Нэргүйг хариуцагчаар оролцуулахаас татгалзсан нь нотлох баримтаар хангалттай нотлогдоно. Нэхэмжпэгч 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчаар Хадгаламж банк ХХК-ийн эрх хүлээн авагч, Цэцэндүнгээ ХХК, Суврага алтай констракшн ХХК-ийг хариуцагчаар татсан бөгөөд иргэн Д.Нэргүйг хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцуулахаас татгалзаж, хариуцагчаас хасаж байгаа болно хэмээн нэхэмжлэлдээ тодруулж, өөрөө гарын үсгээ зурсан. 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчаар зөвхөн Цэцэндүнгээ ХХК-ийг, 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчаар Хадгаламж банк ХХК-ийн эрх хүлээн авагч, Цэцэндүнгээ ХХК, Суврага алтай констракшн ХХК-ийг, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчаар Хадгаламж банк ХХК-ийн эрх хүлээн авагч, Цэцэндүнгээ ХХК, Суврага алтай констракшн ХХК-ийг, 2017 оны 9 дүгээр сарын 21-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчаар Хадгаламж банк ХХК-ийн эрх хүлээн авагч, Наран ойл ХХК, Суврага алтай констракшн ХХК, иргэн Б.У- нарыг, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчаар Хадгаламж банк ХХК-ийн эрх хүлээн авагч, Суврага алтай констракшн ХХК, иргэн Г.Ц-, Б.У- нарыг татаж, нэхэмжлэлдээ өөрөө гарын үсгээ зурсан. Дээрх бүх нэхэмжлэлд Д.Нэргүйг хариуцагчаар татаагүй нь тодорхой харагдаж байна. 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Ц- өөрөө биечлэн оролцсон бөгөөд уг шүүх хуралдааны 512 дугаартай тэмдэглэлд нэхэмжлэгчийн өмгөөлөгч “...яг үнэндээ гэхэд бид нар тань дээр хэрэг маргаан ирэхээс өмнө хэн дээр байлаа даа Д.Нэргүйгээс бол татгалзсан процессийн хуульд заасны дагуу нэгэнт нэхэмжлэгч хариуцагчаа тодорхойлдог учраас бид Д.Нэргүйд холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй ...тэгэхээр шүүх хуралдаанд хэргийн оролцогч биш хүнийг суулгаад байх нь зохимжгүй, мэдээж энэ хүн ажил төрөлтэй дараагийн ажил төрлийг бодох нь зөв байхаа гэсэн ийм л саналыг оруулж байна. Хуралдааны ажиллагаа эхлэхээс өмнө энэ асуудлаа эцэслэн шийдвэрлээд явъя ...холбогдуулж гаргасан хариуцагчаасаа татгалзаж байна бид нар. Энэ хүн энэ хэрэг хянан маргааны хариуцагч биш гэж үзэж байгаа юм ...Д.Нэргүйд холбогдуулж шаардлага гаргаснаас хойш хэд хэдэн удаа өөрчлөгдсөн мөн үү. Хуульд заасны дагуу нэхэмжлэгч хариуцагчаа тодорхойлох эрх нь хадгалагдаж байгаа, тийм учраас бид нар Д.Нэргүйд холбогдуулж ямар нэгэн шаардлага гаргаагүй” гэсэн тайлбар хэлсэн нь тусгагдсан байна. Иргэн Д.Нэргүйг хариуцагчаар оролцуулахаас татгалзсанаас хойш болсон бүх шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Ц- нь өмгөөлөгчийн хамт биечлэн оролцож байсан бөгөөд иргэн Д.Нэргүйг хариуцагчаар оролцуулах, энэ талаар өмгөөлөгчөөсөө эсрэг байр суурьтай байгаа талаар огтхон ч илэрхийлж байгаагүй.
Нэхэмжлэгч М.Ц- нь Наран ойл ХХК-ийг хариуцагчаар оролцуулахаас татгалзсан нь дараах нотлох баримтаар нотлогдоно. Нэхэмжлэгч нь энэ хэрэгт хамгийн сүүлд бичгээр гаргасан 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн нэхэмжлэлдээ хариуцагчаар Хадгаламж банк ХХК-ийн эрх хүлээн авагч, Суврага алтай констракшн ХХК, иргэн Г.Ц-, Б.У- нарыг татаж нэхэмжлэлд өөрөө гарын үсгээ зурсан бөгөөд хариуцагчаар Наран ойл ХХК-ийг тодорхойлоогүй. 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч өөрөөр биечлэн оролцсон бөгөөд уг хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч “...Наран ойл ХХК хэрэгт хариуцагчаар оролцох шаардлага байхгүй...” гэсэн тайлбар хэлсэн нь тусгагдсана. Мөн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч өөрөө биечлэн оролцсон бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч “...Наран ойл ХХК-д иргэн Г.Ц- компанийхаа хувьцааг зарсан байна. Цэцэндүнгээ ХХК байхгүй Наран ойл ХХК ингээд явсан компанийн хувьцаа шилжүүлэх гэрээ өөрийнхөө хувьцаа эзэмшигчийн хувьд гаргасан шийдвэр дээр болохоороо энэ хувьцаа шилжүүлэхээс өмнө энэ компанитай холбогдсон эрх, үүргийг Г.Ц- би хариуцана гэдэг ийм шийдвэр гарсан учраас Наран ойл ХХК-ийг больё, хариуцагч нь Г.Ц-…” гэсэн тайлбар хэлсэн нь тусгагдсан. Нэгэнт нэхэмжлэгч М.Ц- хариуцагчаар иргэн Д.Нэргүй болон Наран ойл ХХК-ийг хариуцагчаар оролцуулахаас татгалзсан нь дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байгаа учраас эдгээр иргэн хуулийн этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан зөрчил болно гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй юм.
Анхан шатны шүүхийн шийдвэрт хэргийн оролцогч биш болох Цэцэндүнгээ ХХК буюу Наран ойл ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарч болох боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан “...шийдвэрийг өөрчлөх боломжгүй” зөрчилд хамаарахгүй. Учир нь уг хуулийн этгээд хэргийн хариуцагч биш болсон учраас сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэх бус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэхь хэсэг, 65 дугаар зүйлийн 65.1.1 дэхь хэсэг, 73 дугаар зүйл 73.1 дэхь хэсэг, 117 дугаар зүйлийн 117.1 дэхь хэсэг заасан журмын дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой байсан. Тиймээс давж заалдах шатны шүүх уг үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “М.Ц-д холбогдох Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Эмээлт /18400/ 83 тоот хаягт байршилтай, 948 мкв талбайтай агуулахыг М.Ц-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, түрээслэгч нартай хууль бусаар түрээсийн гэрээ байгуулан авсан төлбөр 18.900.000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ Цэцэндүнгээ ХХК-иас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн хэсгийг хуульд заасан дээрх журмыг баримтлан өөрчлөлт оруулах бүрэн боломжтой юм. Иймд дээрх үндэслэлээр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1345 магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/00512 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Ц-, түүний өмгөөлөгч Д.Д нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүхийн ажиллагаа нь нэг талыг барьсан 9 дүгээр хавтас хэрэгтэй нэг бүрчлэн танилцаагүй, ам ажил 2 дэндүү зөрөөтэй өөрөөр хэлбэл шүүх хуралдаан дээр хийсэн дүгнэлт, магадлалд дурьдсан зүйл нь өөр өөр, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч хоёрыгоо яриулах хугацаа харгалзахгүй дураар нь худлыг үнэн болгож ярилцаж миний мэтгэлцэх эрхийг хязгаарлаж байсныг гомдолтой байна. Давж заалдах шатны урьд нь энэ хэргийг хянахад Э.Золзаяа даргалж М.Наранцэцэг илтгэсэн байдаг. Үүнийг би хууль зөрчиж байна гэж хэлэх гээгүй гэхдээ магадлалд дурьдаж байгаа дүгнэлтүүд, тавьж байгаа асуулт нь үнэхээр нэг хэргийн үнэнийг бататгахад огт чиглэгдээгүй ямар нэг далим олж буцаах тухай хүсэлтийг хангах зорилго агуулж болгосон. Энэ хэрэг нь 4 жил гаруйн хугацаанд шүүхээр хянагдаж, 7 шүүгч оролцож зөвхөн хүсэлт шийдвэрлэх, шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хамтран хариуцагчаар татах, нотлох, баримт гаргуулах, 8 агуулахыг битүүмжлэх Г.Ц-г болон САК ХХК-г хариуцагчаар татах гэх мэт 20-аад хүсэлтийг нэхэмжлэгч М.Ц- түүний өмгөөлөгч Ж.Энхчулуун нарын хүсэлтээр шүүх бүрэн хангаж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 8-р зүйлд заасан Иргэний эрх зүйн харилцаа үүсгэх 8 үндэслэл, мөн хуулийн 187-р зүйлд заасан үүрэг үүсэх, үндэслэл М.Ц-гийн нэхэмжлэлд дурьдаад байгаа харилцаа ердөө ч үүсээгүй. Өөрөөр хэлбэл хариуцагчаар татагдаад байгаа дээрх хүмүүс, аж ахуйн нэгж М.Ц-гийн нэхэмжлэлд дурьдсан 46,8 сая төгрөг Эмээлт дахь 948м2 талбай бүхий 8 агуулах, Цайны газар, худаг, ажилчдын байр, хашаа, М.Ц-гийн эзэмшилд, ашиглалтанд болон өмчлөлд хэзээ ч байгаагүй. Өөрөөр хэлбэл түүний эрх хөндөгдсөн зүйл байхгүй хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар бүтэн баталгаажсан байгаа. Нэхэмжлэгч маргаанд оролцогчдын материаллаг эрх заавал хөндөгдсөн байж иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл бий болдог жамтай. Гэтэл М.Ц-гийн ямар эрх яаж зөрчигдсөн нь ямар ч баримтаар тогтоогдоогүй. Хариуцагч нар М.Ц-гийн өмнө ямар үүрэг, ямар гэрээ, хэлцэлээр хүлээж биелүүлээгүйг нотлоогүй байгаа. Магадлалд Г.Ц-г хамтран хариуцагчаар татах М.Ц-гийн хүсэлтийг хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хариуцагчийг зөвхөн нэхэмжлэгч өөрөө тодорхой эрхийг зөрчсөн гэжээ. Тийм заалт энэ хэсэгт байхгүй. 9 дүгээр хавтаст хэргийн 63 дугаар хуудсанд байгаа 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлэхдээ Наран-Ойл ХХК-ийг хуулийн этгээдийн хувьд хариуцагчаар татаагүй, харин Цэцэндүнгээ ХХК-ийн захирал Г.Ц-г гэж оруулсан Наран-Ойл ХХК хариуцагч биш гэсэн. Даргалагчаас ... хэнийг хариуцагчаар татаад байна гэхэд өмгөөлөгч Г.Ц-, Н.Ургахбаяр, Хадгаламж банкны эрх хүлээн авагч, САК ХХК-ийн захирал О.Баярмааг гэсэн. Мөн магадлалд хэргийн хариуцагч тал нь Хадгаламж банк ХХК-ийн эрх хүлээн авагч, Наран-Ойл ХХК, Д.Нэргүй, САК ХХК Б.У-, Г.Ц- нар байна. Анхан шатны шүүх, өөрийн эрх хэмжээний дотор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан эрхээ хуулийн дагуу эдэлсэн байхад шүүгчийн захирамжийг буруу гэжээ. Юу нь буруудаад, ямар хуулийн заалтыг хэрхэн зөрчсөнийг тогтоогоогүйн гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэлх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2-ыг барьж хэргийн оролцогч нэхэмжлэгчийн өмнөөс хариуцагчийг тодорхойлох эрх байхгүй гэжээ. Өмгөөлөгч Ж.Энхчулууны тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан эрхээ эдэлж, мөн зүйлийн 25.2.1, 25.2.2-т заасан үүргээ биелүүлсэн нь дээр дурьдсан хурлын тэмдэглэлээс тодорхой байна. Мөн давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-т заасан анхан шатны шүүхээр хэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг зааж асуудлыг шийдвэрлэж, хариуцагчдын мэтгэлцээний үндэслэлийг хуулийн дагуу тодорхойлж үнэлэлт дүгнэлт өгөлгүй зөвхөн нэг талыг барьж олон оролцогчийн хувь заяаг хөсөр орхиж байгаад гомдолтой байна гэжээ.
ХЯНАВАЛ:
М.Ц- нь ХБ ХХК дахь э.х.а, Г.Ц-, САК ХХК, Б.У- нарт холбогдуулж,
Хадгаламж банк, “Цэцэндүнгээ” ХХК-ийн хооронд 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 4-4/555 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах,
“Цэцэндүнгээ” ХХК ба “САК ” ХХК-ийн хооронд 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах,
“САК ” ХХК ба Б.У-ын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах,
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Эмээлт/18400/ 83 тоот хаягт байршилтай, 948 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Ү-улсын бүртгэлд бүртгэж, “Цэцэндүнгээ” ХХК-д 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр олгосон 000342923 дугаартай, 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр “САК ” ХХК-д олгосон 000342939 дугаартай, 2016 оны 9 дугаар сарын 23-ны өдөр Б.У-т олгосон 000503567 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон бүртгэлийн үйл ажиллагааг хүчингүй болгуулах,
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Эмээлт /18400/ 83 тоот хаягт байршилтай 948 м.кв талбайтай, 8 агуулахын өмчлөгч нь М.Ц- болохыг тогтоолгох, уг объектын өмчлөх эрхийг бүртгүүлэх, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг М.Ц-гийн нэр дээр бичиж олгохыг Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар зөвшөөрөөгүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.
Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтүүдийг хуульд заасан журмаар шийдвэрлээгүйгээс тэдний эрх зүйн байдал тодорхой бус болсон, үүний улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцвол зохих этгээд бүрэн оролцсон гэж үзэх боломжгүй талаархи магадлалд заасан үндэслэлийг үгүйсгэх үндэслэлгүй байна.
Мөн анхан шатны шүүх, хариуцагчийн хэнд, аль шаардлагыг холбогдуулсныг болон шаардлага тус бүрийн үндэслэлийг тодруулж эрх зүйн бүрэн дүгнэлт өгөөгүй байх тул зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх боломжгүй байна.
Иймд хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул хариуцагч Г.Ц-, түүний өмгөөлөгч Д.Д, хариуцагч САК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, өмгөөлөгч Б.М нарын гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1345 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Г.Ц-, түүний өмгөөлөгч Д.Д, хариуцагч САК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, өмгөөлөгч Б.М нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч САК ХХК 2.032.350 төгрөг, хариуцагч Г.Ц- 397.950 төгрөг тус тус төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ