Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 310

 

Ж.Эрдэнэ-Очирын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэсувд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Нямцоож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Отгонжаргал нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 08-ний өдрийн 355 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Ж.Эрдэнэ-Очирын нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 173 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйл, 24 дүгээр зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Эрдэнэ-Очирыг 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн шүүхийн шийдвэр хэрэгжүүлэх тухай 268 дугаар тушаалаар албан тушаалаас чөлөөлснөөс хойш бололцооны дагуу ажилд томилоогүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, бололцооны дагуу зохих албан тушаалд томилохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад даалгаж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх 11 сар 12 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл зэргийг Ж.Эрдэнэ-Очирт зохих журмын дагуу тооцож олгох, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 6 дугаар сарын 08-ний өдрийн 355 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 173 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 17 дугаар зүйлийн 17.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч Ж.Эрдэнэ-Очирыг 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн "Шүүхийн шийдвэр хэрэгжүүлэх тухай" 268 дугаар тушаалаар ажлаас чөлөөлснөөс хойш өмнөх албан тушаалын цалин хөлс бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу удирдах албан тушаалд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өмнөх албан тушаалтай адилтгах төвшний албан тушаалд томилохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад даалгаж", "шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх" нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай" гэж өөрчилж, “Тогтоох” хэсгийн 2 дахь заалтыг хасч, 3 дахь заалтыг 2 болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахгүй орхижээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэсувд болон өмгөөлөгч Б.Даваажанцан нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөх үндэслэл нь ажил албан тушаалаа эрхлэхдээ ямар нэгэн алдаа дутагдал гаргаснаас бус Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын буруутай үйл ажиллагаанаас болж ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас өнөөдрийг хүртэл ажилгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтыг эс биелүүлсэн хариуцагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч Ж.Эрдэнэ-Очир нь ажилгүй болсон бөгөөд энэ хугацаанд ажиллаж олох байсан орлого буюу ажилгүй байсан хугацааны цалингаараа бодит хохирол хүлээсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдэд хохирол учирсан нь тогтоогдвол түүнийг нөхөн төлөх зохицуулалт байх бөгөөд 106.3.7-д шүүхийн шийдвэрийн төрлийг нэрлэн заажээ.

Ийнхүү ажилд томилоогүйн эс үйлдэхүйн улмаас учирсан хохирлыг буруутай захиргааны байгууллага албан тушаалтнаас гаргуулах нарийвчилсан зохицуулалт Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд байхгүй ч Иргэний хуулийн ерөнхий зохицуулалтын дагуу хохирлыг буруутай байгууллага, албан тушаалтнаас гаргуулахаар хуулийг хэрэглэх нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ж.Эрдэнэ-Очир нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад холбогдуулан өмнөх албан тушаалтай адилтгах албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, түүнтэй адилтгах албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Нэхэмжлэгчээс шүүхийн шийдвэрийн зөвхөн “цалин, нийгмийн даатгалын шимтгэл гаргуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсэгтэй холбогдуулан хяналтын гомдол гаргасан байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар энэхүү гомдлын хүрээнд хэргийг хянан үзлээ.

Ж.Эрдэнэ-Очир нь 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалд томилогдсон бөгөөд 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 268 дугаар тушаалаар “өмнө нь уг албан тушаалыг эрхэлж байсан Н.Цэвэгдоржийг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд нь эгүүлэн томилох болсон” гэсэн үндэслэлээр түүнийг ажлаас нь чөлөөлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнөх ажилд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацааны цалин олгохоор хуульчилжээ. Өөрөөр хэлбэл, зөвхөн ажлаас буруу халагдсан тохиолдолд цалин нэхэмжлэх эрхтэй байна.

Гэтэл энэ тохиолдолд нэхэмжлэгчийг ажлаас буруу халагдсан гэж үзэхгүй, шүүхийн шийдвэрийн дагуу захиргааны байгууллага хууль ёсны шийдвэр гаргаж, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн учир нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах үндэслэлгүй, энэ талаар давж заалдах шатны шүүхээс зөв дүгнэлт хийжээ.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт зааснаар төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулах тул шүүх нарийвчилсан хуулийн заалтыг хэрэглэсэн нь зөв учраас “Иргэний хууль хэрэглэх, ажиллаж олох ёстой байсан орлогоор хохирсон, захиргааны байгууллагаас учирсан хохирлыг хариуцах” тухай нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

Мөн энэхүү маргаан нь Захиргааны ерөнхий хууль үйлчилж эхлэхээс өмнө бий болсон тул Захиргааны ерөнхий хуулийг дагаж өөрчлөгдсөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль-/2016 оны/-ийг хэрэглэх боломжгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “захиргааны процессын хуулийн өөрчлөлтөөр хохирол нэхэмжлэх эрхтэй” гэх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.             

Иймээс магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 08-ний өдрийн 355 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ 

ШҮҮГЧ                                                                                        П.СОЁЛ-ЭРДЭНЭ