Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 1540

 

 

 

 

 

 

 

2020          08          24                                    2020/ШЦТ/1540

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Байгальмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-н М-д холбогдох эрүүгийн 2006 02626 1759 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч  Б.М нь үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 05 дугаар сараас 06 дугаар сарын хооронд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь Эхийн 42-1125 тоот гэртээ өөрийн асран хамгаалалтад байсан бага насны хүүхэд Б.Мөнхбаярыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зүүн гаран дээр нь дэвсэх, чихнээс нь зулгаах, залгуураар цохих зэргээр биед нь халдаж, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

             Шүүгдэгч Б.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,  

              Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

              Насанд хүрээгүй хохирогч Б.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн " ... Тухайн үед Анар уйлаад байсан ба Мөнхбат ах намайг дүүгээ чимээгүй байлга гээд намайг өргөж шидээд миний зүүн талын гарны шуу орчимд нэг удаа дэвссэн, тэр үед гар хугарсан. Дараа нь Гэмтэл согог үндэсний төврүү Батцэцэгийн төрсөн дүү Батмөнх эгчтэй цуг явж гипс хийлгэсэн ... удалгүй гэрийн хогоо шүүрдэж байхад Мөнхбат ах намайг хогоо дутуу шүүрдсэн гээд миний 2 чихнээс өргөөд толгойруу нэг удаа цохисон. Дараа нь миний зүүн талын чих өвдөөд байсан. 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гэртээ теле хичээлээ хийгээд сууж байтал Мөнхбат ах согтуу намайг цэнэглэгчээр миний баруун талын гуяруу цохиод байсан ба хөхөрч, хавдаад өвдөөд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

             Гэрч Ч.Уранчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Мөнхбат нь ажилгүй байгаа болохоор сүүлийн нэг сарын хугацаанд хүүхдүүдийг харж байна гэж хэлсэн ... Тэр үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 42-2125 тоотод би хүүхэд залуучуудын эрхийн ажилтан Даваанямтай цуг очиход гэрт Ренценгийн хүүхдүүд, Б.Мөнхбаяр нар байсан. Тухайн үед Ренцентэй гар утсаар холбогдоход согтуу хөдөө ажлаар явж байна гэсэн бөгөөд хүүхдүүдээс асуухад машин янзлуулахаар явсан гэж байсан. Дараа нь Давааням бид 2 Б.Мөнхбаярыг аваад тусгай цогцолбор луу авч явсан бөгөөд Б.Мөнхбаярын өмсөж байсан хувцасыг тайлаад усанд оруулах гэтэл баруун талын гуяны гадна талд хөхөрч хавдсан, зүүн чих нь хугарч, хавдсан байдалтай харагдсан бөгөөд Б.Мөнхбаяр зүүн гарын шуу орчимд хугарсан гэж хэлсэн, юу болсон талаар асуухад Мөнхбат зүүн гаран дээр нь дэвсээд, дараа нь хоёр чихнээс өргөөд, зүүн талын чих хугалсан, утасны цэнэглэгчээр баруун талын гуя руу цохиж ороолгосон гэж байсан бөгөөд Мөнхбат нь зүгээр байхад зоддог гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

           Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 6633 дугаартай “Б.Мөнхбаярын биед зүүн шуу ясны доод 1/3-ын бороолж байгаа зөрөөгүй далд хугарал, зүүн чихний дэлбэнд зулгаралт, баруун гуянд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинжлүүлэгчийн хэлж буй цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх зүүн шуу ясны доод 1/3-ын бороолж байгаа зөрөөгүй далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл нь нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Амь насанд аюултай гэмтэлд хамаарагдахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

              Б.М-ын мөрдөн байцаалтанд өгсөн “... Тэр үед би баруун гараараа Мөнхбаярын зүүн талын мөрнөөс атгаад орон дээрээс түлхсэн ба газар унаад өгсөн. Удалгүй 10 орчим минутын дараа Мөнхбаяр нь зүүн талын гар хугарчихлаа гэж байсан ... 7 хоногийн дараа Дундговь аймагт явж байтал Ренцен надруу залгаад Мөнхбаярын гар хугарсан байна гэж хэлсэн ... Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.М нь үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 05 дугаар сараас 06 дугаар сарын хугацаанд Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд Дарь-Эх 42 дугаар гудамжны 1125 тоотод өөрийн асран хамгаалалтад байсан 10 настай Б.Мөнхбаярын зүүн гаран дээр нь дэвсэх, чихнээс нь татаж өргөх,  залгуураар цохих зэргээр биед нь халдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь зүүн шуу ясны доод 1/3-ын бороолж байгаа зөрөөгүй далд хугарал, зүүн чихний дэлбэнд зулгаралт, баруун гуянд зулгаралт, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 4 дүгээр хуудас/, насанд хүрээгүй хохирогч Б.Мөнхбаярын "Анар уйлаад байсан ба Мөнхбат ах дүүгээ чимээгүй байлга гээд намайг өргөж шидээд миний зүүн талын гарны шуу орчимд нэг удаа дэвссэн, тэр үед гар хугарсан. Дараа нь Гэмтэл согог үндэсний төврүү Батцэцэгийн төрсөн дүү Батмөнх эгчтэй цуг явж гипс хийлгэсэн ... гэрийн хогоо шүүрдэж байхад Мөнхбат ах намайг хогоо дутуу шүүрдсэн гээд миний 2 чихнээс өргөөд толгой руу нэг удаа цохисон. Миний зүүн талын чих өвдөөд байсан. 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гэртээ теле хичээлээ хийгээд сууж байтал Мөнхбат ах согтуу намайг цэнэглэгчээр баруун талын гуя  руу цохиод байсан ба хөхөрч, хавдаад өвдөөд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/, гэрч Ч.Уранчимэгийн “Б.Мөнхбаяр Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт 2019 оны 01 дүгээр сард ирсэн. Тусгай цогцолборт хэрэгжүүлдэг “Ар гэрт нь дасгах үйлчилгээ”-ний хүрээнд 2019 оны 12 дугаар сарын 20-ны орчим Б.Мөнхбаярыг нагац эгч болон нөхөрт нь 3 сарын хугацаатай хүлээлгэж өгсөн ... чөлөөг дахин 3 сараар сунгаж Мөнхбатад хүлээлгэн өгсөн ... 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Б.Мөнхбаярыг тусгай цогцолбор луу авч явсан бөгөөд хувцасыг тайлаад усанд оруулах гэтэл баруун талын гуяны гадна талд хөхөрч хавдсан, зүүн чих нь хугарч хавдсан байдалтай харагдсан бөгөөд Б.Мөнхбаяр зүүн гарын шуу орчимд хугарсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 6633 дугаартай “Б.Мөнхбаярын биед зүүн шуу ясны доод 1/3-ын бороолж байгаа зөрөөгүй далд хугарал, зүүн чихний дэлбэнд зулгаралт, баруун гуянд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинжлүүлэгчийн хэлж буй цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх зүүн шуу ясны доод 1/3-ын бороолж байгаа зөрөөгүй далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл нь нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 15-16 дугаар хуудас/, яллагдагч Б.М-ын “баруун гараараа Мөнхбаярын зүүн талын мөрнөөс атгаад орон дээрээс түлхэхэд газар унаад өгсөн. Удалгүй 10 орчим минутын дараа Мөнхбаяр нь зүүн талын гар хугарчихлаа гэж байсан ... Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон боловч удаа дараагийн давтамжтай буюу 2020 оны 05-06 дугаар сарын хугацаанд үргэлжилсэн гэж дүгнэсэн атлаа хэргийг зүйлчлэхдээ үргэлжилсэн шинжийг журамлаагүй байгааг анхаарах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж  үйлдсэн” гэм буруутайд тооцов.

Б.М-ын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлд заасан Хүүхэдтэй хэрцгий харьцах буюу хүүхдийг аливаа үйлдэл эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцаж бие махбодын, сэтгэл санааны шаналал зовиур үүсгэсэн, асран хамгаалах үүрэг хүлээсэн хүн үйлдсэн гэх гэмт хэргийн шинж агуулагдаж байж болзошгүй хэдий ч шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд дүгнэсэн болно.      

          Насанд хүрээгүй хохирогч Б.Мөнхбаяр, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Даваанямын зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх баримт гаргаж өгөөгүй тул шүүгдэгч Д.Мөнхбатыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

          Насанд хүрээгүй хохирогч  Б.Мөнхбаяр, түүний хууль ёсны төлөөлөгч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Д.Мөнхбатаас нэхэмжлэх эрхтэйг дурьдав.

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.М эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, Д.М-н үргэлжилсэн үйлдлээх бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, удаа дараа ял шийтгүүлсэн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жил хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан хорих ялыг урьд удаа дараа ял шийтгүүлж байсан хүний хувийн байдал зэргийг харгалзан хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.

             Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдвад зохино.

            Шүүгдэгч Д.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авав.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Б-н М-г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж  үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар Д.М-д 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.М-д оногдуулсан 2 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Давааням нар энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Д.М-с нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

            7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

           

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.ХАТАНЦЭЦЭГ